Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль, журмын “зөрчилдөөн” ба хулгайн мод бэлтгэгчид

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн мөрдөх хэлтэс, БОНХЯ-ныхан хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянгол уулын орчимд нойтон мод их хэмжээгээр бэлтгэсэн “Хүдэр Өсөх” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг илрүүлжээ. Аймгийн Ерөө сумын хоёрдугаар багийн нутаг “Баяны ар” гэх газарт мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулж байсан тус компани нарс 102, шинэс-399 ширхэг буюу нийтдээ 501 ширхэг мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн нь тогтоогдсон байна.

Он гарсаар байгаль экологид халдсан томоохонд тооцогдох эл хэргийг ашиг олох зорилгоор хийсэн нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэхээс гадна эдийн засгийн хохирлыг нь гаргахаар албаныхан ажиллаж байгаа аж.  Гэхдээ “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэгчлэн хэчнээн хууль дүрэм баталж, хүн хүч нэмсэн ч ойн анги, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, Засаг дарга, цагдаагийн ажилтан, ойн ангийн ажилтан нар орон нутагтаа Байгаль хамгаалах тухай, Ойн тухай хууль болон холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг хянаж ажиллахдаа туйлын хангалтгүй байгаа нь хулгайгаар мод бэлтгэгчдийг өөгшүүлснээс ялгаагүй хэрэг гэж БОНХЯ-ныхан хэлж байгаа юм.

Тэр байтугай хууль, дүрэм журам хоорондоо зөрчилддөг нь хулгайгаар мод бэлтгэгчдэд өгөөш болсон төдийгүй энэ төрлийн гэмт хэргийн тоо буурдаггүй нь үүнтэй холбоотой хэмээн БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга энэ үеэр ярилаа. Тэрээр “Сэлэнгэ аймгийн ИТХ хоёрдугаар сарын 13-ны өдрийн 13 тоот тогтоолоороо “Ойгоос түлээний мод бэлтгэх, тээвэрлэх, хяналт тавих журам” баталж. Гэвч энэ журам нь Ойн тухай хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчсөн нь тогтоогдсон. Тухайлбал, Журмын 5.1-д “Бэлтгэсэн модыг хоёр метрээс дээшгүй урттайгаар тайрч тээвэрлэнэ” гэж заасан нь Монгол Улсын түлшний модны стандартыг зөрчсөн заалт болсон байна. Харин журмын 5.2-д “Бэлтгэсэн түлшний модыг аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээгүйгээр зөвхөн мод бэлтгэх эрхийн бичгийг нь үндэслэн тээвэрлэж болно” гэж заасан нь Ойн тухай хуулийн 34.4 дэх заалт, “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн байсан” хэмээв.

Харин зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн тасгийн дарга Б.Цогтбаатар ”Хүдэр-Өсөх” ХХК-ийн хууль бусаар мод бэлтгэсэн мэдээллийг орон нутгийн иргэд өгсөн. Байгаль хэн нэгний өмч бус нийтийнх учраас иргэдийн мэдээллийн дагуу хууль бусаар ан амьтан, ой мод, цэцэг ургамал түүж буй үйлдлийг таслан зогсоох боломжтойг энэхүү шалгалт харууллаа. Улсын хэмжээнд жилд бэлтгэх нийт модны 36-80 хувийг хууль бус модны бэлтгэл эзэлдэг бол нийт бэлтгэсэн модны 65-80 хувийг зөвхөн түлээнд зарцуулдаг. Тэгэхээр жилээс жилд өсч буй хулгайн модны тээвэрлэлттэй тэмцэхэд иргэдийн оролцоо чухал” гэж хэллээ.                      
        
Ямартай ч, салбарын яам одоогоор өнгөрсөн жил хууль бус мод бэлтгэгчдээс болж улсад учирсан хохирлыг нарийн тооцоолон гаргаагүй байна. Харин 2007 онд баталсан Ойн тухай хуулиар зөвшөөрөлгүйгээр мод огтолсоны эдийн засгийн хохирлыг 108000 төгрөгөөс давсан тохиолдолд эрүүгийн хариуцлагаа хүлээлгэхээр болсон нь байгальд зөвшөөрөлгүйгээр халдсан энэ гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн том хөшүүрэг ч гэдэг. Учир нь, манай улсад  жилд бэлтгэдэг модны хэмжээ ойролцоогоор  1-4 сая шоо метрийн хооронд хэлбэлздэг. Харин хууль бусаар мод бэлтгэх хэмжээ 345 мянгаас 2.38 сая шоо метр байгаа нь яалт ч үгүй  модны хулгайтай тэмцэхэд иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо зайлшгүй шаардлагатайг харуулна. Тиймээс иргэдийн оролцоонд тулгуурлан БОНХЯ, МХЕГ хууль бус модны бэлтгэлтэй холбоотой мэдээллийг урамшуулан авах журам боловсруулан холбогдох газруудын саналыг авч байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан