Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анхдагчдын өлгий Булганыхан уулзлаа

Анхдагчдын өлгий нутаг гэдгээрээ улсдаа цуутай Булган аймгийнхан нийслэлд хуран чууллаа. Ойрд уулзаагүй нутаг усныхныхаа амар мэндийг мэдэж, хол ойрын сонин сайхнаа хуучлах гэсэн Булганы уугуул иргэд 2500 хүний суудалтай Бөхийн өргөөг дүүргэжээ. Нутгийн идээ будаанаас амсч, Могодын айргаа уунгаа нутгийнхаа сонин сайхнаа ярилцах тэд ойрд ингэж сайхан уулзсангүй хэмээн тун сэтгэл өндөр байлаа.

Нутаг орных нь удирдлага ч ийм л зорилгоор энэ уулзалтыг зохион байгуулсан гэдгээ хэлж байв. Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат “Бид нэлээн хэдэн жилийн дараа олноороо цуглаж байна. Нийслэлд амьдарч байгаа нутгийн уугуул иргэдийгээ аймаг орон нутагтаа голомтоо сахин үлдсэн иргэдтэйгээ холбож, нутаг усныхаа ахмад настнуудыг залуус нь таньж мэдэж, хүндэтгэж яваасай гэсэндээ холыг ойртуулж, хоёрыг уулзуулсан энэ уулзалтаа зохион байгуулж байна” гэсэн юм.

Монгол Улсын анхны хөдөлмөрийн баатар Д.Да­ваажав, Олимпын анх­ны аварга, хөдөлмөрийн баа­тар, гавьяат тамирчин Н.Түв­шинбаяр, сансрын ни­сэгч Ж.Гүррагчаа гээд анх­дагчдаараа үргэлж бахархаж явдаг Булганыхан нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваа 14 хүнд аймгийн Хүндэт иргэн медаль гардуулсан юм. Тэр дунд монголчуудын 44 жил хүлээсэн Олимпын алтан медалийг авчирсан аварга Н.Түвшинбаяр, УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ардын эмч Ж.Баасанхүү, хө­дөлмөрийн баатар Д.Базаргүр зэрэг алдарт цуутан байлаа. Мөн Булганыхан аймгаасаа төрөн гарсан гурван генералд хүндэтгэл үзүүлсэн юм.
Нутгийнхаа уулзалтад ая дууны мэндчилгээ дэв­шүүлэхээр гавьяат жү­жигчин А.Ширмэнтуяа, Л.Чулуун­чимэг, МУСТА В.Гантулга нарын олон уран бүтээлч дуу хуураа өргөсөн юм.

Уулзалтын үеэр Булганы сум бүр идээ будааныхаа дээж, брэнд болсон бүтээг­дэхүүнээрээ багахан хэм­жээний үзэсгэлэн гаргасан байлаа. Тэр дундаас Булга­ных­ны хэзээнээс андахгүй Хангалын арвайн гурилыг цуг­ларсан олон ихэд сонир­хож байсан. Хангал сумын иргэн Д.Жаргалсайхан өр­хийн үйлдвэрлэл эрх­лэн, арвай цайруулан  боловсруулдаг нь Булгандаа нэртэй гэнэ. Аймгийнхаа шилдэг бүтээгдэхүүний хэд, хэдэн шагнал авсан арвайн гурилыг Хангал сумын брэнд бүтээгдэхүүн гэж нутгийнхан нь ам бардам хэлж байв.
Булган нутгийнхан уулзаж ярилцаж байх зуур Хялганат тосгоны Засаг дарга Б.Ууганбаяртай цөөн хором ярилцлаа.

-Нутаг усныхантайгаа уул­заад сэтгэл өндөр байна уу?
-Маш сайхан байна. Нутгийн уулзалт гэж тэр болгон хийгээд байдаггүй болохоор хүн их хүрэлцэн ирж. Нутаг усныхаа найз нө­хөд­тэйгөө уулзаад сайхан байна.  
-Булганы алдартнууд олноороо иржээ. Танай тосгоноос ямар алдар цуутнууд төрөн гарсан бэ?
-Хөдөлмөрийн баатар Бярваабазар гэж хүн бий. 1991 онд Мод бэлтгэлийн аж ахуй  гэж байхад хөдөлмөрийн  баа­­тар болсон юм. Мөн МУГЖ Жавзандулам гуай жүжиг­чин Түвшинхүү манай нутгийнх.
-Зарим сум үйлдвэрлэ­сэн бүтээгдэхүүнийхээ дээ­жийг үзэсгэлэнд тавьсан бай­на. Танай тосгоны нэ­рийн бүтээгдэхүүн юу байна?
-Манай тосгонд үйлдвэр­лэдэг үртсэн шахмал түлш Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж байна. Мөн сүүлийн жилүүдэд буриад талхны эрэлт хэрэгцээ өсч, үйлд­­вэрлэл нь нэмэгдэж байгаа.
-Хялганат тосгон бусад сумаас юугаараа онцлогтой вэ?
-Манайх сум биш тосгоны статустай гэдгээрээ ихээхэн онцлогтой. Аймгаас хожуу 1975 онд байгуулагдсан тосгон юм. Тийм ч болохоор тос­гоны маань оршин суугчдын дийлэнх нь залуу хүмүүс. Мал аж ахуй, газар тариалан гэхээс илүү үйлдвэрлэл голчлон хөгжсөн.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан