Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбат: Булганчууд бид нэгдэж зүтгэвэл Булган улам өнгө гэрэлтэй болно

Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат. Түүнтэй нэг жилийн өмнө уулзаж, ярилцлаж байлаа. Тэр үед тэрбээр аймгийн Засаг даргын ажлаа хүлээж аваад гурван сар болж байсан санагдана. “Шинэ Булган” хөтөлбөр боловсруулж, батлуулаад ажлаа дөнгөж эхэлж байсан үе нь. Засаг даргын тэрхүү “Шинэ Булган” хөтөлбөр хэрэгжиж эхлээд даруй нэг жил өнгөрчээ. Жилийн дотор аймаг орон нутгийн хөгжил дэвшилд ямар бодит өөрчлөлт гарав, ямар ямар даацтай ажил амжуулав зэргийг тодруулахаар түүнтэй дахин уулзаж ярилцлаа.



-“Шинэ Булган” хөтөл­бө­рийн хүрээнд даацтай олон асуудал шийдэх байх. Хөтөлбөрийн явц ямар байгаа бол?
-Би аймгийн Засаг даргын албаа хүлээж аваад нэг жил дөрвөн сарын хугацаа өнгөрчээ. Бид 86 зорилт 450 ажилтай “Шинэ Булган” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хөтөлбөрийнхөө гол суурийг тавьж чадлаа. Нийгэм, бүтээн байгуулалт, боловсрол, эрүүл мэнд гээды олон салбарт өөрчлөлт хийж байгаа. “Шинэ Булган” хөтөлбөр маань бүхэлдээ эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, ажилтай орлоготой, аюулгүй орчинтой, эрх чөлөөтэй, ардчилсан засаглалтай булганчуудыг бий болгохын төлөө чиглэгдсэн. Шинэ оны босгон дээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэг­жилтийг хэлэлцээд “хан­галттай сайн” гэж дүгнэсэн.

-Хөтөлбөрт Булган сумыг хотын статустай болгох заалт бий. Энэ ажил ямар шаардлага хангаж байж биелэх юм бэ?
-Бид нэн түрүүнд инженерийн шинэчлэлийг шийдэх юм. Энэ ажил 80 хувьтай яваа. Нэлээд олон орон сууц, үйлдвэр, үйлчилгээний газар барихаар төлөвлөсөн. Одоогоор суурь нь бэлэн болж байна . Газар доорх инженерийн шугам сүлжээг нь бэлэн болголоо. Ингэснээр барилга, бүтээн байгуулалтын ажил эхлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Хэн хүн аятай тохитой амьдрах нөхцөл хүсдэг шүү дээ. Гэртээ халуун усанд орчихдог, гараад сайхан гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж амардаг байхыг хүсдэг. Бид энэ бүхнийг бүрдүүлнэ. Гэвч хамгийн гол нь хүнээ өсгөх ёстой. Олон хүнтэй байж л олон үйлдвэр, аж ахуй, үйлчилгээний газар байж таарна. 2030 онд Булган хот 30 мянган хүнтэй болно гэж бид тооцож байгаа. Булган аймгийн төвд одоо барилгажилт, бүтээн байгуулалтын ажил  өрнөнө. Аймгийн төвд битүү дээвэртэй зах барихад 500 сая төгрөг төсөвлөлөө. Мөн ахмадын сувилал, хүүхдийн зуслан гэх мэт нийгмийн чанартай олон барилга байгууламж барина. Энэ жил 180 айлын таун хаус барих учиртай. Ирэх дөрвөн сарын нэгэнд аймгийн төвд “Барилгын үзэсгэлэн яармаг” зохион байгуулна. 180, 250, 300 айлын орон сууц барих саналаа компаниуд ирүүлсэн. Мөн бид ложистик төв барья гэсэн санал ирснийг дэмжиж байгаа.

-Булган аймгийн Засаг даргын хувьд хөгжлийн хэ­тийн төлвийг та хэрхэн хардаг вэ?
-Булган аймгийн бүсчил­сэн хөгжлийг харж байгаа. Урд тал нь мал аж ахуй, хойд бүс нь газар тариалан түлхүү хөгжсөн. Улсын хэмжээнд таван суманд хэрэгжиж байгаа төслийн нэг нь манай Хутаг-Өндөр суманд хэрэгжиж байна. Өнгөр­сөн жилийн ажил үйлсээрээ Хутаг-Өндөр сум аймагтаа тэргүүлсэн юм. Алсдаа үйлдвэр технологийн паркууд бий болох юм. Суманд бэлтгэсэн ноос ноолуураа Эрдэнэтийн хивс­ний үйлдвэрт, арьс ширийг Дарханы үйлдвэрт тушаагаад хагас боловсруулсан бүтээгдэ­хүүн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цаг Булганчуудад ойрхон байна. Энэ ажлын эхний алхам Хутаг-Өндөрөөс эхлээд явж байна.

-Булган аймаг бүсчилж хөгжинө гэлээ. Бүсийнхээ төвүүдийг хэрхэн товлож сонгосон бэ?
-Хутаг-Өндөр, Хялганат, Булган, Хишиг-Өндөр, Дашинчилэн гэсэн таван сумыг “Бүсийн хөгжлийн төв” болгохоор зорьж байгаа юм. Цаашид бүсийн төвүүдээсээ манай аймаг бүх зүйлээ хангадаг, нийлүүлдэг болно.

-Булганы хэд хэдэн сум засмал замаар нийслэл, чухал газруудтай холбогдлоо. Үүгээр аялал жуулчлалын урсгал эрчимжих нь тодорхой. Энэ салбарт ямар бодлого баримталж байгаа бол?
-Тийм ээ. Энэ хамгийн таатай, сайхан боломж. Бид арвин баялаг түүхтэй, алдар суутай анхдагчдын өлгий. Тийм болохоор аялал жуулчлалыг “Домгийн мөрөөр” хөгжүүлэх хэд хэдэн зорилт тавиад аялах, үзэх маршрут гаргасан. Энэ газар тийм түүхэн үйл явдал өрнөж байсан. Энд Дандар аграмба Далай ламд ном зааж, эрдмээ түгээж байсан гээд домгийн мөрөөр явуулж, хөгжүүлбэл их зүгээр.
-Булган аймаг “Ногоон хөгжлийн загвар аймаг” болно гэж таны хөтөлбөрт тусгасан. Энэ зорилгыг олон нийтэд ойлгомжтой, энгийн үгээр тайлбарлавал?
-Үүний гол үзэл санаа нь ерөөсөө л байгаль дэлхийд ээлтэй үйлдвэр үйлчилгээ бий болгох, хөгжүүлэх. Ер нь, бизнес эрхлэгч, иргэд ажил хийе гэвэл анхны шалгуур нь экологид ээлтэй технологи, дэв­шил ашигласан эсэх явдал.

-“Шинэ Булган” хөтөл­бөр­тэй морин хуур, ша­тар, архигүй Булган гэх гурван дэд хөтөлбөртэй. Эдгээрийн хэрэгжилт ямар байна вэ?
-Энэ тал дээр дэвшил гарч байгаа. Бага анги бүр цаашлаад цэцэрлэгийн ахлах бүлгийнхэнд шатар зааж байна. Морин хуур хөтөлбөр бүр ч илүү амжилттай хэрэгжиж байгаа юм. Аль ч суманд ямар нэг баяр ёслол, үйл явдал болоход морин хуурын хамтлаг гараад сайхан аялгуу эгшиглүүлдэг болж. Аймгийн Засаг даргын хувьд бага дунд боловсролыг ивээлдээ авсан. Төрийн албан байгууллага дээр болж буй аливаа үйл явдал, зочин гийчнээ угтах, үдэх ёслолд архи огт хэрэглэхээ больсон. Хувийн хэвшлийнхний дунд бас янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Архины хамааралтай болчихсон хүн нэлээд бий. Тэднийг нийгэмшүүлэх ажил хийж байна. Энэ мэт хөтөлбөрүүдэд зориулж 150 сая төгрөг төсөвлөн ажиллалаа.

-Мал аж ахуйн үүц нөөц, бэлчээр ус сайтай, маш их боломжтой аймгийн нэг Булган. Мал сүрэг өсч, малчдын амьдрал ахуй ч их сайжирч байх шиг?
-Булган аймаг 2013 оны мал тооллогоор түүхэнд байгаагүй олон буюу 2,7 сая мал тоолуулсан. Энэ бол манай аймгийн түүхэнд гарч байгаагүй том амжилт. Цаг улирал сайхан байж, тэнгэр хангай ч ивээлээ. Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийг дэмжих төрийн бодлого ч нөлөөлсөн.

-Морин жилийн босгон дээр Булган нутгаас улсын сайн малчид шинээр төр­лөө. Малчдынхаа хө­дөл­­мөр зүтгэлийг төр засгаас ч сайхан үнэлж байна.
-Энэ жил манай аймгаас “Улсын сайн малчин”-аар дөрвөн хүн тодорсон. Баян-Агт сумын Н.Уламбаяр, Сайхан сумын Ч.Бямбасүрэн, Бүрэгхангай сумын Ш.Батдэлгэр, Хишиг-Өндөр сумын Б.Батбаяр нар  Монгол Улсын сайн малчин гэдэг эрхэм алдар хүртсэн. Сайхан сум 34721 адуу тоолуулж, Монгол Улсын хамгийн олон адуутай сумаар хоёр дахь удаагаа шалгарлаа. Улсын тэргүүний хамт олноор Баян-Агт сумын “Актив агро”, Хутаг-Өндөр сумын “Эг тариа” ХХК-иуд шалгарлаа. Энэ жилээс харин газар тариалангийн салбарт тосны ургамлын тариалалт багасгаж, улаан буудайг нэмэх бодлого барина.

-Гадаад харилцаа хэрхэн хөгжиж дэвжиж байгаа  бол?
-Хил залгаа, уламжлалт харилцаатай хөрштэйгөө найрсаг харилцаагаа үргэлж­үү­лэхийн зэрэгцээ улс орнуудтай шинээр харилцан ашигтай түншлэл бататган бэхжүүлж байна. Аймаг, сумын Засаг дарга нар ОХУ-ын Буриад улсад, аймгийн төлөөлөгчид БНХАУ-ын Ху Нань мужийн И Яан хоттой үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, нийгмийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. БНСУ-ын Дэгү хотын Дун-Гу дүүрэгтэй газар тариалан, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж байсан уламжлалаа өргөжүүлж байна. Бугат суманд Япон улстай хамтран аялал жуулчлалын брэнд үйлчилгээ бий болгох, байгаль орчинд ээлтэй “Эко тур” аялал хөгжүүлэх төсөл хэрэгжиж байна. Уламжлалт харилцаат Украйн улсын Киев мужийн Белое Церковь районтай хамтын ажиллагаа өргөжүүлнэ. Дээрх газартай хүлэмжийн аж ахуй, модон материалын болон шахмал түлшний үйлдвэр, зуурмагны үйлдвэр, блок, тоосгоны үйлдвэр зэрэг салбарт хамтарч  ажиллахаар болсон. Бүрэгхангай суманд л гэхэд төмрийн нойтон баяжмалын үйлдвэр барьж байна.

-Аймгийн төвд барьж байгаа Дулааны  станцын асуудал ямар шатандаа явна?
-Дулааны  станцаа энэ жил ашиглалтад оруулахаар бид хөөцөлдөж байна. Барилгын ажил 70 хувьтай. Үүнд хувийн хэвшил хөрөнгө оруулаад барьж байгаа ч төр оролцооч, дэмжээч гэсэн санал тавьсан. Бид дэмжье гэсэн. Энэ станц ашиглалтад орсноор аймгийн төвийн орон сууцнууд хэрэглээний халуун устай болж, хүмүүсийн ахуй, соёлд өөрчлөлт гарна.

-“Оюунлаг Булганчууд шинэ Булганы хөгжилд” уриан дор багагүй ажил үйлс өрнөж байгааг харж байна.
-Саяхан нэлээд хэдэн сур­гууль, цэцэрлэгийн удирд­­лагыг сольж өөр­­­чил­­­­лөө. “Эрдэм боловс­рол­­той Булганчуудыг бий болгоход хоёргүй сэтгэ­лээрээ ажиллаарай” гэж боловсролын салбарын­хандаа хэлж, захиж байгаа. Дотуур байр болон сурах орчныг сайжруулах талаар төрийн зүгээс нэлээд анхаарал хандуулж байна. Харин манай аймгийн театрын барилгын асуудал нэлээд хүнд байгаа. Эмнэлгийн салбарынхаа орчин нөхцөл, тоног төхөөрөмжийг ч сайжруулах, ажилтнуудыг нь давтан сургах талаар багагүй зүйл хийж байна. Эрүүл, боловсролтой хүмүүс л энэ нутаг орныг авч явж хөгжүүлнэ шүү дээ.

-Нэлээд эртнээс “Булган аймагт оношилгооны төв байгуулъя” гэх са­нал дэвшүүлсэн ч шийдэгддэггүй нэг асуудал болчих шиг байна?
-Энэ асуудал 2014 оны улсын төсөв, төлөвлөгөөнд бас л орсонгүй. Эрдэнэт гэдэг том хот хажууханд байгаа гэдэг шалтаг, шалтгаанаар бид их олон зүйлээс хоцорч үлдэж байна. Тусдаа засаг захиргаа, нутаг орон байхад тоног төхөөрөмжөө нийлүүлээч гэж бид Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга гээд бүх л мэдлийн хүмүүст санал тавьдаг. Тэд дэмжиж байгаа. Тэгэхээр манай эрүүл мэндийн салбарт техник технологийн шинэчлэл хийнэ гэж найддаг. Мөд 50 ортой төрөх эмнэлэг ашиглалтад орно. Өрхийн эмнэлгүүдээ хөг­жүүлж, тэдний арга турш­лагыг солилцоход анхаардаг.


-Ард иргэдийнхээ амгалан тайван, аюулгүй байдлыг хангах үүднээс аймгийн төв болон зарим замыг камержуулах ажил хийсэн гэж дуулсан?
-Тийм ээ. Төрийн бай­гуул­лагад ажиллаж, хууль хэрэгжилтийг хянах, хан­гах ажилд өдөр шөнө­гүй ажиллаж байгаа хүмүү­сийнхээ нийгмийн асуудалд ч бас багагүй анхаарч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан маань шинэ оффистой боллоо. Цагдаагийн газрын албан хаагчдын 30 айлын зургаан давхар орон сууц энэ онд ашиглалтад орно. Булган аймгийн төвийг иж бүрэн камержуулна. Иргэдийнхээ  аюулгүй, амгалан тайван аж төрөх нөхцөл бололцоог илүү сайн хангахын тулд хийж байгаа. Гудамж талбай нь гэрэл гэгээтэй, хулгайн хэрэг гарахгүй, амгалан тайван, цэвэр цэмцгэр тийм л орчныг бид бүрдүүлэх болно. Аймгийн төвөөс гадна таван сум камертай. Мөн Сэлэнгийн гүүр, Гуртын гүүр, Орхоны гүүрэнд камер тавилаа. Олон хот газартай холбогдсон, их хөлийн газар учраас тийм хяналт байх нь зүйтэй.


-Энэ тал дээр бусад аймаг сумынхантай бас хам­тарч ажиллаж байна уу?
-Бид өнгөрсөн намар Сайхан сумын Хулж багт долоон аймгийн хууль хяналтынхныг цуглуулж, сургалт зөвлөлдөөн зохион байгуулсан. Эндээс бид эрх зүйн чиглэлээр ямар шинэчлэл хийх, энэ долоон аймаг цаашид яаж хамтарч ажиллах юм бэ, зэргэлдээх аймаг сумд хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ ярилцсан.


-Хэдхэн хоногийн өмнө Булган аймгийнхан нийслэл хотноо цуглаж, томоохон уулзал зохион байгууллаа. Энэ үйл явдлын ач холбогдлыг хэрхэн дүгнэх вэ?
-Булган нутгаас төрж гарсан уугуул иргэдийнхээ анхаарлыг нутаг орон руу нь хандуулъя. Тэдэнтэйгээ уулзаж учирч, сэтгэлээсээ ярилцъя гэсэн бодолтой энэ уулзалтыг зохион байгуулсан. 5000 гаруй хүн оролцсон, боловсрол, эрүүл мэнд, урлаг спорт, бизнесийн төлөөлөл зэрэг салбар салбарын хуралдаан боллоо. Жишээ нь, бизнес эрхлэгчдэд манай аймагт орчин нөхцөл өөрчлөгдсөн, бизнесмэнүүдэд ээлтэй болсон гэдгээ хэлж, эргэж ирэхийг уриаллаа. Урьд нь, ийм том хэмжээний уулзалт болж байгаагүй, тэр бүү хэл булганчууд ийм уулзалт болохыг хүсч, хүлээж байсныг анзаарч, ойлголоо. Булган аймагт голомтоо сахиж үлдсэн хүмүүс бид бүхэн ийм санаа бодол, хүсэл тэмүүлэлтэй байна. Бид бие биенээ дэмжье, хамтаръя гэсэн санаагаар энэ ажлыг хийлээ. Аймгийн Засаг даргын тамгын газрынхан, иргэдийн хурал, сумдын бүх удирдлага орсон.
Булганчууд бид бүхэн Булган нутгийн хөгжлийн төлөө нэгэн санаа, нэгэн сэтгэлээр зүтгэж байж  ирээдүйн Булган улам сайхан өнгөтэй гэрэлтэй болно. Тиймээс нутаг орноо гэсэн сэтгэлийн дор нэгдэж, Булган нутгийн хөгжлийн төлөө хамтдаа гэсэн уриа дэвшүүлье дээ. 

0 Сэтгэгдэл
Булган бол хөгжиж байгаа алдар цуутнуудынхаа өлгий нутгуудад аялал жуучлалыг хөгжүүлэх хэрэгтэй.жишиг сумдуудынхаа ажлыг эрчимжүүлэхэд анхаарах нь зүйтэй байх Б
Булган нутаг минь одоо сайхан хөгжих байхаа...
Bulgan nutgiinkhaa sain saikhan devshild amjilt khusie
Bulgan nutgiinkhaa sain saikhan devshild amjilt khusie
Bulgan nutgiinkhaa sain saikhan devshild amjilt khusie
Сайхан суманд Мануулт гэж баг байдаагүй юм. Хулж баг бол бий. Мэдэж байж шүүмжил дээ.
Аймгийн дарга минь ээ та чинь орон нутгийнхаа засаг захиргааны анхан шатныхаа нэгжийн нэрийг мэдэж бай л даа. Өнгөрсөн намар чинь Сайхан сумын Хульж биш Мануулт гэдэг багт аймгуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөн болсон санагдах юм.
Булган нутгаа хөгжлийн шинэ гараанд хүргэж ихийг бүтээж байгаа таньд өндөр амжилт хүсье. Булган маань үнэхээр өнгө зүс сайтай, хүмүүсийн амьдрал ахуй ч дээшилж байгаа юм байна лээ.
Аялал жуулчлалын талаар юу хийвэл үр дүнд хүрэх талаар аялал жуулчлалын салбарынхантай зөвлөлдөх хэрэгтэй
Та нар нутагтаа аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх талаар анхаарах хэрэгтэй шүү тэгвэл ирээдүйд орох орлого чинь маш өндөр байх болно
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, Хатуу хучилттай замаар холбогдсон. хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарлаа.Утас 99084179
Хамгийн их уншсан