Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ



Ж.Энхбаяр:800 гаруй тэрбум төгрөгийг концесс нэрээр Засгийн газрын сайд нар хувааж зарцуулж буйтай эвлэрч чадахгүй



Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй МАН-ын Засгийн газрыг огцруулахаар Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Л.Гарамжав нарын УИХ дахь МАН-ын 30 гишүүн гарын үсэг зурсан өргөх бичиг УИХ-ын дэд даргад өчигдөр өргөн бариад буй юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ талаар өөрийн байр суурийг ийн илэрхийллээ.

"УИХ-ын сонгууль болоод нэг жил боллоо. Энэ хугацаанд монгол төгрөгийн худалдан авах чадвар 25 хувиар уналаа. Монгол Улс Эдийн засгийнхаа бодлогыг ОУВС-нд шилжүүллээ. Монгол Улсынхаа эдийн засгийг энэ Засгийн газар удирдаж чадсангүй. Өнгөрсөн 4 жил эрх барьсан улстөрийн хүчинтэй холбоотойгоор Хөгжлийн банк, Чингис, Самурай бонд болон олон улсаас хамааралтай зээл тусламжийн зарцуулалтанд маш ноцтой ашиглалт шамшигдуулалт бий болсон. Нэг жил үүнтэй холбоотойгоор нэг ч хариуцлага тооцсонгүй. УИХ-ын ажлын хэсгүүд ажиллаж бүх зүйлийг шалгаж өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч асуудал шийдэгдээгүй хэвээр байна.Үүн дээр Эрдэнэтийн асуудлыг нэмж болно. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Гэтэл олон мянган хүүхэд цэцэрлэггүй, сургуулиуд гурван ээлжээр хичээллэсэн хэвээр байна. Засгийн газрын гишүүд маань хувийнхаа компаниуд руу зам тавьдаг, эрчим хүч татдаг, 800 гаруй тэрбум төгрөгийг концесс нэрээр Засгийн газар дотроо хувааж зарцуулж байгаа байдалтай эвлэрч чадахгүй. Цалин, тэтгэвэр нэмэгдээгүй. Ард түмний гол ачаалал болсон сургууль, цэцэрлэг нийгмийн олон асуудал хүнд байхад яахаараа тэр их мөнгийг, Монгол улсаа барьцаанд тавьж авсан мөнгийг хувийн компанидаа зарцуулдаг юм бэ. Нөгөө талаас 60 тэрбумтай холбоотой Монгол төрийг худалдсан шившигтэй явдал болж байна. Хэрвээ төрөө мөнгөөр худалддаг болбол Монголчуудын төрд итгэдэг тэр үнэт зүйл нуран унана. Монголын ард түмэн итгэж байсан төр нь, итгээд 65 суудал өгсөн МАН нь тэдний итгэлийг мөнгөөр үнэлж зарж байгаа явдал нь Монгол улсын язгуур эрх ашгаас урвасан, төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг гэж үзэж байгаа. Энэ зүйлийг цэвэрлэх цаг нь болсон.Үүнийг МАН хийхгүй бол өөр хийх улстөрийн бодитой хүчин Монгол Улсад байхгүй. Хийхийн тулд МАН-ын гишүүд санал бодол нэгдэж гарын үсгээ зурж байна.УИХ-ын 30 гишүүн өнөөдрийн байдлаар гарын үсэг зурна гэдэг асар том хүч. Олон гишүүн дэмжихээ илэрхийлж байна. Монголчууд өнөөдөр л энэ авлигалын гэмт хэрэгжсэн тогтолцоог тас цохиж, улс орныхоо эдийн засгийг эрүүлжүүлж, Монгол төрөө цэвэрлэж авахгүй бол бид ёроолгүй улстөр эдийн засгийн хямралт байдал руу Монгол Улс жолоодлогогүй унах болно"

Ж.Мөнхбат: Нам доторх сандал суудлын төлөөх тэмцэл нь төрийн эрх барьж буй намаа ийм байдалд хүргэсэнд үнэхээр ичиж байна


УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Ж.Мөнхбат дээрх асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн юм.


"Өнөөдөр манай намынхан бие биенээ шүүхэд өгч, орон шоронд хийхэд тулчихаагүй гэдэгт би итгэж байна. Энэ асуудлыг тогоон дотроо ярих ёстой. Ер нь өнгөрсөн 4 жилд биднийг гудамжинд байхад энэ 30 хүний тал нь хаана явсан юм бэ. МАН гэдэг энэ намын нэр хүнд буянаар УИХ-д суудалтай болж орж ирсэн нөхөд эдэн дунд бий. Гэтэл өнөөдөр шударга ёс, намын том шинэчлэл яриад явна гэж байхгүй. Өөрсдийнх тавиад байгаа гурван үндэслэл гэдэгтээ энэ 65 хүн бүгд оролцсон. Засгийн газар муу ажилласан гэдэгтэй нь би санал нийлэхгүй. Биднийг Засгийн газрыг хүлээн авахад Монгол Улсын эдийн засаг хасах руу орсон байсан бол өнөөдөр 5,3 хувьд хүрчихлээ. Данс нь улайчихсан, өр төлбөр нь ар араасаа залгачихсан байсны шийдэж чадсан. Бид хөгжлийн банкны 580 сая долларын асуудлыг зохицуулсан. Чалькогийн 180 сая долларыг төлсөн, ам. долларын ханш буурсан. Өнгөрсөн онтой харьцуулахад хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн. Өнөөдөр болж байгаа процесс бол Монгол Улсын эрх ашгийн төлөө яриад, хараад байгаа асуудал биш. Нам дотор өрнөж байгаа сандал суудал, ажил албын төлөөх тэмцэл нь өнөөдөр төрийн эрх барьж байгаа намаа ийм байдалд хүргэж байгаад үнэхээр ичиж байна. Энэ асуудлыг 2 сарын дараа болох МАН-ын Их хурлаараа шийдэх боломж байгаа".







0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан