Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элэгний вирусын эм багахан цалинтай хүний сарын хөдөлмөрийн хөлснөөс ч өндөр
Хэрэв та 1991 оноос хойш төрсөн бол элэгний В, С вирусээр өвчлөхгүй байх магадлал тун өндөр. Энэ үгийг Анагаах ухааны доктор профессор Я.Дагвадоржоос сонсоод баярлав. Үнэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан албан бус мэдээгээр манай улсын хүн амын 16-24 хувь нь гепатитын В, С вирусын халдварт өртсөн нь дэлхийн хэмжээнд өндөр үзүүлэлт. Эдгээр хүний дийлэнх хувийг 60-аас дээш насны эрчүүд эзэлдэг нь элэгний өвчлөлөөр нас барах тохиолдлын тоо буурахгүй гэдгийг харуулж байгаа юм.

Гепатитын вирусээр үүсдэг элэгний үрэвслийг ерөнхийд нь вируст гепатит гэдэг. Манай оронд тойм тоогоор 400 гаруй мянган хүн архаг гепатитын халдвартай төдийгүй ихэнх нь  халдвартай гэдгээ мэддэггүй гэсэн баримт бий. Элгийг сонгомлоор гэмтээдэг есөн төрлийн  вирус байдгаас манай улсад хамгийн өргөн тохиолддог нь A, B болон C вирус.
Сүүлийн жилүүдэд Е, D вируст гепатит мөн тохиолдох болж.  А, Е гепатит нь архагшдаггүй.  B, C, D вирус  нь элэгний архаг үрэвсэл улмаар  элэгний хатуурал,  элэгний хавдар зэрэгт хүргэдэг.

Вируст гепатит цочмог ба архаг гэсэн үндсэн хоёр  үе шаттай. Халдвар авсны дараах зургаан сар бол өвчний цочмог үе. Элэгний үйл ажиллагаа хэвийн болохгүй, вирус биеэс арилахгүй зургаан сараас дээш хугацаа өнгөрвөл архаг хэлбэрт шилжлээ гэж үздэг.  Заримдаа өвчин цочмог үедээ шинж тэмдэггүй шахам байдаг тул  хүмүүс хэзээ халдвар авснаа  мэдэхгүй өнгөрөх нь элбэг. Харин архаг хэлбэрт шилжсэн үед  амархан ядрах, сульдах, хоолны дуршил өөрчлөгдөх, гэдэс цанхайх, хэвлий дүүрэх, хамраас цус гарах зэрэг шинж илэрч эхэлдэг.

Ийм үед  дур мэдэн эмчилгээ хийлгүй эхлээд  эмчид хандаж, вирусын маркерийн болон элэгний үйл ажиллагааны шинжилгээ өгч хэвлийн хөндийн хэт авиан оношилгоо хийлгэх нь зүйтэй. Оношоо эрт тодруулснаар элгээ хамгаалах дэглэм барьж, шаардлагатай эмийн эмчилгээ хийлгэснээр өвчин хүндрэхээс сэргийлнэ. Мөн ойр дотны хүмүүсээ ч вирусын халдвараас хамгаалах боломж бүрдэнэ.
Хэрэв вирусын халдвар авснаа мэдэхгүй хүндрүүлбэл В, С вирусын эмчилгээг бүтэн жилийн хугацаанд хийлгэх ёстой. Энэ эмчилгээ нь жилийн 10 сая орчим төгрөг болох учраас элэгний өвчлөл эрүүл мэндээс гадна санхүүд ч хүндээр тусдаг.

Энэ талаар УНТЭ-ийн ХБЭСК-ийн эрхлэгч, зөвлөх эмч Н.Туул “Зөвхөн элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн хүнээс гадна элэгний С вирустэй болсон хүн жилийн хугацаанд эмчилгээ хийлгэж байж вирусээ бүрэн устгуулах боломжтой. Тэр эмчилгээ 10 гаруй сая төгрөг болдог. Ядаж тэр эмчилгээний төлбөрийн 50 хувийг даатгалаас гаргавал хүндэрсэн хүний 50 хувиар буурна гэж хар ухаанаар тооцоод байгаа юм” гэв.



Ингээд Анагаах ухааны доктор профессор Я.Дагвадоржтой ярилцлаа.

-Судалгааны дүнгээр манай орны гепатит вирусээр өвдсөн хүний тоо дэлхийд нэлээн дээгүүрт оржээ. Гэхдээ судалгаанд хамрагдаагүй хэсэг ч бас байгаа байх?
-Судалгаанд цөөхөн хүн хамруулсан нь хүн амын өвчлөлийн ерөнхий хэмжээг гаргах зорилготой. Тэгэхээр тооцоолсноос ч олон хүн вирусын халдвар авсан байж болно. Гэхдээ сүүлийн үед буурч байна. 1991 оноос хойш төрсөн хүүхдүүдэд В вирусын вакцин хийсэн. Тэгэхээр 1991 оноос хойш В гепатитын өвчлөл 90 хувиар буурсан. Ямар нэг шалтгаанаар вакцин хийлгээгүй, өөрсдийнх нь онцлогоос вирус дамжсан ч юм уу хүмүүс үлдсэн 10 хувийг эзэлнэ. Ер нь, хүн бүр В вирусын шинжилгээг өгөх хэрэгтэй. Хэрэв вирус байвал эрт хяналтанд орох хэрэгтэй. Ингэж эрт оношлуулж, эмчлүүлж чадвал В вирус хүний биеэс устах боломжтой байдаг.

-Элэгний өвчлөлийг үүсгэгч вирус зүү тариураар дамждаг гэдгийг монголчууд амьдралаараа мэднэ. Гэхдээ одоо зүү тариураа буцалган дамжуулж хэрэглэх шаардлагагүй учраас сэрэмж сулраад байна уу гэж харагддаг. Өөр ямар замаар халдвар тархдаг вэ?
-Хамгийн эрсдэлтэй нь чиний хэлснээр зүү тариураар дамждаг. Мөн бэлгийн замаар дамждаг. Гэхдээ үүнээс өөрөөр ч гэсэн тархах зам бий. Монгол хүний онцлогоос хамаарч судлах ёстой л асуудлын нэг.

-Сүүлийн үед элэгний өвчлөл хүндэрч, элгээ солиулах хүний тоо нэмэгдсэн. Энэ талаар...?
-Элэгний өвчлөл даамжирсаар хатуурал буюу церроз, хавдар үүсгэж байна. Эрүүл мэндийн шинжлэх ухааны олсон, хамгийн арга ядарсан эцсийн арга юм даа. Гэхдээ хүн заавал эцсийн шатандаа орж, элгээ солиулах гээд хүлээх хэрэггүй. Эртхэн оношлуулж, эмчүүлэх л хэрэгтэй.

-Одоо В, С вирусын эсрэг ямар эмчилгээ манайд хийж байгаа вэ?
-Мөнгөтэй хүнд бол олон төрлийн л эмчилгээ байна. Гэтэл цалингаас цалингийн хооронд амьдардаг хүний хувьд эмчилгээ алга. Элэгний вирусын эсрэг эмчилгээний нэг долоо хоногт уух эм багахан цалинтай хүний сарынх нь  хөдөлмөрийн хөлснөөс ч өндөр. Өндөр технологиор хийсэн учраас эм нь маш үнэтэй.

-Эм тариагаа хаанаас оруулж ирдэг вэ?
-Өндөр хөгжсөн орнуудад элэгний эмийн үйлдвэрлэл улам л өндөр технологид шилжиж байна. Манайх АНУ, Швейцарь зэрэг орноос эмээ худалдаж авдаг.

-Өндөр өртөгтэй эмийг хэдэн сар хэрэглэх ёстой билээ. Хүн хүнээсээ хамаараад өөр байх ч дундаж хэрэглэх хугацаа бий байх?
-Сүүлд шинээр оруулж ирсэн эмийг зургаан сар орчим хэрэглэнэ. Өмнө хэрэглэж байсан эмийг нэг жил хэрэглэдэг байсан. Зарим эмийг нь ч насаараа хэрэглэдэг. Гэхдээ дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухаанд урт хугацаагаар хэрэглэдэг эмийг аль болох бууруулахаар туршилтууд хийж байгаа.

-ЭМД-аас үзүүлдэг эмийн хөнгөлөлтийн жаг­саал­тад элэгний эм ордог уу?
-Монгол Улсын эдийн зас­гийн байдал өвчтэй хүнийхээ тоотой харьцуулсан ч тэр нэг даатгалын системтэй учраас элэгний эмийг хөнгөлөх боломжгүй. Дампуурчихна. Хувийн даатгалын бай­гуул­лагууд орж ирвэл болох л байх.
 
-Эмийн эмчилгээний нэг сул тал нь бусад эрхтэндээ хор учруулах аюултай байдаг. Элэгний эмийн хувьд ямар нэг сөрөг нөлөө бий юү?
-Заримд нь байдаг. Элэгний өвчлөл болон бусад эрхтнийхээ байдлыг харгалзаад тохируулж уух ёстой эм бий.

-Элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг байсан Тайвань улс гэхэд вакцины тусламжтайгаар дарж чадсан бодит жишээ бий. Манайд хийж буй вакцины чанар, үр дүн хэр вэ?
-Дөнгөж төрсөн нярайд В вирусын вакцин хийдэг. Үүнийг нэг сартай болон зургаан сартайд нь давтаж хийснээр элэгний өвчлөлийн эерэг дархлааг бий болгодог. Өрхийн эмч нар урьдчилан сэргийлэх тал дээр их хариуцлагатай ажиллаж байгаа. Дэлхийн стандартын дагуу л хийдэг. Ер нь, хүмүүс амьдралын зөв хэвшилтэй байвал ямар ч өвчлөлөөс өөрийгөө хамгаалж чадна.

Б.ЦЭДЭВСҮРЭН


0 Сэтгэгдэл
ИРГЭДИЙН ХАЛДВАР АВСАН Н ЦЭВЭР ТӨРИЙН БУРУУ ИЙМД 90 ОНООС ӨМНӨХ ХАЛДВАР АВСАН ИРГЭДИЙГ ТӨР ҮНЭГҮЙ ЭМЧЛЭХ ЁСТОЙ
Зарсанд чинь баяр хүргэе, тэгээд хэдэр зарав даа. Утсаа үлдээснийг бодоход мөнгө зээлнэ гэсэн үг үү
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, Хатуу хучилттай замаар холбогдсон. хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарлаа.Утас 99084179
Зарсанд чинь баяр хүргэе, тэгээд хэдэр зарав даа. Утсаа үлдээснийг бодоход мөнгө зээлнэ гэсэн үг үү
Хамгийн их уншсан