
Иргэд, хөдөлмөрчдийн амьдралд тулгамдаад буй асуудлыг багцалсан “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг өнөөдөр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгад гардуулан өглөө. Улс төр, эдийн засаг, нийгэм, иргэдийн аж байдалд тулгараад байгаа асуудлаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд нэн тэргүүнд анхааралдаа авч ажил хэрэг болгох шаардлагатай саналуудыг нэгтгэсэн дөрвөн бүлэг 23 заалт бүхий асуудлыг энэхүү баримт бичигт тусгасан аж.
Энэхүү баримт бичгийг АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшигч Х.Баттулгад гардуулах үеэр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг МҮЭ-ийн холбооны нийт гишүүдийн дунд найман сарын хугацаанд хэлэлцүүлсний үндсэн дээр иргэд хөдөлмөрчдийн өмнө хамгийн ихээр тулгамдаад байгаа асуудлыг багцлан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд гардуулан өгч байгаа юм” гэлээ. АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшигч Х.Баттулга “МҮЭ-ийн холбоо том байгууллага. Энэ бол иргэд, хөдөлмөрчдийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг багтаасан баримт бичиг гэж ойлгож байна. Төрийнх ч бай хувийнх ч бай аливаа байгууллага бичиг цаасны ажлаа маш сайн хийж байгаа. Гэхдээ хамгийн чухал нь тэрхүү бичгийнхээ хариуг бодит ажил болгох хүртэл араас нь хөөцөлдөх. Тиймээс та бүхэн ч гэсэн энэхүү “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийнхээ бодит үр дүнг үзэхийн төлөө араас нь сайн хөөцөлдөөрэй. Нэр дэвшигч бүрээс үр дүнг нь шаардах хэрэгтэй гэж хэлмээр байна” гэлээ.

МҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд гардуулж өгч буй “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг тавдугаар сарын 30-нд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, тавдугаар сарын 31-нд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар гардан авсан байна.























