Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Шаравдорж:Юү Ван Суй гэх хүнийг ашиглахын тулд улстөрчид их зүйл бодож боловсруулжээ
МАХН-ын сонгуулийн штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хурлын үеэр МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдоржийн ярьсан яриаг тоймлон хүргэе.

С.Ганбаатар хууль зөрчиж, хандив аваагүй

Сүүлийн үед С.Ганбаатар Солонгосын нэгэн иргэнээс 50 сая вон авсан талаарх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугьж, үүнийг нь  СЕХ-ныхон тайлбарлаж ярьсан нь олон нийтэд буруу сэтгэгдэл, ойлголтыг өгсөнд МАХН гүнээ харамсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль шударга, хууль ёсны хүрээнд, цэвэр өрсөлдөөн дунд явах ёстой. Гэтэл сонгуульд оролцож байгаа улс төрийн намууд өрсөлдөгчдийнхөө нэр хүндийг гутаах, үндэслэлгүй зүйлтэй холбох үйл ажиллагаа явуулж байгаа нь харамсалтай хэрэг. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар хууль зөрчиж, хандив аваагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Яригдаж буй асуудал нь цэвэр зохион байгуулалттай, тавилттай гэмт хэрэг гэдгийг зориуд тэмдэглэж хэлье. Монголын улс төрд бохир аргаар луйвар хийж гарч ирэхийн тулд гадаадын иргэн оролцууллаа.  Энэ нь өөрөө Монголын улс төр асар ихээр бохирдсон, улс төрийн намууд нь Засгийн эрхэнд гарахын тулд, төрийн өндөр албан тушаалд хүрэхийн тулд юуг ч хийхээс буцахгүй байдалд хүрснийг харуулж байна. Хэрвээ Монголын улс төрд гадаадын иргэн, гадаадын улс оролцоод байх юм бол Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдал хөндөгдөж яригдана.

Ван Суй гэх хүний хэн болохыг хэн ч мэдэхгүй байна

Тэр  Юү Ван Суй гэдэг хүн өнөөдөр хэн юм бэ гэдгийг өнөөдөр хэн ч мэдэхгүй байна. Гэтэл СЕХ энэ талаар сүржин мэдээлэл хийж, олон түмэнд цацаж байгаа нь гайхашрал төрүүлж байна. Тэр солонгос хүн хэдийд, ямар учир шалтгаанаар Монголд орж ирсэн юм, ямар үйл ажиллагаа явуулдаг, яагаад энэ хүн СЕХ-нд очих болов гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Энэ хүнийг СЕХ л гэнэт гаргаж ирсэн. Яагаад энэ хүн Монголын улс төрд оролцож байгаа юм бэ гэдэг нь үнэхээр ноцтой асуудал. Би хүнд 50 сая вон өгчихлөө гээд өөрөө Монголын албан ёсны байгууллага болох СЕХ-нд очино гэдэг нь эргэлзээ төрүүлээд байгаа юм. Хэрвээ тэр хүн өөрөө 50 сая вон өгсөн бол энэ нь гэмт хэрэг. Гадаадын орны улс төрд оролцоод, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг зөрчсөн гэж өөрөө ирж байгаа нь их сонин санагдаж байна. Тэгэхээр энэ хүнийг Монголын бохир улстөрчид үүнд татан оролцуулж оруулж иржээ.  Зориудаар хийсэн байна гэдэг нь эндээс шууд ойлгогдоно.
Эх баригчид улс төр хийхийн тулд хамгийн бохир арга, үйл ажиллагаа явуулж байна. Ингэхдээ иргэнээ хууль бусаар тагнаж, чагнаж байгаа нь жирийн үзэгдэл боллоо. Энэ нь өөрөө хууль бус. Ямар ч гэсэн тэр солонгос хүнийг ашиглахын тулд улстөрчид их зүйлийг бодож боловсруулж зохион байгуулжээ.

СЕХ эх баригчдын халаасны байгууллага болж хувирчээ

Энэ асуудалтай холбоотойгоор СЕХ-нд хатуу байр сууриа илэрхийлмээр байна. Монгол Улсын СЕХ өнөөдөр эх баригчдын халаасны хувийн байгууллага болж хувирчээ. Хэн нь ч мэдэгдэхгүй хүнээс бичиг авсан талаараа Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан шууд цацаж мэдэгдэнэ гэдэг нь туйлын хариуцлагагүй асуудал. СЕХ улс  төрийн захиалгаар ажиллаж байгаа гэдгээ харуулсан баримт нь энэ. Ямар ч толгойгүй, үйл ажиллагааны бодлогогүй байгууллага болж хувирч. Ийм учраас цэвэр улс төрийн байгууллага болсон СЕХ-нд өнөөдөр итгэхэд туйлын хүнд байна. Татан буулгах зайлшгүй шаардлагатай болж гэж үзэж байна. Өөрсдөд нь ирсэн баримт материалыг ярьдаг, хэлдэг, шалгуулдаг байгууллага юм бол яагаад 60 тэрбумын асуудлыг сөхөж тавихгүй байгаа юм бэ. Баталгаатай нотлогдож байгааг нь улс төрийн өрсөлдөгчид нь хэлээд байна. Мөн оффшорт байрлуулсан гэх 1,1 тэрбум долларыг байршуулсан яриа гараад удаж байхад яагаад ярихгүй байгаа юм. Энэ асуудалтай холбоотой хүмүүс нь өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд явж байна. Ийм ноцтой асуудалтай холбогдсон тэр хүмүүсийг СЕХ яагаад зарлаж, холбогдох байгууллагад нь өгч шалгуулах санаачилга гаргадаггүй юм бэ. Үүнээс ямар дүгнэлт гарч байна вэ гэхээр СЕХ улс төрийн захиалгаар ажилладаг, хий гэснийг нь л хийдэг байгууллага болсныг илтгэнэ. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Монголын нэг том улстөрч, одоогийн нэр дэвшигчтэй хуулийн байгууллагынхан, СЕХ-ныхон яаж наргиж, цэнгэж, бие биенээ магтаж байгаа талаарх бичлэгийг та нар сошиал ертөнцөөс харсан байх. Тэр бичлэг дээр шагналаа авна гэж СЕХ-ны Болдсайхан ярьж байна билээ. Тиймээс СЕХ-нд итгэхэд бэрх байна.

МАХН-ыг дэмжигч ТББ нь бас нэг улс төрийн тоглоом

СЕХ-ноос хийсэн мэдээлэл дунд МАХН-ыг дэмжигч ТББ-аас байр сууриа илэрхийлсэн мэдэгдэл ирсэн гэж дурдагдсан. Үнэнийг хэлэхэд тэр ТББ нь мөн л улс төрийн тоглоом. 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Удвалыг дэмжихгүй, МАН-аас нэр дэвшсэн Бат-Эрдэнийг дэмжинэ гэж хэлж ярьж байсныг нь санаж байна. Энэ удаагийн сонгууль эхлэхэд мөн л МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарыг дэмжихгүй, бусдыг нь дэмжинэ гэж ярьсан. МАХН-ыг ингэж дэмждэг байгууллага байх уу. Ийм л тоглоомын байгууллага, гадаадын иргэний мэдээллээр СЕХ МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарыг харлуулах гэж, нэр төрд нь халдлаа.  Тиймээс СЕХ өнөөдөр татан буугдах ёстой.

Арилдаггүй бэхээр гарын хуруунд тэмдэглэгээ хийх ёстой

Нэрсийн жагсаалт өнөөдөр тодорхойгүй байна. Тиймээс арилдаггүй бэхээр гарын хуруунд тэмдэглэгээ хийх ёстой гэдгийг өнөөдөр бид албан ёсоор мэдэгдэж байна. Мөн хурууны хээг уншуулдаг байх ёстой. Эдгээр ажлыг СЕХ-ныхон өөрсдийн санаачилгаараа хийх ёстой. Сонгуулийг хуулийн дагуу явуулах үүднээс биднээр хэлүүлэлтгүй ийм санаачилгуудыг гаргаж, аль хэдийнэ ажил хэрэг болгочихсон байх ёстой. Энэ асуудлаар бид өнөөдөр байр сууриа илэрхийлж мэдэгдэл гаргана.
0 Сэтгэгдэл
tsaadah ching 50 sayiig ineed aldaadl avj baisandaa .
Хамгийн их уншсан