Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэд бидэнд юу үлдээгээд буцсан бэ

БНХАУ болон Монгол Улсын найрамдалт харилцаа 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосноор эхэлж, хоёр тал 1950 онд Бээжин, Улаанбаатар хотуудад тус тусын Элчин сайдын яамаа харилцан нээсэн түүхтэй. Тэгвэл энэ жил манай улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Энэхүү түүхт ойн хүрээнд Монгол Улсаас БСШУСЯ, НЗДТГ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хамтран энэ сарын 2-6-ны өдрүүдэд “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээг маш амжилттайгаар зохион байгуулав. 70 жилийн ойд зориулсан “Хятад орныг танин мэдэхүй” цуврал арга хэмжээний хүрээнд тэд бидэнд юу үзүүлж, харуулсан, ямар бэлэгтэй ирсэн талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

Албан ёсны нээлтийн арга хэмжээ энэ сарын 2-нд болсон ч үүнээс өмнө хэд хэдэн арга хэмжээ болж өнгөрсөн юм.

“Найрамдлын Солонго” тоглолт болов

70 жилийн ойг тэмдэглэх “Найрамдлын Солонго” уран сайхны концерт өнгөрсөн сарын 30, 31-ний үдэш Улаанбаатар хотын Соёлын төвд болж өнгөрөв.

“Хайрын зөвлөх” олон ангит кино бэлэглэв

Хятад улсын орчин үеийн гэр бүл болон хайр дурлалыг харуулсан "Хайрын зөвлөх" телевизийн олон ангит киног Боловсрол телевизэд бэлэглэв. 45 ангитай энэхүү кино өнгөрсөн сарын 26-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болсон билээ.

"Ши Жиньпиний засаглалын ерөнхий бодлого" киноны нээлт болов

"Дэлхийд танигдсан Хятад кино" болон "Ши Жиньпиний засаглалын ерөнхий бодлого" баримтат киноны нээлт энэ сарын 01-ний өдөр болов. Нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож үг хэлсэн юм.

Албан ёсны нээлт болов

“Хятад орныг танин мэдэх” цуврал арга хэмжээний нээлт энэ сарын 2-ны өдөр Монголын уран зургийн галерейд болов. Нээлтийн арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дарга, дэд сайд Жян Жаньгуо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын газрын дарга Бай Юйган, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар болон хоёр орны хүндэт зочид төлөөлөгчид оролцсон юм.

Таван үзэсгэлэнгийн нээлт болов

Нээлтийн арга хэмжээний дараа “БНХАУ-ын 70 жил”, “Манай найрамдал”, “Түмэн газрын цайны зам” гэрэл зургийн үзэсгэлэн, “Хятадын хатгамлын урлагийн бүтээлийн үзэсгэлэн”, “Монгол морины урлагийн бүтээлийн үзэсгэлэн” хүмүүсийн хүртээл болов. Нийт 150 гаруй үзмэрийг дэлгэсэн байв.

“НАХИА” хөтөлбөр хүрээгээ тэлэв

Монгол Улс, БНХАУ-ын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдэд зориулсан ном солилцооны “Нахиа” хөтөлбөрийн хүрээнд Монголын хүүхдийн номын ордонд цуврал номнууд гардуулан өгснөөс гадна  БНХАУ-ын Ном бичгийн уншлагын танхимтай болж, 476 нэр төрлийн 1300 гаруй хүүхдийн уран зохиолын болон танин мэдэхүйн бүтээлтэй болов.

Хоолны соёлоо танилцуулав

Хятад улсын баялаг хоолны соёл нь дэлхий даяар алдаршиж, өргөн дэлгэрсэн байдаг. Уламжлалт хоолны соёлоо танилцуулахаар Хэбэйгээс ирсэн тогооч нар өвөрмөц амт чанар, олон нэр төрлөөрөө ялгардаг хоолнуудаараа монголчуудыг дайлав.

Хятадын шилдэг арван кино үзэгчдийн хүртээл болов

Хятадын шилдэг 10 уран сайхны кино болох "Нүүдэлчин дэлхий", "Дүүлэн ниссэн он жилүүд", "Сүүдэр", Ѳмнѳд туйлын хайр", "Салхи хагалагч", "Том загасны домог", "Чонон сүлд", "Баруунш зорчсон тэмдэглэл", "Томоожоогүй 28 нас", "Баяжихын замнал" киногоо Тэнгис, Өргөө 1, Гэгээнтэн, iCinema кино театрт гаргаж үзэгчдийн хүртээл болгосон юм.

Өвөрмонгол эмч нар үнэгүй үзлэг хийв

Өвөрмонголын олон улсын Монгол эмнэлгийн хорооны уламжлалтын тасгийн 9 эмч, мэргэжилтэн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийв. 700 хүнд үзлэг хийнэ гэсэн төлөвлөгөөгөө биелүүлсэн байна.

Циркийн 10 гаруй гайхамшигтай үзүүлбэр үзүүлэв

Хятадын Хэбэй мужийн Цанжөү хотын циркчид үзэгчдэд циркийн урлагийн гайхамшгаасаа үзүүлсэн юм. Тухайлбал, олон улсын циркийн наадмаас шагнал авсан “Багана дээрх тэнцвэрийн гайхамшиг”, “Сандал давхарлах тэнцвэр”, “Бөмбөгтэй жонглёр” зэрэг Азийн циркийн урлагийн гайхамшгийг илтгэн харуулсан 10 гаруй үзүүлбэртэй ирсэн байсан юм.

Хоёр их сургууль "БНХАУ-ын ном бичгийн уншлагын танхим"-тай болов

 “БНХАУ-ын ном уншлагын танхим”-ын нээлтийн ёслол МУБИС болон Улаанбаатар их сургууль дээр болов. Оюутан, багш, судлаачдад Хятадын соёлын талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн ангийн оюутнууд хятад хэл дээр эх түүхийн түүхэн эх сурвалжууд болон өөрийн орны уран зохиол, бусад зохиол, бүтээлийг уншиж судлах боломжийг олгосон арга хэмжээ болж чадсан юм.

Экспод оролцож бараа, бүтээгдэхүүнээ сурталчлав

“Монгол-Хятадын 3 дахь удаагийн Экспо”-гийн нээлт болон Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дээд түвшний форум энэ сарын 6-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанцав хотноо болов. 

Энэхүү экспод 28 улс, олон улсын байгууллагуудын төлөөлөл, 1200 аж ахуйн нэгж оролцсоны дотор манай улсаас 450 аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан билээ.

Тэр бүр урд хөршийг зориод соёл урлагтай нь танилцаад байх боломж, бололцоо хомс бидэнд холыг зорилгүй эх орондоо тус улсын соёлтой нь танилцаж, бид хаана нь явна вэ гэдгээ мэдрэх боломжийг олгосон, нэгийг бодож хоёрыг тунгахаад хүргэсэн “Хятад орныг танин мэдэх” арга хэмжээг тоймлон хүргэвэл энэ хүрээд өндөрлөнө. Харин бидэнд юу үлдээгээд буцсан байна вэ гээд дүгнэвэл “Бидний оюунд хийсэн нэгэн хөрөнгө оруулалт болж чадсан байна” гэвэл онц хэтрүүлэг болохгүй биз ээ.  

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан