
/Нийслэлийн Ардчилсан намын дарга/
Өнөөдөр Багануур дүүрэгт ч тэр, Улаанбаатар хотод ч тэр ажилгүйдэл, архидалт, ядуурал газар авчээ. Энэ мэт Монгол оронд, монголчуудад асуудал мундахгүй байна. Наад зах нь нэмүү өртөг шингэдэггүй байгалийн баялаг маань вагон вагоноор харь орон руу урссаар байна. Амьдралд хүрдэггүй тэтгэвэр тэтгэмж, хүү нь буурдаггүй банкны зээл, амлалтаасаа ухардаг ардын нам гээд асуудал их байна. Монголчууд бид өнө эртнээс төрөө хэмээн дээдэлсээр ирсэн ард түмэн. Гэтэл төрөө гэсэн түмэн олныхоо сэтгэл рүү нь ус цацчихлаа. 60 тэрбумын хэргийг бүгдээрээ мэдэж байгаа байх. Бүтэн жил эвлүүлэг гэж гөрдсөн энэ хэрэг хэдхэн хоногийн өмнө хөдлөшгүй баримтаар тогтоогдлоо шүү дээ. Доржзодов гэх залуу эл бичлэгийг нийгмийн сүлжээнд, хэн бүхэнд нээлттэйгээр тавьсан. Үүнээс хойш МАН-ынхан эвлүүлэг гэж хэлж чадахгүй байгаа. Энэ тухайд Нийслэлийн МАН-ын дарга Сандуй, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хүртэл ам алдсан удаатай. Ийм ил цагаан болчихсон зүйлийг шүүх цагдаа, хууль хяналтынхан яагаад авч хэлэлцэхгүй, гэм буруутныг тогтоохгүй байна вэ... Монгол төр ийм л болчихоод байна.
МАН өнөөдөр нам гэх институтээ алдаж, мафи, бүлэглэлийн хэлбэр рүү орчихож. Томоохон улс төрийн хүчин ийм юм хийх үү. Тиймдээ ч төрөө худалдсан энэ нам, нам биш болжээ. Үүний эсрэг зогссон Баттулга өнөөдөр ганцаардаж байна. Хэвлэл мэдээллээр харлуулах нь их байна. Тиймээс энэ хэргийн эздэд хариуцлага үүрүүлж, төрөө цэвэршүүлэхийг хүсвэл Баттулгыг дэмжээрэй.
Багануур бол ардчиллын өлгий болсон газар. Энэ зааланд 1990 онд бидэнтэй хамт эрхчөлөө, хүний эрхийн төлөө жагсч, цуглаж явсан найз нөхөд минь ч харагдаж байна. 1990 онд бид ярьдаг байсан даа. Монгол Улс хойд хөршөөсөө 90 хувь хараат байна гээд л. Тиймдээ тэмцсэн, ялсан. Гэтэл өнөөдөр түүнээсээ ч долоон дор болчихож. Урд хөршөөсөө 96 хувийн хараат байна. Ийм үед эдийн засгийн тусгаар тогтнол гэж ярих уу, эсвэл хараат хэвээрээ үлдэх үү. Монголын төр хэдхэн хүний эрх ашгаар явах уу, эсвэл гурван сая монголчуудаараа сайхан амьдрах уу. Танд сонголт бий. Танд энэ бүхнийг өөрчлөх сонголт бий. Эх оронч Баттулгыгаа дэмжээрэй.























