Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Циркийн тухай зөрүүтэй мэдэгдлүүд
Улсын циркийг хувьчилснаар үйл ажиллагаа нь доголдож, ан, амьтад нь үхсэн, ажиллагсдынх нь тоо эрс цөөрсөн, цаашлаад цирк биш худалдааны төв болсон гэдгийг ШӨХТГ-ын дарга О.Магнай олон нийтэд мэдэгдсэн. Гэвч цирк, цирк биш худалдааны төв болсон явдал нь О.Магнайн мэдэгдлээс олон жилийн өмнөх буюу хувьчлалд орсон цагаасаа иргэдийн нүдэн дээр хувьсан өөрчлөгдсөн зүйл. Тиймээс түүний мэдэгдлийг тэгтлээ цочирдож хүлээж авсан иргэд төдийлөн байгаагүй ч, циркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэдэгтэй санал нийлсэн.

Харин үүний араас Д.Дагвадорж мэдэгдэл хийж, “Цирк, циркээрээ л байгаа, хөгшин амьтад нь үхсэн, аварга нь ууртай байна” гэж хувийн нэр хүнддээ хэт бардаж, өөртөө хир халдаахыг хүсээгүй. Түүнийхээр бол О.Магнай бараг л нусаа гоожуулсан бацаан. Бусдыг өдөөн турхирч, улс төрийн шантааж хийснийхээ хүчээр ШӨХТГ-ын дарга болсон хүн гэв. Циркийн хувьчлал, цаашид хүлээх үүрэг хариуцлагын талаар ярьж байхад хувь хүний нэр хүндэд халдах шахуу хийсэн түүний мэдэгдэл олон иргэнд таалагдсангүй. О.Магнай ч өчигдөр дээрх асуудлын хүрээнд дахин сэтгүүлчдэд хандаж мэдэгдэл хийсэн нь мөчөөгөө өгөхгүй гэдэгтэй агаар нэг сонсогдож байв.

Өөрөөр хэлбэл, циркийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа аж, ахуйн нэгжүүдийг гаргаж, зөвхөн циркийн тоглолт зохион байгуулах хүртэл хуулийн заалтуудыг барьж, Д.Дагвадоржийн эсрэг тэмцэх бололтой. Тиймээс цирк тойрсон асуудлыг хоёр тал хэрхэн тайлбарлаж байгааг сийрүүлэн хүргэе.

Циркийн өнөөгийн нөхцөл байдал

ШӨХТГ (Гуравдугаар сарын 6): Хувьчлалаас өмнө Улсын циркийн эзэмшил газар нь 35 мянга 666 метр квадрат, ажилчдын тоо 136, барилга байгууламжийнх нь хэмжээ 7823 метр квадрат байсан бол циркийн сургуультай мал, амьтан 42 байсан. Гэтэл өнөөдөр эзэмшил газрынх нь хэмжээ 24 мянга 269 метр квадрат, циркийн ажилчдын тоо 62, барилга байгууламжийн хэмжээ 4823, мал амьтад нь байхгүй болсон. Циркийн тоглолтын хэмжээ жилд дунджаар 21 гэсэн тоог өөрсдөө гаргаж өгсөн. Мөн циркийн зургаан корпусын нэгд л циркийн зориулалттай үйл ажиллагаа явуулж байна. 

Рояал плаза: (Гуравдугаар сарын 12):  “АСА” циркэд 135 уран бүтээлч гэрээгээр ажиллаж байна. Гэтэл ШӨХТГ-аас 68 гэж хэвлэлийнхэнд мэдээлсэн. Хувьчилж авахад Улсын циркт байсан бүх зүйлийг бүртгэсэн материалууд баримттай байгаа. Мэргэжлийн хяналтын газраас 2007 онд “Улаанбаатар хотод байгаа ан амьтан, араатан болон бусад амьтдыг хотоос нэн даруй гарга” гэдэг шаардлага ирж байсан. Яг өнөөдрийн байдлаар АСА циркт 10 адуу байна. Тэд Улаанбаатар хотын хориглосон бүсэд орох эрхзүйн үндэс байхгүйн дээр цирк мал амьтныг тамлан зовоох заалтаасаа татгалзсан.

ШӨХТГ: (Гуравдугаар сарын 17): Хөгшрөөд үхсэн гэдэг бол хариулт биш. Хэрвээ үхлээ гээд бүх юм дуусаад байвал төрийн байгууллагад ажилласан хүмүүс ч үхэж дуусаад бүх газар хүнгүй байна. Харин шинэчлэх ёстой. Дахиад амьтан авах нь гэрээгээр хүлээсэн үүрэг. 42 амьтан байсан. Одоо нэг ч байхгүй. Тодруулбал, сарлаг, асгат сарлаг, хулгиа морь, сармагчин, ямаа, чоно, нохой, баавгай, бамбарууш, морь, нохой, гүү, унага, тэмээ, үнэг, гүү, морь, бэлтрэг гэх мэт амьтад байсан. Харин нийслэлд амьд амьтан байлгаж болохгүй гэсэн захирамж байхгүй. Гэрээнд заасныхаа дагуу анх хувьчилж авахдаа хэчнээн амьтантай байсан тэр бүхнээ есөн сарын дотор бүрэн бүтэн болгох хэрэгтэй. Энэ бол гэрээний дагуу хийх ёстой ажил. Харин циркийн удирдлагын зүгээс одоогийн байдлаар 130 ажилтан байгаа гэж байсан. Бид УНДЕГ-аас "Аса" циркт хэчнээн хүн ажиллаж байгааг тодруулсан. Ингэхэд, 2008 онд 146, 2009 онд 162, 2010 онд 157, 2011 онд 103, 2012 онд 114, 2013 онд 98, энэ онд онд 62 хүн болтлоо буурсан байна.

Менежментийн хувьчлалын хувьд

ШӨХТГ (Гуравдугаар сарын 6): “Рояал плаза” компани нь циркийн урлагийн үйл ажиллагаа болон циркийн барилга байгууламжийн ашиглалтыг 2013-2014 хооронд өөрчилсөн. Циркийн барилгын 3, 4, 6 дугаар корпус, гадаад талбайн зарим хэсгийг аж, ахуйн нэгж иргэдэд циркийн бус зориулалтаар түрээслэн ашиглуулдаг болсон. Мөн  циркийн зүүн талын талбайг иргэн Г-д автомашины зориулалтаар түрээслэн ашиглуулж байсан.
Циркийн барилгын 4, 5 дугаар корпусыг компьютер тоглоомын газар, компьютерын хэрэгсэл худалдаалах дэлгүүр, ресторан, бичиг хэргийн худалдаа явуулах зэргээр зориулалтын бусаар түрээсэлж ашиглуулсан. Энэ нь, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 65 дугаар заалтын 4 дэх хэсгийн “Нийгмийн салбарын өөрчлөлт шинэчлэлд хувьчлалын үйл ажиллагааг дараах зарчмыг баримтална” гэснийг зөрчсөн гэж тооцогдоно. Тодруулбал, энэ заалтад үйлчилгээ, үйл ажиллагааны хүрсэн түвшинг бууруулахгүй байх. Ажилчдад учрах эрсдэлийг бууруулахгүй байх гэсэн байдаг. Хоёрдугаарт, Улсын циркийн хувьчилж авсан “Рояал плаза” компани нь циркийн барилга байгууламж, эзэмшил газрын дийлэнх хэсгийг дээр дурдсанчлан циркийн урлагийн үйл ажиллагааны зориулалтаар бус бусдад ашиглуулсан үйлдэл нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж байгаа юм. Тиймээс есөн сарын хугацаанд циркийн үйл ажиллагааг хуучин байдалд нь оруулахгүй бол гэрээг цуцлах хэмжээнд асуудал яригдана.

Рояал плаза: (Гуравдугаар сарын 12): Менежментийн гэрээний хугацаа нь дууссан байгаа. Энэ хувьчлал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34-1-6-т заасан аргын дагуу менежментийн үр дүнг харгалзан хувьчилсан юм. Анх 2006 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Менежментийн гэрээ байгуулагдсан. Энэ нь, хоёр жилийн хугацаатай хийсэн. Гэрээ дуусгавар болж төрөөс дүгнээд Худалдах, худалдан авах гэрээг 2008 оны долдугаар сарын 21-нд хийж, холбогдох төлбөрөө төлөөд худалдаж авсан. Энэ гэрээний 1.1-т “Циркийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр худалдсан” гэж байгаа. Одоо циркийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсон зүйл байхгүй.

ШӨХТГ: (Гуравдугаар сарын 17): Циркийг анх менежментийн хувьчлалаар аваад, дараа нь худалдах худалдан авах гэрээ хийсэн учраас бид өнөөдөр юу дуртайгаа хийж болно хэмээн “Рояал плаза” компаниас мэдэгдсэн. Гэвч гэрээндээ худалдагч, худалдан авагч талууд улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг  өөрчлөхгүйгээр зориулалтын дагуу ажиллах, ажиллуулах нөхцөлтэйгөөр менежментийн гэрээ хийгдсэн. Өөрөөр хэлбэл, худалдан, худалдан авах гэрээнд циркийн үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлж, улам сайжруулна гэж хоёр тал тохиролцсон гэсэн үг. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62.1 дэх хэсгийн 3-9 дэх заалтыг үндэслэн зөрчил илэрвэл өмчлөх эрхээ алдана гэсэн байгаа. Энэ нь худалдан авагч өмч хувьчлан авсан тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээг хүчингүй болгох хангалтай үндэслэлтэй. Гэтэл өнөөдөр улсын циркийн ажиллагсдын тоог цөөрүүлж, циркийн урлагийн үйл ажиллагааг зохих хэмжээнд нь явуулаагүй. Мөн мал амьтан үгүй болж, барилга байгууламжийн зориулалтыг өөрчилсөн нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энэ бол яах аргагүй гэрээг зөрчиж байгаа хэрэг. Адаглаад төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн 65.1.4, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн  5.1, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10 гэх мэт ийм заалт өнөөдөр зөрчигдөөд байна.

Ийнхүү хувьд шилжсэн ч, гэрээний нөхцөлөө биелүүлээгүй гэх ШӨХТГ, “Рояал плаза” компанийнхны маргаан эцэс төгсгөлгүй үргэлжлэх бололтой. Учир нь, нэгэн цагт циркээр овоглосон олон уран бүтээлчийн өлгий болсон цэнхэр дээвэрт байшин төрдөө буцаж ирэх үү, худалдан авсан эзэндээ үлдэх үү гэдгийг хууль цаазаас гадна цаг хугацаа харуулах биз ээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан