Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УРТ ҮСНИЙ ДУУЛЬ
“Урт үстэй ухаан богинотой” хэмээн бүдүүлэг монгол зангаар бүх л бүсгүйчүүдээ доромжилсоор өдий хүрч. Хэн, хэзээ, хэндээ өсөрхөн ингээд хэлчихсэнийг мэдэхгүй ч эл үг эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, хүйсээр ялгаварлан гадуурхалтын уг үндэс, шалтгаан болдог. Юутай ч, эл эрээ цээргүй ойлголт энэ нийгэм, цаг үед ч оршсоор л байна. Егөөдсөн, ёжилсон мэт боловч ерөөс энэ үгний балгаар эмэгтэй л бол “ухаан муутай” гэсэн ойлголт тогтсон тодорхойлолт мэт хэвшиж. Тиймдээ ч эмэгтэй хүн эрийн боол, гэрийн зарц байх ёстой мэт дорд үздэг соёлын хоцрогдол манай эрчүүдийн дунд бий.

Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг. Урт үсний дууль угаас үнэн мэт болж. Шууд ойлговол урт үстэй л бол ухаан муутай болж таарлаа. Ийм хахир сэтгэхүй ихэд өндрөө авсныг улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь бэлхнээ гэрчилнэ.

76 хүнээс ес нь мөнөөх “ухаан муутай урт үстнүүд”. Тэгвэл энэ тоог нэмэгдүүлж эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэхийн тулд яах вэ. Нийгэмд тогтсон, эмэгтэй хүн гэхээр л ухаан муутай байдаг гэсэн хөшүүн, хойрго ойлголтоор үсээ хусуулчихвал болчих гээд байх шиг.

Жендерийн ялгаварлан гадуурхалт гэдэгт эрэгтэй, эмэгтэй хүнийг хүйсийн шинж байдлаар ялгаварлах, үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг хамруулан ойлгож болно. Энгийн үгээр тайлбарлавал байгаль эхээс заяагдсан биологийн болон нөхөн үржихүйн ялгаатай байдлаас шалтгаалж нийгмийн хүрээнд ялгаварлан гадуурхалтад шууд ба шууд бусаар өртөхийг хэлж байгаа юм.
Шууд ялгаварлан гадуур­халт гэдэг нь, бусдыг хүйсээр нь ялгаварлаж адил буюу ижил төстэй нөхцөлд эсрэг хүйсийн хүнээс ялгаатай байдалд хүргэсэн, эсхүл хүргэхийг оролдсон үйлдлийг хэлнэ. Энэ нь, ихэвчлэн бусдыг хүйсийн хувьд ялгаатай гэж үзэн тэдний эрхийг хязгаарлах, ялгаварлан гадуурхахыг зорилгоо болгосон үйлдэл ба эс үйлдлээр илэрдэг. Жишээлбэл, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх насыг хязгаарлах, эрэгтэйчүүдтэй ялгаатай тогтоох, улмаар тэтгэвэрт гарахыг шаардах, насны хязгаарлалт тогтоон ажилд авахгүй байх гэх мэт ойлголтуудыг хамруулж болно.

Харин шууд бус ялга­вар­ан гадуурхалт гэдэг нь, тухайн нэг хүйсэд хамааралгүй аливаа стандарт, хэм хэмжээ, үйлдэл нь хүнийг эсрэг хүйсийн хүнээс ялгаатай байдалд хүргэхийг хэлнэ.

Шууд бус ялгаварлан гадуурхалт тогтсон зан үйл, ёс заншлаар илрэх нь их. Мөн шууд бус ялгаварлан гадуурхалтад өртсөнөө мэдэхгүй байх нь их. Тиймдээ ч дээрх улс төрийн хүрээнд эмэгтэй хүний эзлэх байр суурийг жишээ болгон татсан хэрэг. Энэ нь шууд бус ялгаварлан гадуурхлын хамгийн сонгодог жишээ. Эрт цагаас эрчүүд нь ан ав хийж, овог, отгоо толгойлсоор ирсэн нь ямагт тийм байх ёстой мэт бахархах, бардамнах сэтгэхүй бий болгосон байдаг. Энэ ойлголт манай эрчүүдийн дунд түгээмэл. Монгол эрчүүд түүхийн байлдан дагуулалтын бүхий л цаг үед улс, гүрнүүдийг дайлаар мордохоор урт хугацаагаар аян замд гардаг. Энэ нь эхнэр, гэргий хүнийг гэрт үлдэхээс өөр аргагүй болгоно. Тиймдээ ч ажил үүргийн хуваарилалтаас шалтгаалсан шууд бус ялгаварлан гадуурхалт өнөөг хүртэл оршсоор ирсэн хэрэг. Үүнийг “Эхнэр, нохой хоёрыг сардаа нэг зодоход гэмгүй” гэх мэт эрчүүдийн хий хоосон, ойворгон үгээр тайлбарлаж болно.

Товчхондоо, шууд бус ялгаварлан гадуурхалтад эмэгтэйчүүд хамгийн ихээр өртдөг гэсэн үг. Түүнээс жендер гэхээр л зөвхөн эмэгтэйчүүдийн эрх ашгийн асуудал мэтээр ойлгож болохгүй. Энэ бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь эрх ашгийн асуудал. Ухаандаа, хүйсийн тэгш байдлыг хангах үүрэг, зорилго бүхий нийгмийн шинжлэх ухаан юм.

Бид “манайхан” гэж их ярьдаг. Тэгэхээс ч өөр аргагүй. Хүний эрх, эрх чөлөө, хүйсийн тэгш байдлын тухай асуудалд манайхан бусад улс оронтой адил анхаарал хандуулж тэдгээрийг хуульчилж, дэлхий нийтээр, олон улсад дагаж мөрддөг конвенцуудад нэгддэг ч хөрсөн дээр буулгах талдаа тун муу. Үүний учир нь, монгол ёс заншил, эрх ашгийн тэнцвэргүй хуваарилалтаас үүдэлтэй. Жишээлбэл, Хийморийн овоонд эмэгтэй хүн гарч болохгүй хэмээх цээр ёсон бий. Америкчууд аль нэг уулын оройд эмэгтэй хүн гаргахгүй гэсэн ёс байхыг би мэдэхгүй. Энэ нь нэг ёсны тухайн үндэстэн, ястны зан заншлаас үүдэлтэй хэрэг. Цээр ёсон ихэд дэлгэрч, түүнийг хууль дүрэм мэт ясчлан биелүүлж, дагаж мөрдсөөр ирсэн нь хүйсийн ялгаварлан гадуурхалт газар авч, монгол хөрсөнд хууль, конвенцтэй уялдан бууж чадахгүй байгаагийн гол шалтгаан. Ийн хэлсэн нь Бурхан Халдун, Шилийн богд, Хийморийн овоонд эмэгтэй хүн гарч болно гэсэн үг биш. Азийн улс орнууд, тэр дундаа япон, солонгос, монголчууд бид ёс жаягийг хууль дүрэм мэт дагаж мөрдсөөр ирсэн онцлогоос харагдана. Түүхэнд, хэв хууль буюу хэлбэржиж, биежээгүй, цагаан дээр хараар бичигдэж, тамга тэмдгээр баталгаажаагүй ч үндэстэн ястан, тухайн овог аймаг, бүх нийтээр хууль мэт дагаж мөрдсөөр ирсэн нэг ёсны “бичигдээгүй хууль” юм. Бид бичигдээгүй хуулиар өдөр тутмын үйл хэрэг, нийгмийн харилцаа, статус, ажил үүргийн хуваарилалтаа зохицуулсаар ирсэн нь өнөө үед хүйсийн ялгаварлан га­дуурхалт газар авсны шалтаг, шалтгаан юм.

Шуудхан хэлэхэд, эрчүүд бид их балмад хүмүүс. Тэр тусмаа монгол эрчүүд. Түүхийн хуудсыг тольдвоос төр түшилцэж явсан эмэгтэй хүн эрчүүдтэй харьцуулахад ёстой л нөгөө гарын таван хуруунаас хэтрэхгүй. Гэхдээ урт үстнүүд чаддаг. Тэд удирдан зохион байгуулж, чиглүүлж, манлайлж, шийдвэр гаргаж, сурган хүмүүжүүлж тэр ч бүү хэл айл гэр хэмээх хамгийн том “төр”-ийг хатан ухаанаар төвхнүүлж хамаг л ачааг нь үүрдэг. Манай улс 500 гаруй мянган өрх айлтайгаас 80 гаруй мянга нь өрх толгойлсон эмэгтэйчүүд. Энэ тоо эрхгүй нэгийг хэлээд байна. Таван хананы дундахыг төвхнүүлж чадаагүй эрчүүд төрийг хэргийг түшилцэнэ гэж том дуугарах нь олширч. Тооноо даахгүй хэр нь төр түшилцэнэ гэж “томрох” явдал эрийн муудаа биш эмэгтэйчүүдийн цөөндөө байгаа юм. Эмэгтэйчүүдэд угаас орон зай, боломж олдохгүй байна. Нийгмийн аливаа үйл хэрэгт эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийн асуудал яригдсаар ирсэн ч улиг болсон гэж болно.

Угтаа, энэ хоёр хүйс оюун ухаан, сэтгэн бодох чадварын хувьд биологийн талаас ямар ч ялгаагүй боловч олон мянганы уртад гүйцэтгэх чиг үүргээсээ хамаарч аливаа юманд хандах хандлага нь өөр болчихож. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний хэдэн мянган жилийн генийн нөлөөлөл их байгаа хэрэг. Нэгэнт өөр өөр сэтгэдэг тул өөр өөр шийдвэр гаргана. Тиймдээ ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг харилцан адил байлгах ёстой хэмээн тэртээ 2000 жилийн өмнө суут сэтгэгч Платон хэлсэн байх юм.

Мөн улс төр дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг заавал квот тогтоож байж гаргаж ирэх ёстой гэдэг. Мөн чаддаг юм бол гараад ир гэх нь ч бий. Энэ хандлага хамгийн буруу. Энэ нь бололцоогүй, боломжгүй, хүнийг басч буй хэрэг. Спортод хүртэл жингээр нь ангилж барилдуулдаг. Түүнээс 60 кг жинтэй хүнийг 100 кг-ын хүнд жингийн тамирчинтай барилдуулчихаад “чаддаг юм бол даваарай” гэх нь бүдүүлэг хэрэг. Тиймдээ ч манай эрчүүд балмад гээд байгаа нь энэ. Олон мянганы туршид тогтсон генийн удамшлаас үүдсэн эрх дарх, бие бялдрын хөгжил, ёс жаяг, ёсоор далайлган “урт үстэй ухаан богино”-той хэмээн бүсгүй хүнийг бүдүүлгээр доромжилж дээшээ зүтгэвэл доош түлхдэг дээрэнгүй зангаар өдий хүргэж. Энэ байдал нийгмийн хамгийн жижиг нэгж болох гэр бүлд илүүтэй анзаарагддаг. Мэдээж, өрхийн тэргүүн болохын хувьд эрэгтэй нь хөдөлмөр эрхэлж хөрөнгө, санхүүгийн асуудлаа үүрэх нь элбэг. Гэхдээ би баялаг бүтээж буйн хувьд илүү эрх дархтай байна гэсэн ойлголт манай эрчүүдийн дунд ихэд дэлгэрсэн. Үүнийг энгийнээр тайлбарлавал эмэгтэй нь үр хүүхэд төрүүлж өсгөж хүмүүжүүлдэг эрчүүдэд ихээхэн давуу тал олгосон хэрэг. Энгийнээр ойлговол эрчүүд хүүхэд төрүүлдэг байсан бол эсрэгээрээ эмэгтэйчүүд нь хүссэн хүсээгүй амь амьдралаа авч явах үүрэг хүлээх болно.

Ийм хувь заяаны тохуурхал гэмээр эмэгтэй хүний байгалиас заяагдсан онцлогоор дөрөөлөн хүйсийн тэгш эрхийг зөрчих, түүнийгээ “урт үстэй ухаан муутай” гэх мэт харанхуй бүдүүлэг ойлголтоор хацайлан өмөөрөх нь хүний эрхийг хүчирхийлж буйн илрэл. Манай эмэгтэйчүүд ч хүйсийн тэгш эрх, хүйсээр ялгаварлан гадуурхагдсанаа зохих хууль ёсны дагуу шийдвэрлүүлэх нь цөөн. Угтаа, “Хүний эрхийн үндэсний комисс” хэмээх хүйсийн ялгаварлан гадуурхалтын эсрэг үйл ажиллагааны үүрэг чиглэл бүхий байгууллага байсаар атал төдийлөн мэддэггүй. 2011 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр “Жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль” батлагдсан. Хэрэв эрх тань зөрчигдсөн, урт үстэй ухаан муутай гэгдэж хүйсээр ялгаварлан гадуурхагдсан бол эл хуулийн дагуу ХЭҮК-д гомдол гаргаж болно. Комисс гомдлыг хүлээн авч 30 хоногт хариу өгөх үүрэгтэй.

Эдлэх ёстой эрх, эрх чөлөөгөө мэдэхгүй түүнийхээ төлөө өөрийгөө өмгөөлөн хамгаалахгүй бол бүсгүй хүнийг үснийх нь уртаар хэмжиж ялгаварлан гадуурхах явдалд цэг тавина гэдэг соёлт нийгэмд ч мянгуужингийн үлгэр мэт болж.
Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг, ажлын байран дахь бэлгийн дарамт, хүний наймаа, хил дамжин худалдаалах гэмт хэрэгт өртөгсдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Тэд эм хүйстэн болж төрснөөсөө шалтгаалан олон төрлийн хүчирхийллийн бай болж бие, сэтгэлийн зовлонд унадаг. Үүний голлох шалтгаан нь эмэгтэйчүүдийн хүйсээр ялгаварлах, дорд үзэх хандлагатай холбоотой. Энэ нь нийгэм дэх хүйсийн тэгш бус харилцаа, эрх мэдлийн ялгаатай байдлаас үүдэлтэй хүний эрхийн асуудал юм. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүйсийн аль нэгэнд давуу байдал олгох, нэгийг нь онцлох эсвэл дорд үзэх хандлага нийгэмд ямар их сөрөг үр дагавар авчирдагийн тод жишээ юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан