Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гадаа олныг хамарсан "үймээн” гарав

Энэ бол Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” дадлага, сургуулилтын нэгээхэн хэсэг. Улсын хэмжээнд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж байгаа цагдаагийн алба хаагчид, шүүхийн төлөөлөл энэхүү дадлага, сургуулилтад оролцсон юм. Эхний өдрийн сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болсон бөгөөд Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудал, шүүх хуралдааны дэг журам, яллагдагчийг хуяглан хүргэх, эрэн сурвалжлах, албадан ирүүлэх талаар оролцогчдод мэдээлэл хүргэж санал солилцсон. Харин хоёр дахь өдрийн сургалт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр үзүүлэх, дадлага сургуулилтаар үргэлжилсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагчдын аравтаар ажиллах ажиллагааны тактик, шүүх, шүүгч болон шүүхээр үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах, хуяглан хүргэх, албадан ирүүлэх ажиллагааг дадлагаар үзүүлэв.

Хамгийн түрүүнд хэн нэгэн этгээд шүүх хуралдааны танхимд хэргийн оролцогчид, хуралдааныг сонирхож байгаа иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн үйлдэл гаргавал цагдаагийн алба хаагчид хэрхэн ажиллахаа үзүүлэх сургалтаар харууллаа. Дараагаар нь цагдаагийн алба хаагчид шүүх хуралдааны танхимын аюулгүй байдлыг тусгай багаж хэрэгслээр шалгасны дараа хэргийн оролцогчдыг нэг бүрчлэн шалгаж орууллаа. Хамгаалалтын офицер, цагдаа шүүх хуралдаанд оролцогчдод журам сахиулах зөвлөмж өгсний дараа шүүх бүрэлдэхүүн орж ирсэн. Шүүх хуралдааны явцад хохирогч шүүгдэгч рүү дайрч, ширээ сандлаа өшиглөхөд хамгаалалтын гурван цагдаагийн нэг нь өчих мэх хэрэглэж унагаад нөгөө хоёр нь танхимаас авч гарав. Энэ үед мөн л цагдаа нар хохирогчийг танхимаас авч гарсан юм.

Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд 1-2 цагдаа л дэг сахиулдаг байна. Цагдаагийн ерөнхий газрын Шүүхийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн орон тооны боломж ердөө л ийм ажээ. Дэг сахиулагч цагдаа шүүгдэгчийн хажууд зогсдог байна. Гэвч хохирогч ч гэсэн хэргийн оролцогчдын амь нас, эрүүл мэндэд халдах эрсдэл бий гэдгийг энэхүү үзүүлэх тоглолтоор харууллаа. Түүгээр ч зогсохгүй энэ тохиолдолд нэг дэг сахиулагч танхимд байсан бол оролцогчдын аюулгүй байдлыг хангаж чадах эсэх нь эргэлзээтэйг харуулав.

Гэтэл "Цагдаагийн байгууллага шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-д заасан байдаг ажээ.

Үзүүлэх сургалтаас шүүх танхим бүрт ослын дуудлага өгөх хонх, дэг сахиулагчдад аюулгүй байдлыг шалгах төхөөрөмж хэрэгтэй нь харагдав. Мөн шүүх хуралдааны үеэр оролцогчдын аюулгүй байдлыг хангахын тулд 4-5 цагдаагийн алба хаагч шаардлагатай байгаа нь анзаарагдсан хэмээн оролцогчид ярьж байлаа.

Шүүхийн байранд асуудал үүсэхэд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байрны гадна олон нийтийг хамарсан "үймээн” гарсныг цагдаагийн алба хаагчид тарааснаар үзүүлэх сургалт үргэлжилсэн. Жагсагчид шүүхийн гадна эмх замбараагүй байдал үүсгэж, чулуу мод шидлэж байв. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг хүч нэмэгдүүлэн, тусгай хэрэгслээр хангагдсан алба хаагчид хамгаалалтад гарлаа. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан төрийн хамгаалалтад байгаа газар жагсаал, цуглаан хийхийг хориглосон тухай заалтыг цагдаагийн алба хаагч чанга яригчаар танилцуулж, жагсагчдыг тарахыг шаардаж байлаа. Бамбай, гав, бороохой зэрэг тусгай хэрэгслээр хангагдсан алба хаагчид жагсагчдыг түрж, ахлагчийг нь сугалан баривчилж байгаа нь үзүүлэх сургалтаас харагдана. Алба хаагчид жагсагчдыг "Цаашаа, цаашаа” гэж түлхсээр хоёр хувааж хүчийг нь сааруулснаар шүүхийн хашаанаас гаргалаа. "Үймээн” ч ахлагчдыг баривчилсан учраас жагсагчдын идэвх суларсан нь ажиглагдана. Цагдаагийн алба хаагчид энэ үед шүүхийн онцгой бүсийг хамгаалалтад авсан байлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтран баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-д "Шүүх болон түүний гадна орчинд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гэнэтийн халдлага гарах, шүүгч, гэрч, хохирогчийн амь биед халдах, барьцаалах, шүүхийн байр руу дайрах, бүслэх, үйл ажиллагааг тасалдуулахыг оролдох, галдан шатаах, шүүхийн байрны орчимд замын хөдөлгөөн хаах зэрэг иргэд, байгууллагын зүгээс учруулж буй аливаа хууль бус үйлдлийн улмаас шүүхийн шүүн таслах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй, мөн үйл ажиллагаанд нь саад учруулсан буюу учруулахаар оролдсон онцгой нөхцөл үүссэн тохиолдолд учрах эрсдэл, аюулыг зайлуулах, түүний хохирлыг багасгах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, шүүхийн байрыг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад авах” гэж цагдаагийн байгууллагын үүргийг заасан байдаг аж.

Үүний дараа яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх ажиллагааны үеийн аюулгүй байдлыг хэрхэн хангахаа алба хаагчид харуулсан юм.

Энэ мэтээр үр өгөөжөө өгсөн үзүүлэх сургалтын төгсгөлд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах асуудлаар шүүхийн тамгын газрын дарга нар, Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, нэгжийн удирдлагуудтай ярилцлага хийв. Мөн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад тулгарч буй бэрхшээлийг даван туулахын  тулд дээрх хоёр байгууллага хэрхэн хамтран ажиллах талаараа ярилцав. Үзүүлэх сургалтын дараа сургалтад оролцсон орон нутгийн албан хаагчдад гэрчилгээ гардуулснаар сургалт өндөрлөлөө.

Сургалтын үр дүнгийн талаар оролцогчдын сэтгэгдлээс хуваалцсанаа уншигч танд хүргэе.

Ц.Цэрэнпунцаг:Тодорхой санал, санаачилга гаргаж зөвлөмж боловсруулахаар болсон нь сургалтын үр дүн

\Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журмыг хангах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ОНАБХГ-ын дарга, цагдаагийн дэд хурандаа\

 -Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг алба хаагчдыг мэргэшүүлэх, дадлагажуулах сургалтыг хоёр өдөр зохион байгууллаа. Эхний өдөр нь танхимын болон танилцах, харин хоёр дахь өдөр нь дадлагын сургалт зохион байгууллаа. Дадлагаараа шүүхийн байрны, шүүх хуралдааны дэг сахиулах үеийн, шүүгчийн аюулгүй байдлыг хангах гэсэн асуудлыг хөндөж, цагийн байдал өгч сургалт зохион байгуулсан.

Сургалтын явцад шүүхийн Тамгын газрын дарга нар болон шүүхийн ажилтнууд цагдаагийн алба хаагч нараас үүрэг гүйцэтгэхэд тулгамддаг асуудлаа ний нуугүй чин сэтгэлээсээ ярилцаж, их идэвхтэй оролцлоо. Сургалтын үр дүнд бид жижиг боловч хоёр байгууллагын хамтын ажиллагаан дээр үүсч байсан хүндрэл, бэрхшээлтэй асуудлууд, цаашилбал хэрэгжүүлж буй дүрэм журмаа боловсронгуй болгох хэрэгтэй гэдгээ хөндөн ярилцаж, шийдвэрлүүлэхээр тодорхой санал, санаачилга гаргаж, зөвлөмж боловсруулахаар болсон. Алба хаагчдадаа ажиллах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр шийдэлд хүрсэн нь сургалтын үр дүн гэж үзэж байна.

Мөн хоёр байгууллагын хоорондын харилцан ажиллагааны дүрэм, байгууллагын дотоод журмын асуудал дээр анхаарах хэрэгтэйг нэлээд их хөндөж ярилцлаа. Энэ чиглэлээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Шүүхийн байрны дотоод журамд ч гэсэн цаашид анхаарах хэрэгтэй болж байна. Шаардлагатай бол холбогдох өөрчлөлтүүдийг оруулж, алба хаагч нараа, шүүхийн ажилтнууд хоорондоо ямар нэгэн үл ойлголцолгүйгээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үр дүнд хүрч байна.

Баатар:Олж авсан мэдлэгээ бусадтайгаа хуваалцана

\Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч, дэд хурандаа\

-Миний хувьд энэхүү үр өгөөжтэй сургалтад Хөвсгөл аймгаас ирж оролцлоо. Хоёр өдрийн сургалтаар Улаанбаатар хотноо буюу хамгийн их ачаалал дээр ажиллаж байгаа залуучуудаасаа туршлага сургамж авч, ажил үүргээ хэрхэн гүйцэтгэх ёстойг дадлага дээр ч харлаа. Бусад орон нутгаас ирсэн мэргэжил нэгтнүүдийнхээ туршлагаас ч бас хуваалцлаа. Ер нь бол зарим ойлголцлын асуудал дээр эрх зүйн зохицуулалт жаахан дутмаг байдаг. Анхны мэдэгдэхүүн, төсөөллийн байдал дээр журам боловсруулчихсан. Харин одоо тэрхүү журмыг сайжруулах, эргэж харах зүйлс байна гэдэг талаар бүгд л ярилаа.  

Бидэнд анхаарал тавьж, бидний ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл, Тамгын газрынхан ихээхэн санаа тавьж байгааг ч ойлголоо. Сургалтад хамтарч оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Олж авсан мэдлэгээ хэрэгжүүлэх, бусдадаа зааж чиглүүлэх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан