Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Дашхүү: Хөдөөшүүлэх бодлого хэрэгтэй байна

Жирийн л нэг өвөө. Танихгүй хүн харвал хөдөөний хүн болов уу гэмээр хөх саарал дээлийг дурдан бүсээр шууж дугариг шляпан малгайг дух руугаа хэлтгий дарсан харваас хөнгөн шингэн, хачин сэргэлэн өвөө. Өөрийгөө Пүрэвийн Дашхүү хэмээн танилцуулаад сонинд маань ярилцлага өгөх хүсэлтэйгээ уламжлав. Өдгөө 71 насыг зооглож буй энэ буурай “Өвөө нь айхтар эрдэм чадалтай хүн биш л дээ. Гэхдээ өнөөгийн залуус хүүхдүүдийн хүмүүжил, улс орны байдал, иргэдийн аж амьдрал гээд олон ч зүйлийн тухай бодож эргэцүүлж явсаар дотроо хадгалаад байж чадсангүй. Тэгээд л танай сонинд ярилцлага өгөхөөр ирлээ” гэж хүссэн учир хэсэг яриа өрнүүллээ.

-Одоогийн хүүхэд залуу­сын ёс суртахуун, хүмүүжил таны нүдээр ямар харагдаж байна?
-Манай хүүхэд залуусын ёс, зан суртахуунд доголдолтой юм бий бий. Гэхдээ шүүмжлэх бус сургамжийн чанартай үг хэлэх нь зөв. Хүүхдийн хүмүүжлийг зөвхөн цэцэрлэг, ясли, сургууль соёлд нь даатгаж орхимооргүй байна. Хэдий өндөр боловсролтой байвч суурь хүмүүжил буюу өвөө эмээ, эцэг эх, гэр бүлийнхнээс нь дамжсан хүмүүжил гэж айхтар юм бий. Хүмүүжилтэй, боловсролтой байвал болох нь тэр. Боловсролтой хэдий ч ёс суртахууны хувьд доголдолтой хүн төрийн албан хаагчаас аваад төр түшилцэж буй түшмэд дунд хүртэл байна шүү дээ. Тэгэхээр хүүхдийг зөв хүмүүжүүлэх, хүн ер нь яаж амьдрах ёстой юм, гэр бүлээ хэрхэн авч явах вэ гээд хүүхэд залуусаа бэлтгэх хэрэгтэй байна. Хамгийн наад зах нь эхнэр авахын тулд, айлын гэргий болохын тулд  ёс суртахуун, зан үйлийн хувьд ч биеэ бэлтгэх ёстой. Миний ухаанаар, уламжлалт ёс заншлаа харах, таньж мэдэх хэрэгтэй байна. Ерөнхий боловсролын сургуульд хэд хэдэн гадаад хэлийг нэгэн зэрэг бөмбөгдөж байхаар наанадаж, хонь малаасаа айж үргээд байдаггүй, нэг сур байсан ч элдээд тавьчихдаг тийм л эр хүн, гэрийн сайн эзэгтэй болгох нь чухал.

-Таны хэлдгээр хүүх­дийн хүмүүжлийг дан ганц сургууль, цэцэрлэгт даат­гах нь буруу. Наана нь амьдралын ухаан гэж айх­тар мундаг хичээл байна шүү дээ. Тэр хичээлд өнөө­гийн залуус тааруухан л дүн аваад байх шиг?
-Манай залуус сайхан сургууль соёл төгслөө ч төгсөөд нийгэмд жин дарах нь муу байна. Ухаандаа, таван жил сурахад хэдэн сая төгрөг зарцуулдаг билээ. Гэтэл ажлын байр нь байдаггүй. Өндөр нуруутай, тэгш хөлтэй бол ажил олдох нь арай дөнгүүр. Хүний гэлтгүй манай нийгмийн нэг нийтлэг доголдол байна. Хүнийг өнгө зүс, гадаад байдлаар нь дүгнэдэг. Угтаа, дотор нь их юм баймаар. Нөгөө, даахин дор хүлэг, дахан дор хүн гэдэг шиг хүнийг өмсч зүүснээр нь үнэлж дүгнэнэ гэдэг өнөө цагийн хамгийн том дутагдал. Би ер нь сонин сэтгүүл, зурагт их хардаг юм. Өдий насалсан миний дуулаагүй юмыг хүмүүс их хэлж байдаг шүү. УИХ-ын гишүүн байсан, морь ч уячихдаг Буд гээд Сүхбаатарын нэг нөхөр мөн Хөдөлмөрийн баатар Даваахүү, Лхагвасүрэн гурав ярилцаж сууна. Буд бас чоно, ганц хоёр зээр гөрөөсхөн хөөж буудаад байтал нь нутгийн нэг өвгөн “Миний хүү, амьтай юм болгон сүнстэй, амьгүй юм бүхэн эзэнтэй байдаг юм шүү дээ” гэж хэлсэнээс хойш “Би ан хийхээ байсан гэж Буд тэр ярилцлагын үеэр хэлж байгаа юм”. Би өдий наслахдаа ийм үг сонсч, ийм ухаарал аваагүй байтал хөдөөгийн нэг хөрслөг бор өвгөн ийн хэлсэн байгаа юм. Үгүй ядаж энэ үгийг 100 хүн сонслоо гэхэд 30 хүн нь “Энэ чинь юу билээ” гэж эрхгүй бодмоор. Тиймдээ ч өвөртөлсөн өнгө өнгийн диплом, өндөр боловсрол, зэрэг дэв гэдэг хүмүүний мөн чанарыг өөрчилж чадахгүй. Хар бор амьдралын ухаан л өөрчилж чадна.
Өвөө нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат. Саахалтын маань айлд хоёр, гурван архайсан залуу байх юм. Манай нутагт эхнэр олдохгүй байна гээд л халаглаж байна. Арай боловсролтой нь хот руу сургуульд яваад, бага шиг нь аймгийн төвд коллежид сураад алга болчихдог гэнэ.

-Энэ чинь хот руугаа хэт хошуурч хөдөө орон нутагт хүн үлдэхээ байсны л илрэл юм уу даа?
-Тэгэлгүй яахав, хөдөө газар мал маллаж байгаа нь хэдэн хөгшчүүд л байна шүү дээ. Хонины захад, хотоо манаж хоцорсон нь аав ээж нь. Хүү нь, аймгийн төвд жийп уначихаад л яваад байна. Хаа нэг давхиж ирж идшээ авчихаад л алга болно.
Одоо монголчуудыг хөдөө­шүүлэх төр засгийн бодлого хэрэгтэй байна. Жишээлбэл, Баянцогтын сангийн аж ахуйд очоод амьдарчих гэхээр гэрээ ачих унаа, зардал мөнгө нь байдаггүй. Хороо хорин нь энэ талын юмаа судлаад төр засаг нь бодлого төлөвлөлтөө боловсруулаад тэр цөлжөөд байгаа Баянхонгор, Өмнөговь руу ахуй амьдрал, тав тухтай орчныг нь хангаж өгч нутагшуулах цаг нь болсон. Тэнд малчин, газар тариаланч, эмч, багш, сайн механикч, хүүхдийн эмч гээд хүнээс хэрэгтэй юм алга.

-Таны хөдөөшүүлэх гэ­дэг уг нь хамгийн хэрэгтэй шаардлага болоод байна. Гадаадын өндөр хөгжилтэй улс орны иргэд хотоос хол­дож хөдөө газар, бүс нутгуудад суурьшин амьд­рах, тийм нэг эгэл хэр нь амар тайван амьдралыг эрэл­­хийлдэг болж л. Үүний­гээ дагаад бүс, орон нутгийн хөгжил нь ч түргэсдэг?
-Хот руу хошуурах нь олон шалтгаантай. Нэг хэсэг бүгд л өндөр боловсрол эзэмшинэ гэж хот руу цувсан. Бас 2001, 2002 оны зуднаар туршлага муутай залуу малчид хамаг л малаа барж хотоо харлуулчихаад хотод ирж, хар бор ажил хийж амь залгуулж явна. Хэдэн хүүхдээ мөр бүтэн гэдэс цатгалан байлгах гэж цаг хугацааг ч анзааралгүй бүхий л насаа үрэн таран хийнэ. Ийм амьдрал сайхан гэж үү. Хөдөө орон нутагт тааваараа ёстой л нөгөө зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдарч болно шүү дээ. Аливаа юм эгэл байх тусмаа сайхан шүү хүүхдүүд минь.

-Нэгэнт хотод төрж өссөн өнөөгийн залуусыг хөдөө рүү татна гэдэг амаргүй ажил байх?
-Үүнийг төр бодлогоороо шийдэх ёстой. Одоо багийн багш, эмч нарт ганц хоёр саалийн үнээ, арав хорин хонь ямаа тасдаж өгч байх шиг. Гэхдээ, хятадууд шиг айхтар бодлого барьж ажилламаар байна. Жишээлбэл, нийслэлээс алс хол Баян-Өлгийд байгаа оршин суугчдын амьдрах зардал, хэрэглээ нь хотынхоосоо хямд, бараг үнэгүй шахам байх хэрэгтэй. Залуу гэр бүлийг хот сууринд, өндөр үнэтэй байрны зээлэнд насаараа дарлуулж байхын оронд ийм бодлого боловсруулах хэрэгтэй. Энэ бол хамгийн ухаалаг төрийн ухаалаг бодлого юм. Даалуу эгнүүлчихсэн юм шиг давхар давхар, чанартай чанаргүй байшин барьж түүнийгээ ард иргэдэд хямд үнээр худалдаж байгаа гэхчлэн гуравхан сая хүнээ утаан дор хураачихаад байна. Баянхонгорын Богд сум яагаад Дархан, Эрдэнэт шиг хөгжиж болохгүй гэж. Яагаад гэвэл тэнд хүн алга, эзгүй байна. Тэнд ажиллаж амьдрах нөхцөл бүрдээгүй байна. Говийн бүсийн аймгуудад хямд зардлаар орон сууц бий болго л доо. Тэнд хүмүүс аяндаа нүүгээд л очно.  Албад­лагаар биш амьдралын эрхээр сонголтоо хийж мөнөөх хөдөө­шүүлэх хөтөлбөр, бод­логод хамрагдаад ирнэ шүү дээ.

-Ингэхэд, өвөө та залуу­даа ямар ажил эрхэлж явсан хүн бэ?
-Өвөө нь бага залуудаа сувилагч, жолооч гээд янз бүрийн ажил хийж яваад 1979 онд Улаанбаатарын цахилгаан шугам сүлжээ гээч компанид орсон нь насан туршид намайг ивээж буй буянтай байгууллага. Одоо гэрээт эргүүл гэж Оросын Галуут нуураас орж ирээд Бор-Өндөр хүрдэг өндөр хүчдэлийн цахилгааны шугамуудын 50-ийг нь хариулдаг юм.

-Хариулдаг гэж ярьдаг хэрэг үү?
-Тийм, малаар бол хариулж байгаатай адил юм. Бүрэн бүтэн байдлыг нь хянаж шалгана гэсэн үг л дээ.  Шугам маань 13 км газар  үргэлжилнэ. Энэ 50 тулгуураа хариулаад л төрийн буян хишгээ хүртэж явна даа.
0 Сэтгэгдэл
ªâãºíèé ¿ãíýýñ ¿íýíèéã îëæ õàðàõ óõààí òºðèéí ºíäºðëºã¿¿ä ò¿øýýäýä äóòàõ áàéõ äàà.
Хамгийн их уншсан