Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Л.Батчулуун: Уул уурхайн компаниудад гэр бүлээрээ ажиллах боломжийг Төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй
Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батчулуунтай ярилцлаа.

-Энэ жил Монгол Улс бүхэлдээ эдийн засгийн хувьд багагүй хүндрэлтэй тулах нь. Ялангуяа төсвийн бүрдүүлэлт, төсвийн хүндрэл гээд л орсон газар бүрт энэ асуудал яригдаж байна. Танай аймаг улсаас татаас авдаг биш төсөв бүрдүүлдгийн хувьд байдал ямар байна вэ?
-Бид Монгол Улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан шаргуу ажиллаж байна. Өнөөгийн байдлаар эдийн засаг уул уурхайн салбарын хөгжлөөс шууд хараат байгааг хүн бүр мэднэ. Уул уурхайн салбарын хөгжлөөс хараат байна гэдэг нэг талаас учир дутагдалтай.
Монгол Улсын стратегийн 18 ордын хамгийн чухал томд тооцогдох гурав нь манай аймагт бий. Үндсэндээ аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн гол гарц бол нэгдүгээрт уул уурхай, хоёрдугаарт аялал жуулчлал, гуравдугаарт хөдөө аж ахуй болж хувирч байгаа. Тиймээс манай аймгийн хувьд зөвхөн уул уурхайн эдийн засгаас хараат байх нөхцөл байдлыг арилгаж, тогтвортой хөгжлийн замыг сонгох нь зүйтэй гэсэн чиглэл сүүлийн жилүүдэд баримтлах болсон билээ. Судалгаа тооцоо ч гаргаж, үр дүнгээс нь хамаараад хөгжлийнхөө төвшинг тодорхойлно. Ер нь, Өмнөговь аймаг бүсчилсэн хөгжлийн бодлого баримтлан ажилладаг.
Төвийн бүст аялал жуулчлал хөдөө аж ахуйг, зүүн бүс нь уул уурхай, аялал жуулчлал, баруун бүст нь уул уурхай гэх зэргээр бүсчлэн хөгжлөө тодорхойлж байна.
-Үнэхээр аймгийн төдийгүй Монгол Улсын эдийн засгийн тулгуур нь уул уурхайн салбар болчихлоо. Тиймээс Өмнөговь аймаг ч Монголын эдийн засгийн нэг тулгуур нь. Та бүхний хариуцлага энэ хэрээр л нэмэгдсээр байгаа?
-Тийм ээ, Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн бааз нь манай аймаг. 2011 онд улсад төвлөрүүлсэн орлогоороо анх удаа Орхон аймгийн өмнө гарсан.
2012 онд төсөвт төвлөрүүлж байгаа орлогоороо улсдаа дэд байр эзэлсэн. Аймаг хоорондын өрсөлдөх чадварын судалгаагаар мөн Орхон аймгийн дараа эрэмбэлэгдлээ. Энэ бол зөвхөн төсвийн хөрөнгөөр тооцсон үзүүлэлт биш. Сайн засаглал, дэд бүтэц гээд олон зүйлээс шууд хамааралтай. Манай аймаг эдийн засгийн хувьд нэлээд сайн түвшинд хүрсэн, дэд бүтцийн хувьд өнгөрсөн онд авто зам аймгийн төвтэй ойртоод ирчихсэн. Таван толгойн орд газраас Гашуун сухайтын хил хүрэх автозамын асуудал ч шийдэгдсэн. Бид өөрсдөө орон нутгийн хөрөнгөөр баруун сумдаа автозамд холбох болсноор Монгол Улсын нийслэлийг БНХАУ-ын Альшаа аймагтай холбох автозамын гарцтай болно. Энэ утгаараа газар дээрх дэд бүтэц сайжирч байна.
Агаарын шугамын хувьд манай Өмнөговь аймаг онгоц буух дөрвөн төвтэй. Даланзадгад, Гурвантэс,Таван толгойн нүүрсний орд буюу Цогтцэций сум, Ханбогд сумын Оюу толгойн нисэх буудал гээд. Бидний хувьд Даланзадгадынхаа нисэх буудлыг олон улсынх болгох санаачилга гаргасан. Засгийн газар үндсэндээ дэмжсэн. Дэд бүтцийн салбарын хэмжээнд олон улсын нисэх буудал байх ёстой гэсэн бодлогын шийдвэр гаргасан. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг өнгөрсөн оноос шийдэж эхэлсэн. Тэгэхээр дотоодын төдийгүй, олон улсын агаарын харилцаагаар дамжсан зах зээл нэмэгдэх боломжтой. Гадаадын жуулчдын тоо нэмэгдэнэ. Эдийн засаг, дэд бүтэц маань сайн байгаа нөхцөлд аймгийн хөгжлийн бодлого зөв болно гэж харж байгаа. Засгийн газар болоод УИХ-ын төсвөөс хараат бус, улсдаа орлого төвлөрүүлдэг аймгийн хувьд улсдаа төвлөрүүлэх орлогоо биелүүлж гэмээнэ үлдсэн нөөцөө бүрэн дүүрэн ашиглаж орон нутгийнхаа хөгжилд зарцуулах ёстой. 2012 оны ажлаараа бид Монгол Улсын Засгийн газраас шилдэг аймгаар шалгарсан. 2013 оны ажлаараа ч их сайн үнэлэгдсэн. “Эх орон” телевизийн шилдэг бүтээн байгуулагчаар шалгарсан.
-Энэ жилийнхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын талаар. Жишээ нь “Шинэ сум” төсөл танайд хаана хэрэгжих вэ?
-”Шинэ сум” төсөлд Цогтцэцийгээ хамруулах санал оруулсан. Харин дэд бүтэц, цахилгаан шугам хоолой гээд шинэчлэх сумын төсөлд Цогт-Овоо сум хамрагдсан. Төсвийн орлого бол өнгөрсөн оны жилийн эцэст жаахан төвөгтэй байдлаар биеллээ. Энэ оны хувьд ч тийм сайн биш байгаа. Гэхдээ бид тавьсан зорилтоо биелүүлнэ. Манай аймаг 2011 оноос орон нутгийн орлогоор сургууль цэцэрлэгээ барьж эхэлсэн. Улсын төсөв хараад суулгүй өөрсдийн нөөц боломжоор энэ жил нэг сургууль, нэг цэцэрлэг шинээр ашиглалтад оруулна. Улсын төсвөөр шинээр баригдаж байгаа сургууль цэцэрлэг байхгүй ч засвар үйлчилгээний ажил бий. Дэд бүтцийн хувьд Улаанбаатар хоттой аймгийн төвийг холбох ажил энэ жилдээ шийдэгдчих байх. Бид аймгийн төвөө Зүүн бүсийн төв болсон Цогтцэций сумтай улмаар Ханбогд, Ганшуунсухайттай холбох замын ажил хийхээр төлөвлөсөн. Бүтээн байгуулалтад зайлшгүй тусгаж, орон нутгийн төсөв авч хийх ажил бол Даланзадгад сумыг баруун сумтай холбох замын ажил. Өнгөрсөн онд 17 км автозам тавьсан. Төлөвлөснөөр 310 орчим км автозам барина. Энэ бол сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэх маш том бүтээн байгуулалтын ажил.
-Аймгийн ажлын байрны дийлэнхийг уул уурхайн салбарынхан хангадаг нь тодорхой. Та бүхний зүгээс орон нутгийн иргэдийг ажилтай, орлоготой байлгахын тулд томоохон компаниудад ямар шаардлага тавьж ажилладаг вэ?
-Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд нийт ажлын байрныхаа 40 орчим хувьд аймгийн иргэдийг ажиллуулах, өрх гэрийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг хангах талаар гэрээнд тусгадаг. Жишээлбэл, “Энержи”, “Оюу толгой” зэрэг компани гэрээгээ биелүүлж буйгаа байнга илэрхийлдэг. Яг одоогийн байдлаар уул уурхайн салбарын түр зогсолттой холбоотойгоор өрхийн орлого илт дээшилсэн нь бодитойгоор ажиглагдахгүй ч дээшилж байгаа нь яалт ч үгүй тодорхой байна. Ажилгүйчүүдийн үзүүлэлт гэдэг ажил идэвхтэй эрж буй иргэдийн хувьд яригддаг. Үнэхээр ядуурал байна уу, гэвэл байна. Ажил хөдөлмөр бага эрхэлдэг, өрхийн орлого бага, бүүр байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй айл өрх ч бий. Үүнд орон нутгийн зүгээс тусгай хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Байр олгодог, гэр өгдөг сар тутмын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Саяхан болсон ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр баталсан. Аймагт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт сул. Ар гэрийн нөхцөл байдлаас хамаараад ажилгүйчүүдийн эгнээд эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр учраас энэ хөтөлбөрийг баталлаа. Нөгөө талаар ахмадыг дэмжих хөтөлбөр баталж хэрэгжүүлнэ. Ахмадуудаа дэмжих, нөхөн сэргээх, халамж үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр юм.
-Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэхээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлт, үүнийгээ дагаад зээл санхүүгийн асуудал яригдана. Аймгаас өрхийн орлогыг дэмжихийн тулд зээл тусламжинд тодорхой хөрөнгө зарцуулах боломж арай илүү байж чаддаг уу?
-Бусад аймгийн үзүүлэлтээс арай нэмүү тавьдаг.Өнгөрсөн онд 300-гаад сая төгрөг тавьсан. Тухайн суманд ямар ажил үйлчилгээ хамгийн эрэлт хэрэгцээтэй байгааг ард иргэдийнхээ санал асуулгаар тодруулдаг. Мэдээж хамгийн эрэлттэй үйлчилгээний төслийг суманд шалгаруулдаг. Гэхдээ мэдээж саар зүйл ч байна. Өнгөрсөн онд хяналт, шалгалт хийхэд бидний тавьсан шаардлагын хэмжээнд хүрэхгүй байх, шаардлагатай бус төсөл санхүүжүүлсэн тохиолдол гарсан. Үндсэндээ эрэмбэлэгдээгүй ажилд тал тохой татаж зээл оруулсан зүйл бага сага ажиглагдсан. Гэхдээ энэ жилийн хувьд иймэрхүү байдал бүрэн арилна.
-Уул уурхайн салбараа дагаад хүн ам нь эрчимтэй өсч байгаа аймаг бол Өмнөговь. Үүнийг дагаад Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын ачаалал ч нэмэгдэж байгаа биз?
-2008 онд бид орон нутагт эрх авч ажиллаж эхлэх үед Өмнөговь аймгийн хүн ам 48 мянга байсан. 2013 оны жилийн эцсийн дүнгээр 63 орчим мянган хүн амтай болсон. Байнгын оршин суугч нь шүү. Дээр нь хөдөлгөөнт хүн ам нэмэгдэнэ. Аймагт зургаан сар, түүнээс дээш хугацаагаар ажиллаж амьдарч байгаа иргэдээ нэмээд тооцвол 110 мянган хүнтэй болж буй юм. Энэ нь уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотой. 2008 оны сонгуульд бид оролцохдоо нутгийнхаа газрын баялгийг иргэддээ давуу эрхтэйгээр олгоно гээд “Нутгийн хишиг” хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ хөтөлбөрийг 2008-2012 оны сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж, иргэн бүртээ 500 мянган төгрөг олгосон. Энэ нь иргэдийн амьдралын төвшинд бодитой хөрөнгө оруулалт болсныг олон баримт нотолдог.
Бидний өмнөх сонгуулийн хугацаанд хийсэн ажлыг үнэлж, хөтөлбөрөө амжилттай биелүүлсэн гэдгийг ард түмэн маань баталж, 2012 оны сонгуульд дахин итгэл хүлээлгэсэн. Итгэлийн үр дүнд өнгөрсөн жилүүдэд хийснээсээ илүү ихийг бүтээх ёстой. Ирэх жилүүдэд бид дэд бүтэцдээ анхаарал тавьж, аймаг сумдаа автозамаар холбож, үүгээр дамжин нийгмийн суурь үйлчилгээг нэмэх, сайжруулахад төвлөрөн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд боловсролын салбарын үйлчилгээ сайжрах ёстой. Дэд бүтэц сайжирснаар эдийн засагт айл өрхийн орлого амьжиргаа санхүүгийн эргэлтэд маш сайнаар нөлөөлнө. 2012-2016 оны эрхийн хугацаанд энэ бүхнийг хийж гүйцэтгэх ёстой.
-1000 айлын орон сууц хөтөлбөр аймаг бүрт хэрэгжих тухай яригдаж байгаа. Өмнөговь харьцангуй барилгажиж байгаа аймаг. Энэ хөтөлбөр танай аймагт хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Манай аймгийг 2014 ондоо энэ төсөлд хамруулахгүй нь бололтой. Эрэлт бол бий. Саяхан авсан судалгаагаар 1000 гаруй айл нэн тэргүүнд орон сууцанд орох шаардлагатай гэсэн дүн гарсан. Энэ бол иргэдийнхээ санал асуулгад тулгуурлан гаргасан судалгаа. Манайд ажиглагдаж байгаа зүйл нь юу вэ гэхээр харьцангуй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болж, айл өрх тодорхой хэмжээний орлогын эх үүсвэртэй болжээ. Нөгөө талаас бид амьдралын таатай орчинг бий болгохын төлөө бодлогоор дэмжиж ажилладаг. Өөрөөр хэлбэл төрөөс, орон нутгаас орон сууцжуулах бодлогын хүрээнд аймагт орон сууц барьж байгаа компаниудад нэг ам.метр талбайн үнэ сая төгрөгөөс хэтрэхгүй байх шаардлага барьдаг. Одоогоор нэг ам.метр талбайн үнийг 950 мянган төгрөг орчимд барьж байна. Мэдээж зарим компани саяас хэтрэх нь бий. Гэхдээ аймгийн зүгээс саяас хэтрүүлэхгүй байхыг бодлогын зүгээс барьж байна.
-Орон нутагт яригддаг хамгийн хэцүү асуудлын нэг бол хэт улс төржих, намчирхах. Өмнөговь бол сүүлийн найман жил АН-д итгэл хүлээлгэж байгаа аймаг. Тэгэхээр танайд энэ үзэгдэл байна уу?
-Манай аймагт энэ асуудал харьцангуй бага яригдана гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд бид намчирхах улс төржих байдлыг үндсэндээ халсан. Энэ сонгуулийн эрхийн хугацаанд ч ийм бодлого барьж ажиллана. Нэгэнт ард түмний итгэл хүлээгээд гарч ирсэн орон нутгийн шилдэг боловсон хүчин, сонгогдсон төлөөлөгч л юм бол орон нутгаа хөгжүүлэх нэгдсэн бодлого чиглэлтэй ажиллах ёстой гэдэгт намуудтайгаа нэгддэг.
Ялангуяа манай хурлын байгууллага Ардчилсан нам, Ардын намын бүлэгтэй, удирдах төвшиндөө МАН-ын төлөөлөлтэй. Нөхцөл байдал маань биднийг зайлшгүй хамтарч ажиллахыг шаарддаг учраас аль аль талдаа намчирхах үзэгдэл байх ёсгүй гэж үздэг. Байгууллагынхаа хуралдааны бүтэцдээ ч үүнийг анхаарч, нэгнийхээ үгийг сонсч хүндэтгэдэг.
-Иргэдээс хамгийн их ирж байгаа санал гомдол юу байна вэ?
-Байгаль орчны доройтол. Дэлхийн цаг уурын өөрчлөлт манай аймагт онцгой мэдэгдэж байна. Дээр нь уул уурхайн зохистой, зохисгүй үйл ажиллагаа маш их нөлөөлдөг. Энэ бүхэн нь хүмүүсийгээ нэгдэхээс аргагүй байдалд оруулж байна. Уул уурхайг эсэргүүцдэг үзэгдэл бол гадаадын орнуудад ч байдаг. Манай аймгийн газар нутгийн 54 хувь нь хайгуулын болоод ашиглалтын талбайтай. 21 хувь нь тусгай хамгаалалттай газар нутаг.
Бидний зүгээс хоёр гурван том газрыг хамгаалалтад авсан. Гэтэл хамгаалалтад авсан газарт байсан лицензтэй нөхдүүд шүүхэдлээ. Шүүхийн шийдвэр нь тэдний талд гарчихаад байгаа. Тэр нь иргэний эрхийг хамгаалж байгаа шүүх хурал. Нэг талаасаа тэдний зөв мэт боловч бас буруу ч байна. Өмнөговь аймагт газар усаа, байгаль орчноо хамгаалах сэтгэл зүй бодит байдалд биеллээ олоод ажил болчихож. Уул уурхайн сайдад ч би энэ асуудлыг тавьсан.
Улс баян бол иргэн баян гэж ойлгож өнөөдөр болохгүй нь ээ. Уул уурхайн лицензийн асуудал дээр дэс дараалалтай хандая. Манай аймгийнхан шинээр уурхай нээхийг үнэхээр эсэргүүцэж байна. Байгаагаа зөв ашиглачихаад дараагийн асуудлаа тавья. Уур амьсгал орчны өөрчлөлтөөс болоод иргэдийн маань эрүүл мэнд хүнд байдалд орлоо. Энийг хуулийн байгууллага ч анхаарч хармаар юм.
-Уул уурхай нэмэгдэх тусам малчин өрх цөөрөх хандлага байна уу?
-Ер нь, цөөрч байна шүү. Цаашид уул уурхай ашиглагдаж байгаа аймгуудад хөдөө аж ахуйн ямар бодлого баримталж ажиллах вэ гэдгийг шинээр боловсруулах хэрэгтэй болж. Фермерийн аж ахуйг хөгжүүлье гээд ярьж байна. Гэтэл бид газар тариалан, тэжээлийн аж ахуй хөгжүүлэхгүйгээр фермер байгуулна гэж байхгүй. Харамсалтай нь ийм газарт фермер хөгжих үү.
Энэ жил манай аймагт цасгүй дэндүү сайхан өвөл боллоо л гэж байна. Говьд энэ чинь сөрөг нөлөөтэй. Манай уулын туурайтан амьтад цангаад маш ихээр хорогдлоо.Биотехнологийн аргаар 60-70 тонноор нь мөс хөлдөөж тавьсан ч байгаль нь өөрөө дор нь хайлуулаад шингээгээд амьтан нь хүртсэнгүй.
Зэрлэг ан амьтнаа агнахгүй байх шийдвэр маань хэрэгжээд таван жил болж байна. Нэгэнт уул уурхайгаас үүдсэн байгаль орчны доройтол болж байхад ан амьтнаа агнуулаад орон нутагт цөөхөн хэдэн төгрөг орууллаа гээд бидэнд ямар ашиг байх билээ.
-Одоо бол линценз олгохыг зогсоосон учраас өмнөх ашиглалтын болон хайгуулын лиценз авсан компаниудаа цэгцлэх боломжтой биз дээ?
-Сүүлийн гурван жил Ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу зогсоосон. Өмнөговь бол газар дороо маш их баялагтай. Үүнд нь хүмүүсийн оролцоо дэндүү өндөр байгаа, цаашид ч байх болно. Биднээс өмнөх үед явсан нэг том гажуудал нь лицензийн наймаа. Үүндээ одоог хүртэл улайрсан хүмүүс ч бий. Гэхдээ иргэд маань уул уурхайн салбарыг дэмжиж байна аа. Төр дэмжиж байгааг ч ойлгож байна. Хамгийн гол нь системтэй дэс дараалалд оруулья. Одоо байгаа бүх зүйлээ ухалгүй, ирээдүйдээ нөөц үлдээе. Өнөөдрийнхөө уул уурхайн ашигтай үйл явцыг харж амжаагүй байж дараагийнх руу нь хуруу дүрээд яах вэ. Одоогийн ашиглаж байгаа уул уурхайгаа маш боловсронгуй болгоод маргаашийн ашиглах зүйлээ үлдээе гэж байна.
-Танай аймгийн хувьд байгаль орчны доройтолд хүний зохисгүй үйл ажиллагаа хамгийн ихээр нөлөөлж байгаа байх?
-Байгаль орчны доройтол нь хоёр талтай. Гэхдээ хүний зохисгүй үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Жишээ нь, Ёлын аманд хүмүүс маш их нүүрсхүчлийн хий ялгаруулж, байгалийн дулаарал дээр нэмээд дулаарал үүсгэж байна. Ялангуяа үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс. Тиймээс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс орчны бүс тогтоох тухай ажлын хэсэг гарч ажиллалаа. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байвал орчны бүс нь хаагуур байх вэ гэх мэтээр бүслүүр тогтооно. Хуулиар бол тусгай хамгаалалттай газраас 500 метрийн зайд аж ахуйн үйл ажиллагаа явуулж болно гэж заасан. Тэгэхээр Толь хаднаас 500 метрийн зайд уурхайн үйл ажиллагаа явуулаад эхэлбэл ямар юмных нь байгалийн үзэсгэлэнт газар байх уу. Тэр 500 метрийг 5 км болгох ёстой гэж аймгийн ИТХ үзэж байгаа. Ажлын хэсгээ ч энэ зорилгоор гаргасан, дүгнэлтээ одоогоор гаргаагүй.
-Өмнөговь аймгийн хөгжлийн гол суурь баганын нэг нь аялал жуулчлал. Гэхдээ байгалийн үзэсгэлэнт газруудаа орлогын эх үүсвэр болгох тал дээр дорвитой хийж байгаа зүйл ховор юм уу гэж ажиглаглаж байна?
-Аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг өнгөрсөн 2012 онд баталсан. Хэдийгээр мастер төлөвлөгөөний дагуу яригдаж байгаа зүйл бий ч шууд хэрэгжүүлэх боломж нь бага. Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг байгууллага нь дандаа хувийнх. Хувийн секторынхон бол газар ашиглалтын татвар энэ тэрийг л өгч байгаа болохоос үйлчилгээнээс олсон орлогоо орон нутагт шингээнэ гэсэн зүйл алга. Гол нь энэ салбар нийгэмд, айл өрхөд, аж ахуйн нэгжид ямар эерэг нөлөө үзүүлж байна вэ гэдгийг л харж байна. Өөрөөр хэлбэл, 20 гаруй жуулчны бааз байна, тэр нь хэчнээн хүнийг ажлын байраар хангаж, орон нутгаас ямар ханган нийлүүлэлт авав гэдгийг тооцохоос шууд эдийн засагт нөлөөлөх боломж бага. Хувийн хэвшлийнх учраас шахах ч хүнд. Хамгийн гол нь жуулчны баазууд маань өөрийн гэсэн эвенттэй болоод тогтвортой үйл ажиллагаа явуулж, өөрсдөө жуулчдаа татах боломжийг л бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, тур операторын ажил гэх үү дээ.
-Ханбогд сум Оюу толгойгоо түшиглэн Эрдэнэт шиг хот болоосой гэж хүн бүр л хүсч байгаа. Гэвч яг үнэндээ хэдэн бор гэр нь сэндвичэн барилга л болох шив дээ. Төсөл дуусахад сэндвичээ нураагаад л явчих вий гэх болгоомжлол төрөх болчихлоо. Та энэ талаар ямар бодолтой байна?
-Оюу толгойгоос Ханбогд сумыг хот болгох төсөлд би оролцоод ажиллаж байсан. Үнэхээр сайхан хот болно гэж итгэж ч байсан. Гэвч Засгийн газартай байгуулсан сүүлийн гэрээний дараа л байдал эрс өөрчлөгдсөн. Одоо хотын тухай ямар ч ойлголт байхгүй. Гагцхүү Оюу толгойд ажилладаг хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэхэд чиглэсэн орон сууцжуулах ажил Ханбогд суманд хэрэгжиж байгаа.
-Засгийн газрын зүгээс Ханбогдод төлөвлөлт хийж байгаа юу?
-Саяхан Засгийн газрын оролцоотойгоор гадаадын компанийн хийж байгаа Ханбогд сумын ерөнхий төлөвлөлтийн төслийг бид авч үзсэн.
Хамгийн гол учир дутагдал нь Засгийн газрын нөлөөллийн нутаг гэдэг Цогтцэций, Ханбогд, Даланзадгад, Баян-Овоо, Манлай сумын ерөнхий төлөвлөгөөг хийхээр өөр дээрээ төвлөрүүлчихсэн. Үүнтэй холбогдуулаад сөрөг зүйл их гарч байгаа. Орон нутгийн оролцоо төлөвлөлтөд юу ч байхгүй. Мөн газар олголтоос үүдсэн хүний эрхтэй холбоотой асуудал шийдэгдэхгүй 3-4 жил болчихлоо. Зөвхөн Даланзадгад суманд газраа өмчилж авах эрх хүссэн 10 гаруй мянган иргэн бий. Засгийн газраас төлөвлөлтийг хийж байгаад шийднэ гээд хориг тавьчихсан учраас одоо хүртэл шийдэгдээгүй.
-Хэдийгээр Засгийн газарт төвлөрчихсөн байгаа ч орон нутгаас санал авна биз дээ?
-Засгийн газар гадаадын байгууллагын оролцоотой хийж байгаа төсөл учраас учир дутагдалтай зүйл харагдаж л байна билээ. Бид дутагдалтай зүйлсийг маш сайн тодорхойлж, төслийн гүйцэтгэгчид хандан Засгийн газарт, хөрөнгө оруулагчдаа энэ талаар ярьж зөвлөж, бидэнд эргээд мэдэгдээрэй гэдгийг хэлсэн.
-Хот биш гэхдээ ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг хангана гээд орон сууцтай болгочихдог. Үүнээс нь үүдээд гарах сөрөг үр дагаврууд өнөөдөр ч ажиглагдах болсон. Жишээ нь, Оюу толгойд ажиллана гээд нөхөр нь хэдэн сараар явчихдаг. Эхнэр нь ар гэрээ нуруун дээрээ үүрээд хотод ажиллаад байдаг. Үүнээс болж гэр бүл салах тохиолдол ч гарах болж?
-Айхтар эмзэглэж байгаа асуудал бол энэ. Бидний ярьдгаар нөхөн үржихүйн насны идэр эрчүүд уул уурхайд ажилладаг. Энэ олон эрийг энд татаад ирэхээр үлдсэн гэр бүл нь ямар байх билээ. Бидний зүгээс компаниудад ажиллагсадаа гэр бүлтэй нь тогтвортой ажиллуулах ямар боломж байна вэ, тэрийг нь шийдэж өгөөч гэсэн асуудал тавьдаг. Энэ нөхцөлийг бүрдүүлэхгүй бол хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлнө, гэр бүлийн салалт сарнилт маш их боллоо. Ойр орчмын хүмүүстэйгээ ярьж байхад амьдралын энэ асуудал захаасаа л байна. Төрөөс хүчтэй бодлогоор уул уурхайн ажил явагдаж байгаа газруудад гэр бүлээр нь хамтын хөдөлмөр эрхлүүлэх асуудлыг маш сайн зохицуулах хэрэгтэй. Уул уурхайн бол нэг хоёр жилийн асуудал биш. Тэгэхээр төр том бодлогоор ажиллах ёстой гэдгийг ярилцаж, аймгийн зүгээс бодлого боловсруулж байгаа юм.
-Орон нутагт хамааралтай өөр нэг асуудал бол уул уурхайн ханган нийлүүлэлт. Аймагт нь мах сүү нь байсаар байтал компаниуд тээр холын Австралиас махаа авсаар байгааг хэрхэн болиулах вэ?
-Уул уурхайнхан масст таалагдахын тулд аливаа ханган нийлүүлэлтээ талаар нэг тараадаг. Тухайлбал, 100 оёдолчинтой үйлдвэрт хувцсаа хийлгэхээс өмнө орон нутгийн жижиг үйлдвэрүүдэд нийцүүлээд 10 оёдлын цехэд ажил өгчихдөг. Томоосоо жижиг руу орж байгаа нь Оюу толгойн хувьд олон талын ашигтай. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд ашигтай ажиллана. Иргэдийн хувьд би л авч байвал болоо гээд өөрийнхийгөө зүтгүүлээд байдаг бол Оюу толгой зардлаа багасгахын тулд тэгшитгэн хуваарилах зарчим бариад явчихдаг. Өөрөөр хэлбэл бага үнээр харилцан ашигтай хамтран ажиллах зарчим барьдаг. Энэ нь ханган нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг.
-Гэвч аймагт жишээ нь, тийм том хэмжээний үйлдвэрлэл явуулах чадалтай үйлдвэр байхгүй биз дээ?
-Өмнө нь аймагтаа оёдлын үйлдвэртэй болъё, уул уурхайн компаниудтай хамтран ажилладаг болъё гэсэн төсөл яваад уначихсан. Мөн орон нутгийн өмчит махны үйлдвэрийг хувийн хэвшилтэй хамтраад байгуулсан. Хамгийн гол нь энэ олон уул уурхайн компанийн ажилчдад эрүүл аюулгүй хүнс болсон мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх зорилготой байгуулсан. Гэтэл одоо цөөн тооны аж ахуйн нэгжтэй хамтарч ажилладаг ч нөгөө уул уурхайнхан бүтээгдэхүүнээ авдаггүй. Магадгүй манай талаас шалтгаалах зүйл байгаа ч хамтран ярилцаад шийдээд явах боломж бий. Энэ нь хэн хэндээ хэрэгтэй. Харамсалтай нь энэ байдлыг маань сөрөг болгох хандлага гарч байна.
-Эрчим хүч, дулааны хувьд ямар байна?
-Бид чинь нийт 11 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх чадалтай болсон. Төвийн эрчим хүчтэй шууд холбогдсон учраас эрчим хүчний ачааллаа хуваагаад ажиллаж байна. Орон нутгийнхаа хүчээр байгуулсан станцууд маань дулаанаа хангахаар зүтгэж эхэлсэн. Хүн амын өсөлттэй холбоотойгоор дулааны болоод эрчим хүчний хэрэглээ өсч байгаагаас дулаандаа илүү анхаарал хандуулж байна. Мэдээж баруун бүсийн Сэврээ Ноён Гурвантэс Хятадаас эрчим хүч авч байгаа. Гэхдээ эдгээр сумаа дотоодын эх үүсвэртэй холбохын тулд Таван толгойн уурхай дээр барих дулаан эрчим хүчний станцын барилгын ажлыг хурдан шийдэх хэрэгтэй. Бидний зүгээс газрын асуудлыг шийдсэн. Мөнгө нь бэлэн байгаа юм чинь шуурхай явах байх.
-Өмнөговийнхон нэлээн “цамаан” хүмүүс гэж сонссон. Өмнө нь энэ тухай аймгийн удирдлагуудтай бас ярилцаж л байлаа?
-Нийслэлд өдрийн 15-20 мянган төгрөгөөр ажил хийдэг хүн зөндөө. Гэтэл манай аймгийнхан “өө 30 мянга л бол хийнэ” гээд сууж байдаг. Энэ нь ажлын байр байна, ажиллах хүч алга л гэсэн үг. Нөгөө зүйл нь энэ олон уурхай, аж ахуйн нэгж байгууллагад орон нутгийн зүгээс ажиллаж байгаа хүмүүс маань ихэвчлэн гүйцэтгэлийн төвшинд л ажилладаг. Удирдлагын бодлогын төвшинд ажилладаг хүн алга. Тиймээс бидний зүгээс аль болох бодлогын төвшинд хүнээ ажиллуулахыг хүсч байна. Гэвч яг одоо хүнээ аваад ир, захирлаар ажиллуулья гэвэл “энэ” гээд өгөх хүн алга. Тиймээс боловсон хүчний тал дээр маш их анхаарч байна.
-Боловсон хүчний асуудал орон нутагт боловсрол эрүүл мэндийн салбарт ч хамгийн ихээр яригддаг байлаа. Одоо ч байдал хэвээрээ юу?
-Эрүүл мэндийнхээ салбарт өнгөрсөн жил есөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Боловсролын салбарт мөн төдий чинээ. Орон нутгийн зүгээс материаллаг тал дээр нь нэлээд олон хөрөнгө оруулалт хийсэн ч боловсон хүчний хоцрогдлоос шалтгаалж шууд үр дүн нь гарч чадахгүй л байна. Үүнийг би өнгөрсөн оны хуралдааны төгсгөлд ч хэлсэн. Бид материаллаг хөрөнгө оруулалт хийлээ. Гэхдээ цаашдын төлөвлөгөөт ажил бол боловсон хүчнээ, хүнээ бэлтгэх гэдгийг. Жаахан төсөв ч тавьсан. Гадаадад мэргэжил дээшлүүлэхээр явж байгаа хүмүүстээ энэ бол оюуны хөрөнгө оруулалт гэдгийг нь маш сайн ойлгуулдаг. Гадаад явна гэхээр л зугаалах мэт ойлгодог уламжлалт ойлголтоос салгахыг хичээж л байна. Ер нь гадаад томилолтын зардлыг аль болох хумих, хязгаарлах бодлого барин ажиллаж байгаа.
-Хүн амын төвлөрөл нэмэгдэх тусам өнөөх л нийгмийн суурь үйлчилгээний асуудал хөндөгддөг. Ялангуяа сумдад энэ асуудал их хэцүү болж байна уу?
-Оны эхээр Засгийн газрын гишүүд аймгийн дарга нартай хийсэн уулзалтын үеэр би Удвал сайдад хоёр асуудал тавьсан. Энэ бол манай сэтгүүлчид ч хөндөх ёстой асуудал. Хаана хүн ам их төвлөрч байна тэнд нийгмийн суурь үйлчилгээ заавал дутагддаг. Өөрөөр хэлбэл сумын сургууль, эмнэлэг 3000 хүнд үйлчлэх нормтой. Гэтэл сум 10 мянган хүнтэй болсон байдаг. 3000 хүнд үйлчлэх эмнэлэг нь нэг хүнийхээ норматив зардлаараа санхүүждэг. Үүнийг нь 10 мянган хүнд хуваагаад тооцоод үзвэл ямар байх билээ. Наад зах нь уурхай дээр осол гарвал яах вэ. Манай хүн биш гээд үйлчлэхгүй байх уу. Жишээ нь, Улаанбаатараас Цогтцэций суманд гурван мянган хүн ажиллаж байна. Энэхүү 3000 хүний эрүүл мэндийн зардлыг яагаад Цогтцэций суманд өгч болохгүй юм бэ гэдгийг л Удвал сайдаас асуусан. Шийдэхэд маш төвөгтэй гэж байгаа юм. Үнэндээ тухайн хүн зургаан сараас дээш хугацаагаар ажиллаж буй газарт нь эрүүл мэндийн зардлыг нь шилжүүлэхгүй юм бол суурь үйлчилгээ нь мууддаг. Хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой гарч байгаа сөрөг зүйл. Аймаг бүрт ийм биш л дээ. Наад зах нь Дундговийн хүн ам нэлээн цөөрсөн. Манай руу шилжээд ирчихдэг.
-Таны санаачилсан хөгжлийн тухай ярилцая гэсэн нэг нэвтрүүлэг аймагт гарч байгаа тухай сонссон?
-Хөгжлийг хөтлөгч яриа гээд сар бүр хийдэг юм. Хөгжлийн талаар санаа бодол өгөхөөр хүмүүсээ сонгоод урилга өгдөг. Энэ ярианы гол сэдэв “хөгжил гэж юу вэ”. Бид өөрийн гэсэн дүрэмтэй ярина. Өөрийн болон хэн нэгний эрх ашгийн төлөө ярихгүй, өөрийн үзэл бодлоо бусдад тулгахгүй, улс төр ярихгүй, нээлттэй ярилцана гэдгээ тохирдог. Яриа маань явсаар байгаад л хөгжлийн гол асуудал нь хүн л гэдэгт зангилагддаг. Энэ бүхнээс ард иргэд маань хамгийн гол нь хүүхдээ боловсролтой, хүмүүжилтэй хувь хүн болгох хэрэгтэй гэдгийг ухамсарлаж ойлгоосой.
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, газар тариалан төрөл бүрийн фермерийн аж ахуй эрхэлэх боломжтой эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Zurgiig ni oruullaa.Ulaanbaatar ih delguur 3 davhart-My Sports shop.Utas:95000020,95050020

0 Сэтгэгдэл
2014.03.19
2014.03.19