Билгийн

Доллар (USD)

2850.0

Улаанбаатар

+17°C
Д.Батмөнх: МХЕГ дотоод хяналтаараа олон хүнийг шалгаж байгаа


Муу л бол баруун хойд бор овоохой гэдэг шиг Мэргэжлийн хяналтын байгууллагын чихнээс үргэлж хонх уяатай ирсэн. Харин одоо хонхноосоо салахаар эрс шийдсэн тус байгууллага шинэчлэлээ хэрхэн хийж байгаа талаар МХЕГ-ын дарга Д.Батмөнхтэй ярилцлаа.

-Та ажлаа авахдаа МХЕГ-т олон жил бугшсан эдээ бээрийг цэвэрлэнэ гэж эрс хэлж байсан удаатай. Ажлаа юунаас эхэлж байна вэ?
-Олон жилийн урхагтай, хэл ам дагуулсан, байнгын нийгмийн анхааралд өртдөг байгууллага. 2003 онд энэ байгууллага нэгдсэн тогтолцоонд орсноос хойш 11 жилийн нүүр үзэж байгаа ч бараг жил бүр дарга нь солигддог. Би гэхэд 11 дэх дарга нь.  Өмнөх даргууд нь өөрийн эсвэл намынхаа бодлогыг хэрэгжүүлэх байдлаар хандаж ирсэн нь анзаарагддаг. Тэр сувгаараа ч боловсон хүчний томилгоо их хийсэн байдаг. Үүнээс үүдэн мэргэжлийн хяналтын байгууллагад эдийн засаг, бизнесийн бүлгийн гар хөл бологсод шургалсан нь нууц биш. Тиймээс л юун түрүүнд энэ бугшсан эдээ бээрийг цэвэрлэхийг л хүсч, зорьж байна даа.

-Олон жил бугшсан зүйлийг цэвэрлэнэ гэдэг амаргүй?
-Мэдээж, амаргүй. Зориг дутвал ухаан дутна гэж үг бий. Надад айж эмээх асуудал алга. Зоригтойгоор цэвэрлэнэ ээ. Удахгүй бүтэц зохион байгуулалт, эрх зүйн орчинг нь бүрдүүлсэн шинэ хуулийн төсөл батлагдана. Тэгэхээр зорьсноо хэрэгжүүлэх бо­ломж нээгдэнэ гэж харж байгаа.

-Шинэ хуулийн тө­сөлд таны ажилд нэмэр бо­ло­хуйц ямар заалт нэмэгдэж байгаа юм бэ?
-Надад тус болох гэхээсээ илүүтэй Монголын ард түмэн, бизнес эрхлэгч, үндэсний баялаг бүтээгчдэд хэрэгтэй хууль батлагдах ёстой. Олон жил ноёлсон хүнд суртал, чирэгдэл, ав­ли­га, хээл хахууль, айл­ган сүрдүүлэлтийн асууд­лыг цэгцлэх маш том шинэч­лэл явж бай­гаа. Ерөнхийлөгчийн хэлсэн Том төрөөс ухаалаг төр рүү гэдэгчлэн мэргэжлийн салбартаа хүлээн зөв­шөө­рөгдсөн, улсын байцаагч нь чадварлаг байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, төрөөс зайлш­гүй тавих ёстой хяналт шалгалтыг л хийдэг болно. Өнөөдөр аялал жуулчлал, худалдааны, зочид буудлын гээд бүх хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хийдэг. Ингэх шаардлага байхгүй. Хүнсний дэлгүүр бараа материалаа яаж өрсөн, үнээ хаана тавьсан нь бидэнд хамаагүй. Иргэдэд ч сонин биш. Зах зээлийнхээ хуулиар л зохицуулагдах асуудал. Аялал жуулчлалын хөтөч орчуулга муу хийж байна уу гэдэгт төрөөс хяналт тавих шаардлага байхгүй. Энэ нь тухайн байгууллагынхаа до­тоод хяналтаар явах асуудал.

-Та ажлаа авснаасаа хойш дөрвөн сар болж. Энэ хугацаанд хэр их зүйлийг өөрчлөв?
-Энэ хугацаанд би 13 ажлын хэсэг байгуулсан. Ху­римт­­лагдсан, шийдэгдэхгүй яв­­сан, бухимдал үүсгэсэн олон асуудлыг шийдэж эхэллээ. Тухайлбал, өмнө нь хяналт шалгалтын зааг тодор­хойлсон 57 дугаар тушаал гэж байсан. Энэ нь, нийгэмд хам­гийн их бухимдал үүс­гэдэг, Авлигатай тэмцэх га­зар, хуулийн байгууллагын хардалтыг  төрүүлдэг ту­шаал л даа. Тодруулбал, мөн­гө­тэйг нь МХЕГ шалгана, мөнгөгүйг нь дүүрэг, аймаг, нийслэлийн хэлтэс шалгана гэсэн шийдвэр. Би үүнийг цуцалсан. Одоо МХЕГ хяналт шалгалт хийхгүй, бодлогоо л тодорхойлж ажиллана. Зайлшгүй томоохон хүчин чадал шаардсан өргөн бү­рэл­дэхүүнтэй нэгдсэн хяналт шалгалт хийх үед оролцдог байх хэрэгтэй. Түүнээс мөн­гө­тэйг нь ерөнхий газар, мөн­гөгүйг нь дүүрэг шалгадаг байж болохгүй. Үүнээс гад­на улсын байцаагчийн зөрөл­дөөнтэй нэршлийг цэгцэлсэн. Хүнсний эрүүл ахуйн болон хүнсний технологийн байцаагчид нэг асуудлыг шалгаж байгаа ч гэлээ хоёр өөр ажил мэргэжил. Нэг нь нөгөөгөө орлох боломжгүй учраас байнга тусдаа ажилладаг зэрэг дутагдал байсныг ажлын хэсэг гарган шийдвэрлэсэн гэх мэт.


Ашиг сонирхлын зөрчилтэй нь тогтоогдвол зоригтой хална гэв

-Мэргэжлийн хяналтын байгууллагад авлигын маш том сүлжээ байдаг гэж олон нийт харддаг. Гэтэл өнөөдөр Авлигатай тэм­цэх газарт хоёрхон хүн шалгагдаж байгаа нь чам­лалтай юм шиг ээ?
-Ашиг сонирхлын зөрчилтэй олон хүн байгаа нь гарцаагүй. Тэднийг хянаж шалгаад баттай нотолгоотой тогтооно гэдэг төвөгтэй асуудал л даа. Энд мэдээлэл болгож хэлэхэд Авлигатай тэмцэх газарт хоёр ч МХЕГ-ын дотоод хяналтаар шалгагдаж буй хүн олон бий. Тухайлбал, “Буянт-Ухаа” мэргэжлийн хяналтын албаны дарга байна. Мөн Дорноговь аймгийн  МХХ-ийн даргыг шалгаад ажлаас нь чөлөөлсөн. Төв, орон нутгийнхнаас ч ашиг сонирхлын зөрчилтэй, хууль зөрчсөн олон хүнийг шалгаж байна.

-Өмнөх даргууд болов­сон хүчний томилгоо их хий­сэн гэлээ. Тө өөрөө ч халаа солио их хийж бай­гаа юм биш үү? Ажлаа аваад дөрвөн сарын хуга­цаанд хэдэн хүнийг халаад байна вэ?
-Нуухгүй ээ. Дөрөв, таван хүнийг чөлөөлсөн. Өөрийн эрх ашгийн төлөө хэн нэг танилаа авах гэж биш харин улсын эрх ашгийн төлөө хариуцлага алдсан, ашиг сонирхлын зөрчилтэй, авлига авсан хэнийг ч зоригтой хална. Дорноговь аймгийн хэлтсийн дарга гэхэд 10 гаруй жил ажиллахдаа маш их хууль зөрчсөн үйлдэл гаргасан байдаг. Үүнийг нь орон нутгийн хуулийн байгууллага, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мониторингийн алба ч тогтоосон байхад ажлаа хийсээр байсан. Байгууллагын дотоод хяналтын дүгнэлтээр би түүнийг халсан.

-Авлигатай тэмцэх га­зар болон танайд  шал­гаг­даж байгаа хүмүүс дан­даа дарга нар. Харин доод түвшнийхээ байцаагч нарт дотоод хяналтыг яаж тавих вэ. Зоогийн газар, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг дагасан авли­гын асуудал их яригддаг байсан?
-2013 оны гурван сарын 1-нээс эхлэн Хүнсний бүтээг­дэхүүний аюулгүй байдлын тухай хууль, Хүнсний тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжээд эхэлсэн. Үүнд, зааснаар улсын байцаагч аливаа хүнсний дэлгүүр, худалдаа үйлчилгээний төвд тусгай зөвшөөрлийн дүгнэлт гаргаж өгөхөө больсон. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Сайханбилэг сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч мэргэжлийн хяналтын байгууллагаас олгодог 88 зөвшөөрлийг 44 болгож бууруулсан. Саяхан ажлын хэсэг дахин авч хэлэлцээд 44- өө 17 болгож цөөлсөн. Үлдсэн гэх 17 нь импорт, экспортын мэдэгдэл буюу зайлшгүй байх шаардлагатай.  Женевийн конвенц, ОУ-ын худалдааны байгууллагын зөвлөмж, Мал амьтан, ургамал, түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналтын хуулийн дагуу экспорт, импортын гэрчилгээ мэдүүлэг олгож байгаа. Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үр тариа, дотоодын мах махан бүтээгдэхүүн  зэрэгт  мэдэгдэл олгодог юм. Үүний дотоод хяналтыг сайжруулахын тулд эрхийг нь мэргэжлийн байцаагчид өгсөн. Өмнө нь, дандаа дарга нар цохолт хийж олгодог байсныг өөрчилсөн юм.

Хар бүртгэлд орсон л бол тендерт орох эрхгүй болно

-Барилгатай холбоотой олон асуудалд иргэд Мэргэжлийн хяналтынхныг буруутгадаг. Улсын ко­миссын хариуцлагыг сайж­­руулахад  анхаарал хан­дуулж байгаа юу?
-Мэргэжлийн хяналтын байгууллага болон Улсын комисс барилга эхлүүлэх зөвшөөрөл өгөхөө болиод хоёр жил болж байгаа. Тиймээс надад Улсын комисс ийм байх ёстой гэсэн санаа одоогоор алга. Гэхдээ хамаагүй асуудал гээд хаяж болохгүй. Яах аргагүй бидний ажилтай холбоотой. Тэр үүднээсээ БХБЯ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран төлөвлөгөө боловсруулж байгаа. Ингэхдээ цаасан дээр бичээд орхих биш аль болох хүний эрүүл мэнд, амь нас үрэгдэхгүй, эдийн засгаараа хохирохгүй байхаар ажил зохион байгуулахаар ярилцсан. Ту­хайлбал, сая Орхон аймагт Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй хамтарч “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюул­гүй байдал” сэдвээр сургалт, бага хурал зохион байгууллаа. Дөрөвдүгээр сарын 1-нээс “Хө­дөл­мөрийн аюулгүй бай­дал” нэг сарын аян зохион байгуулах гэж байна. Энэ үеэр сургалт, дадлага сур­гуу­лилт хийхээс гадна  ба­рил­гын компаниудтай хамт­­ран урьдчилан сэр­гий­лэх арга хэмжээ авна. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байд­лыг хангах хувцас хэрэгс­лийн үзэсгэлэн худал­дааг зохион байгуулна. Хамгийн гол нь, тухайн объектод ажил үүрэг гүйцэтгэж байгаа барилгачин, ажилчин хүмүүсийн сэтгэлгээг өөрчилж ажиллахад чиглэх юм. Хамгаалах уяа зүүлтээ зүүдэг, хамгаалалтын мал­гай­гаа өмсдөг болтол нь сэтгэлгээний өөрчлөлт хий­хийг зорьж байна.
 
-Барилга хүлээж авах Улсын комисст ажилласан мэргэжлийн хяналтын бай­цаагч нарыг шүүхэд өгнө гэж ШӨХТГ-аас мэдэгдсэн. Энэ талаар та сонссон уу?  
-Мэдсэн. Магнай дарга бид хоёр тодорхой төвшинд ярилцсан. Хамтран ажиллах төлөвлөгөө ч гаргасан. Барилгын үйл ажиллагаа, метр квадратын дутуу, чанаргүй баригдсан, бохир цэвэр ус, лифт зэрэг олон асуудлыг дан ганц мэргэжлийн хяналтын байгууллага ший­дэх боломжгүй. Тэгэхээр Ша­дар сайдын эрхлэх хү­рээний зургаан агентлаг хам­тарч ажиллах ёстой. Стан­дартчилал хэмжил зүйн газар , ШӨХТГ, Оюуны өмчийн газар, Онцгойнхон гэхэд галын талаас нь, Худалдан авах ажиллагааны газар гэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн үү, хар бүртгэлд орсон уу гэдэг талаас нь гэхчлэн хамтран шалгаж байж энэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох боломжтой.

-Торгуулийн арга хэмжээ жулдаад байх шиг санагддаг. Арай даацтай болгож болохгүй юү?
-Манай шинэчлэлийн бодлоготой таарахгүй л дээ. Бид торгож шийтгэхээс илүүтэй зөвлөн туслая, соён гэгээрүүлнэ гэсэн бодлого барьж байгаа. Үнэхээр хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, иргэдэд эдийн засгийн хохирол учруулсан барилгын худалдаа үйлдвэрлэл эрхлэг­чидтэй хатуу хариуцлага тооцох ёстой. Тэр нь юу вэ гэвэл, тусгай зөвшөөрлийг нь цуцлан хар бүртгэлд оруулах. Ингэснээр  хууль зөрчдөг,  хүний амь нас үрэгддэг, талбайн хэмжээ багасгадаг, иргэдийг хуурдаг, зөвшөөрөлгүй барилга барьдаг, амар тайван байдал алдагдуулдаг, хортой бараа материал ашигладаг бүх асуудал цогцоороо байхгүй болно гэж харж байгаа.

-Хар бүртгэл гэж анх удаа сонсч байна. Ямар учиртай эд вэ?
-Худалдан авах ажил­лагааны газраас хэрэгжүүлж байгаа. Хар бүртгэлд орсон барилгын компаниуд төрийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа барилгын тендерт оролцох эрхгүй болно л гэсэн үг. Үүнийг бусад төрийн хяналт шалгалтын байгуллага нийтээрээ хэрэгжүүлээд эхэл­бэл аливаа бохир зүйл хумигдаж л таарна.

-Бизнес эрхлэгчид хэлж яриагүй байж гэнэт шалгалт хийдэг гэж ярьдаг. Энэ байдлыг шинэчлэлийн хүрээнд өөрчилнө биз дээ?
 -2012 оноос эхлэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлсэн. Өм­нө нь, бүхнийг шалгадаг, хамруулдаг байсан бол одоо зөвхөн эрсдэлийн үнэлгээ хийгдсэн, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар өмнөх оны арванхоёрдугаар сард зарлагдсан  объектыг л шалгах ёстой. Гэтэл төлөвлөөгүй хяналт шалгалт их гардаг. Өнгөрсөн 2013 онд НМХГ 3000 объектыг төлөвлөгөөт байдлаар шал­гана гэж зарласан ч, 11380 объектыг төлөвлөгөөт бу­саар шалгасан. Энэ их зөрүүг арилгахын тулд бид шинэчлэлийн бодлогоо олон хувилбартай явуулж байгаа. 2014 онд хяналтын шинэ механизмуудыг бий болгоно. Тухайлбал, тандалт судалгаа, хяналт, шинжилгээ үнэлгээг бий болгохоос гадна урьдчилан сэргийлэх хяналт хийнэ. 

-Гэхдээ зөвхөн эрс­дэл­тэйг нь шалгаад бусдыг нь орхигдуулахаар дураараа авирладаг нь гаарах вий дээ?
-Тийм боломж байхгүй. Эрсдэлтэй гэж үзсэнээ л зарлачихна. Түүнийгээ хянаад явчихаар ямар нэг хор хохирол гарахгүй. Бусдыг нь хэн шалгах вэ гэхээр тухайн байгууллагын дотоод хяналт нь шалгана. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл дээр мэргэжлийн холбоод манайхаас байцаагчийн эрх авдаг. Тухайлбал, МҮЭХ –ны 46 хүн өнгөрсөн онд манайхаас хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын байцаагчийн эрх авсан. Сул орон зайг маань нөхөж байна гэсэн үг.
Г.ТУНГАЛАГ



0 Сэтгэгдэл
zorig dutval uhaan dutna yamar utgagui ug be oilgosongui taibarlaj ogno uu oilgoson hun baiv*****
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан