Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэнзэн Норгой: Би тийм гүн хөх тэнгэр амьдралдаа хэзээ ч хараагүй

Эд баялаг, нэр алдар, аз жаргалын оргилд ямар ч аргаар хамаагүй хүрэх мөрөөдөл хүн бүрийн дотор нуугдаж байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Яг үүнтэй ижил өндөр уулсын оргил ч эр зоригтнуудыг цаг ямагт даллан дууддаг бөгөөд хамгийн хүч чадал, тэсвэр тэвчээртэй, зорилгодоо хүрэхийн төлөө уйгагүй тэмцэгчид оргилд гарахын тулд амь насаа ч үл хайрлан зүтгэдэг. Хүний амьдралдаа хийдэг хамгийн том ялалт бол өөрөө өөрийгөө ялах явдал. Тэгвэл уулсын ноён оргилд гарахын тулд олон удаа ийм ялалт байгуулах шаардлагатай болно. Ийм олон гайхамшигт ялалтын нэгэнд Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари болон Балбын шерпа Дензен Норгой нарын Эверестийн оргилд хамгийн анх хүний мөр гаргасан авиралт зүй ёсоор ордог.   

Гималайн уулсын оргилуудыг байлдан дагуулсан бүхий л түүхийн турш шерпа, эсвэл ширва гэдэг үг “газарчин” гэдэг утгаар хэрэглэгддэг ч үнэн хэрэгтээ энэ нь Дорнод Гималайн уулсаар нутагладаг омгийн нэр ажээ. Сонирхолтой нь тэд өөрсдийгөө монгол гаралтай гэж үздэг бөгөөд Дэнзэн Норгойн дурдатгалд “Би монгол хүн болохоороо”, “Бид бүхий л монголчуудын нэгэн адил” гэх мэт мөрүүд олонтаа тааралддаг. Ямартаа ч энэ омгийнхон өндөр ууланд төрж өссөн, хүчилтөрөгч бага орчинд амьдарч дадсан нь ууланд авирагчдад газарчлахад давуу тал болдог аж. Тэдний худалдаа наймаа хийж, амьдралаа залгуулахын тулд байнга л нааш цааш давж байдаг олон даваануудын зөвхөн нэг нь болох Намбала л гэхэд далайн түвшнээс дээш 5700 метр өндөр гээд бодохоор олон зүйл ойлгомжтой болох биз ээ.

Дэнзэн Норгойг 1914 оны гуравдугаар сарын 15-нд Түвдэд төрсөн гэдэг ч зарим нэг эх сурвалжид Балбын уулсад орших шерпа нарын Кхумбу нэртэй сууринд төрсөн хэмээн бичсэн байдаг. Эцэг эх нь түүнд Намгьял Вангди гэдэг нэр өгсөн ч удалгүй лам багшийнхаа зөвлөснөөр Дэнзэн Норгой хэмээн өөрчилсөн аж.  
Эверестийн оргилд гарсан түүхт аврилтаасаа өмнө тэрээр Гималайн уулсаар аялах баялаг туршлага хуримтлуулаад амжчихсан байлаа. Бүр 1936, 1938 онуудад залуухан хүү Английн уулчдын экспедицэд ачаа зөөгчөөр орж, Түвдийн талаас Эверест рүү авирч байв. Дараа нь 1947 онд Канадын уулчин Э.Денманы авиралтад оролцжээ. Улмаар 1950 онд Английн хэсэг уулчны хамт 8125 метр өндөр Нанг Парбат оргилд гарах гэсэн оролдлого хоёр уулчин амиа алдсан золгүй явдлаар өндөрлөсөн юм. Харин дараа жил нь Францын уулчдын багтай Энэтхэгийн Гималайн Нанда-Деви (7434 метр) оргилд гарч чадсан байна. Удалгүй тэрээр шерпа нарын ахлагч болж, 1952 онд Швейцарийн хоёр ч экспедицийн бүрэлдэхүүнд багтан Эверестийн өмнө зүгээс аврилт хийсэн аж. Өндөр ууланд тэсвэртэй байдаг чадварыг нь үнэлэн уулчид түүнийг “гурван уушигтай” хэмээн ярьдаг байжээ.

Олон орны уулчдын баг Эверестийн ноён оргилд гарах оролдлого хийж байсан ч бүтэлгүй болж байв. Харин 1953 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Жон Хантын удирдсан Их Британийн экспедицийн бүрэлдэхүүнд багтсан Эдмунд Хиллари, Дэнзэн Норгой хоёр л хамгийн анх ертөнцийн зулайд хөл тавьж чадсан юм. Энэ нь тухайн цаг үедээ уулын спортын хамгийн агуу амжилт болсон бөгөөд дэлхийн дээвэрт (8848 метр) авирах их түүхийн эхлэлийг тавьсан. Дэнзэн Норгой Эверестийн оргил дээр гараад төрсөн сэтгэгдэлдээ “Нар хурцаар гэрэлтэж, харин тэнгэр…. Би тийм гүн хөх тэнгэр амьдралдаа хэзээ ч хараагүй” хэмээн дуу алдсан байдаг.  Үргэлж л догшин ширүүн салхитай байдаг оргилд хүн анх гарсан тэр өдөр гайхалтай намуун дөлгөөн байсан гэдэг.

Эверестийн оргилд гарсныхаа төлөө Дензен Норгой улсынхаа хамгийн дээд одон болох Балбын од болон Их Британийн IV Георгийн одонгоор шагнуулжээ.  Үүнээс хойш тэрээр Гималайд дахин авираагүй бөгөөд 1954 онд Энэтхэгийн Даржилинг хотод Гималайн институтийг байгуулж, 1976 он хүртэл тасралтгүй захирлаар нь ажиллаж байв. Тэрээр гурван удаа гэрлэсэн. Анхны эхнэр нь эрт нас барсан учир бага насны хүүхдүүдээ асран өсгөхийн тулд эхнэрийнхээ садангийн нэгэн эмэгтэйтэй гэрлэжээ. Харин гурав дахь эхнэр нь түүнээс хамаагүй залуухан байсан бөгөөд хоёр дахь эхнэрээ амьд сэрүүн байхад гэртээ авчирсан гэдэг. Энэ нь ч шерпа нарын хувьд зөвшөөрөгдсөн ёс заншил аж. 

Сонирхуулахад, Дэнзэн Норгой нэлээд ахимаг настай болтлоо бичиг үсэг огт мэддэггүй байсан ч балба, түвд, шерп хэлнээс гадна Хойд Энэтхэг болон Пакистаны зарим нэг хэлээр сайн ярьдаг байжээ. Мөн европын хэд хэдэн хэлээр хүнтэй бүрэн ойлголцож чаддаг байсан гэдэг. Үүнээс гадна түүний хүү болон хамаатны нэгэн хүн Эверестийн оргилд гарчээ.
Дэнзэн Норгой 1986 оны тавдугаар сарын 9-нд нас барсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан