Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ.
Манай улс энэ жил НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулна.
Энэ хүрээнд байгаль орчинд суурилсан шийдэл болон тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой “Үндэсний Ногоон Лаб” платформын нээлт Төрийн ордонд боллоо.
Платформ нь хэрэгжих бүрэн боломжтой, бодит үр дүнд хүрэх, цаашид цар хүрээгээ тэлэх чадавхтай ногоон төслүүдийг бойжуулах, хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татахад нь бэлтгэх юм.
Энэ хүрээнд төслүүдийг сонгон шалгаруулж, хоёр сарын хугацаанд техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлнэ. Улмаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбохоос гадна шалгарсан төслүүдийг СОР17 хурлын үеэр олон улсын хөрөнгө оруулагч нарт тусгайлан танилцуулахаар төлөвлөж байна.
Нээлтийн үеэр “Үндэсний Ногоон Лаб” хөтөлбөрт оролцогч талууд Хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мөн “Монгол орны бэлчээрийн экосистемийн өнөөгийн төлөв байдал, олон улсын чиг хандлага болон шинэлэг шийдлүүд”, “СОР17 зохион байгуулахтай холбогдуулан цөлжилт, газрын доройтлын эсрэг хэрэгжүүлэх санаачилга”, “Үндэсний Ногоон Лаб” сэдвээр илтгэл сонсож, “Бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй сорилт, шийдэл”-ийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
“Үндэсний Ногоон Лаб” платформ нь Улаанбаатар хотноо болох COP17 хурлын хүрээнд:
• Бэлчээрийн тэргүүлэх санаачилга,
• Ус–газрын нэгдсэн менежмент,
• Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гэсэн санаачилгыг эхний үе шатанд онцгойлон дэмжихээр төлөвлөсөн байна.
Эдгээр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөртэй бүрэн уялдаж байна.
Платформыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар Монголын байгалийн өв сан болон Монголын бизнесийн зөвлөл хамтран хөгжүүлнэ.
“Үндэсний Ногоон Лаб” платформын талаарх мэдээллийг http://nationalgreenlab.org/, info@nationalgreenlab.org цахим хаягаас болон “Үндэсний Ногоон Лаб” ажлын албаны 75117027 дугаарт холбогдож авч болно.


























