Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таван жил айлын хаяа бараадсан иргэдийн магнай тэнийх нь

Нийслэлд өнөөгийн байдлаар барилгажилтын эхлэл гэгддэг 1935 онд баригдсан олон  барилга бий. Баримтад тэмдэглэснээр 1935-1950 оны үед баригдсан 80 гаруй жилийн нүүр үзэж буй гэх эдгээр барилгад хүн амьдарч болохгүй гэсэн хар тамгыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан дарснаар эхний ээлжинд нураах шаардлагатай 17 барилгын жагсаалтыг нийтэд зарласан нь саяхан. Гэвч “хүн амьдрах хориотой” гэх тодотголтой эдгээр барилга өнгө зүсээ өөрчилсөн бол уу.  Эсвэл балгас хэвээр муу муухай бүхнийг дагуулсаар байна уу гэдгийг сурвалжлахаар ҮХААЯ-ны замын эсрэг талд байрлах 44 дүгээр байрыг зорилоо.
Тус байрны хувьд мэргэжлийн хяналтынхан хар тамгаа дарсан хэдий ч, гүйцэтгэгч, оршин суугчдын үл ойлголцлоос улбаалан тохилог, сайхан орчинд амьдарна гэсэн тэдний мөрөөдөл хэдэн жилээр уягдсан юм. Хотын төвийн А бүсэд хамаарах эл барилгын  газрыг зоривол барилгын карказ  хоёр давхар хүртлээ босчихсон хэдий ч, түр амсхийсэн орчин угтав.

Манаачаас өөр хүнгүй эл барилгын хашаанд ойрд барилгын нүргээнтэй ажил өрнөөгүй нь илт. Хэрэг зоригоо учирлан албаны хүнтэй нь холбож өгөхийг хүсэхэд “Энэ барилгыг “Орчлон констракшн” барьж байгаа. Гэхдээ ойрын хэдэн өдөр компанийн инженер, дарга нар ирээгүй” гээд мэддэг бүхнээ хэллээ шүү хэмээн тодотгосон. Ойр хавийн үйлчилгээний газрын ажилтнууд ч “Хэдэн жил балгас байж байгаад өнгөрсөн жил их хурдан сууриа цутгаж карказ нь боссон. Барилгын улирал эхэлсэн байхад яагаад ажил нь эхлэхгүй байгааг мэдэхгүй. Энэ барилга босчихвол энэ хавийн орчин сайхан болно доо” хэмээсэн.

Угтаа, 2011 оноос эхлэн ашиглалтын шаардлага хангахгүй, хуучирч муудсан, улсын төсвөөс засвар үйлчилгээ хийхгүй, газар хөдлөлт болон бусад талаараа шаардлага хангахгүй хуучин байруудыг буулгаж, сууринд нь стандарт шаардлага хангасан, орчин үеийн, хотын өнгө үзэмжийг чимсэн орон сууцны барилга барих ажил эхлүүлсэн. Дахин төлөвлөлт нэрийн дор “Орчлон констракшн” ХХК-ийн “Шинэчлэл-II” нэртэйгээр хэрэгжиж буй эл төслийн удирдагч Э.Хашчулуун энэ талаар нэгэн ярилцлагадаа “Дахин барилгажуулалт гэж нэрлэж болох энэ төслийг манай компани тухайн хуучин байрны оршин суугчдын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг. Нийслэлийн хэмжээнд дахин барилгажуулалтын анхны төслийг “Эв Эе” нэртэйгээр Хан-Уул дүүрэг дэх “Арьс ширний 27, 28” гэх хоёр давхар цагаан байрны оршин суугчидтай тохиролцон 2011 онд эхлүүлж байсан.

Харин дараагийн “Шинэчлэл-II” нэртэй төсөлд ҮХААЯ-ны урд баригдаж буй “Цэргийн 44” нэртэй байр хамрагдсан юм. Хуучин барилгыг нураасан хэдий ч газрын маргаанаас үүдэн шүүхийн босго элээсэн  эл байрны оршин суугчид олон барилгын компанийн удирдлагатай  хэлэлцээр хийсэн ч үр дүнд хүрээгүй юм билээ. Тэгээд оршин суугчдын итгэл алдарсан 2012 оны зургадугаар сараас манай компани бүтээн байгуулалтыг нь хариуцахаар болж, 2013 оны наймдугаар сараас барилгын ажлаа эхлүүлсэн” хэмээн ярьсан.  

Дахин төлөвлөлт болон “Шинэчлэл-II” төслийн ажил хэзээ эрчимжих талаар  “Орчлон констракшн”-ы төслийн зохицуулагчаас тодрууллаа.

-Дахин барилгажилтын явц ямар шатандаа явна вэ. Урин дулаан цаг ирсэн энэ үед барилгын ажил эрчимтэй явах ёстой шүү дээ?
-Дахин барилгажуулалтын хүрээнд хэрэгжүүлж буй дөрвөн төсөл бий. Хамгийн эхний төслөөр Хан-Уул дүүргийн III хороонд байрлах “Гутлын 28” болон “Арьс, ширний 27” гэсэн хоёр байр шинэчлэгдсэн.  Дараагийнх нь ҮХААЯ-ны урд байрлах Цэргийн 44 дүгээр байр юм. Төслийнхөн тус байрны оршин суугчидтай 2012 оны долдугаар сард гэрээ хэлцэл хийснээр өнгөрсөн оноос суурийн ажил бүрэн хийгдсэн. Өнөөдрийн байдлаар сууриасаа дээш хоёр давхар барьсан. Энэ нь, нийт өртгийн 25-30 хувьд хүрсэн гэсэн үг. Ажил явж байгаа.

-19 дүгээр хороололд хэрэгжиж буй төслийн хувьд асуудал гарч байна уу?
-“Шинэчлэл-III” төслийн хүрээнд багтсан Нэхмэлийн шарын 10 байрны ажил одоо явж байна. Оршин суугчид долоон байрыг дахин барилгажуулах хүсэлт илгээсэн. Өнөөдрийн байдлаар оршин суугчидтай гэрээ хэлэлцээр хийх шатандаа явж байна. Дээрээс нь, энэ төсөлд Банк бус санхүүгийн байгууллага өрсөлдөхөөр орж ирсэн. Үүнээс болоод оршин суугчид олон янзын ойлголттой болж, ажил удааширч байна.    

-Яагаад ББСБ оролцож байгаа юм бол. Нэр нь юу вэ?
-“Фүжи холдинг” гээд ББСБ. Японоос хөрөнгө босгож Хятадаас ажиллах хүчин оруулж ирнэ гэсэн яриа гаргасан. Тиймээс манай компанийн зүгээс нийслэл, Хан-Уул дүүрэг, нийслэлийн Эдийн засаг хөгжийн газарт санал хүргүүлсэн. Бидний төлөвлөснөөр энэ сарын 15-нд оршин суугчдыг нүүлгэе гэж байсан ч дээрх шалтгааны улмаас барилгын ажил эхлээгүй. Ямартай ч, энэ ондоо багтаан 4-5 барилга нураах төлөвлөгөөтэй байна.

-Иргэд байрнаасаа гарахдаа ихэнхдээ ямар тохиролцоо хийж байна вэ?
-Орон сууцны тухай хуульд түр оршин байх газрыг хариуцагч тал шийдвэрлэнэ гэж заасан. Тэгэхээр шууд бэлэн байраар солих нь бага. Иргэд ч хуучин гал голомт дээрээ байх сонирхолтой. Тиймээс шинээр байр барих хүртэл бид түрээсийн мөнгө өгч байгаа.

-Эхний хэрэгжүүлсэн төсөл буюу Гутлын, Арьс ширний зэрэг байрны шал нь цөмөрсөн гэх асуудал гарсан?
-Шалны асуудлыг би сайн мэдэхгүй. Ер нь, туслан гүйцэтгэгч нартай холбоотой асуудал барилга бүрт гардаг. Цонх, түлхүүр, түгжээ зэргээс гомдол их гарна. Бид барилгын хуульд заасны дагуу туслан гүйцэтгэгч нартай гэрээ байгуулдаг. Харин барилгын чанарын асуудлыг гурван жил хариуцдаг учраас асуудал гарвал хохирлыг барагдуулах ажил хийнэ.     
Ямартай ч, тус компанийнхан дөрөв, таван жил айлын хаяа бараадсан тус байрны оршин суугчдыг тохилог орон сууцанд оруулна гэсэн амлалтаасаа няцаагүй аж.
Харин ч өнөө маргаашгүй ажил нь эрчимжин, өдөр, шөнөгүй алх, краны дуу нүргэлнэ хэмээн хэллээ.  НИТХ-ын дарга Д.Баттулгын хэлснээр дахин төлөвлөлтийн хүрээнд гүйцэтгэгч компани, иргэн, хот гэсэн гурвалсан гэрээний журам шинэчлэгдэн батлагдсанаар хөгжиж яваа Улаанбаатар хотын өнгө төрхийг гундаасан, хүн амьдрах боломжгүй байруудыг нураан шинээр барихад үүсч буй эрх зүйн асуудлыг төвөггүйхэн шийддэг болно гэсэн мэдээлэл өгч байлаа.



0 Сэтгэгдэл
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарлаа.Утас 99084179
good news
Хамгийн их уншсан