Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Угсармал орон сууцны барилгын дулаалгыг хувийн хэвшилтэй хамтран хийнэ

“Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл”-ийг хэрэгжүүлэх ажил нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсноор хүлээх үүрэг, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан Даян дэлхий ногоон хөгжлийн байгууллагатай хамтран “Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зөвлөгөөн зохион байгуулав.

Зөвлөгөөнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Даян дэлхийн ногоон хөгжлийн төв, Монголын барилгачдын нэгдэн холбоо, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Базалтвүүл ХК, Люкс констракшн зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд оролцож, угсармал орон сууц дулаалах материалын судалгаа, танилцуулга, эдийн засаг, санхүү болон арилжаа, стратеги, менежмент зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Сангийн яам болон УИХ-ын гишүүдтэй ярилцаж, ойлголцсоны үндсэн дээр Угсармал орон сууцны дулаалгын төсөв болох 12.7 тэрбум төгрөгийг УИХ-аар батлуулж Улсын төсвөөс гаргахаар болсон. Өнгөрсөн хоёр жилд нийслэлд 1965-2000 оны хооронд баригдсан 1077 блок угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийг хийх ажлын хүрээнд угсармал орон сууцны барилгуудад эрчим хүчний аудит, барилгын гадна ханын дулаалга хийх ажлын зураг төсвийг боловсруулсан” хэмээн ярилаа. Мөн 5, 9, 12 давхар угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах ажлын жишиг зураг төсөв боловсруулан Барилга хөгжлийн төвөөр магадлал хийлгэх, Дулаан техникийн шинэчлэл хийх санхүүгийн механизм техникийн эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах ажлуудыг олон улсын болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан