Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийгмийг бүхэлд нь өөрчилсөн амь насны дэнчин
1990 оны цагаан морин жил дөнгөж гараад л монголчуудын хувьд урьд хожид үзэгдэж дуулдаагүй олон шинэ сонин үйл явдлууд ар араасаа хөвөрч эхэлсэн гэж болно.

1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Олон улсын хүний эрхийн өдрөөр бүхнийг шийдэгч МАХН-ын зөвшөөрөлгүйгээр олон түмэн өөрсдөө жагсч Монголын Ардчилсан Холбоо гэдэг улс төр, олон нийтийн байгууллага байгуулснаа зарласан нь ёстой л олны нүдийг бүлтийлгэж чихийг дэлдийлгэсэн ч яриад байгаа зүйл нь хүн бүхний дотроо бодож явдаг зүйл байлаа.
Шинэ жил тэмдэглэж хүмүүсийн сэтгэл бага зэрэг сатаарсан ч нэгдүгээр сарын 24-нд дахиад жагсаал, монголчуудыг цагаан сардаа ид бэлтгэж байхад МоАХ-ны анхдугаар их хурал... Энэ зуур Ардчилсан социалист хөдөлгөөн, шинэ дэвшилт холбоо гээд улс төрийн хэд хэдэн байгууллага байгуулагдаа.

Гуравдугаар сарын 4-нд улс төр олон нийтийн шинэхэн байгууллагууд хамтраад дахиад олон нийтийн цуглаан зохион байгуулж эндээсээ мэдэгдэл гаргаж эрх баригчдад хэд хэдэн шаардлага тавьсны хамгийн гол нь эрх баригч МАХН-ын ТХ-ны Улс Төрийн товчоог огцруулах шаардлага байлаа. Мөн МАХН-ын онц их хурал хуралдуулах, намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах, БНМАУ-ын Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг улс төрийн бүх хүчин хамтран батлах, Ардын Түр хурлыг ардчилсан сонгуулиар байгуулах заалтууд байсан юм. Энэ шаардлагын хариуг гуравдугаар сарын 7-ны 12:00 цагт өгөхийг шаарджээ.  

Харамсалтай нь, хэдэн арван жилийн туршид зөөлөн суудалд тухалж ирсэн МАХН, түүний эрх баригчдаас суудлаасаа ховхрох зориг гарсангүй. Үнэхээр эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн шинэчлэгчдийн шаардлагыг хүлээн авсангүй цаг хожиж байлаа.
Ингээд л Монголын Ардчилсан холбооны Ерөнхий зохицуулах зөвлөл 1990 оны гуравдугаар сарын 7-ны 14:00 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан байна.

Гуравдугаар сарын 7-ны өдөр буюу улс төрийн өлсгөлөнгийн эхний өдөр Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Г.Бошигт, Д.Нинж, эмэгтэй Ш.Нина нарын 17 хүн эмнэлгийн шинжилгээ өгч өлсгөлөн зарласан бол маргааш нь  8-ны өдөр 13 хүн нэмэгдэж, гурав дахь өдөр нь хоёр хүн нээгдсэнээр нийт 32 хүн монгол орны улс төрийн амьдралыг өөрчлөхөөр амь насаараа дэнчин тавьсан энэ тэмцэлд оролцсон юм.

Нэг насаараа нэг л  намын тушаал шийдвэрийг сонсон ганцхан түүнийг л маргашгүй үнэн хэмээн сэтгэж явсан, худал хуурмагийг нь мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн эсэргүүцэх үг хэлэх нь бүү хэл, дургүй ч байсан  дуугүй өнгөрдөг монголын ард түмэнд оройн дээд намныхаа эсрэг дуугарах, тэр бүү хэл шахалт шаардлага тавьж, өлсгөлөн зарлах нь ёстой эвэртэй туулай үзсэн юм шиг байлаа.

Ийм л болохоор хүмүүс цочирдож, гайхаж, бас уурлаж бухимдан, харааж загнаж  зарим нь өлсгөлөнд оролцогсдыг өрөвдөж байсан юм.  Тэр байтугай зарим нь “Өлсөөд байгаа юм бол хоол аваачаад өгье л дөө” гэж хэлж байлаа.
Гэхдээ энэ улс орон, энэ эрх ба­ригчид “нэг л биш ээ” гэдгийг ойл­го­сон олон нийт дэмжиж байсан юм.

