Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газарт үнэлгээ өгөх ард түмний санал асуулга эхлүүлжээ


Төрийн ордны баруун талд байрлах хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өчигдөр монгол гэр барьж МАН-ын зарим гишүүн суулт зарлалаа. “Шинэчлэлийн хороо”-ны дарга Т.Аюурсайхан тэргүүтэй суулт зарлагчид Засгийн газарт хариуцлага тооцох, өмнө нь тавьсан шаардлагын хариуг авахын тулд уг үйл ажиллагааг эхлүүлсэн гэнэ. Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сарын 30-нд Засгийн газрын алдаатай бодлого, Чингис бондын буруу зарцуулалтаас болж иргэдийн амьдрал дордсон тул Н.Алтанхуягийг огцруулах 12 зүйл бүхий шаардлагыг УИХ-д 14 хоногийн хугацаатай хүргүүлжээ. Үүнийг авч хэлэлцээгүй учраас 2013 оны есдүгээр сарын 16-нд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай гурван зүйл бүхий тогтоолын төсөл боловсруулж дахин өргөн барьсан. Мөн л үл тоомсорлож, өнөөг хүртэл шаардлагад хариу ирүүлээгүй тул тэд гэртэй суулт зарлав. Үүнийхээ хамт Монголын бүх аймгийн иргэдээс Засгийн газарт хариуцлага тооцох эсэх тухай санал асуулга авах ажил өрнүүлжээ. Мөн Н.Алтанхуягийг огцруулах самбарт гарын үсэг цуглуулж байна. Үүнийгээ Улаанбаатар хотод хэрэгжүүлэхийн тулд Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд гэр барьсан нь энэ. Тэдний шаардлагыг төрийн өндөрлөгүүд хүлээж аваагүй тохиолдолд тэмцлийн дараагийн шатанд шилжих гэнэ. Монгол ардын намын “Шинэчлэлийн хороо”-ны дарга Т.Аюурсайханаас зохион байгуулж буй гэртэй суултынх нь талаар тодрууллаа.

-Улсын Их хурлын нам­рын ээлжит чуулган эхлэх гэж байна. Үүнтэй зэрэгцээд та­най намын зүгээс жаг­саал, эсэргүүцлийн цуглаан хийж л байдаг. Энэ удаа тө­лөв­лөсөн зүйл байгаа болов уу?
-Монгол Ардын намын зүгээс юу төлөвлөснийг мэдэх­гүй байна. Чуулганы нээлт­тэй холбогдуулж сүүлийн үед гудамж талбайд, хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр, ард түмэн ч төр, засгийн явуулж буй бодлогын алдаа, ан­хаа­руулах зүйлийг хэлж, эсэр­гүүцсэн, мэдэгдэл гаргаж, шаард­лага хүргүүлсэн зүйл олон байна. Чуулганы нээл­тийн үеэр зөвхөн МАН гэлтгүй бусад улс төрийн нам, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл хуулийн хүрээнд үзэл бодлоо илэр­хийлж, идэвхтэй үйл ажил­ла­гаа өрнүүлнэ гэж бодож байгаа.

-Өнөөдрийн арга хэм­жээний учир шалтгаан юу вэ. Иргэдийн гарын үсэг цуг­луулж Засгийн газарт хариуцлага тооцох санал асуулга явуулж байна гэж ойлгосон.
-Бид Ерөнхий сайдтай хариуцлага тооцох асуудлыг нэг жилийн өмнөөс тавьж эхэлсэн. Яг тэр үеэс л манай улсын эдийн засгийн хүндрэлүүд тод томруун ажиглагдсан шүү дээ. Олон төрлийн статистик үзүүлэлтийг харахад улам дордож байгаа нь ажиглагдана. Тийм учраас өнөөдрийн байдлаар ард түмний нуруун дээр ямар ачаа үүрүүлж, бодитоор ямар хүндрэл тулгарч байгааг иргэдээс сонсохоор цугласан. Гэхдээ санал асуулга маань эхлээд 10 хонож байна. Одоогоор Баян-Өлгий, Орхон, Булган, Дорнод, Дундговь, Дорноговь аймгаас 1500 гаруй хүний санал цуглууллаа. Нийт 7-8 мянган хүний санал цуглуулах зорилготой байгаа. Ер нь, судалгааны арга зүйгээр авч үзэхэд хоёр мянга орчим хүн хамарсан түүвэр судалгаа бодитой болдог. 5-8 мянган оролцогчтой болоод ирэхэд улс орны хэмжээнд нөлөөлөхүйц ард иргэдийн дуу хоолой нь гэж ойлгож байгаа. Энэ санал асуулгын дүнг нэгтгээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад гардуулах юм. Төрийн өндөрлөгүүд одоо ард түмнээ сонсох цаг болсон. Хэрэв иргэдийнхээ саналыг тоохгүй байвал дараагийн шатны арга хэмжээ авна.

-Ардчилал гэдэг бол ард түмний засаглал. Гэвч төлөөлөл болж сонгогдсон хүмүүст эргээд ард тү­мэн хариуцлага тооцох ме­ха­низмыг манай улс огт ашиг­­лаагүй. Энэ санал асуул­­­га тэр хэлбэр нь мөн үү?
-Монгол Улсын Ерөнхий­лөгч болон Ардчилсан намын дарга Алтанхуяг төрийн эрхийг ард түмэн барина, бүхнийг шийднэ. Иргэдийн заасан замналаар бид ажиллана гэж хариуцлагатай алба хашиж байгаа. Үндсэн хуулиар бүх хүнд оногдсон эрх бол үзэл бодол, үгээ илэрхийлэх, сонгох сонгогдох явдал. Энэ эрхээ бид эдэлж, санал асуулга зохион байгуулж байна. Монголын ардчилал өнөөдөр үнэхээр аюулд оржээ гэж бид хардаг. Дүр эсгэсэн ардчилал бол дарангуйллаас илүү хортой гэж Ардчилсан орнуудын нийгэмлэгийн чуулганы үеэр Ан Сан Су Чи гэдэг эмэгтэй хэлсэн. Өнөөдрийн эрх баригчид үүнийг өөртөө тусгаж авах ёстой. Ер нь, ардчилсан нийгэмд ард түмнээ үргэлж сонсох ёстой шүү дээ. Төлөө­лөл болсон цөөнх нь байнга олон түмнийхээ шүүмж­лэл үг, санааг сонсч байх ёстой. Шүүх, хууль хянал­тын байгууллагуудад эрх бариг­чидтай холбоотой олон асуудал ургалаа. Тухайл­бал, Ерөнхий сайдын охин, туслах, зөвлөх гээд нийт 32 тэрбум төгрөгийн хөрөн­гө шамшигдуулсан гэх хэрэг хууль, хяналтын байгуул­лагуудаар шалгаж байна. Энэ бүхэн зөв үү, буруу юу гэдгийг иргэдээсээ асууя гэсэн юм.

-Ямар, ямар байгууллага энэ үйл ажиллагаанд оролцож байна вэ?
-Санаачилсан нь МАН-ын “Шинэчлэлийн хороо” юм. Түүнээс гадна иргэд, оюутан залуус, ахмадууд оролцож байгаа. Нэг өдрийн өмнө арга хэмжээний зар тараасан. Яг эндээ ес хоног ажиллаж, иргэдийн саналыг хүлээн авах юм. Танай сонин ч цааш нь уламжлаад Үндэсний түүхийн музейн өмнөх “Ард түмний өргөө гэр”-т ирж санал асуулгад оролцож, гарын үсгээ зураарай гэж дамжуулахыг хүсье. Бид та бүхний саналыг үнэн бодитоор илэрхийлж, ажил хэрэг болгохын төлөө тууштай тэмцэх болно. Иргэдийн эрх ашгаа хамгаалахын төлөө зогсолтгүй ажиллаж байгааг хэлье.

-Та сая зургаан аймаг нэрлэлээ. Бусад аймгийн хувьд санал асуулгад яаж оролцох боломжтой бол?
-Бүх аймагт санал асуулга явж байгаа. Энэ зургаан айм­гаас хамгийн түрүүлж санал асуулгад оролцсон хүмүү­сийн материалыг ирүүлсэн юм. Нэгдсэн дүн нь гарах арай болоогүй. Бүгдийг нь нэгтгээд тодорхой шийдэл, санал гарна. Түүнийхээ мө­рөөр дараа дараагийн үйл ажил­лагаагаа төлөвлөөд ажиллана.

-Саяхан Зүүний хүчний холбоо хурал хийж, танай нам дотроо идэвхжсэн, дахиад намын удирдлагын төлөөх марафон эхлэх нь гэж харах хүн олон байна?
-Зүүний хүчний холбоо гэдэг Монгол Ардын намд хамааралгүй төрийн бус бай­гууллага. Тэдний ээлжит бага хурал нь болсон гэж ойл­гож байгаа. Үүгээр өмнө нь хийсэн ажлаа дүг­нэж, дараагийн зорилгоо тодор­хойл­дог. Гол зорилго нь ард түмнийхээ тулгамдсан асууд­лыг шийд­вэрлүүлэх, төрийн албан хаагч­дын эрх ашгийг хам­гаалах, боловсрол, хөгжил, нийгмийн оролцоог хангах зэрэг чиглэлээр ажилладаг байгууллага. Зөвхөн МАН-тай төдийгүй улс төрийн бусад намуудтай ч холбоотой ажилладаг. “Шинэчлэлийн хороо”-той ч гэсэн холбогдож, хамтардаг байгаа. Намын дарга, удирдлагыг өөрчлөх нь гэсэн хардлага байхгүй. Өнөөгийн намын дарга нар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа шүү дээ. Тэдэнд хэзээ хариуцлага тооцох вэ гэвэл сонгуулийн дараа. Тийм учраас 2016 оны сонгууль хүртэл ажиллаад түүний дараа үр дүнгээ  тооцуулж хариуцлага хүлээх бол тэр ёсоор болно. Хүндлэл хүлээж, сайн ажиллалаа гэж дүгнэвэл цаашид үргэлжлүүлэх юм.

-МАН-ын “Шинэчлэлийн хороо”-ны үйл ажиллагаа ямар байгаа вэ?
-Монгол Ардын намын 27 дугаар их хурлаар “Шинэчлэлийн хороо”-ноос томоохон бодлого, зорилтууд дэвшүүлж ажилласан. Үүний 70 хувийг нь батлуулж чадсан юм. Одоо үүнийг хэрэгжүүлэх үүрэг нь сонгогдон ажиллаж байгаа намын дарга болон Удирдах зөвлөлд оног­доно. Гэхдээ зөвхөн тэдэнд хамаатуулж, “ачаад” орхил­гүй манай хороо ч гар бие орол­цож байгаа. Болж бүтэх­гүй зүйлээ нээлттэй, чөлөө­тэй ярилцаж, алдаа дутагд­лаа бодитоор дүгнэдэг. Бид өндөр хариуцлага дэвшүүл­сэн, үнэхээр шинэчлэ­лийн бодлогоо хэрэгжүүлж чадах­гүй, ард иргэдийн итгэл олж чадахгүй, тулгамдсан асуудлаа давж, ажиллаж чадахгүй бол хэн ч байсан хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ ойлголцсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан