Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмч нарын цалинг 2.7 сая хүргэвэл эмчилгээ, үйлчилгээ сайжирна

-10 мянган иргэний дунд 60-67 ор ногдоно-


Засгийн газрын гишүүд даваа гараг бүрийн бага үдэд “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтаар өөрийн хариуцсан салбарын ажил хэрхэн өрнөж, үр дүнд хүрснийг сэтгүүлчдэд танилцуулдаг. Өчигдрийн уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож салбарын шинэчлэл, бүтээн байгуулалт, дэвшил ололтыг тайлагналаа. Түүний яриаг тоймлон хүргэе.

Гурван сая дахь иргэнээ угтахад...

Хүн амын цэвэр өсөлтийн оргил жил 2013 онд тохиоход эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүчин зүтгэл багагүй. Эх хүүхдийн эндэгдэл, хүн амын нийт нас баралтыг хамгийн доод төвшинд барьж ажилласнаараа тэд гавьяатай. Хэдий нэгдсэн тоо эерэг боловч бүс нутаг, аймагт улсын дунджаас илүү эндэгдэл, нас баралт гарсан. Тиймээс ЭМЯ-наас энэ оныг “Эх хүүхдийн эндэгдлийг бууруулах жил” болгон зарлажээ. Холбогдох үйл ажиллагаа зохион байгуулах комисс байгуулж, тулгамдсан асуудлаар сургалт зөвлөлгөөн хийж, долоо хоног бүр теле-хурал хийж буй гэнэ. Эхний хоёр сарын байдлаар үр дүнгээ өгчээ. Тухайлбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0-1 настай нялхсын эндэгдлийг 29 хувиар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 19 хувиар бууруулжээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар зөвлөлгөөн хийх явцад нийтлэг олон асуудлын 30-аад хувь нь эмэгтэйчүүд өөрийн эрүүл мэнддээ тавих анхаарал, хандлагаас хамаарч байсан.

Ирэх сарын 1-нээс улсын хэмжээнд сайдын нэрэмжит үзлэг явуулахаар болж. Ингэснээр Монгол Улсын гурван сая дахь иргэнийг хүлээн авахад эрүүл мэндийн салбар хэр ажиллаж байгааг шалгах юм. Өнгөрсөн хугацаанд удам зүйн лаборатор гэдэг сантай болсон. Удамшлын өвчин, ургийн гажигийг оношилдог болжээ. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тандалт судалгааны алба энэ оны эхнээс ажиллаж эхэлсэн. Тэдний судалгаагаар улсын хэмжээнд он гарсаар 85 хүүхэд гажиг хөгжилтэй төржээ.Судлаад үзэхэд 11 төрлийн төрөлхийн гажиг байсан аж. Тодруулбал, цусны төрлийн гажиг төрөлт зонхилсон бөгөөд нийт тохиолдлын 50.6 хувь нь орон нутагт, бусад нь нийслэлд бүртгэгджээ. Засгийн газар байгуулагдахад төрөлхийн гажигийг эмчилдэг болох зорилт тавьсан. Түүнийгээ биелүүлэхийн тулд ЭХЭМҮТ-д тандалт судалгааны алба байгуулсан, тэд одоо гажиг хөгжилтэй хүүхэд нэг бүрийг хяналтдаа авч ажиллаж байгаа гэнэ.

Оношилгоо, эмчилгээг дотооддоо хийнэ

Аймаг, орон нутагт зайны оношилгооны тоног төхөөрөмжтэй болгосноор эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд өдөр тутам зайлшгүй ашиглагддаг зүйл болжээ. Тухайлбал, 2013 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нийт түргэн тусламжийн 35 хувийг зайны оношилгоогоор шийдвэрлэсэн. Орон нутгийн 10 хүний долоо нь орон нутагтаа оношилгоо, зөвлөгөө авч байхад гурав нь хотод ирж тусламж авсан байна.  Өөрөөр хэлбэл, чирэгдлийг 60-70 хувиар бууруулсан аж. Орон нутгийн иргэд орчин үеийн чанартай  оношилгоо, тусламж авах нөхцөлөөр бүрэн хангагдлаа. 16 аймгийн төвд компьютер томографийн аппарат, дижитал рентген аппарат, дурангийн болон лабораторын оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж, чих хамар хоолой эрүү нүүрний мэс засал, нүдний эмчилгээний хэрэгсэл нийлүүлж, ихэнх нь нээгдээд ажиллаж буй.

Эх орондоо оношилж, эмчилж чадахгүй байгаа 33 өвчин эмгэгийг өөрсдөө эдгээдэг болохын тулд томоохон бодлого эхлүүлэх гэж байна. Үүний тулд дотоод хүчин чадалдаа суурилж өөрсдөө хөгжих эсвэл гадаадаас мэргэжилтэн авчирч ажиллуулах хоёр шийдэл бий. Мэдээж аль аль нь иргэд гадаад руу явж эмчлүүлдэг, оношлуулдгаас хямд төсөр.  Гадаадад эмчилгээ, оношилгоо хийлгэдэг хүмүүс ч хоёр янз. Үнэхээр Монголд оношилж, эмчилж чадахааргүй өвчний улмаас гадаадыг зорьдог хүн байхад монголчууд илрүүлдэг, илааршуулдаг өвчтэй байлаа ч сонголтоороо гадаад руу явдаг нь бий. Хэрэв эх орондоо өвчнийг оношлуулдаг, эмчлүүлдэг болчихвол гадаад эмчилгээнд зарцуулдаг хөрөнгө 60 хувиар буурна.

“Соёлын довтолгоо” үргэлжилнэ

Хуучин цагт соёлын довтолгоо гэдэг зүйл иргэн бүрт хүрч байсан. Тэгвэл энэ аргачлалаар Эрүүл мэндийн довтолгоог өрх бүрт хүргэхээр энэ жилд төлөвлөжээ. Хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлийг 100 хувь гэж авч үзвэл иргэнээс 55-60 хувь нь шалтгаалдаг. “Соёлын довтолгоо”-ны хамгийн эхний ажил нь цусны даралттай холбогдох юм. Хүн бүр цусны даралт ихсэх, багасахыг мэддэг, тэр нөхцөлд ямар арга хэмжээ авч цус харвахаас сэргийлэхээ мэддэг болно. Гэртээ цус харвадаггүй улс болъё гэсэн зорилт тавьсан аж. Энэ жил эрүүл мэндийг дэмжих сангийн 70 хувийг шууд өрхийн эмнэлгүүдэд хуваарилж Эрүүл мэндийн довтолгооны ажилд зориулахаар болсон. Үүний дараа элэгний хорт хавдар, осол гэмтэл зэрэгт анхаарах аж. Элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой, эрт илрүүлвэл эдгэрдэг боловч монголчууд тэгдэггүй. Мөн осол гэмтэл үүсэх магадлал ихтэй 50 цэгийг тодорхойлж, яаралтай тусламж үзүүлэхэд анхаарах аж.

Энэ жилээс эрүүл мэндийн төлөөх салбар дундын оролцоог шинэ шатанд гаргахаар болсон. Жилд дунджаар 3000 орчим хүн авто ослоор, архи хэтрүүлэн хэрэглэснээс болж 740 гаруй хүн, барилгын осол гэмтлээр 130 гаруй хүн, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 49 эмэгтэй эндсэн тухай баримт бий. Бид гурван сая болох гэтэл мянган хүн эрүүл мэндийн бус шалтгаанаар нас бардаг гэж Н.Удвал сайд хэлсэн. Иргэний эрүүл мэндэд бусад салбарын нөлөө 25 хувийг эзэлдэг. Тиймээс нийгэм, хүн амын эрүүл мэнд, өсөлт нь зөвхөн ЭМЯ-ны ажил биш гэдэг утгаар бусад салбарт хамтын ажиллагааг өөрчлөх цаг болсон. Тэгэхээр иргэнээс шалтгаалах 55-60 хувь, бусад салбараас хамаарах 25 хувийн хүчин зүйлийг удирдан чиглүүлэхийг зорьжээ.

Эрүүл мэндийн санхүүжилт 50 хувиар дутуу

Эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа зардлыг ДЭМБ-ын бүсийн орнуудын түвшинд хүргэх зорилго тавьсан. 2014 оны байдлаар салбарын зардал нэгдсэн төсвийн долоон хувь, ДНБ-ий 2.9 хувьтай тэнцэнэ. Гэтэл ДЭМБ-аас төсвийн 10.5 хувь, ДНБ-ий 4.5 хувиас доошгүй хөрөнгө зарцуулах ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, байж болох доод хэмжээнээс Монгол Улсын эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалт 50-60 хувийн дутуу санхүүжилттэй байгаа. Эмч нар сард 2.7 сая төгрөгийн бодит үнэлэмжтэй ажил хийдэг байхад сувилагч 1.6 сая төгрөгийн ажил хийдэг гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт албан бус төлбөр өндөр байдаг. Нийт төлбөрийн 41 хувийг албан бус төлбөр эзэлдэг гэх хөндлөнгийн байгууллагын судалгаа бий. Энэ чиглэлээр ЭМЯ томоохон ахиц гаргахаар ажиллаж байгаа. Жишээ нь, 2014 оны төсөвт тусламж үйлчилгээний санхүүжилт олгоход 33 тэрбум төгрөг нэмж суулгасан. Үүгээр албан бус төлбөрийг 6-7 хувь бууруулах бололцоотой.  Түүнчлэн өндөр өртөгтэй мэс засал, зарим эм, эмнэлгийн хэрэгслийн зохих үнийг ЭМД-аас санхүүжүүлэх боломж олдвол дээрх 41 хувийг 10 хувиар бууруулах бололцоотой гэнэ.

2010 оны ДЭМБ-ын илтгэлд аль ч улс оронд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн 20-30 хувийг нь үр ашиггүй зарцуулдаг гэх тоо байсан. Тиймээс үүнийг халах чиглэлд анхаарах 10 шалтгааныг зааж тодотгожээ. Үүнээс манай улсад таван шалтгааныг сонгон авч өнөөдрөөс өөрчлөхөөр шийдвэрлэсэн. Эм эмнэлгийн хэрэгслийн зохисгүй хэрэглээ, оновчгүй шийдлийг халах. Шаардлагагүй хэвтэлт, хэт олон ортой байх зэрэг болзлыг өөрчилнө. Монголд 10 мянган хүний дунд 92 ор байсан. Тэгвэл дэлхийд эрүүл мэндийн үйлчилгээгээр дээгүүр жагсдаг оронд энэ тоо 60 ор байдаг аж. Тиймээс илүү ортойг нь хасч, дутуу ортойг нь нэмж зохицуулалт хийсэн. Хүн ам их төвлөрсөн газарт 10 мянган хүнд 67 ороор тооцож зохион байгууллаа. Техник тоног төхөөрөмжөөр хэтрүүлэн хангах, хэрэггүй төхөөрөмж авах, үргүй зардлыг хална. Хангамжаар шаардлагагүй тоног төхөөрөмж авсан, түүнийгээ нэг ч ашиглаагүй, эвдэрчихсэн гэхчлэн ашиггүй хөрөнгө оруулалтыг зогсооно. Хүний нөөцийг хэт өндөр зардалтай, төлөвлөлт муутайгаар бэлдэх, ажилтнуудын эрмэлзэл, урам зориг бага, итгэл алдрах зэрэг үзэгдлийг багасгах хэрэгтэй.

Бүтээн байгуулалт-шинэчлэл

Бид ЭМЯ-ны харъяа төв эмнэлгүүдийн стандартыг дээшлүүлж лавлагаа төв болгосон. Эмнэлгийн дарга нартай гэрээ байгуулж, тодорхой чиглэлүүдээр олон улсын жишигт нийцүүлэхээр болсон гэж Н.Удвал сайд хэлсэн. Тухайлбал, Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг улсын хэмжээнд тархины цус харвалт, зүрхний шигдээсийн дараахь эрчимт эмчилгээний орчин үеийн олон улсын түвшний том төвтэй болсноор лавлагаа төвийн статусаа нэгээр ахиулжээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр лавлагаа төв болж, хэд хэдэн мэс засал хийсэн. Мэдрэлийн мэс засал хийдэг, сүүлийн 20 жил шинэчлээгүй, улсад ганцхан байдаг тасгийг тэрбум гаруй төгрөгөөр сэргээн, тохижуулжээ. Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газар ажил авах үед нэгдүгээр эмнэлэгт л гемодиализын төв байсан. Одоо ЭХЭМҮТ, гуравдугаар эмнэлэг, Орхон, Дорнод аймгийн бүсийн оношилгооны төвийг гемодиализын тасагтай болгожээ. Түүнчлэн концессын гэрээгээр нэмж шинэ шинэ төв байгуулахаар Засгийн газар ажиллаж байгаа. Өнгөрсөн онд сумын эрүүл мэндийн төв, нийгмийн болон төрөх эмнэлэг гээд улсын хэмжээнд 18 барилга ашиглалтад орсон. Эдгээрийн нэг нь 2013 онд ажил нь эхлээд ашиглалтад хүлээн авсныг сайшаах хэрэгтэй. Энэ онд бид 32 барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн, ажиллаж байгааг дуулгалаа.
0 Сэтгэгдэл
zov demjij bna
Хамгийн их уншсан