Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайд амиа алдсан иргэдийг хүндэтгэж маргааш 1080 зул асаана

Монгол Улсын Үндсэн хуулинд “Хүн, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг. Гэвч сүүлийн өдрүүдэд шахмал түлшинд угаартаж хордсон иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, нас барсан хүмүүсийн тоо зургаад хүрч, эрхээ эдэлж чадахгүйд хүргэв.

Олон нийтийн үнэний дуу хоолой болж, бодит мэдээллийг иргэддээ хүргэх ёстой хэвлэлийнхэн маань ч энэ сэдвээс зайлсхийх болж, “Хаалтын гэрээ”-гээр амаа үдүүлчихсэн гэдэг зэмлэлийг ард түмнээсээ сонсох болсон.

Тэгвэл  ямар нэгэн улстөржилтгүй, намын захиалгагүй, сэтгүүлч хүний ёсзүй, итгэл үнэмшлээрээ нэгдсэн сэтгүүлчид өнөөдөр мэргэжил нэгт нөхөддөө хандаж, дээрх сэдвийг хөндлөө.

Тэд “Монгол хүний үнэ цэнэ, амьд явах эрх өнөөдөр хаана явна вэ гэдэг асуудал яалт ч үгүй тулгарч байна.  Монгол Улс хуультай, төртэй. Ямар шалтгаанаар угаартаж нас барсныг нь холбогдох байгууллагууд нь ил тод нээлттэйгээр ард түмэнд хүргээч, гэм буруутай этгээдүүд хариуцлагаа хүлээгээч, ард түмнээс уучлал хүсээч ээ” хэмээн уриалснаас гадна “Амиа алдсан долоон иргэний хоёр нь хоёр, дөрвөн настай жаахан хүүхэд байсан нь сэтгүүлч, эхчүүд бидний сэтгэлийг маш ихээр эмзэглүүлсэн. Нас барсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгээд Сүхбаатарын талбайд маргааш 18 цагаас 1080 зул өргөх ёслолыг санаачилж хийхээр болсон” гэдгээ хурлын эхэнд дуулгав.

Хурлын үеэр хэн юу гэж ярьсныг тоймлон хүргэе.

О.Батханд: Би эрдэнэт хүний амиар гэрээ хийдэггүй

Таван толгой түлш компани Монгол Улсын ирээдүй биш юм. Монгол хүн Монголын хүүхэд, багачууд энэ улсын ирээдүй. Монгол хүнийхээ төлөө сэтгүүлчид минь үнэн бодит мэдээллийг газар дээр нь очиж сурвалжлаач гэж хүсэх байна. Өглөө босоход хоёр үр чинь угаартаад өнгөрчихсөн байна гээд бодоод нэг үз дээ. Монгол хүний үнэ цэнэ ийм л байна. Үүнтэй холбоотой зохиомол мэдээ, мэдээлэл нийт мэдээллийн 60-70 хувийг эзэлж байгаа. Энэ хувь дээр тоглолт хийж буй хүн биш админууд биднийг битгий улстөржүүлээрэй. Бид монгол хүний, хүүхдийн төлөө дуугарч байна. Сэтгүүл зүй цэвэр байх ёстой. Үнэн бодит мэдээллийг түгээдэг байх ёстой.

Таван толгой түлш компанийн зүгээс манай байгууллагад ирээд 5, 10 сая төгрөгөөр гэрээ хийе гэсэн. Тэгэхэд нь “Би эрдэнэт хүний амиар гэрээ хийдэггүй” гэж хэлсэн. Таван толгой түлш компани олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулж байгаа “Аз жаргалтай амьдралыг таны гэрт өнөөдөр авчирна” гэдэг мэдээллээ нэн даруй зогсоох хэрэгтэй. Тэрний оронд бид ажлаа сайжруулна, алдаа гаргачихлаа гээд уучлал хүсэх хэрэгтэй. Эцэст нь сэтгүүлч нөхдөөсөө үгээ битгий боймлуулаарай гэж хүсэх байна. 

Ц.Цолмон:Монгол Улс хөгжих ёстой ч ард иргэдийнхээ амиар дэнчин тавих ёсгүй

Болж байгаа үйл явдалд сэтгэл өвдөхгүй байхын арга алга. Утаатай тэмцээд бид олон жилийг үдсэн байна. Утаатай тэмцэх хугацаандаа хагас тэрбум ам.доллар зарцуулжээ. Үр дүнд нь олон иргэнийнхээ амь насыг алдлаа. Хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод төвлөрч амьдарч байна. Утаанаас болоод ургийн гажиг, хавдар гээд олон өвчин эмгэгт нэрвэгдэж амь нас эрүүл мэндээрээ хохирч байна. Утаагүй зуух, утаагүй түлш гээд л хүмүүсийн амь насаар туг тахихаа болих хэрэгтэй. Монгол хүний амь утаагүй зуух, түлшнээсээ үнэтэй байх ёстой гэж бодож байна. Монгол Улс хөгжих ёстой ч ард иргэдийнхээ амиар дэнчин тавих ёсгүй. Үе үеийн удирдлагууд монгол хүнийхээ амь насаар туршилт хийхээ зогсоох хэрэгтэй байна.

Утаанаас салгах хамгийн зөв шийдэл нь орон сууцжуулах гэж бодож байна. Өдий хүртэлх хугацаанд утаатай тэмцэх ажилд зарцуулсан мөнгөө анхнаас нь орон сууцжуулах хэлбэрт зориулсан бол өнөөдөр нөхцөл байдал иймдээ хүрэхгүй байсан болов уу. Тэгэхээр энэ асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсэх байна” гэлээ.

Я.Мөнгөнцэцэг:Утаагүй түлшний туршилтыг энэ Засгийн газар хийчихлээ

Энэхүү сэтгүүлчдийн зохион байгуулсан хурлыг дэмжиж “Гэр хороолол” хөдөлгөөнийхөн ч ирсэн байв. Тус хөдөлгөөний гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг ярихдаа “Олон нийтийн үнэний дуу хоолой болж явах ёстой сэтгүүлчид маань улс төржилгүйгээр түлшний асуудлаар, зургаан хүний амь нас эрсэдсэн байгаа асуудалд нэгдээд дуугарч байгааг нь талархан хүлээж авч байна. Үнэндээ гэр хорооллынхонд энэ асуудал яаж тусч байгааг бодитоор нь ярьж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна уу гэдгийг нь аваад үзэхээр харамсалтай дүр зураг гарч ирнэ. Зургаан хүн нас барснаас болоод энэ түлшийг зогсоочихвий гэдэг зүйл л яриад байна. Энэ зургаан хүний амийг бид хэнээс нэхэх юм бэ. Энэ амьгүй утаагүй түлшнээс нь нэхэх юм уу. Амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрт ямар тусламж үзүүлж байгаа юм бэ. Амийг нь юугаар үнэлж байгаа юм бэ. Ямар ч эрх мэдэлтэн өнөөдөр энэ талаар ярихгүй байна. Хүмүүс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх алга. Түлшнийхээ уутанд заавраа бичсэн гэдэг тайлбар өгч байна билээ. Тэр заавар дээр “Бүх төрлийн зууханд тохирно, та шатсан мод үртсэн дээрээ түлшээ хийгээд түлээрэй” л гэж байгаа. Тэр заавраар нь бүгд л түлсэн. Гэтэл одоо зарим зууханд таарахгүй байна гэж зургаан хүн амиа алдсаны дараа ярьж байна. Утаагүй түлшний туршилтыг энэ Засгийн газар хийчихлээ. Зургаан хүн нас барчихаад байхад туршилт зогсох ёстой.

Хүний эрх ярьдаг байгууллагууд өнөөдөр хаана байна вэ. Хүний эрх яриад талбай дээр жагсч байх ёстой юм биш үү. Ийм учраас манай хөдөлгөөнийхөн амиа алдсан зургаан хүний төлөө жагсаал зохион байгуулна” гэсэн юм.

Гэр хорооллынхон бүгд айдастай, тайван унтаж чадахаа больсон

Мөн энэхүү хуралд үнэн бодит байдлын талаар мэдээлэл өгөхөөр гэр хороололд амьдардаг хоёр эмэгтэй ирсэн байлаа. Чингэлтэй дүүрэгт амьдардаг гэх Ч.Энхцэцэг “Би их айдастай амьдарч байна. Өнгөрсөн шөнө гэхэд хэд дахин босч хүүхдээ, 84 настай аавыгаа угаартсан байх вий гээд амьсгалж буй эсэхийг нь шалгаж байна. Ганц би ч биш манай гэр хорооллынхон бүгд айдастай, тайван унтаж чадахаа больсон. Нэг л өглөө босоход хоёр хүүхэд нь амьсгал хураасан байсан тэр айл шиг эмгэнэлт үйл явдал тохиолдчихсон байх вий гэдгээс үнэхээр их айж байна. Дээрээс нь энэ нүүрсийг хэрэглэхэд мод их шаардлагатай болж байна. Мод, нүүрс хоёрын хэмжээ яг тэнцүү байх жишээтэй. Цог нь дээр нь нэмээд нүүрс хийчихээр уугиад муухай үнэр гаргана. Хүүхдээ ханиад хүрчихвий гэхээсэй илүүтэй угаартчихаас нь айж байна” гэж байв.  

 

1 Сэтгэгдэл
Өмхий нүүрстэйгээ зайлцгаа үмх мах,рунк архиар хурал хийдэг янхнуудаа.
Хамгийн их уншсан