Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТУРШЛAГА СУДЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ “ЭРДЭНЭТ” ХОТООС ЭХЛҮҮЛЭВ

“Ухаалаг төр лүү шилжих санаачилгын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт хангайн бүсийн аймгуудын хурлын байгууллагын онол практикийн бага хурал Орхон аймагт болов.
Хурлын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ-ын ТББХ-ны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн, Нутгийн Удирдлагын Холбооны тэргүүн Су.Батболд, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, НҮБ-ын засаглалын багийн ахлагч Ц.Даваадулам болон бусад албаны хүн, мөн Хангайн бүсийн аймгуудын ИТХ-ын дарга, төлөөлөгчид оролцлоо. Онол практикийн бага хурлын үеэр “Орхон аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны төлөвшил, цаашдын хандлага” илтгэлийг  Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь” илтгэлийг УИХ-ын гишүүн Су.Батболд тавьж хэлэлцүүллээ.
Мөн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” илтгэлийг Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хяналтын чиг үүргийг нэмэгдүүлж, үр нөлөөг дээшлүүлэх нь” илтгэлийг Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн танилцуулсан аж. Мөн Булган, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын ИТХ-ын удирдлага тодорхой сэдвүүдээр илтгэл тавьсан юм. Эдгээр илтгэлийг сонссоны дараа зочид төлөөлөгчид өөрсдийн санаа бодлоо хуваалцаж, харилцан турлшага солилцож, асуудал хөндсөн хэлэлцүүлэг хийжээ. Хэлэлцүүлгийн явцад орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгож, чадавхийг сайжруулах талаар олон үнэтэй санал, санаачилга гарсныг нэгтгэж, УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакейд өргөн барив. Хурал зөвлөлгөөнөөр яригдсан зүйл, хөндөгдсөн асуудал, гарсан саналуудыг УИХ, Засгийн газрын хэмжээнд ярилцаж асуудлыг тавина гэдгээ А.Бакей гишүүн мэдэгдэв. Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын энэ мэт бүсчилсэн уулзалтуудыг улс орны хэмжээнд зохион байгуулж байх нь зүйтэй юм  гэдэгт УИХ-ын гишүүд болон хурлын төлөөлөгчид санал нэгдсэн байна.
 Онол практикийн бага хурлын маргааш хангайн бүсийн аймгууд болох Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Бяанхонгор, Хөвсгөлийн хурлын байгууллагын хамтарсан уулзалт зөвлөгөөн болсон аж. Уулзалт зөвлөлгөөний гол зорилго нь хангайн бүсийн аймгуудын нутгийн өөрөө удирдах байгууллагын хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд чиглэсэн байна. Зөвлөлгөөний эхэнд Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, профессор Ш.Ганбат аймгуудын хурлын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах талаар, мөн иноваци, бүтээмжийн ойлголтыг орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж, амжилттай ажиллах талаар илтгэв. Ийнхүү Хангайн бүсийн ИТХ-ын уулзалт,зөвлөгөөнийг харилцан биенээсээ суралцаж, туршлага солилцож байхаар тогтож, ирэх тавдугаар сард Баянхонгор, аравдугаар сард Архангай, 2015 онд Өвөрхангай, Хөвсгөл, Булган аймгуудад тус,тус зохион байгуулахаар тогтсон байна.  Цаашид Ухаалаг төрлүү шилжих санаачилгын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгож, бүсийн хөгжлийн шинэтгэлийг бий болгох талаарх зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийг баталсан байна. Улмаар хамтын ажиллагааг өрнүүлж, биенээ дэмжин ажилласнаар бүсийн хөгжилд, шинэтгэл хурдацтай явна гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцолсон байна.

Хэвлэл мэдээллийн алба
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан