Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсаас Зүүн Тиморт анх удаа Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхтайван 2026 оны арваннэгдүгээр сарын 18-нд тус улсын Ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналт Жозе Рамуш-Ортад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Монгол Улс, Зүүн Тимор Улс 2003 оны есдүгээр сарын 4-нд дипломат харилцаа тогтоосноос хойш Д.Энхтайван тус улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Монгол Улсын анхны Элчин сайд болж байна.

Ёслолын үеэр Элчин сайд Д.Энхтайван Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Зүүн Тимор Улсын Ерөнхийлөгчид уламжилж, тус улс Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэг (АСЕАН)-ийн бүрэн эрхт гишүүнээр элссэнд баяр хүргэв.

Мөн хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, боловсрол болон бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлжээ.

Түүнчлэн Зүүн Тимор Улсад НҮБ болон Азийн хөгжлийн банкны хүрээнд ажиллаж буй Монгол Улсын иргэд мэдлэг, мэргэжлийн ур чадвар, туршлагаараа тус улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, институцийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг онцолсон байна.

Ерөнхийлөгч Жозе Рамуш-Орта Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд талархал илэрхийлж, хариу мэндчилгээ уламжлахын зэрэгцээ Элчин сайд Д.Энхтайвантай хамтран ажиллаж, дипломат үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Элчин сайд Д.Энхтайван мөн Зүүн Тимор Улсад НҮБ болон Азийн хөгжлийн банкинд ажиллаж буй Монгол иргэдтэй уулзаж, тэдний үйл ажиллагаа, ололт амжилттай танилцан, тус улсын хөгжилд хувь нэмэр оруулж, Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж байгаад талархал илэрхийлжээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан