Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цасанд суусан, сураггүй болсон 64 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаг агаар, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн нар өгсөн юм. 

   Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд  Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговь аймгийн нутгаар,  Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах тухай мэдээ ирүүлсэн.  Мэдээллийн дагуу Онцгой байдлын байгууллагаас ард, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон багц мессеж үйлчилгээгээр дамжуулан хүргэж ажилласан.

    Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Баянхонгор, Дорноговь, Дундговь Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хэнтий аймгийн нутагт малдаа яваад төөрч сураггүй болсон, автомашинтай зорчиж яваад цасанд суусан зэрэг 14 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн.  Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 81 алба хаагч, 17 нэгж техник хэрэгсэл, орон нутгийн захиргааны байгууллагын 189 хүн, 39 нэгж техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 64 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав.

Өвөрхангай аймгийн Богд суманд 2 иргэн, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 3 иргэн, мөн аймгийн Сэврэй суманд 1 иргэн малдаа яваад  шуурганд осгож нас барсан байна.  Мөн цасан болон шороон шуурганы улмаас Ховд аймгийн Цэцэг, Үенч суманд 12 гэр, 4 модон шон унасан. Төв аймгийн Баяндэлгэр суманд 350 бог мал цасанд дарагдаж хорогджээ.

Мөн цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах, замын нөхцөл байдал үүссэн учраас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад аймгийн Засаг даргын захирамжаар автозам, замын байгууламжийг түр хугацаагаар хязгаарлах арга хэмжээг авч ажилласан. Одоогоор орон нутгийн болон олон улсын чанартай хаагдсан зам даваа байхгүй байна.  

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр цаашид  буюу энэ сарын 14,16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,  17-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.  Иймд:

-Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Малаа ойрын бэлчээрт хариулах,

-Хөдөө орон нутгийг зорих иргэд хол, ойрын замд гарахдаа цаг агаарын мэдээллийг тухай бүр авч, бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан