Хөнгөн аж үйлдвэр үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтаж, салбарын хүрээнд хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн ололт, дэвшил, шийдвэрлэвэл зохих асуудлын талаар салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд цугларч, “Шинжлэх ухаан-Үйлдвэрлэл” сэдэвт онол, практикийн бага хурал зохион байгууллаа. Үйлдвэр, хөдөө ах ахуйн яам, ШУТИС, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн хамтран зохион байгуулсан бага хуралд арьс шир, ноос ноолуур, ой мод, оёдол, хувцасны эрүүл ахуй, хэвлэх үйлдвэр зэрэг салбар бүрийн төлөөлөл оролцож, өнөөгийн нөхцөл байдлаа танилцуулсан юм. Тэд тулгамдаж байгаа асуудлаа хэрхэн шийдвэрлэвэл зохих тус бүрийн илтгэлийг танилцуулсан бөгөөд 80 жилийн түүхтэй хөнгөн үйлдвэрийн салбар дараагийн шатандаа орох болсонтой санал нэгдэж байна. Өөрөөр хэлбэл, зарим салбарын үйлдвэрлэл хоцрогдсон, төрийн зүгээс баримталж байгаа бодлого, боловсруулалт хэт хуучирсан гэдгийг онцолж, дэлхий нийтэд нэвтэрсэн техникийн шинэчлэл, байгальд ээлтэй технологи ашиглах нь зүйтэй гэж үзэв. Тухайлбал, арьс шир боловсруулах салбарын хөгжлийн чиг хандлагыг Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн (ХҮСХХ)-гийн ………..(АШҮСТ), ШУҮ зэрэг байгууллага тодорхойлж, байгаль орчинд ээлтэй арьс шир боловсруулах био органик системийн талаар танилцуулав. Энэ талаар Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор С.Дашбалаас тодрууллаа.
Цаашид Био органик чиглэлээр үйл ажиллагаа явуулах хэрэгтэй
-Өнөөдрийн байдлаар арьс, шир боловсруулах үйлдвэрийн нөхцөл ямар байна вэ?
-Арьс, ширний салбар, арьс шир боловсруулах үйлдвэрийн экологийн асуудал дарамтад байна. Өөрөөр хэлбэл, ус нь бохир, арьс нь бохир, чанар болоод хэрэглэж байгаа материал нь муу зэрэг асуудал яригдаж байгаа нь экологийн дарамт гэсэн үг.
-Тэгвэл энэ дарамтаас ангижрахын тулд арьс, шир боловсруулах үйлдвэрийн системийг өөрчлөх хэрэгтэй юү?
-Арьс, шир боловсруулах үйлдвэрүүд био органик чиглэлээр цаашид үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Биологийн хувьд задардаг химийн материал хэрэглэдэг. Мөн хэрэглэж байгаа арьс хэрэглэгчийн шаардлага хангасан, ямар нэг хүнд металл, хортой бодис агуулдаггүй. Тиймээс био органик систем нь хамгийн дэвшилтэт тэргүүний технологид тооцогдож байгаа юм.
-Өртгийн хувьд ямар байх бол?
-Экологи бол мөнгөнөөс илүү үнэтэй. Тиймээс бид өртгийн талаар ярих ёсгүй.
-Та илтгэлийнхээ төгсгөлд арьс, шир боловсруулах үйлдвэрт шинэ технологи нэвтрүүлэхэд тодорхой хүчин зүйл нөлөөлнө гэж байсан. Ямар хүчин зүйлс вэ?
-Тоног төхөөрөмж, химийн материалыг худалдаад л аваад ирнэ. Харин үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь нарийн асуудал. Дараа нь, хүний оюун санааг өөрчлөх. Органик технологи гэдэг нь байгальд ямар хэрэгтэй зүйл вэ гэдгийг ойлгуулах нь чухал юм. Үүнийг хийхэд үйлдвэрлэгчид, судлаачид чухал үүрэгтэй оролцох хэрэгтэй.
(МХҮХ)-ны гүйцэтгэх захирал Ж.Гүнтэвсүрэн:
Төр дэргэдээ хэвлэх үйлдвэртэй байх шаардлагагүй
-Хэвлэлийн салбарт юуг багтааж ойлгох ёстой вэ гэдэгт товч хариулт өгөхгүй юү?
-Хэвлэлийн хүрээлэн гэж байгууллага байдаг. Нэрний хувьд аваад үзвэл, хэвлэлийн үйлдвэрлэл явуулдаг үйлдвэрүүдийн дэргэдэх шинжлэх ухаан, судалгаа, сургалт хариуцсан эрдэм шинжилгээний байгууллага шиг санагдаад байгаа юм. Гэтэл бодит байдалд хэвлэл мэдээллийн байгууллага буюу сэтгүүл, сонин зэрэг газруудын хэвлэлтийг л хариуцаж байна. Харин хэвлэлийн салбар гэхээр хэвлэлийн үйлдвэрийн салбар л байгаа юм. Өөрөөр хэлбэл, бүх төрлийн хуудас, зурагт, плакат, нэрийн хуудас, ном, сонин, сэтгүүл, хаяг, шошго зэрэг нь хэвлэлийн салбарын бүтээгдэхүүнд тооцогдоно.
-Хаяг, шошго, сонин, сэтгүүл зэргийг хэвлэгдсэн байдлаас нь харвал хөнгөн үйлдвэрлэлийн тал дээр хэвлэлийн салбар өндөр хөгжилтэйд тооцогдох юм шиг санагддаг. Үнэхээр тийм байдаг уу?
-Техникийн хөгжил талаас нь харвал энэ салбар олон улсын түвшинд хүрсэн. Хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж, өндөр түвшинд хэвлэж байна. Хэний ч өмнө нүүр улайхгүйгээр. Асуудал байна уу гэвэл маш олон зүйл бий. Яагаад гэвэл, хэвлэлийн салбар 100 хувь гаднаас хамааралтай гэдгээрээ онцлог. Цаас, будаг, сэлбэг зэргээ бусад улсаас импортоор оруулж ирдэг. Энэ нь, гаалийн татвар, НӨАТ төлж байгаа гэсэн үг. Харин нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг борлуулах сүлжээ байхгүй байна. Социалист нийгмийн үед номын худалдаа гэж байсан. Өнөөдөр алга. Нэг ном хэвлээд зарна гэхэд дэлгүүр борлуулалтын 26 хувийг авч байна. Ингэж явсаар эцэстээ хэрэглэгчийн гар дээр очих бүтээгдэхүүний үнэ өсдөг гэсэн үг. Тиймээс энэ салбар үнээ бууруулах, дотооддоо болон олон улсын хэмжээнд өрсөлдөх, экспортод бүтээгдэхүүн гаргах зэрэгт дээрх шалтгаанууд чөдөр болж байгаа юм.
-Тэгэхээр ямар бодлого баримтална гэсэн үг үү?
-Хамгийн түрүүнд, төр, засгийн зүгээс хууль, эрхзүйн орчинг ая, таатай болгох шаардлагатай байна. Харьяа яам, тамгын газар болон бусад холбогдох газраар дамжуулан Засгийн газар болон УИХ-д олон удаа хүсэлт гаргасан ч үр дүн алга. Яагаад үр, дүнгүй байна гэдэг дээр нэг жишээ авъя. Сурах бичгийн тендер гэж зарладаг. Будгийн болон цаасны чанар зааж, хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй байх ёстой зэрэг маш өндөр шаардлага тавьдаг. Тэр бүгдийг нь биелүүлээд тендерт оролцсон ч хэвлэх үйлдвэрийн ганц ч машингүй иргэн тендерт ялдаг. Яах вэ, зарим нэг нь жижиг үйлдвэртэй байдаг. Гэсэн ч тухайн үйлдвэрүүд заасан хугацаанд тусгагдсан тоо хэмжээний номыг үйлдвэрлэх хүчин чадалгүй байдаг. Энэ чинь тэд номыг урд хөршид ч юм уу, бусад улсад үйлдвэрлэж байна гэсэн үг.
-Эцсийн бүтээгдэхүүнийг оруулж ирэхэд татвар нь бага. Харин дотооддоо үйлдвэрлэхэд өртөг нь их байна гэж ойлгож болох уу?
-Гадаадаас оруулж ирж байгаа хэвлэмэл бүтээгдэхүүний үнэ хямд байдаг. Гэтэл бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах материалуудын татвар өндөр учраас дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн импортын бараанаас үнэтэй байна гэсэн үг. Тиймээс Монголд хэвлэлийн үйлдвэрийг хөгжүүлье гэвэл цаас, түүхий эд зэргийг татвараас чөлөөлж, гаднаас орж ирж байгаа хэвлэмэл бүтээгдэхүүний татварыг өсгөх хэрэгтэй. Тэгвэл дотоодын зах зээлийг булаалдаад байгаа бусад орны хувьд бүтээгдэхүүнийг шахаж чадна. Иргэд ч олон татвар төлж гадаадын бүтээгдэхүүн авахын оронд дотооддоо хэвлүүлэхийг илүүд үзэх болов уу. Уг нь, их энгийн асуудал байгаа биз. Гэвч энэ асуудлыг өнөөдрийг хүртэл шийдэж чадсангүй.
-Танай холбоонд гишүүнчлэлтэй хэдэн үйлдвэр байна. Тэдний хүчин чадал нь дотоодын хэрэгцээний хэдэн хувийг хангах чадалтай вэ?
-Улсын ганцхан том хэвлэх үйлдвэр байсан нь 1990 оноос хойш задарсан. Ингэснээр хувийн олон жижиг үйлдвэр гарч ирсэн. Гэсэн хэдий ч энэ салбар зах зээлийн маш зөв замаар явж ирсэн. Өнөөдрийг хүртэл төр засгаас юу ч горьдолгүй бор зүрхээрээ явж ирсэн гэхэд өөрөө хөгжсөн салбар шүү дээ. Олон ч холбоо үйл ажиллагаа явуулж байсан. 2004 онд бүх холбоод нэгдэж, нэгдсэн нэг холбоог байгуулах нь зүйтэй гээд Хэвлэлийн үйлдвэрийн холбоо нэрээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 50 гаруй үйлдвэр манай холбоонд нэгдсэн байдаг. Монголын бүх хэвлэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүний 80 хувийг хангадаг.
-Ер нь хэдэн үйлдвэр байдаг юм бэ?
-Зөвхөн Улаанбаатар хотод 200 гаруй үйлдвэр байдаг. Гэхдээ 50 үйлдвэр л эрэлтийн 80 хувийг хангадаг. Бусад нь ганц, ганц машин тавьчихсан подвальд үйл ажиллагаа явуулдаг. Тэдний дөрвөн дамжлагыг бид нэг л удаагийн дамжлагаар хийх учраас 80 хувийг хангах нь аргагүй юм.
-Төрийн байгууллагын дэргэд хэвлэх үйлдвэр байдаг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Бас л нэг асуудал шүү дээ. Татвар төлөгчийн мөнгөөр бүрдүүлсэн хэдэн зуун саяар баахан төхөөрөмж авчраад зөвхөн байгууллагын л хэрэгцээг хангадаг. Хэвлэх төхөөрөмжийн 10 хүрэхгүй хувийг л ашиглана гэсэн үг. Бусад үед сул зогсдог. Ингэснээр хувийн хэвшил хөгжихөд бас л нэг саад учруулж байгаа юм.