Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын төр гадаадад зорчсон иргэнийхээ араас сураглаж, анхаарч, халамжилна
Хилийн боомтын тухай хууль өчигдрөөс мөрдөгдөж эхэллээ. Уг хуулийн дагуу Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон өөрчлөгдөж, үйл ажиллагаа нь өргөжиж байна. Өөрөөр хэлбэл, хилээр нэвтрэх зорчигч тээврийн бүртгэлийг Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хариуцах аж. Түүнчлэн Монгол Улсад ирсэн гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээг цогцоор нь хариуцаж, цагдаагийн байгууллагын өмнөөс хяналт тавин ажиллах гэнэ. Товчхондоо, энэ байгууллага цаашид улсын хилээр зорчсон иргэн,  тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж, бүртгэлийн нэгдсэн сан байгуулах, Монгол Улсын иргэний харьяалалтай холбоотой хүсэлтийг шийдвэрлэх, гадаадын иргэд Монгол Улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл нь хяналт тавих, виз олгох, гадаадад зорчиж буй монгол иргэдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх эрх, үүрэгтэй болжээ. Энэ талаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Хилийн цэргийн газ­рын зарим чиг үүргийг танай байгууллагад шил­жүүллээ. Хэр ач хол­бог­долтой гэж үзэж байна вэ?
-Монгол Улсын Шинэч­лэлийн Засгийн газраас хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээний нэг нь хилийн шалган нэвтрүүлэх тогтолцоог боловсронгуй болгож олон улсын жишигт нийцүүлэх юм. 2013 оны арванхоёрдугаар сарын 26-нд батлагдсан Хилийн боомтын тухай хууль мөрдөгдөж эхлээд байна. Энэ хуулийн дагуу хилээр зорчигч нэвтрүүлэх чиг үүргийг Хилийн цэргийн газраас Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт шилжүүлснээр манай байгууллагын үйл ажиллагаа, чиг үүрэг өргөжиж байна. Үр дүнд нь төрийн давхардсан үйлчилгээ нэгээр багасч, хүнд суртал арилна. Тухайлбал, өмнө нь хилээр зорчигч тээврийг нэвтрүүлдэг,  нэг сараас дээш хугацаагаар амьдарч байгаа гадаадын иргэдийг бүртгэдэг хоёр тусдаа мэдээллийн баазтай байлаа. Энэ хоёр уялдаагүйгээс Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэд  хууль бусаар амьдарч, ажиллах, зөрчил гаргах, хууль хийдүүлэх явдал цөөнгүй байсан. Өнөөдөр мөрдөгдөж эхэлсэн хуулийн дагуу дээрх хоёр мэдээллийн бааз нэгдсэнээр  хилээр нэвтэрч буй гадаадын болон монгол иргэд бүртгэгдэн, хяналт сайжирна.

-Хилээр нэвтрэх зорчигч тээврийг бүртгэх ажил танай байгууллагад шилжсэн гэсэн үг үү?
-Тийм ээ. Хилийн цэргийн шалган нэвтрүүлэх чиг үүрэгтэй холбоотой зорчигч тээврийн хэрэгслийг бүртгэх дүрэм журам манай байгууллагад шилжсэн. Бид энэ дүрэм, журмыг иргэншсэн болгож, өөрчлөх ажлыг эхний ээлжинд хийнэ. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт 86 журам үйлчилдэг байсны  44-ийг нь хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, дарга шийддэг байсан эрх мэдлийг хил дээрх байцаагчид шилжүүлсэн. Ингэснээр хил дээрх хүнд суртал, оочер дугаарын асуудал шийдэгдэж, иргэдийн бухимдал багасна гэж үзэж байгаа.

-Хилээр нэвтрэх иргэдийг бухимдуулдаг гол зүйл нь оочер дугаарын асуудал байдаг шүү дээ?
-Бид техник технологийн шинэчлэлийг асар хурдан хийх болно. Өнөөдөр дэлхийн олон оронд хурууны хээ, геометр өгөгдөхүүнээр хил нэвтрүүлдэг. Дэлхийн энэ хөгжлийг Монголд нэвтрүүлэх ажлыг ойрын нэг, хоёр сарын дотор хийнэ. Хурууны хээгээр хил нэвтрүүлэх төхөөрөмжийг ачаалал ихтэй  Буянт-Ухаа, Замын-Үүд боомтод эхний ээлжинд тавина. Замын-Үүдийн боомтоор ачаалал ихтэй үед өдөрт 10 мянга гаруй хүн хилээр нэвтэрдэг. Өнөөдөр хилийн цэргийн шалгагч нар нэг зорчигчийг хилээр нэвтрүүлэхэд 2-3 минут зарцуулдаг бол хурууны хээгээр таних төхөөрөмж тавьснаар нэг хүн нэвтрүүлэх дээрх хугацаанд 10 хүнийг нэвтрүүлэх боломжтой болно.

-Ер нь, шинэчлэн бай­гуулагдсан байгуул­лагын хувьд хамгийн түрүүнд хийхээр төлөвлөсөн ямар ажил байна вэ?
-Монгол Улсын хил орох, гарах хоёр урсгалтай. Орох урсгалдаа бид хоёр зүйлийг эхний ээлжинд хийнэ.  Монголд гадаадын иргэд дөрвөөс таван байгууллага дамжин үйлчилгээ авдаг түвэгтэй байдлыг өөрчилнө. Хилийн цэргийн шалган нэвтрүүлэх чиг үүргээс гадна цагдаагийн байгууллагын хяналт, шалгалтын чиг үүрэг манайд шилжсэн. Энэ утгаараа гадаадын иргэд нэг л төрийн байгууллагаас үйлчилгээ аваад гардаг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллана. Гэхдээ Монгол Улсын хуулийг хийдүүлж, удаан хугацаагаар хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдэд тавих хяналтыг нэлээд өндөржүүлнэ. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 1-нд хилээр орж ирсэн Жан эсвэл Жон энэ сарын 31-нд багтан буцаж гарахгүй бол манай хяналт шалгалтын байцаагчид тэр хүний араас дүүрэг, хороо, гудамжаар нь явж илрүүлэн буцааж гаргах үйл ажиллагааг хийнэ.

-Тэгвэл, орох урсгалд хийх өөрчлөлтийн хоёр дахь нь юу юм бэ?
-Манай байгууллага өнөөдрөөс эхлэн улсын хилээр орж ирж буй монгол иргэддээ албан ёсоор үйлчилж эхэлсэн. Улс эх орны хөгжил, ар гэрийнхээ төлөө гадаадад олон жилээр хүнд хүчир хөдөлмөр хийж яваад ирсэн иргэдээ бид хүндэтгэн угтана. Паспортын зөрчилтэй, нэрээ сольсон, зургаа сольсон зэрэг шалтгаанаар гадаадад амьдарч байсан монголчуудаа ирэхээр нь хууль хяналтын байгууллагууд хэдэн сараар гаднаа дугаарлуулж, асуудлыг нь шийдэлгүй явсаар эцэстээ Захиргааны хуулийн дагуу гээд хэдэн төгрөгөөр торгодог тогтсон уламжлалыг хална.  Өдөрт нь асуудлыг шийдэн арга хэмжээ авдаг тогтолцоог бий болгон ажиллана.

-Гарах урсгалдаа хэрхэн анхаарах вэ. Гадаадад гарсан иргэд буцаж ирж чадалгүй гэмт хэргийн золиос болох явдал ч байдаг шүү дээ?
-Монгол Улсын иргэд 200 оронд зорчиж байна. Дорж БНХАУ, Дулмаа Малайзад аялж байгаа. Харин тэднийхээ араас Монголын төр өнөөг хүртэл анхаарч байгаагүй. Ихэнх улс орон 30, зарим тохиолдолд 90 хоногийн виз олгодог. Бид “Э-иммигрэйшн” программ ашиглалтад оруулснаар Дорж 30 хоногтоо орж ирээгүй бол маргааш нь ГХЯ руу мэдэгдэж, “Дорж ирсэнгүй, энэ хүнд анхаарал хандуулна уу” гэсэн мэдээлэл өгдөг болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улс гадаад оронд зорчиж байгаа иргэдээ анхаардаг, халамжилдаг төртэй болж хувирах юм. Монголчууд маань ч гадаадад зорчихдоо төр минь намайг харж хандаж байгаа гэсэн итгэл үнэмшилтэйгээр хил нэвтэрдэг болно.

-Боомт бус газраар хил нэвтэрсэн зөрчил нэлээд гардаг.  Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Монгол Улсын хилийн боомт бус газраар хил зөрчих явдал гарсаар байгаа. Жилд 5-10 тохиолдол гардаг. Хилээр албан ёсны бичиг баримтаар орж ирчихээд удаан хугацаанд хууль бусаар амьдарч байгаа хүмүүст тавих хяналтыг нэн түрүүнд хийх хэрэгтэй. Энэ хяналтаа хилийн программ, дотоод хяналтынхаа хүрээнд өндөр түвшинд  хүргэнэ гэдгээ амлаж байна.

-Монголд  хууль бусаар амьдарч байгаа гадаад иргэдэд тавих хяналт хэр сайжирсан юм бэ?
-Шалгалтын үйл ажиллагаа сайжирсан. 2010, 2011 онд 700 орчим хүн албадан гаргадаг байсан бол 2012, 2013 онд 1800-1900 орчим хүн гаргасан байгаа. Энэ хэрээр иргэд амгалан тайван амьдрах боломж бүрдэнэ гэсэн үг. Монголд амьдарч, ажиллаж буй гадаад иргэний олонхи нь БНХАУ-ынх. Вьетнам иргэдийг үндсэндээ гаргаад дууссан. Маш нууцлагдмал байдлаар гарын таван хуруунд багтахаар вьетнам хүн амьдарч байхыг үгүйсгэхгүй. Хууль ёсны дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрлөө авсан эсвэл монгол хүнтэй гэр бүл болсон вьетнам иргэд байдаг. Гэхдээ хууль  ёсны дагуу амьдардаг ч,  улсын хууль тогтоомж мөрддөггүй, татвар тайлангаа тушаадаггүйг нь бид татварын байгууллагатай хамтран илрүүлж, албадан гаргах ажил зохион байгуулна.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан