Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Гансэлэм: Гэр бүлтэйгээ өнгөрүүлж чадаагүй хором бүхэн эх орны төлөө зориулагдсан

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “Элитийн батальон” гэж алдаршсан Мото буудлагын мэргэжлийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Гансэлэмтэй ярилцлаа.

-Цэргийн хүн ямар ч хүнд хэцүүг даваад гарна гэдэг. Цэргийн хүн, эр хүн гэдгээр олон зүйлийг хойш тавьж, олон зүйл дээр хурцлагдана биз?
-Эр хүн байх, тэр дундаа Монгол эр хүн байх, бүр тэгээд эх орноо хамгаалах үүрэг хүлээсэн мэр­гэжлийн цэргийн хүн байна гэдэг хүн бүхэнд заяа­даггүй, хүсээд ч болж чадахааргүй амаргүй да­ваа. Өглөө ажилдаа, орой гэр рүүгээ яарах, мэр­гэжлээрээ бахархаж явах сайхан. Сүүлийн үеийн залуус резинэн өмд, бойтгон гутал өмсч гүй­гээд, хүүхнүүдээс илүү гоолиг харагдаад байх болж. Манайх шиг хоёр том гүрний дунд оршдог жижиг улс Үндсэн хуулийнхаа дагуу эр­чүү­дээ заавал цэргийн алба хаалгах хэрэгтэй. Улс орны чадавх, дархлаа цэргүүдийн чадварт оршдог.
Тийм ч учраас цэргийн алба эр хүний жинхэнэ сайхан чанаруудыг товойлгон гаргаж, хүнээс үг дуулдаг, цэгцтэй, нямбай чанарыг суулгаж, нялцгай нялзрай биш, эр хүн шиг эр хүн болгон төлөвшүүлдэг. Эр хүний сэтгэлзүй, ёс зүй, хүн чанарын дархлааг Зэвсэгт хүчин, цэргийн алба л өгдөг. Наад зах нь өглөө бүр аав ээжээсээ мөнгө нэхдэг, өгөхгүй бол өөдөөс нь том үг дуугардаг, бие даагаагүй нялцгай хүүхэд цэрэгт явсны дараа гэр бүлээ хайрладаг, ядаж л өөрөө хувцсаа угаадаг болчихдог. Ядаж олон эрчүүдийн дунд байр сууриа олж сурдаг.

-Эрчүүд гэхээр л архи уудаг, хэрэг төвөгт орооцолддог, ар гэрээ зовоодог гэсэн ойлголт нийгмийн сэтгэлзүйд суучихлаа. Айл гэр, улс орны ачааг үүрч явах эрчүүд маань тулхтай, түшигтэй байж чадахгүй байгаа нь танд ямар санагддаг вэ?
-Ичдэг. Хүн, хүний өмнөөс ичих хэцүү л дээ. Хүн бүхэнд муу чанар бий. Гэхдээ аль болох сайхныг нь харж, түүнийг нь өөртөө шингэн, суралцаж, өөртөө бий болгох ёстой. Хүн амьдралын явцад боловсорч, соёлжиж, хүн болж хамгийн сүүлд үхэж сураад дуусдаг биз дээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Монголчууд агуу ард түмэн. Хүний амьдралын бүхий л сайн, мууг зүйр цэцэн үгэнд оруулчихсан. Залуучууд их унших хэрэгтэй. Ялангуяа, түүхээ. Тэгж байж л эх орныхоо хөгжилд ганц ширхэг тоосго өрөх хувь заяаг өөртөө бий болгож чадна. Монгол хүүхэд бүрийн зүрхэнд эх орон минь гэсэн бахархлыг суулгамаар байна. Энэ өргөн уудам тал нутаг, баялгийн эзэд болж төрснөөрөө бахархах сэтгэлийг цэцэрлэгийн наснаас нь эхэлж суулгах хэрэгтэй. Би АНУ-д боловсрол эзэмшсэн. Америкчууд “АНУ-ын иргэн” гэдгээрээ маш их бахархдаг. Сүүлийн үед хятадууд тийм болж байна.

-Та “Элитийн батальон” гэж нэрлэгддэг ангийн захирагч. Энэ олон офицер, ахлагчийг удирдах өөрийн гэсэн нэг арга барилтай. Өөрийнхөө удирдлагадаа бай­гаа хүмүүсийг “хүн” эсвэл “цэр­гийн хүн” байлгахыг хүсдэг үү?
-Цэргийн дарга гэдэг нэг талаараа багш. Эх орноо хамгаа­лахад цэргүүдэд хэрэг­цээ­тэй бүхнийг өгч байгаа хү­мүүс бол офицер. Надаас чи цэргийн дарга уу гэж асуувал би багш л гэж хэлдэг. Тиймээс цэрэг гэхээс илүү “хүн” л байгаасай гэж хүснэ. Хүн болсны дараа ямар ч эрдэм чадал эзэмшиж болно. Суурь нь зөв байх ёстой. Монгол хүн гэдгээрээ бид бахархах ёстой. Яагаад Стивен Сигал ирчихээд “Би Монгол” гээд. Яагаад Жеки Чан “Би Монгол гаралтай” гээд байгаа юм. Үнэхээр Монгол хүнээр дэлхий бахархаж байна. Бахархах юм бий. Гэхдээ бид өөрсдөө Монгол орныг мундаг байлгахын тулд хичээх хэрэгтэй. Амьдрал богинохон шүү дээ. Өдөрт олдож байгаа найман мянга хэдэн зуун секундыг л алдах ёсгүй.

-Хүн бахархлаараа өөрий­гөө хурцалж, мө­рөө­дөл­­­дөө хөтлөгдөн амьдар­даг юм шиг. Цэргийн хүнд эх орноо хамгаалах эрхэм үүрэг нь бахархал. Та цэр­гийн амьдралыг яагаад сонгох болов?
-Цэргийн амьдралыг сонгосон түүх маань нэлээн урт. Тавдугаар ангийн хүүхэд байхдаа цэргийн дарга болъё гэж хамгийн анх бодож билээ. Тэр үед манайх Дорнодын Сүмбэрт байлаа. Тэндэхийн хилийн цэргийн отрядын офицеруудыг хараад ямар гоё үсээ засдаг, цэвэрхэн хувцасладаг, цэгцтэй үг яриатай юм бэ гэж хардаг байлаа. Зургаа, долдугаар ангид байхдаа “Дөл”, “Шон­хор” гэж цэрэгжилтийн тэм­цээнд амжилттай оролцоод, цэргийн дарга болж чадах юм байна гэсэн итгэл төрсөн. Би хоёр хөгшин дээрээ өссөн юм. Өвөө маань намайг аравдугаар ангид сурдаг өвөл өөд болоод, өндөр настай эмээгээ ганцааранг нь орхиж чадалгүй сургуулиасаа гарсан. Сургуулиасаа гарчихсан хавар цасны шар үерээр үерлэсэн гол руу адуугаа шахаад бугуйл шидтэл нэг эмнэг үрээний толгойнд бугуйлдаад алдчихсан. Араас нь мориор хөөж гүйцээд газраас бугуйлынхаа үзүүрийг шүүрч аваад, тогтоогоод ноцолдож байгаад морио юүлээд, адуугаа туугаад гарсан юм. Тэгсэн тэр үед манай саахалт айлд хотоос ирсэн цэргийн хүн харчихаад надтай уулзмаар байна гэж хэл өгүүлсэн байсан. Эмээ ээжтэйгээ очоод уулзтал Батлан хамгаалах яамны Боловсон хүчин байсан Чиченов гэж хурандаа байсан. Тэр хүнтэй уулзах ерөөл байсан юм байлгүй. Тэр хүн надаас “Цэргийн хүн болох уу” асуулаа. Ээж ч “Миний хүү, өөрөө мэд” гэхээр нь “Тэгье” гээд л уухайн тас хэлчихлээ. Тэгсэн хичээлээ тасалж болохгүй, конкурст ороорой гэж хэлээд явсан. Би ч сургуульдаа явсан. Удалгүй аймаг орж шалгалт өгч, үзлэгт тэнцээд Цэргийн сургуульд элсч байлаа. Төгсөөд офицер болоод Зүүнбаян руу томилогдож, олон сайхан хүнтэй хамт ажиллаж байлаа.

-Зүүнбаянг дамжаагүй цэргийн даргыг ямар дарга гэхэв гэж ярьдаг. Та ч яг л номоор нь явж дээ?
-Тэр үед Зүүнбаянг Хээ­рийн цэргийн академи гэж нэр­лэдэг байсан. Тэнд алба хаасан офицер туршлагатайд тооцогддог, бас их хөгждөг. Зэвсэгт хүчний удирдах албанд томилогддог байлаа. Одоо бол “Элитийн батальон”-ийг дам­жаагүй офицерийг ямар офицер гэхэв гэж ярьдаг. /инээв/

-Таныг Монголын зэвсэгт хүчний гуравхан “Ranger”-ын нэг гэж сонссон. Энэ алдрыг хэр их үнэ цэнэ, хөлс хөдөлмөрөөр олж авав?
-Энэ ч бас нэлээн түүхтэй. 2007 онд Цэргийн шинэчлэлийн бодлогын хүрээнд тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Дорлигжав гуай, Жанжин штабын дарга Дамдинсүрэн генерал болон бусад удирдлага төслийн баг гаргасан. Тэгээд дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага мэргэжлийн чиглэл рүү явж байна. Тийм учраас бүх талын үүрэг гүйцэтгэдэг мэргэжлийн батальон байх нь зүйтэй гэж үзээд манай батальоныг байгуулсан юм. Тэр үеийн бүх л шилдэг офицер багш нарыг цуглуулаад даргалах бүрэлдэхүүнээр ажиллуулсан. Тухайн үед би Зүүн­баянгаас ирэх боломж тохиож тэр элит бүрэлдэхүүнд багтсан юм. Манай багш нарын бүрэлдэхүүнээс ганц­хан штабын дарга, дэд хуран­даа Эрхэмбаяр Гер­манд Бундсверийн академи төгссөн, бусад нь дотооддоо сургууль төгссөн маш чад­варлаг залуусаар тэр багийг бүрдүүлсэн. Мундаг ч захи­рагчтай байсан. Энэ ангидаа ирээд 10 жил алба хаах хугацаанд гурван сургуульд явсны нэг нь АНУ-ын “Ranger”-ийн сургууль. Мэргэжлийн цэрэг бэлтгэдэг, тусгай хүчний сургууль юм. 60 хоног нойр, хоолгүй далай, ширэнгэ, намаг, цөл, уулаар явна гээд төсөөл дөө. Бараг л кинон дээр гардаг шиг сонсогдож байгаа биз дээ. Гэхдээ тэр 60 хоногт зүгээр л аялж байгаа юм шиг явахгүй. Онгоцноос шүхрээр бууна. Байлдааны ажиллагаанд орно. Яаж ууланд авирахаас эхлээд ямар могой хортой, ямар нь хоргүй гээд л маш олон зүйл сурна. Осама Бин Ладеныг хэрхэн илрүүлж, устгасан билээ, түүн шиг л ажиллагааг бэлтгэл сургуулилтаараа хийдэг.
Хүнд гурван төрлийн айдас байдаг. Нэгдүгээрт өндрөөс, янз бүрийн амьтнаас гээд гадны хүчин зүйл байна. Би бол могойноос хамгийн ихээр айдаг. Гэтэл могойны тухай хичээл ороход дэлхий дээр 2500 төрлийн могой байдаг гээд л нөгөө могойнуудыг бидний хүзүү рүү хийчихнэ. Тэгж бүтэн өдөржин могойтой байхаар чинь айдасгүй болно биз дээ. Энэ мэтчилэн цэрэг дайны үйл ажиллагаанд бүх л талаар бэлтгэж, замд таарсан саад, айдас, хоол унднаас шалтгаалахгүйгээр байг устгах эрдэмд л сургадаг.

-“Ranger” болохыг мөрөөдөгсөд, сургуульд нь шалгалт өгөөд тэнцэгсэд олон байдаг ч яг зорилгодоо хүрч чаддаг нь цөөн гэж сонссон?
-“Ranger”-ийн сургуульд АНУ-ын арми, тэнгисийн цэрэг, тэнгисийн явган цэрэг, үндэсний гварди, нисэх хүчин гээд бүх цэргийн байгуулагын шилмэлүүд нь очдог. Гадаадын цөөн элсэгч авдаг. Миний шилдэг ч гэж юу байхав. Хуваарь ирэхээр нь явсан ч Мон­голын зэвсэгт хүчний хүрээнд зохион байгуулагддаг тэмцээн уралдаануудад орол­­цож байсных, хээрийн сур­гуульд гарч байсных, бэлтгэл сургуулилтаа таслаа­гүйнх хурандаа Д.Ганзориг, С.Түвшинбаяр бид гурав энэ цолыг авч чадсан болов уу гэж боддог. “Ranger”-ийн сургуульд нэг удаа 100 гаруй элсэгч авдаг ч хамгийн ихдээ 18-20 нь л төгсдөг. Энэ сургуульд багаар ажиллах чадварыг эзэмшүүл­дэг. Гурван цэрэг нэг баг боллоо нэг нь хэчнээн боловсрол, мэдлэгтэй байлаа ч нөгөө хоёртойгоо хамтарч ажиллаж чадахгүй бол багийнхан нь түүнийг хүссэн хүсээгүй хасдаг. Учир нь, багийнхан дундаасаа саналаараа нэгнээ хасдаг. Сургуулилалтын үеэр гаргаж болохгүй алдаануудыг заасан байдаг. Амь үрэгдэж, бэртэж гэмтвэл шууд хасагдана. Хүн чинь байгаль, нийгмийн амь­тан. Гэтэл нийгмийн амьтны шинжийг нь дараад, байгалийн амьтан болгочихоор худлаа хэлнэ, хулгай хийнэ. Яг тэр нөх­цөлд тийм ааш аяг гаргаж байгаа олон хүнийг базаж ча­дах удирдагчийг бэлтгэдэг сургууль л даа.

-Тэр 60 хоногт байгалийн амьтан болж хувирч байгаа­гаа анзаарах сөхөө байх юм уу?
-Барууны хүний сэтгэхүй монгол хүнээс шал өөр. Монгол хүн бол бүлсэг. Хоолгүй явж байгаад үүрийн 05:00 цагт нэг жаахан идэх юм өгөөд, маргааш идээрэй гээд бас нэг жаахан юм өгдөг. Зарим нь тэсэхгүй маргааш идэх хүнсээ хулгайгаар идчихнэ. Маргааш өдөр нь тойрч суугаад хоолоо идэхээр нөгөөх нь хөөрхий гуйлга гуйдаг хүүхдүүд шиг царай гаргаад суучихна. Тэр том биетэй залуугийн нүдийг харахаар үнэхээр өрөвдмөөр. Гэтэл нөгөө хэд нь тоохгүй. Жигнэмэгийн жаахан хэлтэрхий хүртэл хүч тамир нөхөхөд хэрэгтэй учраас. Би Монгол хүн учраас түүнийг хараад дотор хүнтэйгээ зөрчилдөж эхэлж байгаа юм л даа. Тэгээд л хэрчим махныхаа талын талыг, печенийхээ талтай аваачаад өгөхөөр баярлаад нүднээс нь нулимс гарч байгаа байхгүй юу. Нэгнээ хайрлах гэдэг багаар ажил­лах нэг зарчим. Энэ явд­лын дараа санал асуулгаар би хамгийн дээр жагссан байсан. 

-Хэрэв та тэр залуугийн оронд байсан бол тийм харцаар харах болов уу?
-Үгүй, буугаа цэвэрлээд буруу хараад суух байсан болов уу. Тэгээд нөхдөө хооллоод дуусахаар нь хоол идсэн юм шиг босно. Энэ бол монгол хүний бардам зан. Хэзээ ч бусдад муугаа үзүүлэхгүй.

-Манай монголчууд нэ­рэл­­хүү зангаа тэвчээр гэж тайлбарладаг. Гэхдээ л тэр зориг тэвчээр биднийг жин­хэнэ Монгол хүн болгодог юм шиг?
-Олон улсын цэргийн сургуульд сураад, алба хаагаад явж байхад эх орноороо, эзэн Чингисээрээ бахархах сайхан. Флоридагийн ширэнгэн дотор явж байтал бүгд намганд зоогдчихоод босч чаддаггүй. Ямар ч хүч тэнхээ байхгүй. Цаг яваад байдаг. Тэгэхэд цэргийн зөвлөхүүд ирээд “За, намгийн ногоон мэлхийнүүд ээ, цаг явж байна. Намган дотор бөгсөө даахгүй сууж байхад чинь Чингисийн морьтнууд ирээд толгойг чинь тасдаад, чихийг чинь аваачаад тушаачихлаа” гэж хэлж байсан. Намайг тухайн үед монгол гэж мэдээгүй л дээ. Эзэн Чингисийн маань нэрийг хэлэхэд л миний хаанаас гарсан юм гэж гайхмаар хүч гарч, намгаас суга үсэрч босоод л нөгөө хэдээ татаж гаргаж байсан. Хүнд бахархал, омогшил асар их сэтгэлийн хүч тэнхээ өгдөг гэдгийг тэр үед мэдэрч байлаа.

-Таныг хамгийн олон удаа энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд оролцсон гэж сонссон. Ца­гийн байдал хүндхэн газар ажиллахад амаргүй ч хожмын өдөр дурсахад сайхан байх?
-Иракийн эрх чөлөө ажил­лагааны хоёрдугаар ээл­­­­­жийн цэргийн багт хол­богч офицероор үүрэг гүйцэт­гэж байсан. Түүний дараа Хойд Суданд НҮБ-ын цэргийн ажиглагчаар, Серра Леонд болсон ажиллагаанд ротын захирагчаар, Чадын ажиллагаанд цэргийн багийн захирагчаар, хамгийн сүүлд Өмнөд Суданы “UNMISS” ажиллагаанд анхны батальон захирагчийн үүрэг гүйцэтгэсэн.

-Эдгээр ажиллагаа бүгд л өөрийн гэсэн онцлогтой байх. Тэр дундаас хамгийн тод дурсамж үлдээсэн ажил­лагаа аль нь вэ?
-Тэр бүх ажиллагаанд оролцож явахдаа хамгийн түрүүнд бид ямар амар амгалан оронд төрсөн гэдгээ л санаж, баярлаж бахархаж явлаа. Бид ямар золоор энд төрчихөөгүй юм гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг газрууд бий. Иракийн хоёрдугаар ээлжийн багт ажиллаж байхад Чарли бааз руу 750 кг тэсрэх бодис оруулж дэлбэлэх гэсэн халдлагыг манай цэргийн баг шуурхай ажиллаж зогсоосон. Хэрэв тэр дэлбэрсэн бол багахан хэмжээний цөмийн зэвс­гийн долгионтой эн тэнцэ­хүйц хүчин чадалтай байсан.
Түүний дараа Хойд Суданд анх удаа барьцаалагдаж үзсэн. Буу тулгуулж, ууланд хоригдож, байцаалт өгч үзсэн. Хүний амьдралд тэр бүр тохиолдоод байдаггүй, тохиолдсон ч яриад байхааргүй зүйл шүү дээ. Тэрний дараа Серра Леонд тусгай шугамын ажиллагаанд ротын захирагчаар ажиллаж тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаа НҮБ-ын ажиллагаанд түргэн байрлах үүргийг гүйцэтгэсэн цэргийн баг бол Чадад ажилласан манай цэргийн баг байдаг. Бас л ажиллагааны туршлага, хурд, газар орны цагийн байдлыг үнэлэх, шийдвэр гаргах, боломжуудыг үнэлэх чадваруудыг тэнд сурсан гэж боддог. Ажиллагаа хаагдаад бүх улс орны цэрэг гараад, хамгийн сүүлд манай цэргийн баг Чадыг орхисон. Өөр улсын дайчид хамаг буу зэвсгээ ачуулчихаар ямар ч  байлдах чадваргүй болчихно. Тэр үед нь л миний цэргүүд бүх батальоныг ажиллагааны төв рүү татаж, улс орноос гарах аюулгүй байдлыг нь хангаж байлаа. Энэ бол Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүнд, бидэнд итгэж буйн илрэл юм.

-Яг тийм эгзэгтэй үед л цэргүүдээ сэтгэл санаагаар дэмжих хамгийн чухал үүрэг танд ногдож?
-Цэргийн дарга хүн цэргү­үдээ ажиллагаанд явуул­чи­хаад радио станц, газрын зураг хоёрт л хайртай болдог юм даа. Дээр нь нэмээд тагнуулын мэдээ. Өөр юу ч хэрэггүй. Гадаад улсад цэргийн баг ахлаж үүрэг гүйцэтгэсэн цэргийн дарга нар түүнийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн байх.

-Та хамгийн сүүлийн ажиллагаагаараа Өмнөд Су­данд анх удаа үүрэг гүй­цэтгэж, Монгол Улсаас анх удаа 850 хүний бүрэл­дэхүүнтэй батальоныг ахлаж явсан гэхээр бас л хүнд даваа байж ээ?
-Тухайн үеийн дарга нарын л сонголт байх. Ажиллагааны газар оронд манайхаас ба­тальоны хүчийг дэлгэх хариуц­лагатай үүрэг надад ногдсон. Батальон гэдэг чинь 850 цэргийн хүчийг нэгтгэсэн, өөрийн гэсэн бүтэц зохион байгуулалттай. Хүний хоёр гар, хоёр хөл, нүд, чих нь тогтсон газраа л байдаг шиг баруун гурван аймгийн нэгтгэсэн шиг газар нутаг дээр батальоныхоо үндсэн бүрэлдэхүүнийг хаана байрлуулах зэрэг ажлыг гардаж гүйцэтгэсэн гэсэн үг. 40 гаруй тэрбум төгрөгийн бараа материал, зэвсэг тех­ник, бүрэн бүрэлдэхүүнтэй батальоныг агаар, зам, далай­гаар тээвэрлэж, ажилла­гааны бүсэд дэлгэн байр­луулах болсон. Тэнд борооны болон халууны хоёр л улиралтай. Борооны улирал эхэлчихвэл бүх ажил зогсдог. Тиймээс Өмнөд Суданы цэргийн хүчнийхэнд өөрийгөө ойлгуулах, хамтран ажиллах, найзлах харилцаа үүсгэж, тэр бүх ажлыг амжуулчихаад эргээд харахдаа “Би юу хийчих вээ” гэж бодож байсан. Өөрт ногдсон үүргээ, тухайн цаг үед нь багтааж гүйцэтгэхийн тулд өөрөө туршуулд явах үе ч байсан. 800 км хол таньж мэдэхгүй газар оронд, янз бүрийн сөргөлдөгч хүчнүүдийн дунд, хэн ч байхгүй газар Монгол цэргийг тараан байрлуулахын тулд өөрт байгаа бүхнээ л дайчилсан. Тэнд хоёр дахь удаагаа барьцаалагдаж явлаа. Ямар ч байсан өөрт ногдсон үүргийг биелүүлсэн.

-Цэргийн дарга хүмүү­сийг дарга гэж л хардаг байлаа. Тантай уулзаад нээрээ энэ хүмүүс ч бас цэрэг шүү дээ гэж бодлоо?
-Байлдагч ч цэрэг, хурандаа ч цэрэг, генерал ч гэсэн цэрэг. Нэг үйлсийн төлөө, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө хамт­ран хүчин зүтгэж байгаа нэг тангарагтай  улс.

-Таван ажиллагаа доод тал нь зургаан сарын хуга­цаа­тай. Ажиллагааны өмнөх бэлт­гэл 45 хоног, дээр нь сур­­галтууд гээд бодохоор та хэ­­­дэн жил гэртээ ороогүй хүн бэ?
-Хамгийн сүүлийн ажилла­гааны газар оронд 11 сар болоод ирсэн. НҮБ-ын цэргийн ажиглагчаар бүтэн жил явсан. Бусад ажиллагаа зургаан сар. АНУ-д сурсан хугацаа бүтэн жил гаруй. ОХУ-ын Прүнзийн академид хоёр жил сурсан. Энэ бүх хугацаанд ар талыг маань найд­вартай, итгэлтэйгээр авч явж, үр хүүхдийг маань тө­рүүлж өсгөсөн хүн бол хань минь. Цэргийн хүн амьдралын ханиа л зөв сонгох хэрэгтэй. Цаг зав гарвал гэр бүлтэйгээ байхыг эрмэлздэг.

-11 сар гэдэг хүүхэд төрөөд, бараг хөлд орох хугацаа шүү дээ?
-Би гурван хүүхдээ төрөхөд нь эхнэрийнхээ дэргэд байж үзээгүй. Эхний хүүхдээ төрөөд зургаан сар болсны дараа ирж байсан. Дараагийн охиноо төрөөд 14 хоносон байхад хээ­рийн сургуулилтаа дуусгаад очсон. Бага хүүхэд маань намайг ОХУ-д сурч байхад төрсөн. Бас л төрснөөс нь хойш гурван сарын дараа ирж байсан. Эхнэр маань бие давхар байх хугацаандаа ханьдаа их л гомдсон байх даа гэж боддог. Гэхдээ цэргийн алба хатуу. Ээж минь өнгөрчихөөд байна гэхэд л чөлөө өгдөггүй байсан юм даа. Энэ амаргүй албыг минь ойлгон, намайг хүлээгээд, үр хүүхдээ сайхан өсгөн амьдарч байгаад ханьдаа баярладаг. Хань, гурван хүүхдээ хэдэн жилээр орхиж явсан, хамтдаа өнгөрүүлэх ёстой байсан хором мөч бүхэн эх орны минь төлөө зориулагдсан.
1 Сэтгэгдэл
Чад улсад үүрэг гүйцэтгэх гэж өвөл, зуны 2 бэлтгэл давж байө явж билээ. Энэхүү ажиллагаанд таниар удирдуулан үүрэг гүйцэтгэсэндээ бахархаж явдаг. Жинхэнэ хүн чанартай цэргүүдээ хурцалж чадсан цэргийн дарга гэж боддог. Анх ажиллагааны бэлтгэл дээр та бүхэн надад цусаа өгнө би та нарт цусаа өгнө гэхэд юу яриад байна гэж л бодсон үүргээ амжилттай биелүүлээд эх орондоо ирэхдээ утгыг нь бүрэн ойлгосондоо. Таниас цэргүүддээ хаягласан ДУРСАМЖ бидэнд хадаглагдан байдаг. Ингээд үхэхээс бусдыг үзэн хамт үүрэг гүйцэтгэсэн цэррийн багийнхахдаа эрүүл энх аз жаргал хүсэе!
Хэтэрхий хожим уншлаа. Үнэхээр бахархам хүн юмаа та. Хоолой зангиран уншихад нэгэн бодол толгойнд минь шууд орж ирлээ. Таньд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
нутгийн ахаараа бахархаж явдаг шүү таньд болон таны гэр бүлд аз жаргал энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье
нутгийн ахаараа бахархаж явдаг шүү таньд болон таны гэр бүлд аз жаргал энэ хорвоогийн хамгийн сайн байхныг хүсье
Naizaaraa baxarxadag mundag shuu bagaasaa l tsergiin xun bolood turchigsun xun shuu dee mongol baxarxal mun
ЗАХИРАГЧААРАА БАХАРХАЖ БАЙНА ШҮҮ... "ЭЗЭН ЧИНГЭСИЙН ҮР САД ЭЛИТИЙН БАТАЛЬОН ӨӨДӨӨ"
Ийм улсууд л уг нь бодлого тодорхойлж баймаар юм. Даанч арын хаалгаар орогсодоор яамд дүүрчихсэн учир хөгжихгүй байгаа юм даа.
Saihan yriltslaga ba.amjilt husie
2 Дах нь юун зураг вээ.
mundag zaluuchuud shyy ajliin amjilt amidrald ni az jargal hamgiin sain saihniig hysie
IIM BODOL SANAATAI HURANDAA NAR ILUU OLON BAIGAASAI !. CHAMD AMJILT HUSEY !.
Мундаг шүү. Монгол эрчүүдийн бахархал болох хүний нэг зүй ёсоороо та шүү. Ажлын их амжилт хүсье.
Minii naiz baga baihiin chadbartai shartai huuhed baij bilee.Ulam deeshee yabnoo minii naiz.Chamd mongol tsergiin odriin bayar hurgie.GOOD LUCK!!!
mundag yumaa. uneheer baxarxlaa. Ganselem ahad ajliin amjilt husie.
ene bas negen mongoliin baharh*****
mundag ymaa. amjilt husie. bichsen hun ni harin sain nairuulah l bj dee
jinhene er hundee
ямар сайхан эр хүн бэ бахархаж ба монгол эрчүүдээрээ амжилт хүсье
taniar ooriin erhgui baharhah omogshih setgel torj bn tand bolon tanai ger buld az jargal husie
Хамгийн их уншсан