Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ жил нийслэлд 74.1 тэрбум төгрөгөөр авто зам барина
Шинээр 40.4 км зам ашиглалтад оруулна

Нийслэлийн авто замын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж танилцууллаа. Тэрбээр он дамжсан болон шинээр барих замууд, төлбөртэй зогсоол, тендерээр хүлээсэн хариуцлагаа чанаргүй биелүүлсэн компаниудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.  Энэ онд авто замын газрын захиалгаар өргөтгөн шинэчлэх 54.9, шинээр барих 40.4 км авто зам ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Мөн гүүрийн засвар, шинэчлэлд 243.2 у/м, гадаргуун ус зайлуулах шугамыг есөн байршилд, автомашины нүхэн гарц  нэг, явган хүний гүүрэн гарц хоёр, байгалийн чулуун 1.84 км зам барихаар болжээ. Дээрх ажлыг 100 хувь гүйцэтгэж дуусахад 74 тэрбум 130 сая төгрөг зарцуулах аж. Түүнчлэн шинээр авто зам барихаас илүүтэй олны анхаарал татсан нь авто машины зогсоол хүрэлцэхгүй байгаа асуудал. Тухайлбал, Нийслэлийн авто замын газартай гэрээ хийж төлбөртэй зогсоол байгуулах эрх авсан Хангарьд ордон, Спортын ордон, Драмын театр, гурван яамны гадна талбай зэрэг 12 зогсоол байдаг ч зөвшөөрөл аваагүй 16 зогсоол үйл ажиллагаа явуулдаг байна. Харин гэрээ байгуулсан хувийн хэвшлийн компаниуд орлогын 60 хувийг Нийслэлийн замын санд өгөх ёстой ч өнөөдрийг хүртэл гэрээний дагуу 60 хувиа төлөөгүй аж ахуйн нэгж цөөнгүй байдаг аж. Тухайлбал, “Улаанбаатар” зочид буудал, “Баянгол” зочид буудал зэрэг нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажиллуулдаг байгууллагууд гэрээгээ зөрчин замын санд нэгч удаа автомашины зогсоолын төлбөр тушаадаггүй байжээ. Тиймээс дээрх байгууллагуудтай хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгээ Авто замын газар мэдэгдлээ. Харин энэ онд хэд, хэдэн авто машины зогсоолыг байгуулах бөгөөд Хан-Уул дүүргийн II хороонд цахим машинаар үйлчлэх 30 авто машины зогсоолыг зургадугаар сарын 1 гэхэд  ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Автобусны буудлын тоог цөөлнө

Нийслэлийн Авто замын газрын захиалгаар хийх авто замын ажилд НИТХ-ын тогтоолоор хэрэгжүүлэх такси, нийтийн тээврийн хэрэгслүүдэд зориулалтын зогсоол барих ажил багтаж байна. Үүнтэй холбогдуулан хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, ний­тийн тээврийн үйлчилгээг сайж­руулах зорилгоор за­рим автобусны буудлыг шилжүүлэх, шинэ байршилд автобус, таксины зогсоол барих зэрэг ажил ирэх сарын 1-нээс хийхээр болжээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар Энхтайваны өргөн чөлөө, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хооронд 18-22 чиглэлийн 260-300 их багтаамжийн автобус зорчдог. Зарим автобусны маршрут давхардсанаас хотын төвийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, автобуснууд буудал руу гүйцэд оролгүй зорчигчоо буулгадаг учраас зогсоолуудыг ээлжлэн зогсоох маягаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, “Хүч” бөөний төв, Бөхийн өргөөний буудлыг нэгтгэж  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урд талбайд шинээр нэгдүгээр  зэрэглэлийн зогсоолын талбай гаргах, Улаанбаатар Их дэлгүүр, Хүнсний 20-ийн урд талын автобусны буудлыг нэгтгэн шинээр Ул­сын их дэлгүүрийн ба­руун урд зогсоол байгуу­ла­­хаар төлөвлөжээ. Ул­сын их дэлгүүрийн ба­руун урд байгуулах энэ зог­соол нь баруун дөрвөн за­мын зогсоолоос 500 метр, дараагийн зогсоол Санкт­петр­бург хүртэл 980 метр зайтай байх аж. Мөн Энхтайван найрамдлын ордны урд талын автобусны зогсоолыг таксины зогсоол болгохоос гадна Амарсанаагийн гудамж “Maxmall” дэлгүүрийн баруун талд II зэрэглэлийн зогсоол шинээр хийхээр төлөвлөж байна. Баруун дөрвөн замаас, зүүн дөрвөн зам хүртэлх таван зогсоолд өөрчлөлт хийснээр зогсоолуудын ачааллыг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна.

Зарим зам засварын ажлыг долдугаар сард дуусгана

Замын засвар, шинэчлэлийн ажил ирэх сарын 1-нд эхэлж, долдугаар сарын 5 гэхэд он дамжиж буй барилга засварын ажил, хотын А, Б бүсийн зам засварын ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Тухайлбал, Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэл 13.7 км авто замын өргөтгөл шинэч­лэлт, БНХАУ-ын Зас­гийн газрын буцалтгүй тус­ламжаар хэрэгжүүлэх төслийн хүрээнд Бээжингийн гудамжны өргөтгөл шинэчлэлт хийх 0.9 км зам, 74 у/м гүүр зэрэг 25 байршил дахь замын ажлыг долдугаар сард дуусгахаар төлөвлөсөн байна. Тэдгээрээс замын хөдөлгөөний ачааллыг эрс бууруулах томоохон бүтээн байгуулалтаар Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагын гүүр хүртэлх 17.6 км шинэ зам юм. Мэргэжилтнүүд тухайн зам ашиглалтад орсноор төв замын ачаалал эрс буурна гэж үзсэн бөгөөд иргэд дээрх замыг “хурдны” гэж нэрлэж байна. Учир нь, Богд уул дагаж, багагүй өндөрлөгт тавигдаж буй учраас нийтийн тээврийн автобусны чиглэл тус замаар зорчихгүй гэдэгт итгэлтэй байгаа аж.

Түүнчлэн байгалийн чулуун замыг есөн байршилд 1.84 км урттай тавихаар төлөвлөсөн байна. Байгалийн чулууг олон мянган жилийн настай тул бүтээн байгуулалтад ашиглах нь түүхий эд материалын хувьд элбэг, зөөж шилжүүлэх боломжтой, ус шингээх чадвар сайтай хэмээн үнэлдэг байна. Мөн ус хуримтлагдсан зам талбайд эвдрэл үүсгэхгүй, дулаан шингээх чадвар өндөр учраас хүйтний улиралд хальтиргаа үүсгэхгүй  зэрэг олон давуу талтай.
Гэхдээ байгалийн чулууг төвийн болон автомашин ихээр зорчдог замд ашиглахгүй. Жигжиджавын гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох, Жамъян гүний гудамжнаас Гэндэнгийн гудамж хүртэл зэрэг томоохон замыг төв замтай холбоход ашиглах аж. Хэдийгээр байгалийн чулуун зам нь өртөг өндөртэй ч эдэлгээ сайтай учраас хороолол дундах есөн байршил дахь авто замыг байгалийн чулуугаар хийх шийдэлд хүрчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан