Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөлбөмбөгийн хүлэг баатар К.Роналду

ОХУ-д болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий В хэсгийн тоглолт Португали, Мароккогийн шигшээ багийн хооронд болж, 1:0-ийн харьцаатайгаар Португалийн ялалтаар өндөрлөв. Тоглолт дөнгөж эхлэх үед буюу дөрөв дэх минутад дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Кристиан Рональдо тоглолтын цорын ганц гоолыг оруулж, багтаа хоёр дахь ялалтыг авчирлаа. Энэхүү гоол нь түүний 85 дахь олон улсын тоглолтын гоол бөгөөд одоо тэрээр дэлхийн хамгийн их бөмбөг оруулсан тамирчдын хоёрт жагсдаг болов.

Энэ хөлбөмбөгчний авсан шагналуудыг тоочоод байвал барахгүй ч хамгийн сүүлд авсан шагналаас эхэлье. 
Энэ оны нэгдүгээр сарын 13-нд  Испанийн “Реал”, Португалийн шигшээ багийн хөлбөмбөгчин Криш­тиану Роналду 2013 оны дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчөөр шалгарч “FIFA”-ийн “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо. Тэрээр энэ шагналыг авахын тулд “Барселон” багт тоглодог Лионель Месси, “Бавари” багийн Франк Рибери гэсэн хоёр супер одтой өрсөлдөн ялсан учраас домогт Пелегийн гараас “Алтан бөмбөг”-ийг гардан авах үедээ тэсэлгүй нулимс дуслуулаад авсан. Роналду “Рибери бол гайхамшигтай хөлбөмбөгчин, үнэхээр итгэмээргүй тоглолтыг харуулдаг. Тэрээр Мессийн адил энэ шагналыг авах эрхтэй. Гэвч энэ шагнал зөвхөн нэг хүнд л очих байсан. Тэр нь би. Би аз жаргалтай байна. Нэгэн үе надад энэ шагналыг хэзээ ч авч чадахгүй юм гэсэн бодол төрж байлаа. Бүгдэд нь баярлалаа. Эйсебиод баярлалаа гэж хэлмээр байна. Ээждээ, сүйт бүсгүйдээ, хүүдээ баярлалаа” гэсэн юм. Роналдуг дагаад түү­ний ээж, сүйт бүсгүй хоёр ч уйлсан нь олон мянган шүтэн бишрэгчдийг нь үнэхээр уяруулсан. 
Дараа нь сэтгүүлчид яагаад уйлсан тухайд асуухад “Миний сэтгэл маш их хөдөлсөн. Ялангуяа, хүүгээ тэвэрч өргөөд баяр баясгалантай царайг нь хараад бүр их сэтгэл хөдөлсөн. Тэгээд л сэтгэлээ барьж дийлээгүй уйлсан. Дээр нь миний ээж, сүйт бүсгүй хоёр уйлж байгааг хараад бүр ч барьц алдсан. Үнэхээр чин сэтгэлийн нулимс урссан. Би өөрийгөө уйлна гэж бодож байгаагүй ч үнэхээр их аз жаргалтай бай­лаа. Харин энэ явдал намайг сайн мэддэггүй хүмүү­сийн хувьд жинхэнэ гэнэтийн бэлэг болжээ. Талбай дээр би чухал харагддаг ч үнэндээ сэтгэлээрээ хүн юм шүү дээ” гэжээ.
Үүнээс долоо хоно­гийн дараа Роналдуг эх орон Португальдаа хүрэлцэн ирэхэд Ерөн­хийлөгч Кавака Силва түүнийг угсаа зал­гамжлагч хун­тайж Дон Энрике­гийн бүлгийн одон­гоор шагнаж хүлэг баатрын цолтой язгууртан болгов. Энэ бүлэгт Португаль улсын өмнө онцгой гавьяа байгуулсан, улсынхаа нэрийг дэлхий дахинаа өргөсөн хүмүүсийг элсүүлэн одон гардуулдаг. Ерөнхийлөгч Силва нь энэ бүлгийн дээд мастер нь юм. Хүндэт шагналыг Роналдуд гардуулах үеэр Ерөнхийлөгч “Энэ хүн бол манай улсыг бүх тивд нэгэн зэрэг төлөөлөн суудаг элчин сайд юм” гэж хэлсэн нь үнэхээр нүдээ олсон үг байгаа.
Хүлэг баатар болсон Роналду нь “2014 оны Дэлхийн аварга шалгаруулах болон дараагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Пор­тугалийн шигшээг авч чадна гэж найдаж байна. ... Би юу, юунаас илүү хөлбөмбөг тоглох л дуртай, энэ спортын ачаар би түүхэнд нэрээ үлдээлээ. Цаашид би урьд нь авч байсан шагналуудынхаа зиндааг бууруулмааргүй байна” гэжээ. 

Үнэхээр ч Роналду нь их хөлбөмбөгийн ертөнцөд хөл тавьсан цагаасаа ямагт шаг­налынхаа зэрэглэлийг ахиулсаар ирсэн юм.
2004 онд “Guerin Sportivo” сэтгүүл түүнийг Европын шилдэг залуу хөлбөмбөгчнөөр тодруулснаар шагналын хур бууж эхэлсэн гэж болно.  Дараа нь хоёр жил дараалан хөгжөөн дэмжигчдийн саналаар дэлхийн шилдэг залуу хөлбөмбөгчнөөр тодорсон. 2008 он “France Football” сэтгүүлийн  “Алтан бөмбөг”. Аваргуудын лигийн хамгийн олон гоол хийсэн хөл­бөмбөгчнөөр хоёр удаа, “FIFA”-ийн бо­лон УЕФА-ийн дэл­­­­­хийн шилдэг хөл­бөмбөгчин,  спор­тын чиглэлээр бичдэг нэр алдартай гу­рав дөрвөн сэтгүүлүүд түүнийг тав, зургаан удаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодруулсан гээд тоочоод байвал барахгүй.

Түүний цалин хөлс

Криштиану Роналдуг Испанийн эзэн хааны “Реал” баг Английн “Манчестер Юнай­­­­­­­­тед” багаас худалдан авахын тулд 94 сая евро төлсөн юм. Ингэснээр 
Роналду дэлхийн түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан хөлбөмбөгчин төдийгүй тамирчин болж хувирсан билээ. Түүнийг ийм өндөр үнээр үнээр худалдан авах олон шалтгаан байв. Тэр хоёр өөр орны аварга шалгаруулах тэмцээнд тоглоод “Алтан пүүз” шагналын эзэн болсон цорын ганц хөлбөмбөгчин. Энэ шагналыг УЕФА-д ордог улсуудын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон гоол хийсэн хөлбөмбөгчинд өгдөг гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
Европын хамгийн гол аварга шалгаруулах тэмцээнүүдэд хоёр улирал дараалан 40 ба түүнээс олон гоол хийсэн анхны хөлбөмөгчин.
Аваргуудын лигийн хэс­гийн тоглолтын шатанд есөн гоол хийж дээд амжилт тог­тоосон.
Аваргуудын лигт цагалба­рын нэг жилийн дотор хамгийн олон гоол хийж дээд амжилт тогтоосон.
Нэг улиралд 31 гоол хийж Английн премьер лигийн дээд амжилт тогтоосон.
Европын аварга шалга­руулах тэмцээнүүд Португалийн шигшээгийн түүхэнд хамгийн олон гоол хийсэн.
Португалийн шигшээний түүхэнд хамгийн олон гоол хийсэн. 
Реал багийн бүрэлдэхүүнд нэг улиралд тоглоод 60 гоол хийж хосгүй дээд ам­жилт тогтоосон. Ингээд тоо­чоод байвал урьд хожид Евро­пын төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд гарч байгаагүй олон хосгүй амжил­тын эзнийг ийм олон сая евро­гоор авахгүй гээд яах билээ. 
Дээр дурдагдсан асар их мөнгө бол зөвхөн багууд хоорондын наймааны мөнгө. Роналду цалин хөлсний талаар тусдаа тохиролцох ёстой. Роналду “Реал” багийн удирдлагатай хэлэлцээр хийхдээ байр сууриа хатуу хамгаалж чадсаны хүчинд жилдээ 17 сая еврогийн цалин авахаар болсон юм. Ингэснээр Роналду одоогийн хөлбөмбөгийн хамгийн өндөр цалинтай тамирчин болсон билээ. Санаанд багтамгүй өндөр цалингийнх нь талаар сэтгүүлчид тодруулахад “Миний амьдралд мөнгөнөөс илүү чухал зүйл байдаг юм шүү. Тэр  нь би. Дэлхийн хамгийн шилдэг клубт тоглож байгаа явдал. Би их амбицтай хөлбөмбөгчин. Ойрын таван жилийн дотор 200 гоол хийж, “Реал”–ын хамтаар байж болох бүх цом, шагналыг авна” гэсэн юм. Жилийн 17 сая еврогийн цалинтай гэхээр нэг их буухгүй байж магадгүй. Тэгэхээр илүү дөхүүлэхийн тулд энэ бол хоногт 46 мянга 500 евро юм шүү гэдгийг онцолмоор байна. 
Манай сонинд валютын ханшийг заасан байгаа тул та төгрөгөөр үржүүлээд үзээрэй. Өдөрт хэдэн төгрөгийг цалин авч байна?

Түүний карьер

Роналду 1985 онд төрсөн гэдгийг эхлээд хэлье. Найман настайгаасаа аавынхаа ажилладаг “Андоринья” нэртэй сонирхогчдын багт тоглож карьераа эхлүүлсэн түүхтэй. 1995 онд өөрийн хотын “Насьонал” багтай гэрээ байгуулан тоглож нэг шат ахив. Удалгүй түүний тоглож байсан “Насьонал” баг гайхамшигтай ялалт байгуулсны дараа Лиссабоны “Спортинг” багийн шалгаруулалтад оролцон гэрээ байгуулсан юм. Ингээд 1997 онд “Спортинг” багийн залуучуудын академид элсэн орж, тус багийн 16 хүртэлх, 17 хүртэлх ба 18 хүртэл насных гээд бүх бүрэлдэхүүнд нөөц тамирчнаас эхлээд үндсэн тоглогч хүртэлх бүх шатыг давсан цорын ганц хөлбөмбөгчин. 2001 оны наймдугаар сарын 15-нд болсон нөхөрсөн тоглолтын үеэр  “Спортинг” багийн насанд хүрэгчийн бүрэлдэхүүнд анх орж тоглон хоёрдугаар үеийн солилцоогоор талбайд гарч “Атлетик” багийн хаалганд гоол хийсэн нь их хөлбөмбөгт гарааг нь эхлүүлсэн жинхэнэ алтан бөмбөг байлаа. Мөн тэр жилдээ Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Португалийн шигшээд багтан тоглосон нь улсынхаа шигшээд багтсан анхны амжилт байлаа. 
Залуухан, бүр тодруулбал ердөө 16 настай байсан Роналдуг хамгийн түрүүн “олзолсон” хүн нь “Ливерпуль” багийн дасгалжуулагч Жерар Улье байжээ. Гэвч тухайн үедээ Роналдуг хэтэрхий залуу, арай илүү туршлагатай, биеийн хөгжилтэй болог гээд гэрээ байгуулалгүй хойшлуулжээ. 
Гэтэл  2003 онд Лиссабон хотын “Жозе Алвалде” цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийг тохиолдуулан хийсэн “Спортинг” ба “Манчестер Юнайтед” багуудын тоглолтын үеэр Роналдугийн баг 3:1 нэгээр хожсоны дараа өрсөлдөгч багийн ерөнхий дасгалжуулагч Алекс Фергюсон түүний тоглолтыг өндрөөр үнэлж гэрээ байгуулснаар хөлбөмбөгийн элит төвшинд гарах нь тэр.
Роналдуг тухайн үедээ “Спортинг” багаас худалдаж авсны хөлс гэж “Манчестер Юнайтед” 12,24 сая фунт төлж байжээ. Шинэ багт орж ирсэн Роналду “28” гэсэн дугаараар тоглох сонирхолтой байгаагаа хэлтэл түүнд шууд “7” дугаараар тоглохыг тулгасан байна. Роналду энэ дугаараас их айж байсан гэдэг. Учир нь, тус багт тоглож байсан Жорж Бест, Брайан Робсон, Эрик Кантана, Дэвид Бэкхем гэсэн супер одууд л энэ дугаартай цамц өмсөн тоглодог байлаа. 

Тиймээс аргагүйн эрхэнд “7” дугаартай болсон Роналду өмнөх суутнуудын нэрийг гутаахгүйн тулд өөрийгөө дээд зэргээр дайчилсан нь тоглолтын чанарт хамгийн сайн нөлөө үзүүлсэн нь мэдээж. Маш сайн тоглосоор 2004-2005, 2005-2006 оны улирлын тоглолтын шилдэг залуу тоглогч болж чадав. 2006 онд Английн премьер лигийн сарын шилдэг тоглогч болов. 2007 оны тавдугаар сарын 5-нд тэрээр “Манчестер Сити” багтай хийсэн тоглолтын үеэр “Юнайтед”-ийн бүрэлдэхүүнд 50 дахь гоолоо хийж, баг нь аварга болж байлаа.
2007 онд түүнийг “Реал” баг 80 сая евро буюу 54 сая фунтээр авч магадгүй тухай ярьсан ч тэрээр жилийн цалингаа таван жилийн турш долоо хоногийн 120 мянган фунт болгох гэрээ байгуулж чадсан юм.
Гэхдээ түүний карьерт цөөнгүй бараан толбо байдаг. “Юнайтед” багийн бүрэлдэхүүнд тоглосон хоёр, гурван удаагийн тоглолтын үеэр гэмтэж бэртсэн мэт жүжиглэн торгуулийн цохилт авснаар ихээхэн шүүмжлүүлж байв. 2007 онд өрсөлдөгч багийн тамирчнаа мөргөөд улаан хуудас авч, гурван тоглолт алгасч байлаа. 
Энэ хооронд түүний тоглолтын ур чадвар, туршлага улам бүр арвижсаар байсан нь мэдээж. 2009 онд “Манчестер Юнайтет” баг “Реал”-ын саналыг хүлээн авснаар тэрээр Испанийн эзэн хааны баг руу шилжсэн юм. Шинэ багт орсны дараагаар түүний амжилт өнөөдрийг хүртэл улам бүр нэмэгдсээр байна.
Роналдуг мэргэжилтнүүд хоёр хөлөөрөө адил хүчтэй цохиж чаддаг, толгойгоор сайн тоглодог, торгуулийн цохилт гүйцэтгэхдээ бөмбөгийг маш нарийн замаар эргэлдүүлэн нисгэж цохидог, хуурах ба бөмбөгийг ашиглах төгс техниктэй болохоор нэг дор хэд, хэдэн өрсөлдөгчөө хуурч чаддаг гэж маш өндрөөр үнэлдэг.

Түүний хайр дурлал

Роналду дөнгөж 17-18 насандаа хөлбөмбөг тоглох авьяасынхаа ачаар дэлхийн хэмжээний супер од, баян хүн болсон тул хайр дурлалын олон дуулианы “баатар” болсон. Тиймээс ч шоучин Пэрис Хилтон, теннисчин Мария Шарапова, загвар өмсөгч Жемма Аткинсон, Карина Ферро гээд олон цуутай хүүхнүүдтэй нэр холбогдож байлаа. Гэхдээ явж явж Оросын загвар өмсөгч Ирина Шейктэй сүй тавьсан билээ. Тэд хамгийн анх 2010 онд “Armani” брэндийн хувцасны сурталчилгаанд оролцож байхдаа танилцжээ. Тэр үед Роналду энэ брэндийн эрэгтэйчүүдийн дотуур хувцсыг сурталчлах зураг авалттай, харин Ирина Шейк эмэгтэйчүүдийн усны хувцасны зураг авалтад оролцож байжээ. 
Хөлбөмбөгийн ертөнцөд Роналду байсан бол Ирина Шейк ч загварын өмсөгчдийн ертөнцөд дутахааргүй нэр алдартай гэдгийг хэлэх хэрэгтэй. Роналдугийн нэр алдар, царай зүс, бие хаа, эд баялаг гэсэн гурван чиглэлийн “цөмийн зэвсгийн өмнө” ямар ч нэр алдартай хүүхэн “үгүй” гэж хэлж чаддаггүй, мань эр ч ийм байдалд дасчихсан байсан гэнэ. Гэтэл Оросын загвар өмсөгч тэс өөр зан гарган түүнийг ёс төдий хүлээн авахаас хэтэрсэнгүй. Урьд нь ийм зүйлтэй тулгарч байгаагүй Роналдугийн шар нь хөдлөн цэцэг, чихэр барьж нэлээд хэдэн сар гүйсний эцэст л илүү дотносон хамтдаа амрахаар явсан байдаг. 


Шейктэй дотно харилцаатай болсон гэдгээ олон нийтэд хамгийн анх Роналду өөрөө ил болгож байв. Тэрээр хамт авахуулсан зургаа “Твиттер” дээр байрлуулсан юм.Ирина Шейкийн хувьд башкир эцэгтэй, орос эхтэй. Оросын бөглүү нутгаас гарч загварын ертөнцөд хөл тавин өөрийн уйгагүй хөдөлмөрөөр дэлхийд нэртэй загвар өмсөгч болсон гэдгийг хэлмээр байна. Ирина нь 2004 он Челябинкс хотны гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд ялж, өөрт хэрэгтэй хүмүүсийн анхаарлыг татаж чадсанаар карьерээ эхэлжээ. 2005 он гэхэд Европ, АНУ–д загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн. Загварын маш олон сэтгүүлийн нүүрэнд гарсаар 2013 он гэхэд дэлхий хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн жагсаалтад 13 дугаарт орж байна.
Гэхдээ Ирина Шейк найз залуутай нь холбоотой юм бүхэнд маш нууцлаг, туйлын болгоомжтой ханддаг гэдгээрээ алдартай. “Энэ бол миний хувийн өмчийн газар. Эмэгтэй хүний хувьд хамгийн чухал нь гэр бүл, үр хүүхэд байдаг” гэхээс өөр зүйл хэлдэггүй. Ер нь их нууцлаг бас маш их тэвчээртэй гэдгээрээ алдартай. 

Тэвчээртэй гэдгийг илтгэх нэг зүйл болсон юм. Алдарт хоёрын хайрын харилцаа халуухан үргэлжилж байтал Роналду гэв гэнэт хүүтэй болсон тухайгаа олон нийтийн сүлжээгээр бичиж дуулиан тарьсан юм. Хүүгийн эх нь ямар ч байсан Ирина биш гэдгийг бүгд ойлгож байлаа. Хүүхдийг нь хэн гэгч эмэгтэй төрүүлсэн, яагаад нэрийг нь хэлэхгүй байгаа, тухай мэдээг Ирина хэрхэн хүлээж авсан, цаашид хоёр одын харилцаа ямаршуу болох талаар маш олон таамаг гарч бөөн дуулиан дэгдсэн. 
Гэвч Ирина юу ч болоогүй мэт тайван байсан бөгөөд хэдхэн сарын дараа хүүхдийг хуурайлж байгаа зургийг паппараци нар авсан нь супер сенсаци болсон гэж болно. Хүүг том болоход Ирина дагуулан явж аавынх нь тоглолтыг хамт үздэг болсон нь зурагчдын дуранд олонтаа өртсөн. 

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Роналду тээгч эх хөлслөн хүүтэй болсон гэдэг. Гэрээний дагуу хүүг төрсний дагуу тээгч эх мөнгөө авч, нэрээ нууцлаад сураггүй болсон. 
Товчхон хэлэхэд, суут хөлбөмбөгчний хувийн амьдралд нууцлаг, сонин гоц зүйл олон бий.

0 Сэтгэгдэл
ҮНЭХЭЭР АГУУ ТОГЛОГЧ. БАС САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮН ШИГ ХАРАГДДАГ. ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ, ӨӨРИЙНХ НЬ ФЕНҮҮДЭД СЭТГЭЛ ХАРАМГҮЙ АНХААРАЛ ТАВЬЖ, ТЭВЭРЧ, БАЯР ХҮРГЭЖ, ЦАМЦАА ХҮРТЭЛ ТАЙЛЖ ӨГДӨГ. ХҮН ИМЙЛ БАЙВАЛ САЙХАН. МАНАЙ ДАРГА НАР ШИГ ЯРВАЙГААД, УИХ-Д СУУДАЛ ГУЙХ БОЛОХООРОО БӨГС ДОЛООХ НЬ ХАЛАГ БАЙЖ БОЛОХГҮЙ. ЧИ ШҮҮ, РОНАЛДО. ДЭЛХИЙН АВАРГА БОЛООРОЙ, САЙХАН ЗУЛУУ МИНЬ.
Хамгийн их уншсан