Гуравдугаар сарын 9-ний 19:00 цагт эрх баригчдын төлөөлөл Д.Бям­басүрэн сөрөг хүч­ний­хэнтэй хэлэлцээр хийж харилцан буулт хийж эхэл­лээ. Өлсөгчдийн тавьсан шаардлагуудыг газар дээр нь шийдэхгүй ч дэс дараатайгаар тухайн үед мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд шат шатанд нь шийдвэрлэхээр таван зүйл дээр тохирсоноо радио телевизээр шууд дамжуулж нийт ард түмний сонорт хүргэсэн байна.

Дараа нь  21:00 цагт МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх Монголын ард түмэнд хандаж радио телевизээр үг хэлэн Ард­чилсан хүчнийхний тавьж байгаа шаардлагыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй, “Хоёрхон сая хүнийхээ эв нэгдлийг хангаж хойч үеийнхэндээ сайн өв уламжлал үлдээх үүднээс асуудалд хандах нь зүйтэй гэж бодож байна....Энэ залуучуудтай яриа хэлэлцээр хийж харилцан ойлголцож  улс үндэстнийхээ нэгдлийг хамгаалъя” гэж хэлснээр Монгол Улсын түүхэнд болсон улс төрийн анхны өлсгөлөн үүргээ биелүүлсэн гэж үзээд 1990 оны гуравдугаар сарын 9-ний оройн 22:00 цагт тарсан байна.

Энэ өлсгөлөн нь 70 жилийн турш нэг намын хэдхэн удирдагчийн бодсон хэлснээр явж, ард олон нь үгээ хэлэх байтугай улс орныхоо дотор ч чөлөөтэй зорчих эрхгүй явж ирсэн монгол орны нийгэм, улс төрийн амьдралыг үндсээр нь өөрчлөх зарчмын шаардлагуудаа бодит ажил болгох түүхэн тэмцлийн ихээхэн чухал нэгэн хэсэг  байсан билээ.
0 Сэтгэгдэл
ерөнхий сайд хүртэл худлаа ярьж болдог хүн чанар гэж байхгүй болсон ядуучууд маш ихдэж дээдсүүд нь хагартлаа баяжсан ийм л нийгэмтэй болсон бидний үгийг сонсож байгаа хэн байгаа юм ве 1111төвд хандаад шийдсэрлэгдэж байгаа зүйл үгүй тэндээс асуу энд ханд гэхээс өөр хариулт байхгүй тэнд, эндэхийн хариуцлагтнууд нь утсаа авахгүй ба олдохгүй ийм газар байгуулаж татвар төлөгчдийн мөнгөөс өчнөөн хүнийг цалинжуулаж байна ямар ч үр дүнгүй
СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179
Тэр үед Батмөнх зөөлөн зан гаргаагүй бол эд нар ялж чадахгүй байсан. Цэрэг оруулаад л дуусгах байсан. Хэдэн Битлз шүтсэн тэнэг гарууд л байсан ш д, Ардчиллын 13 гэж.
угаасаа хойд хөршид системийн задрал явагдаж монголд хуссэн ч ул хуссэнч нийгмийн өөрчлөлт явагдах л байсан гэвэл
Одоо бол аль аль нам нь яг адил болчихсон. Бид тэр үед ардчилал хүний эрхийг их өөр сгэгээнээр сэтгэж тэмцэлд уриалан удирдан шат шатандаа оролцож байлаа. Тэр гэгээлэг зүйл болсонгүй. Өрөнд баригдсан . Шуудай үүрсэн ядуучууд архичдаар эгнээгээ тэлсэн бүлэг. Өндөгөө ч авч идэж чадахаа байсан өрөвдөлтэй хүмүүс.хог шороондоо дарагдаж утаан үүлээр бүрхэгдсэн хот тосгодтой. Тамтаг болтлоо ухагдсан газартай гадны валютуудад идэгдэж дээрэлхүүлсэн хүчгүй мөнгөн тэмдэгттэй зовлонт нийгэм байгуулчихлаа. Юунд баярлах юм бэ
Uneheer ene heden hunii hicheel zutgeliig uneleh estoi yum shu
21:00 цагт МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх Монголын ард түмэнд хандаж радио телевизээр үг хэлэн Ард­чилсан хүчнийхний тавьж байгаа шаардлагыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй, “Хоёрхон сая хүнийхээ эв нэгдлийг хангаж хойч үеийнхэндээ сайн өв уламжлал үлдээх үүднээс асуудалд хандах нь зүйтэй гэж бодож байна....Энэ залуучуудтай яриа хэлэлцээр хийж харилцан ойлголцож улс үндэстнийхээ нэгдлийг хамгаалъя” гэж хэлснээр.. idehii tuluu bish ard tumniihee tuluu baisan humuus
Хамгийн их уншсан