
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын малчин
Би жирийн нэг малчин ард хүн. Энэ индрээс Өлгий нутгийн малчин ардынхаа өмнөөс хэдэн үг хэлье ээ. Би нэг юмыг ер гайхаад олдоггүй юм. Ардчилсан нам эрх барьж байхдаа малчдаа аж ахуй эрхчлэгчийн гэрчилгээ, энгэрийн тэмдэгтэй болгож, сайн малчны зээл олгож, ахуй амьдрал, орчин нөхцөлийг нь сайжруулахад анхаарч, зээлийн хүүгээ бууруулсан, малын гаралтай түүхий эдийн үнийг тогтоворжуулсан гээд маш олон зөв зүйтэй ажил хэрэгжүүлсэн. Дөрөвхөн жилд үнэхээр үр өгөөжтэй ажил хийж хэрэгжүүлснийг мал дагаж яваа малчид олон андахгүй ээ. Гэтэл нөгөө МАН гэдэг мангас гарч ирээд хийж бүтээсэн болгоныг нь үгүйсгэж, гацааж зогсоох юмаа. Энэ нам монгол төрийн жолоог 20 гаруй жил атгасан. Энэ урт хугацаанд яагаад юу ч хийгээгүй юм бэ. Тэгсэн хэр нь хийсэн хүмүүсээ үгүйсгэж, гүжирдэж гүтгэх юм. Угтаа бид нэг л нэрэн дор, нэг цэг рүү зорьж яваа ард түмэн биз дээ. Гэтэл ямар санаатай ингэж хөгжил дэвшлийг хойш татаж байдгийг нь би ойлгож ухаарахгүй байна аа. МАН-ынхан малчдын эсрэг хууль журам баталж, дэмжих нь битгий хэл харин ч хөсөр хаядгийг малчин түмэн ойлголоо, харлаа. Одоо Монголын малчин түмэн МАН-д санал өгөхгүй ээ. Тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг дэмжинэ ээ. Эгэл малчин ардаа ойлгодог, ахуй амьдралыг нь мэддэг хүнээ Ерөнхийлөгч болгоно.























