Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажилтны нөхцөлийг дордуулсан хууль батлах ёсгүй

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар нийгмийн түншлэгч талууд 2013 оноос идэвхитэй ажиллан 2018 оны 03 сарын 26-ны өдөр УИХ-д өргөн барьсан билээ. Нийгмийн түншлэгч талуудын хамтран боловсруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд УИХ-ын гишүүдээс гаргасан санал мэтээр зарчмын зөрүүтэй 170 санал томъёоллыг МҮЭ-ийн холбоонд ирүүлсэн. УИХ-ын ажлын хэсгээс түншлэгч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, ажилтны эрхийг дордуулж, Хөдөлмөрийн хуулийн өмнөх хүрсэн түвшинг дордуулсан, Монгол улсын нэгдэн орсон ОУХБ-ын конвенцуудад нийцээгүй саналуудыг гарган, мөн түншлэгч талуудад танилцуулалгүйгээр НББСШУ-ны байнгын хороо болон УИХ-д танилцуулж зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахаар бэлтгэж байна хэмээн МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар сэтгүүлчдэд мэдээллээ. 

Тэрээр Зарчмын зөрүүтэй саналын томъёололд ажилтанд илтэд хохиролтой заалтууд орсон байгааг хэлсэн. Тухайлбал, ээлжийн амралтын үндсэн хугацааг 20 хоног болгож, ингэхдээ тухайн байгууллагад ажилласан жилээс хамаарч нэмэгдэл амралт олгох, нийт ажилтны 40 хувийг хамаарч чадаагүй тохиолдолд ҮЭ байгууллага хамтын гэрээ байгуулах эрхгүй байх, тухайн салбарын нийт ажилтан, ажил олгогчийн 50 хувийг хамаарч чадаагүй тохиолдолд салбарын хэлэлцээрийн үйлчлэх хүрээ хязгаарлагдмал байх, ажилтанд олгох сул зогсолтын үеийн олговрыг үндсэн цалингаас бус хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож олгох, үл өрсөлдөх гэрээний нөхцөлөөр ажилтанд олгогдсон ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох үндсэн эрхийг зөрчсөн зэргээр ажилтан өөрийн төлөөллийн байгууллагаар дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрхийг зөрчиж байна гэв.

Мөн хамтын хэлэлцээрт төрийн захиргааны төв байгууллагын оролцоог хассанаараа хамтын хэлэлцээрийн хүчин чадлыг бууруулж, цаашид тухайн салбарт хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудлыг зохицуулах боломжийг үгүйсгэж байна. Мөн төслийн ажил нэрийдлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж тухайн ажилтны ажлын байрны баталгааг алдагдуулах, тухайн ажилтан сахилгын зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэлтэй байх хугацаанд буюу бүтэн нэг жилийн турш ямар нэгэн шагнал, урамшуулал авахгүй байх, мөн зөрчил гаргасан ажилтны талаарх мэдээллийг нийтэд зарлан мэдээлэх зэргээр ажилтны хувийн халдашгүй байдал, нэр хүндэд халдсан заалтуудыг томъёолсон байна. 

Энэ мэт ажилтны эрхийг дордуулсан, ОУХБ-ын конвенцид нийцээгүй хуулийн төслийг, зарчмын зөрүүтэй саналыг НББСШУ-ны байнгын хороо болон УИХ-аар хэлэлцүүлэх тохиолдолд МҮЭ-ийн холбооны зүгээс өнөөдрөөс эхлэн энэ хуулийн төслийг батлуулахгүй байх талаар арга хэмжээ авах, цаашид тууштай эсэргүүцэхээ албан ёсоор мэдэгдэж байна гэсэн юм. 

МҮЭ-ийн холбооноос УИХ-ын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийг өргөн барьсантай холбогдуулан хуулийн төсөлд талуудын хамтарсан ажлын хэсэгээр яригдаагүй хэн оруулсан нь үл мэдэгдэх хөдөлмөрчдийн эрх ашгийг зөрчсөн ҮЭ-ийн эрхэнд халдсан томъёоллыг оруулсан талаар санал шаардлага хариуг нэхэж санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргилд хүргүүлсэн байна.

Хэвлэлийн бага хуралд МҮЭ-ийн холбооны ХХХБГ-ын дарга Ц.Отгонтунгалаг, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа, Монголын Нэгдмэл ҮЭ-ийн холбооны дарга Я.Алтантуяа, Монголын Барилгачдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Батцогт, МБШУҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл нар байлцаж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан