
Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтаар МАН-ын нэр дэвшигч хоёроор гарч ирснийг Хүүхдийн мөнгийг хэсэгчлэн олгож эхэлснээс боллоо гэж тус намынхан дүгнэсэн байдаг юм. Тийм учраас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амарбаясгалан нар Засгийн газрыг хүүхдийн мөнгөө хүүхэд бүрт олгож эхлэхийг шахаж байжээ. Энэ цаг үед эдийн засаг өсч, төсвийн орлого сүүлийн 4 жилд анх удаа 530 гаруй тэрбум төгрөгөөр давсан байсан юм. Иймд намын ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий менежер болон сошиалын баг хариуцсан штабын дарга нар болох дээрх хоёр эрхмийн шаардснаар Засгийн газар хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох шийдвэр гаргасан юм.
Тухайн үед МАН-ын бүлгийнхэн Засгийн газрын дээрх шийдвэрт талархаж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа хэмээж байжээ. Гэтэл өнөөдөр Засгийн газрыг огцруулах үндэслэлд “хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож төсвийн хууль зөрчсөн” гэжээ. Өөрөөр хэлбэл, гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар хүүхдийн мөнгөөр дахиад улс төр хийж эхэлжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахаараа хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгсөнгүйгээс боллоо гэнэ. Засгийн газрыг огцруулахаар санаархах болохоороо хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олголоо гэж буруутгана.
Монголын улстөрчид хүүхдийн мөнгө нэрийн дор хүүхдээр ингэж улстөр хийдэг болжээ.
Н.БАЯР






















