Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн талаар хэн, юу хэлэв

Сайн хөрш садан төрлөөс илүү гэдэг. Манай улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг энэ жил тэмдэглэн өнгөрүүлж байна. 70 жилийн турш нөхөрсөг харилцаатай явж ирснээс гадна харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж, үр ашигтай хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж ирсэн билээ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хятад орныг танин мэдэхүй” нэрийн дор энэ сарын 2-6-ны хооронд соёлын өдрүүд зохион байгуулж, ард түмний ёс заншил, өв уламжлал, үүх түүхээ харилцан сурталчилж, танилцуулав.

Энэхүү түүхт ойн талаар манай болон хөрш орнуудын удирдлагууд юу ярьсныг тоймлон хүргэе.

Шин Хаймин:Хятад, Монголын харилцаа стратегийн өндөр дээд төвшинд хүрсэн

/БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд/

Монгол Улсын БСШУСЯ, НЗДТГ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулсан энэ удаагийн “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээ маш амжилттай боллоо. Хоёр улсын ард түмэнд ч таалагдлаа. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, Хятад Монголын харилцаа стратегийн өндөр дээд төвшинд хүрсэн. Цаашид ч хоёр улсын удирдлагуудын өндөр төвшний, ач холбогдолтой уулзалтын үр дүнд хоёр улсын харилцаа шинэ төвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 80 жилийн ойн үеэр бүр өндөр төвшинд хүрсэн байх болов уу.

С.Амарсайхан:Хоёр орны хамтын ажиллагаа, найрамдалт харилцаа улам өргөжин бэхжиж болтугай

/Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч/

Урлаг соёлын холбогдолтой олон цуврал арга хэмжээ зохион байгуулагдлаа. Мөн гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй хоёр орны худалдаа хамтын ажиллагааны арга хэмжээ ӨМӨЗО-ы Улаанцав хотод болж байна. Энэ нь олон бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны харилцан үр ашигтай, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх арга хэмжээ юм. Түүнчлэн аль аль талдаа худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, соёлын харилцаа, хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой, боломжийг бүрдүүлсэн арга хэмжээ гэж хэлж болно.

Мөн орон нутгийн болоод хотуудын хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн гурван жил идэвхтэй үйл ажиллагаа зохион байгуулагдаж ирлээ. Энэ жил ч гэсэн Улаанбаатар хотод арга хэмжээ маань өргөн хүрээнд зохион байгуулагдаж, хоёр орны урлаг соёлын салбарын уран бүтээлчид олон үзүүлбэр толилууллаа. Хоёр орны хамтын ажиллагаа, найрамдалт харилцаа улам өргөжин бэхжиж болтугай.

Жян Жаньгуо:Хоёр орны төрийн тэргүүн нарын хамтын ажиллагааг тодотгож байгаа бодит үйл хэрэг

/БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дарга, дэд сайд/

“Хятад орныг танин мэдэх”-Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцож буйдаа сэтгэл хангалуун байна. Энэ жил бол БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ арга хэмжээний хүрээнд энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр Ши Жиньпин даргатай хүмүүнлэгийн салбарт олон арга хэмжээ зохион байгуулах тухай ярилцаж, санаачилга гаргасан байдаг. Тиймээс Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээ нь хоёр орны төрийн тэргүүн нарын хамтын ажиллагааг тодотгож байгаа бодит үйл хэрэг юм.

Үүний үр дүнд кино урлагийн салбарт “Гурван улсын үлгэр”, “Амьдралын нахиа” зэрэг олон арван уран бүтээл телевизээр үзэгчдийн хүртээл болж Монголын залууст хүрсэн. Энэ мэт Хятад, Монгол хоёр орны хүмүүнлэгийн солилцоогоор дамжин, итгэл, сэтгэлээ ойлголцож байна.

Ё.Баатарбилэг: Боломжоо бүрэн дүүрэн ашиглах ёстой

/БСШУС-ын сайд/

Боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд манай улсад олон сайхан цуврал арга хэмжээ зохион байгуулагдлаа. Мөн ӨМӨЗО-д ​“Монгол-Хятадын 3 дахь удаагийн экспо” зохиогдож байна. Энэ нь нийгэм, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаанууд стратегийн иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааны нэг хэсэг юм. Ер нь мөнхийн хөрш болсон ОХУ, БНХАУ, Монгол гэсэн гурван улсын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хөгжиж байна. Тэр дундаа Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. БНХАУ-ын болон Өвөрмонголын Ардын засгийн тэтгэлгээр өнөөдрийн байдлаар 600-гаад оюутан суралцаж байна. Жил ирэх тусам квотоо нэмэгдүүлж, манай оюутнууд ч маш сайн суралцаж байна. Энэ бол боловсролын салбарт үзүүлж байгаа хамтын ажиллагааны нэг томоохон дэмжлэг. Нөгөөтэйгүүр, сүүлийн жилүүдэд хоёр орны шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа нэмэгдэж байгаа. Хамтарсан экспедиз ажиллаж байгаагаас гадна эрдэм шинжилгээний, судалгааны төслүүд нь амжилттай хэрэгжиж байна. Гэсэн хэдий ч инжлэх ухаан, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаа цаашид улам хөгжих шаардлагатай. Яагаад гэвэл БНХАУ-ын шинжлэх ухаан болон дээд боловсрол эрчимтэйгээр урагшилж байна. Ялангуяа шинжлэх ухаан, НАНО технологи, инновацын тал дээр Хятадын хөгжил өндөр түвшинд яваа. Тэгэхээр дэргэд байгаа хөрш маань ийм өндөр хөгжилтэй, тэргүүн туршлагатай болчихсон энэ үед бид тэднээс суралцах, хамтын ажиллагааны хүрээнд дэмжлэг авах боломж бий. Энэ боломжоо бүрэн дүүрэн ашиглах ёстой гэж үзэж байна.

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан