Жил бүр уламжлал болон зохион
байгуулагддаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ны
нээлт өнөөдөр МҮЭСТО-нд боллоо.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийн тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улс 2012 оноос “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг өрнүүлж, хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах болсон. Энэ жил “Эрүүл аюулгүй ажлын байрны төлөө хамтдаа” уриан дор хийж байгаа юм.
Тус аяны нээлтийн үеэр МҮЭСТО-ны үзэсгэлэнгийн танхимд хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгсэл борлуулдаг Хөдөмөрийн аюулгүй байдал, арүүл ахуй (ХАБЭА)-н чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 50 гаруй байгууллага үзэсгэлэн гаргаж, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Энэхүү сарын аяны хүрээнд Баянхонгор аймагт барилгын салбарт ажиллагчдын зөвлөгөөн, Өмнөговь аймагт аж ахуйн нэгж байгууллагуудын албан тушаалтан, ХАБЭА-н ажилтнууд оролцсон нэгдсэн сургалтыг зохион байгуулах зэрэг аймаг бүр онцлог хэлбэрээр сарын аяны нээлтийг хийх аж.
МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх “Маргааш улс орон даяар сарын аян хэрэгжиж эхэлнэ. Сүүлийн жилүүдэд нийгмийн үйлчилгээний салбар буюу эрүүл мэнд, боловсрлын салбарт осол гарах болсон. Иймээс бүхий л салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Ажил олгогчид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар идэвхтэй ажиллаж байгаа ч тодорхой нэр бүхий албан байгууллагууд хийж хэрэгжүүлэх тал дээр дутмаг байна. Энэ сарын аяны хүрээнд ажил олгогч болон ажилчин өөрийнхөө ажлын байранд бодитой дүнгэлт хийж, ямар эрсдэл байна, яаж сайжруулбал аюулгүй ажиллах боломжтой талаар ажил хэрэгчээр сарын аянд хамтран ажиллах хэрэгтэй” гэлээ.
Барилга, замын салбарын ажил эхэлж буй энэ үед ХАБЭА-н сарын аяныг аймаг, нийслэл, дүүрэгт Хөдөлмөрийн хэлтэс хариуцан аймаг орон нутгийнхаа ХАБЭА-н салбар хороо, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нийгмийн халамжийн хэлтэс зэрэг газруудтай хамтран шинэлэг хэлбэрээр өрнүүлэхийг Хөдөлмөрийн яамнаас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тодорхой чиглэл өгчээ.























