Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүлхийн хорио цээрийг цуцаллаа
Улсын онцгой комисс өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймагт тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах шийдвэр гаргалаа.

 Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт энэ оны 1 дүгээр сарын 27-ны өдөр шүлхий өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өвчний тархалт тус аймгийн 6 сум, Хэнтий аймгийн 1 сум, Дорноговь аймгийн 6 сум буюу нийт 3 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан. Өнөөдрийн байдлаар дээрх аймгуудын 707 өрхийн шүлхий өвчнөөр өвчилсөн 3454 малыг зориудаар устгаж, нийт 4,5 сая малыг вакцинжуулжээ.  Шүлхий өвчний голомтын бүсэд аймаг, орон нутгийн болон үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчид, иргэд бүхий  757  хүн 198 цэгт 166 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрсөн сарын 20-ноос хойш дээрх аймгуудад мал нэмж өвчлөөгүй байгаа. Эдгээр нөхцөл байдалд үндэслэн Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва холбогдох байгууллагуудын удирдлагад хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

ҮХААЯ 2010-2013 онд шүлхий өвчин  гарсантай холбогдуулан Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Америкийн олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас өгсөн зөвлөмж, Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжүүдэд тусгагдсан стратегийн ач холбогдолтой гол ажлуудыг хийгээгүй байна. Иймд ҮХААЯ бодлогын хэмжээнд уг асуудалд анхаарлаа хандуулж, зохион байгуулалтын арга хэмжээг авч Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. Мал эмнэлэг, үржлийн газрын дарга М.Галбадрахад мэргэжлийн байгууллагуудтай хамтран эрүүл бүс нутгаас төв, суурин газарт нийлүүлж буй мах, сүү, сүүн бүтээгдэхүүнд үзлэг шинжилгээ хийж, мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээг олгож нэвтрүүлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж байгаатай холбогдуулан халдварын голомтод хийгдэх эцсийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг заавар, журмын дагуу шуурхай  зохион байгуулж, өвчлөмтгий мал, сүргийг бүрэн вакцинжуулж дуусгахыг даалгав. Түүнчлэн уг өвчин дахин гарах эрсдэл өндөр байгаатай холбогдуулж голомттой бүс нутаг доторх малын шилжилт хөдөлгөөнийг 2 сарын хугацаанд хориглолоо. Шадар сайд хэд хэдэн албан тушаалтанд холбогдох үүрэг чиглэл өгсөн бөгөөд энэ үеэр цаашид шүлхий өвчинтэй тэмцэх стратеги арга барилын үндсэн чиглэлийг гаргах шаардлагатай гэж үзлээ.

1974 оноос 2000 он хүртэлх 26 жилийн хугацаанд Монгол Улс шүлхий өвчнөөр тайван байсны эцэст 2000 онд уг өвчний халдвар гарч 2010 он хүртэл нийт 7 удаагийн дэгдэлт бүртгэгдсэн байна. Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар цагийн байдлыг мэдээлэх үеэрээ сонгон устгах аргаас өөр амьдралд ойр, хямд төсөр боловч үр дүнтэй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэрэглэх шаардлага өнөөдөр амьдралаас урган гарсныг онцолсон. Нядлах арга нь асар их хохирол дагуулдаг, түүнчлэн мал эмнэлгүүд хувьд шилжсэнээр вакцинжуулалт доголдсон, малчид үнэ төлбөртэйгээс нь болоод малаа алдаг оног вакцинжуулдаг зэрэг нь энэ удаагийн дэгдэлтэд нэлээдгүй нөлөөлсөн болохыг онцлов. Мөн шүлхийн энэ удаагийн дэгдэлтийн үеэр холбогдох албан тушаалтнууд ажилдаа хариуцлагагүй хандаж Сүхбаатар аймагт анх шүлхий гарахад “А” хэвшлээр үүсгэгдсэн хэмээн буруу оношилсон, хадгалалтын горим зөрчигдсөний улмаас нийт 1451,2 литр буюу 725,6 мянган тун вакцин хөлдөж улсад 317,2 сая төгрөгийн хохирол учруулсан, постод ажилласан хяналтынхан иргэдэд чирэгдэл үүсгэн дээрэнгүй харьцсан, улсын чанартай авто замаар дамжин өнгөрөөх постуудад дур мэдэн 500-1500 төгрөгийн шимтгэл хурааж авсан зэрэг зөрчил дутагдал гарсан байна.

Шадар сайд хариуцлага алдсан хүмүүст холбогдох арга хэмжээ авч, цаашид бодлогын хэмжээнд шүлхийн асуудлыг авч үзэхээр болсоны зэрэгцээ ой, хээрийн түймэр, шар усны аюул нүүрлэж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг давхар сануулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан