Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цээжний бах буюу стенокарди

Цээжний бах буюу стенокарди гэдэг нь зүрхний цусан хангамж хомсдох өвчний нэг үе шат нь юм. Өөрөөр хэлбэл зүрхийг цусаар ханагж байдаг судаснууд гэнэт агших үзэгдэл. Цээжний бахаар ихэвчлэн ахимаг насны эрэгтэйчүүд өвчилдөг.

 Ерөнхий
Эстроген буюу эм бэлгийн даавар нь судасны хананд холестерин хуримтлагдахаас бие махбодыг хамгаалж байдаг болохоор цэвэршилтээс өмнөх насны эмэгтэйчүүд барагтай бол өвчилдэггүй.

Шалтгаан
Өвчний үндсэн шалтгаан нь зүрхний артерийн судасны хатуурах юм. Зүрхийг цусаар тэжээж буй судасны дотор хананд  (титэм судас / артери) нас ахихын хэрээр холестериний тунадас буюу судас хатуурлын товруу бий болдог. Ийм товруу нь  нь артерийн нүхийг нарийсгасны улмаас зүрхэнд очих цусны урсгал багасна. Таргалалт, тамхи татах, удамшил, артерийн даралт ихсэх, чихрийн шижин  зэрэг нь ийм байдал үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл гэж үздэг. Мөн хөдөлгөөний дутагдал, сэтгэл санааны байдал, ядаргаа нь нэмэлт хүчин зүйл болдог.

Явц
Цээжний бах хөдлөх үед нь зүрхний орчим халуу оргин хоолой боож байгаа мэт огцом өвдөлт өгдөг. Гэхдээ өвдөлт гэхээсээ илүүтэйгээр цээж бачуурч, хүнд юмаар дараад байгаа мэт мэдрэмж төрөх байдлаар илрэх нь ч олонтаа.

Зүрхний бах хөдөлсөн үед гол төлөв өвчүүний ард өвддөг ч зүүн тал руугаа, зүрхний орчим өвдөлт өгөх нь бий. Ийнхүү нэг өвдөлт өгөх нь 2-5 минут үргэлжлэх үед амьсгаа давчдах, дотор муухайрах, бөөлжүүлэх, толгой эргэх, шалтгаангүй айдас төрөх зэрэг хам шинж дагалдах нь цөөнгүй. Цээжний бах хөдөлсөн үед нитроглицерин уухад өвдөлт нь богино хугацаанд буюу 1-2 минутын дотор намддаг нь энэ эмгэгийг бас нэгэн онцлог гэж болох юм.

Энэ эмгэг нь тэр бүр илрээд байдаггүй бөгөөд зүрхний булчинд хүчилтөрөгч, шим тэжээл онцгой их хэрэгтэй үед буюу биеийн хүчний нэн их ачаалал авах үед ажиглагддаг. Ийнхүү биеийн хүчний ачааллаас үүдэлтэй цээжний бахыг ачааллын стенокарди гэдэг бөгөөд хурдан явах, уул өөд авирах зэрэгт илрээд ачаалал багасахтай зэрэгцэн аяндаа арилна. Гэвч ахиад ачаалал өгч эхлэх үед буюу явж эхлэхэд өвдөлт ахин үүсдэг. Харин тамхи татах, архи уух, хэт их идэх зэргээс үүдэлтэй зүрхний бах нь харьцангуй бага тохиолддог.

Зөвхөн тодорхой нөхцөлд үүсч, 3-5 минутаас илүүгүй өвдөлт өгдөг цээжний бахыг тогтвортой стенокарди гэдэг.

Харин тодорхой нөхцөлгүйгээр гэнэт үүсч, 10-15 минут үргэлжилдэг цээжний бахыг тогтворгүй стенокарди гэдэг. Энэ үед унтах, суух зэргээр биеийн ямар нэг ачаалал аваагүй үед цээжний бахын шинж тэмдэг гэнэт илэрнэ. Энэ нь хэзээ мөдгүй зүрхний шигдээс  болж магадгүйн анхны шинж тэмдэг байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Анхны тусламж
Цээжний бахын шинж тэмдэг илэрсэн үед дараах арга хэмжээг авах хэрэгтэй:

  • Өвчтөнг хэвтүүлж, тайван байлга,
  • Хэлэн дор нь нитроглицерины шахмал тавьж өгөх
  • Зүрхний орчимд гич буюу горчиц тавь
  • Валокордин, эсвэл корвалол 25-30 дуслаар өг,
  • Өвдөлт намдахгүй байгаа тохиолдолд ахин нэг нитроглицерин өгч болно.
  • Хэрэв нитроглицериныг давтан өгсний дараа 10-15 минутанд стенокардийн шинж тэмдэг арилахгүй байгаа бол өвчтөнд баралгин, эсвэл спазган мэтийн өвчин намдаагч нэг ширхэгийг өгөөд яаралтай  “Түргэн тусламж” дуудах шаардлагатай.

Оношлогоо
Мэдрэлийн ядаргаа, зүрхний гажиг, нурууны хүзүү цээжний хэсгийн өвчний үед  цээжний бахтай төстэй шинж тэмдэг илэрдэг гэдгийг анхаарах шаардлагатай. Иймд үнэн зөв оношийг зөвхөн зүрх судасны эмч тавих боломжтой гэдгийг мартаж болохгүй. Зүрхний үйл ажиллагааг шинжлэхийн тулд биеийн хүчний ачааллын үеийн зүрхний цахилгаан бичлэг буюу тредмилл- тест, бүтэн хоногийн зүрхний цахилгаан бичлэг буюу холтер-мониторингийг заавал хийдэг.

Зүрхний шуугианыг судлахын тулд фонокардиографи хийж, зүрхний эхо графийг  ашиглан зүрхний булчин ба хавхлагын/клапан байдлыг шинжлэн, зүрхний хөндийгөөр цус урсах хөдөлгөөний хурдыг дүгнэнэ. Судасны байдлыг судлахын тулд вентрикулографийн арга ашиглан судасны хананы нарийссан байдал,  холестериний товрууны байрлал зэргийг тодорхойлно.

Дээрхтэй төстэй арга коронарографи нэртэй аргаар зүрхний титэм артерийн судасны байдлыг судлана. Судасны нүхний нарийслыг тодорхойлохын тулд зүрхний булчингын сцинтографийн аргыг хэрэглэнэ.

Эмчилгээ
Цээжний бах нь судас хатуурлаас үүдэлтэй зүрхний цусан хангамж хомсдох өвчний нэг үе шат тул тамхинаас гарах, жингээ нэмэхгүй байх зэрэг амьдралын эрүүл хэв маяг баримтлахтай холбоотой алхмуудыг эн тэргүүнд хийх шаардлагатай.

Цээжний бахыг эмийн болон мэс заслын аргаар эмчилдэг. Цээжний бах нь судасны нарийсалттай холбоотой байвал титэм судасны ангиопластик нэртэй хагалгаа хийж судсыг дотроос нь тэлж өгдөг.

Харин ямар нэг шалтгааны улмаас ийм хагалгаа хийх боломжгүй бол мэс заслын замаар бөглөрсөн хэсгийг тойруулан шинэ  урсгал нээх хагалгаа хийдэг.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан