Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сурталчилгаанд дулдуйдсан живхний бизнесийг сул тавих хэрэггүй
Хүүхдийн нэг удаагийн живхний талаар асуудаа хөндвөл ээжүүд ам уралдан ярих нь дамжиггүй. Сайн зүйл их хэлэх ч саар нь дутахгүй байж мэднэ. Манай улсад импортоор орж ирж буй хүүхдийн живхнүүд чанартайгаасаа чанаргүй нь илүү болохоор тэр. “Pampers”-ийн живх гэхэд ОХУ, Хятад, Англи, АНУ, Энэтхэг, Япон гээд олон улсаас орж ирдэг. Нэг шошготой ч аль улсаас орж ирсэнээсээ хамааран чанар нь өөр өөр. Түүнчлэн Huggies, Helen Harper, Mommy Poko, Liebro, гэхчлэн олон төрлийн живх бий. Эдгээрийг “Номин”, “Макс”, “Таванбогд”, “Анунгоо” зэрэг компани импортлон оруулдаг бол бусад жижиг аж ахуйн нэгж, хувь хүн ч авчрах нь бий. Сүүлийн жилүүдэд төрөлт  нэмэгдэийн хэрээр живхний бизнес ч цэцэглэж байгаа нь нууц биш. Харамсалтай нь үүнийг хэрхэн зөв хэрэглэх, аль нь чанартай вэ гэдэг талаар ээжүүдэд мэдлэг мэдээлэл дутмаг байдгаас нялх үрээ элдэв эрсдэлд оруулсаар байгаа юм. Энэ талаар мэдлэгтэй байлаа гээд хуурамч, муу памперсыг таньж ялгана гэдэг амаргүй. Зарим живх хурц үнэртэй, зарим нь хэтэрхий хатуу даргар материалтай, шингээх чадвар муу, хүүхдийг хөлөргөдөг гээд янз янз. Харамсалтай нь, монгол тайлбар заавар байдаггүйгээс ээжүүд үнэ хямдыг нь сонгоод алдах нь олонтаа.


Хэрэглэж үзээд муу байлаа гэхэд үлдсэнийг нь хаях ч хэцүү авах ч хэцүү байдалд орж эдийн засгаараа хохирох нь энүүхэнд. Папмерсны талаар нэгэн ээж “Элдэв тайлбар байхгүй болохоор мэдэлгүй авчихдаг. Helen harper нэртэй дэвсдэг памперсыг авахад хулдаасан гадаргатай, гадагш шингэнийг нэвтрэхээс хамгаалдаг ч хүүхдийн арьсыг  хуурай байлгах хамгаалалт огт байдаггүй байх жишээтэй. Хэрэв монгол тайлбартай байсан бол тэрийг нь уншаад анхнаасаа авахгүй шүү дээ. Ихэнх памперс хүүхдэд харшлахгүй материалтай гэдэг ч  бүгдэд нь химийн орц найрлага байдаг гэж би боддог. Хэрэглэсэн памперсыг хатаагаад имэрч үзэхэд жижиг жижиг чулуу шиг үйрмэг тэмтрэгддэг” гэсэн юм. Харин өөр нэг ээж “Pampers-ийн живх сайн гэдэг. Гэхдээ зах худалдааны төвөөр хурамчийг нь зараад байх шиг санагддаг. Их муухай үнэртэй. Хэд хэдийг хэрэглэхээр хүүхдийн бөгс улайж бэржийдэг” гэв. Юутай ч бид энэ удаад нэг удаагийн живх буюу памперсны  талаарх зарим мэдээллийг бэлтгэлээ.

Ээжүүдийн эдийн засгийн дайсан  

Хүүхдийн нэг удаагийн живх эдийн засгийн хувьд ёстой л “дайсан” гэдэг үг зохино. Тоо бодож үзье. Нэг удаагийн живхийг дөрвөн цаг тутам солих заалттай ч монголчуудын хувьд энэ нь боломжгүй. Учир нь папмперсны үнэ өртөг өндөр тул ээжүүд аль болох удаан байлгахаас аргагүй. Гэхдээ хүүхдийнхээ эрүүл мэндийг бодсон ч тэр удаандаа зургаан цаг орчим болгоод солидог гэж тооцвол хоногт дөрвөн ширхэг памперс, сард 120 ширхэг памперс хэрэглэнэ. Дундаж үнээр бодоход сарын живхний хэрэглээндээ 100 мянган төгрөг зарцуулдаг байх юм. Гэхдээ энэ нь хамгийн багадаа л гэсэн үг. Нялх хүүхдээ хараад гэртээ ажилгүй сууж байгаа ээжид энэ тоо дэндүү өндөр байх нь мэдээж. Төрөөс хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг эс тооцвол орлого гэх зүйл байхгүй. Нярай хүүхдийн асаргаанд нэг удаагийн живх, арчилгааны бүтээгдэхүүн, сүү угж гээд юу эс хэрэг болдог билээ дээ.

Манай улсад нэг удаагийн живх үйлдвэрлэдэг нэг ч газар байхгүй. Өөрөөр хэлбэл,  100 хувь импортын бараа гэсэн үг. Тэр утгаараа хамгийн ашигтай бизнесийн тоонд хүүхдийн нэг удаагийн живх, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл зүй ёсоор багтаж байна. Дэлгүүр, супермаркетад энэ төрлийн бүтээгдэхүүний бүхэл бүтэн тасаг байдаг нь хэр ашигтайг харуулах нэг үзүүлэлт байж болох.
Тэгвэл Европын орнуудад гэхэд л нярай хүүхдийн нэг удаагийн живхийг үнэ төлбөргүй өгдөг байх жишээтэй.

Буянаас бултсан живх импортлогчид  

Өнөөдөр төрөх газруудыг живх импортлогчид худалдаад авчихсан гэхэд буруудахгүй. Шинээр төрсөн хүүхэд бүрт памперсны компаниуд эмнэлгээр нь дамжуулан нэг нэг ширхэг папмерс бэлэглэдэг уламжлал тогтоод удаж байна. Энэ нь бүтээгдэхүүнээ сурталчлах нэг арга болохоос шинэ мэндэлсэн нярай, амаржсан эх хоёрт буян болж сайхан санаж өгч байгаа бэлэг огтоос биш. Хэрэв памперс импортлогчид үнэхээр нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж олсон ашгийнхаа багахан хувийг сайн үйлст зарцуулна гэвэл үй түмэн боломж бий. Дүүргийн нэгдсэн эмнэлэг, түлэнхийн төвийн хүүхдийн тасгуудаар ороход л хүүхдийнхээ живхийг авах мөнгөгүй, ядуу, өрх толгойлсон олон ээжтэй таарч болно. Фейсбүүк, твиттерээр ч “энд ийм ядарсан эмэгтэй байна, хүүхдийнхээ живхийг ч авах мөнгөгүй хэцүү байна” гэх мэдээлэл түгдэг. Харин тэдэнд живх импортлогчид нэг уут живх аваачиж өгчээ гэсэн мэдээлэл огт дуулдаагүй.
Эмнэлгүүд худалдагдсан гэж хэлсэн минь учиртай. Төрөх эмнэлгүүдэд  өрөө тохижуулж, ханаар нь дүүрэн зураг сэлт зурахдаа өөрийн бүтээгдэхүүний нэрийг сийлэхээ мартаагүй памперс импортлогчид сүүлдээ нэртэй зартай эмч нарыг телевизийн рекламандаа тоглуулах болсон. Өөрөөр хэлбэл, эх барих, нярайн эмч нар бизнес эрхлэгчдэд амаа үдүүлсэн гэсэн үг. Жишээ нь эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтний тээрхийн арьс гүйцэт шамрагдахаа болих буюу фемозтой хүүхдээ ЭНЭШҮТ-д үзүүлэхэд, “Памперс их хэрэглэснээс болж байгаа юм. Сүүлийн үед ийм эмгэгтэй хөвгүүдийн тоо олширч байна” гэсэн хэрнээ дараа нь сурвалжлага авахаар очиход, “памперснаас сайхан зүйл байхгүй. Үүнийг хэрэглэхэд ямар ч хор нөлөөгүй” хэмээн хариулах.

Сүүлийн үед чанартай чанаргүй олон төрлийн памперснаас нярайн арьс харшлах болж. Хүүхэд гүйлгэж суулгасан үед памперсны хор улам мэдэгдэнэ. Арьс нь харшилж, тууралт гарч эмнэлэгт хандах хүүхэд цөөнгүй гэдгийг би хүүхдээ үзүүлэхээр очихдоо мэдсэн юм. Харин дараа нь ямар памперснаас харшлах нь элбэг байна вэ гэх асуултыг тус төвийн эмчид тавихад “Бид бусдын бизнесийн нэр төрд халдсан болчихдог юм” гээд тодорхой хариу өгсөнгүй. Сураг сонсохнээ “Helen Harper“ гэдэг памперс импортолдог компанийнхан АӨСҮТ-ийн хүүхдийн тасагт мөн л өрөө тохижуулж өгчээ. Иймд эмч дээрх хариултыг өгөх нь арга ч үгүй юм.

Памперс хорт хавдар, үргүйдлийн үндэс болох нь  

Нэг удаагийн живх эрэгтэй хүүхдэд илүү муугаар нөлөөлдөг гэх яриа бий. Энэ талаарх мэдээлэл эрж хайсны эцэст доорх зүйлийг олсон юм.
Эрэгтэй хүүхэд памперс өмсгөхөд төмсөг орчмын дулаан нь таван хэмээр нэмэгддэг гэдгийг эрдэмтэд баталжээ. Тиймээс энэ дагуу том хүний төмсөгний дулааныг 45 хэм хүртэл нэмэгдүүлж туршиж үзсэн байна. Үр дүн нь харин нэлээд таагүй гарчээ. Төмсөгт артер венийн судас байдаг. Температур хэвийн бус байснаас болоод судас буруу байрлалтай болж хувирбал үүсэх хор уршиг нь зүйрлэшгүй гэнэ. Түүнчлэн нэг удаагийн живхийг удаан хэрэглэснээр крипторхизм хэмээх өвчнөөр өвчлөх магадлал өндөрсдөг байна. Энэ нь төмсөгний нэг нь эсвэл хоёулаа хуухнагт бууж байрлахгүй, хэвлийн хөндий буюу цавины сувагт саатдаг эмгэг гэнэ. Төрөлхийн гэгддэг энэ эмгэг сүүлийн жилүүдэд живхнээс үүдэлтэй байх нь олширчээ. Учир нь, жирийн хүүхдийн хуухнаг чөлөөтэй байдаг бол живх өмссөнөөр биед наалдаж байрлана. Ингэснээр төмсөг нь байх ёстой байрлалдаа очилгүй эмгэг үүсдэг аюултай аж. Хамгийн ноцтой нь энэ өвчинг хугацаа алдан эмчилбэл үргүйдэлд хүргэх аюултайгаас гадна хорт хавдрын эдэд шилжих магадлал өндөрсдөг байна. Нэг талын крипторхизмын үед 62, хоёр талын үед 89.5 хувь нь хорт хавдарт шилждэг гэсэн судалгааны дүн  ч байдаг аж.  
Үүнээс гадна манай улсад эрэгтэй хүүхдийн дунд тээрхийн арьс гүйцэд шамрагдахаа болих эмгэг нэлээд олширсон гэдгийг эмч нар хэлдэг. Энэ нь хүүхдийн арчилгаа сувилгаатай холбоотой. Хэрэв зөв сайн арчлаад массаж хийвэл эдгэх боломжтой. Харин нэлээд хүнд тохиолдолд мэс заслын аргаар л эмчилдэг аж.
Хачирхалтай нь таагүй гэдгийг батлах эдгээр мэдээллийг үгүйсгэх судалгааг ч эрдэмтэд хийсэн байдаг. Юутай ч олны үг ортой гэдэгчлэн дэлхийн бусад улсад ч байдаг нэг удаагийн живхний хор нөлөөний талаарх баримт огтоос үндэсгүй зүйл биш гэдэг нь дамжиггүй.

Байгаль эхэд живх хэрэггүй  

Манай улс нэг удаагийн живхийг импортлон хэрэглэх болсоор 10 гаруй жил, харин дэлхийн хөгжилтэй орнууд нэвтрүүлээд 40 гаруй жил болсон байдаг. Энэ хугацаанд памперсны сөрөг нөлөөний талаар тийм ч их яригдаагүй, ямар нэг яриа гарвал тэр даруй “судалгаа хийж үзэхэд хор нөлөөгүй нь батлагдлаа” гэх хариултаар нам дардаг байж. Харин сүүлийн 10-аад жил нэг удаагийн живхний байгальд үзүүлэх хор хөнөөлийн талаар нэлээд эрчимтэй авч хэлэлцэж, живх үйлдвэрлэгчид ч бүтээгдэхүүнийхээ байгальд үзүүлэх хор нөлөөг бууруулах арга зам эрэлхийлэх болж.
Европт нийт хог хаягдлын хоёр хувийг памперс эзэлдэг байна. Нэг хүүхэд өсч том болтлоо дунджаар 4000 ширхэг памперс хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг. Тэгвэл энэ хэрээр хөрс бохирдоно гэсэн үг. Харамсалтай нь хэрэглэсэн живх хөрсөнд 300-500 жил хадгалагдах чадвартай бөгөөд энэ хэрээрээ байгаль орчинд ноцтой аюул учруулах болж. Тиймээс хөгжилтэй орнууд нэг удаагийн живхний хэрэглээг багасгах арга зам эрэлхийлж эхэлжээ. Харин манай улсад энэ тухай огт яригдалгүй өнөөг хүрсэн байх юм. Нэг удаагийн живх импортлогч томоохон компани бүтээг­дэхүүнээ борлуулах тал дээр л анхаарахаас биш эх ор­ны хөгжилд хувь нэмэр оруулсан гэх зүйл алга. Тиймээс нэлээд орлоготой ажилладаг эдгээр аж ахуйн нэгжүүдэд хариуцлагыг нь ухамсарлуулж, хог хаягдлын татаас авдаг, эсвэл хог боловсруулах үйлдвэрт хувь нэмэр оруулдаг болгох гэхчлэн хуульд нэмэлт оруулах цаг нэгэнт болжээ. Живхний хаягдлыг одооноос шийдвэрлэхгүй, шийдье гээд ч арга байхгүй болох цаг хаяанд ирэх нь.

Зохистой хэрэглэцгээе

Нэг удаагийн живхнээс ор мөргүй татгалзана гэдэг амаргүй. Тиймээс зөв зохистой хэрэглэх нь чухал юм. Зөв сонгож, зөв хэрэглэх юм бол эрсдэлгүй гэдгийг ч олон эрдэмтэн хэлдэг. Иймд орос мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөмжийг хүргэж байна. Юуны өмнө олон төрлийн памперснаас маш зөөлөн хөвөн даавуун материалтайг сонгох хэрэгтэй.  Нэвтрүүлэх болон амьсгалах чадвар сайтай байх нь мөн чухал үзүүлэлтийн нэг. Шингэнийг сайн нэвтрүүлдэг гээд хулдаасан гадаргатай байвал ямар олиг байх билээ. Тиймээс живх шингэнийг сайн нэвтрүүлэхийн зэрэгцээ агаар чөлөөтэй нэвтрүүлдэг байх ёстой. Хэдийгээр живх импортлогч бүхий л компани бүтээгдэхүүнээ чөлөөтэй агаар нэвтрүүлдэг, шингээх чадвар сайтай хэмээн сурталчилдаг ч үнэн хэрэгтээ тийм байдаггүй гэдгийг анхаарахад илүүдэхгүй. Живхний уутан дээр монгол тайлбар, заавар огт байдаггүй тул дээрх шаардлага хангасан эсэхийг мэдэхийн тулд туршлагатай найз ээжээс асуухад илүүдэхгүй. Живх авахад анхаарах бас нэг чухал зүйл нь хүүхдэд таарах эсэх. Хүүхэддээ яг таарсныг нь авах хэрэгтэй. Эцэст нь хүүхдийнхээ живхийг дөрвөн цаг тутам сольдог байх ёстой. Хүүхдээ бүрэн нүцгэлсэний дараа живхийг нь солих, зориулалтын хамгаалах тос түрхэх хэрэгтэй зэргийг зөвлөжээ. Хүүхдэд живхийг удаан  хэрэглүүлэхгүй цаан­даж ой хүргээд хөтөвчинд суулгаж сургах хэрэгтэйг ч дурдсан байна.

 Г.БОЛОР




0 Сэтгэгдэл
ус нэвтрэхгүй юм чинь агаар яаж нэвтрэх вэ дээ, томчууд өөрсдөө нойтон памперс өмсөөд хэдэн цаг байгаад үзээсэй
Хамгийн их уншсан