Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгуульд санал өгөх залуусын идэвх сул, идэр насныхан идэвхтэй байна

 

Хан-Уул дүүргийн зарим санал авах байраар орж, сонгуулийн санал авах явцын талаарх мэдээлэл авлаа.


Б.Алтантуяа: Залуучууд минь сонгуульдаа идэвхтэй оролцоорой

Хан-Уул дүүргийн 60 дугаар сургууль дээр байрлах 1910 дугаар санал авах хэсгийн ахлах зохион байгуулагч Б.Алтантуяагаас санал өгөх явцын мэдээллийг сонирхлоо.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо 1910 дугаар санал авах хэсэгт 2613 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтанд бүртгүүлсэн. Өглөө 07 цагаас 17 цаг хүртэл 1040 хүн санал өгч, 45 хувийн ирцтэй байна.  Иргэд маань тасралтгүй санал өгч байгаа ч ихэвчлэн 55-аас дээш насныхан болоод хэвтрийн  болоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань их идэвхтэй  ирж байна. Харамсалтай нь, залуучууд тэр тусмаа эрэгтэйчүүдийн ирц муу байна. Манай хэсэг хорооны иргэний танхимд санал авахаар товлож байсан ч 6 дугаар сарын 19-20-нд орсон борооны улмаас 60 дугаар сургууль руу наашаа нүүсэн. Гэхдээ орой бүр наймдугаар хорооныхоо 15 гудамжаар явж зар тараасан. Нэрсийн жагсаалтанд байгаа бүх хүндээ хаягаа өөрчилсөн тухай мэдээлэл өгсөн. Тэгэхээр ирцийн хувьд харьцангуй гайгүй байна.  Манай хэсэгт гурван намын 11 ажиглагч 4 цагаар ээлжилж сууж байгаа. Өглөө зохион байгуулагч хоёр саналын хуудас давхар өгснийг тэр дор нь залруулсан. Өөр зөрчил гараагүй. Настай хүмүүс маань санал авах байрны ажилтнуудад нэлээн хүндрэл учруулж байна. Нэр дэвшигчийн өмнөх дугуйг бөглөх гээд зохион байгуулагчийг дууддаг. Харин ажигчлагч нарын зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа юм. Тиймээс холоос заавар зөвлөгөө өгөөд томруулдаг шил өгөх зэргээр зохицуулсан. Залуучууд маань энэ сонгуульдаа ач холбогдол өгч оролцоорой. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед дахин сонгууль явуулах, төрийн мянга мянган албан хаагчид 20 гаруй хоног энэ ажилд зүтгэж байгааг хүндэлж, саналаа өгөөрэй гэж хэлье.

 Тус хэсгийн байранд 10 хүн ажиллаж байгаа аж. 7 зохион байгуулагч, 2 иргэний бүртгэл мэдээллийн итгэмжлэгдсэн ажилтан, мөн санал авах хайрцгийн аюулгүй байдал хариуцсан мэдээлэл технологийн даамал гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж буй гэнэ.

Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны 1907 дугаар санал авах хэсгийн ахлах зохион байгуулагч Ч.Уранчимэг ярихдаа “Манай хэсэгт  1441 хүн санал өгөх ёстойгоос 512 хүн 17 цагийн байдлаар саналаа өгсөн байна. Ирцийн хувьд 34,5 хувь байгаа нь нэлээн хангалтгүй байна.Үдээс өмнө 55-аас дээш насныхан өгсөн бол үдээс хойш 25-40 насныхан идэвхтэй өгсөн. Залуучуудын оролцоо нэлээн муу байна. Оройдоо идэвхжих байх гэж найдаж л байна. Залуучууд маань санал өгөх явцад зөрчил гаргах эрсдэл бага сага гарч байна” гэв.


Д.Ган-Уяа: Ирц хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо буюу Нисэхийн 1912 дугаар хэсгийн байраар 18:00 цагийн үед ороход иргэдийн маань  идэвх харьцангуй гайгүй байна гэсээр угтсан.

Тус хэсгийн ирц 17 цагийн байдлаар 41 хувьтай гарчээ. Хэсгийн ахлах зохион байгуулагч Д.Ган-Уяа “ 2210 хүн нэрсийн жагсаалтанд бүртгүүлсэн байна. Залуучууд маань өмнөх сонгуультай харьцуулахад маш идэвхтэй оролцож байна. Хоёр зөрчил гарсан нь гурван хүнээ зэрэг дугуйлсан, хоёр хүнээ дугуйлсан тохиолдол гарсан. Сонгуулийн ирц хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Нийслэлийн алслагдсан хороо болох Хан-Уул дүүргийн Морин давааныхан 135 дугаар сургууль дээр санал өгч буй. Тус хэсгийн ирцийн хувьд харьцангуй сайн байлаа.

1915 дугаар хэсгийн ахлах зохион байгуулагч Ё.Даваасүрэн “ 2067 сонгогч нэрсийн жагсаалтанд бүртгүүлснээс 18:40 цагийн байдлаар 50,60 хувийн ирцтэй байна. 25-40 насныхан маань маш идэвхтэй санал өгч байгаа бол 18-20 насныхан идэвх муутай байна. Морин, Жаргалант хотхон, Амгалан хотхон, Зуслан гээд нэлээн зайдуу газраас иргэд маань ирж 135 дугаар сургууль дээр буюу манай хэсэгт санал өгч байгаа. Тэгэхэд ирц бол маш сайн байна гэж харж байна. Иргэд маань Ерөнхийлөгчийн сонгууль учраас хаана өгөх боломжтой гэж бодож, зусланд гарсан хүмүүс энэ талаар их асууж байна.” гэж ярилаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалтын явцын мэдээ (17 цагийн байдлаар)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан