Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Эмээгийн баяр
Эмээ маань намайг ухаан суух үед халимаг хар үстэй, цэнхэр дээлтэй, олон үггүй ч хэлсэн үг нь ухаан хайрласан, өөрийн хийх ажлаа хэнд ч найдаж үлдээдэггүй гялалзуур эмэгтэй байсан болохоор би түүнийг “Буурал ээж” гэж дууддаг байсан. Гэхдээ буурал ээжийн үсэнд мөнгөн сор суусныг анзаарсан өдрөөс би түүнд эмээ гэдэг нэрийг дураараа өгчихсөн юм. Уг нь миний эмээг Чойдогийн Лхагва гэдэг. Есөн эрдэнэ шиг есөн сайхан үр төрүүлж, өсгөсөн эмээ, өвөө хоёр маань миний амьд бурхан. Тэднийхээ хайран дунд өлгийдүүлж өссөн болохоор би их азтай.

Мартын 8-ныг манайхан өвөөгийндөө бүгд цуглаад л их нижгэр тэмдэглэдэг. “Эмээгийн баяр” гээд. Энэ өдөр манай гэр бүлийн эмэгтэйчүүдийн баяраас гадна есөн хүүхдээр салаалсан том модны үрийг цацсан өдөр юм билээ. Өвөө, эмээ хоёрын хуримаа хийсэн өдөр гуравдугаар сарын 8. Тэр л хуримын өдрөөс хойш 51 жилийг хамтдаа туулсан хоёр хөгшин маань хоёр хүү, долоон охины ижий аав болжээ. Тийм болохоор л 51 жилийн турш энэ өдрийг баяр баярын дээд болгон тэмдэглэсээр ирсэн юм. Гуравдугаар сарын 8 бүр өглөө эрт босч, гоё хувцсаа өмсөөд л өвөөгийнд очдог хүүхэд ахуйн гэнэн зан маань одоо ч хэвээрээ.
Би гэж хүн таван настайгаасаа л эмээ, өвөө дээр өссөн учраас холоо байгаа ээжийгээ санахын эрхэнд есөн хүүхдээ амлуулсан эмээгийнхээ мээмийг үлгэсээр нэг л мэдэхнээ зүүдний ертөнцөд ээжтэйгээ учирчихсан байдагсан. Намайг төрөхөөс ч өмнө тэтгэвэртээ гарсан хоёр буурай маань хөдөө малтай байлаа.
Бага насны балчир ухаанд үлдсэн эмээ минь морь сайн унадаг байсансан. Хэнийг ч гуйхгүй хэзээний л морин дэл дээр гарчихсан мал хуйгаа эргүүлж явдаг эмээ айлын таван хүүхдийн хоёр дахь нь. Эмээ төрсөн өдрөө мэддэггүй гэхээр би их шоолж инээдэгсэн. “Аав маань тариа тарьдаг байсан юм. 1942 оны хавар төрсөн гэхээр тавдугаар сарын үе. Тэгээд л тавдугаар сарын 24-нд төрсөн гээд л бүртгүүлчихсэн” гээд эмээ хааяа ярина.
Эмээгийн аав Чойдог залуудаа Нар ванчин хийдэд шавилж, Дилав хутагтын танг барьдаг байсан ч хэлмэгдүүлэлтийн хар шуурганы үеэр харлаж, нутгийн бүсгүй Баламжавтай ханилснаар таван хүүхдийн ээж аав бололцсон гэдэг. Эмээгийн маань төрсөн эгч гэртээ сууж юм оёхоос өөр зүйл хийж чаддаггүй байсан учраас мал хуйгаа хариулах, гэрийн бусад ажил эмээгийн нуруун дээр ирдэг байж. Тийм ч учраас дөрөвдүгээр анги төгсч, оройгоор наймдугаар анги төгсөөд хот руу Санхүү эдийн засгийн сургуульд явах гэхэд нь эмээгийн маань ээж охиноо сургуульд явуулаагүй гэдэг. Ингээд Говь-Алтай аймгийн Тайшир сумынхаа гуанзанд тогоочоор ажиллаж байхдаа усан цахилгаан станцад томилогдон очсон миний өвөө Ж.Балгантай танилцаж, айл гэр болсноор 21 насандаа анхны охин болох миний ээжийг төрүүлжээ.
Хоёр охинтой болчихоод гурав дахь хүүхдээ төрүүлэхэд нь хүү гарсан учраас эмээ өвөө хоёр минь их л баярласан гэдэг. Гэвч нагац ах маань элэгний хүнд өвчний улмаас бурхны оронд одож, есөн эрдэнийн нэг нь дутсан юм. Тэр үед эмээ минь “Баярлуулж ирсэн шигээ уйлуулаад явчих юм гэж яаж санах билээ, хүүгээ” гээд л уйлж билээ. Үнэхээр төрүүлсэн үр нь орхиод одох шиг зовлон шаналал энэ хорвоо дээр үгүй биз ээ.
Гурван хүүхдийн ээж аав болоод байтал Говь-Алтай аймагт Гуулин сум шинээр байгуулагдаж, өвөө маань шинэ сумын тэжээлийн аж ахуйд хуваарилагдан гэр бүлээрээ шилжсэн юм билээ. Эмээ маань ч багагүй туршлага хуримтлуулсан тогооч байсан учраас цэцэрлэгийн тогоочоор ажиллаж, дахин хоёр охин нэг хүү түрүүлсэн. “Хүүхдүүдээ төрүүлээд 45 хоноод л ажилдаа орно. Арай том болсноор нь дүү нарыг нь харуулаад, заримыг нь цэцэрлэг, яслид өгөөд л аргалдаг байсан даа” гэж ярих эмээгийн яриа миний төсөөлөлд нэг л буудаггүй. Одоогийн нийгэмд хүүхдээ төрүүлээд 45-хан хоноод ажилдаа орох бүсгүй байхгүй шүү дээ. Харин өвөө эмээгийн долоо дахь хүүхэд нь ихэрлэж эмээ анх удаа хүүхдээ гаргаад жилийн дараа ажилдаа орсон гэдэг. Тэр үед ясли хоёр хүүхэд авахгүй гэсэн ч юм уу, эмээ өгөөгүй ч юм уу бүү мэд өдөр бүр ажилдаа явахдаа хоёр ихэр охиноо тэргэн дээр суулгаад л түрээд явдаг байснаа хаа нэг эргэн дурсч суудаг. “Хоёр ихэр хүүхэд төрүүлснээс хойш үс минь унаад шингэрсэн тэр үеэс эмээ нь халимаг үстэй болчихсон. Харин хүний үс хумс хоёр үргэлж ургаж байдаг юм гэсэн. Сүүлийн үед энэ үс улам л өтгөрч ургах болж” гэж эмээ ярина.
Өвөө, эмээгийн хамгийн эрх хүүхэд, хайрын бурхан нь ес дэх охин нь. Нагац эгч маань дунд сургуулийн хоёрдугаар анги хүртлээ ээжийнхээ мээмийг хөхсөн. Хамгийн гайхмаар нь тэр хүртэл эмээгийн мээм сүүтэй байсан гэдэг. Ингэж л есөн хүүхдийг төрүүлж, өсгөсөн хүндтэй бурхад маань манай гэр бүлийн үндэс.
Эмээ өвөө хоёртой нэг удаа хөөрөлдөж суухнаа өвөө “Эмээ чинь Эвлэлийн гишүүн байсан. Эвлэлийн төв хорооны залуу ажилтан юм шүү” гэж ирээд л гайхуулж билээ. Тухайн үеийн эвлэл гэдэг нь одоогийнхоор бол залуучуудын холбоо. Гэхдээ гишүүн элсүүлэхдээ ажил хөдөлмөр, зан аашийг нь хүртэл харгалздаг байсан учраас хожмын тэр өдөр гайхуулж ярихаас ч өөр аргагүй байж. Эмээ есөн хүүхэд төрүүлж өсгөснөөс гадна Говь-Алтай аймгийн Гуулин сумын цэцэрлэгт 22 жил тасралтгүй тогооч хийсэн учраас хөдөлмөрөө үнэлүүлэн Улс хувьсгалын 50, 60 жилийн ойн медаль, тав, зургадугаар жилийн таван жилийн гавшгайчийн ойн медалиар шагнуулсан байдаг.
Балчираас минь өдийг хүртэл эмээгийн тухай бодохоор л санаанд буудаг нэг зүйл бий. Тэр бол эмээгийн бор авдар. Тэр авдар үргэлж л чихэртэй. Эмээг түлхүүрээ бариад авдар руугаа зүглэхээр арааны шүлс аяндаа л асгардаг юм. Одоо ч тэр. Хоёр буурлынхаа дэргэд би үргэлж тэр л таван настай жаахан охин хэвээр л байна. Та хоёр минь урт насалж, үр биднийхээ балчирхан дурсамжийг үүрд чимж, олон жилийн Мартын 8-нын тэмдэглэн өнгөрүүлэх болтугай.

Б.ЦЭДЭВСҮРЭН
1 Сэтгэгдэл
Otgonbaatar
Aash zan saitai saihan hvmvvs baidagsan
2019.05.17