Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ойрын 10 жилийн чиг хандлага

Ирээдүй гэдэг анхнаасаа бүгдийг тооцох боломжгүй асар олон тооны хүчин зүйлийн нөлөөгөөр тасралтгүй өөрчлөгдөж байдаг зүйл. 10-н жилийн өмнө Украйн Крымийн хойгоо алдаад иргэний дайны байдалд орно гэдгийг таамаглаж байсан хүн хэд байв. Тэр тусам дэлхийн эдийн засгийн хөгжлийг урьдчилан таамаглан тодорхойлно гэдэг амаргүй ажил. 2007 онд Америкийн мэргэжилтнүүд 2008 онд эдийн засаг хумигдах магадлал бага төдийгүй 2,5 хувиар өснө гэж байсан ч дэлхийн эдийн засгийн хямрал тэдний таамгийг буруу гэдгийг харуулсан. Гэхдээ л хөрөнгө, хүчийг цаашид зөв хуваарилах, илүү үр дүнтэй байхын тулд ирээдүйн ерөнхий чиг хандлагыг тодорхойлж, таамаг дэвшүүлэхээс өөр аргагүй.

Салбаруудын шинжээч, мэргэжилтнүүд ирээдүйн төлөв байдлыг таамаглан тодорхойлохдоо өмнөх жилүүдийн туршлагадаа тулгуурладаг болохоор үр дүн нь жил ирэх тусам илүү оновчтой болсоор.
Жишээлэхэд, Швейцарийн төдийгүй дэлхийн хамгийн томд ордог “Сredit Suisse” банкны мэргэжилтнүүд ойрын 10-н жилдээ дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг, өсөлт, хурдацыг тодорхойлох ерөнхий чиг хандлагыг гаргажээ.

Хүн амын өсөлт

Ойрын 10 жилд дэлхийн эдийн засгийг тодорхойлогч гол хүчин зүйлийн нэг нь хүн ам ба ДНБ-ий өсөлтийн харьцаа байх аж. 1950 оноос хойш Дэлхийн бодит ДНБ-ий өсөлт жилд дунджаар 2,2 хувь байсан бол хүн амын өсөлт 1,7 хувь байсаар иржээ. Цаашдаа хүн амын өсөлтийн эрчим багасах ч зарим бүс нутагт хүн ам илүү хурдацтай өсөн нэмэгдэх болно. Хүн амын тоо хамгийн ихээр нэмэгдэх нутаг нь Африк, Ойрхи Дорнод, Азийн хөгжиж байгаа орнууд. Иймээс нэг мэдэхэд л дэлхийн хэмжээнд ДНБ-ий өсөлт нь хүн амынхаа өсөлтийг гүйцэж чадахгүй болох аюул нүүрлэсээр.
Эдийн засгийн өсөлт, өөрөөр хэлбэл иргэд, компаниудын ашгийн өсөлт нь хүн амын өсөлтийг урьдын адил давж гарсан хэвээр байх боломжтой юу, ялангуяа ядуу бүс нутагт? Өдөр ирэх тусам хүн төрөлхтний ашиглаж байгаа эх үүсвэр хязгаарлагдмал, үлдсэн нөөцийг олборлох, ашиглах нь улам бүр үнэтэй болж байна. Дэлхийн эрчим хүчний агентлагийн мэдээнээс үзвэл одоо нөөц нь батлагдаад байгаа газрын тос нь хүн төрөлхтөнд ердөө 54 жил ашиглахад хүрэлцэх бол шатдаг хийн нөөц 61 жил л болно. Дээр нь цаг агаарын өөрчлөлт, хөгжиж байгаа орнууд хоорондын өрсөлдөөн нь эдийн засгийг шаардлагатай хэмжээнд өсөхөд ихээхэн саад болох аж. Гэсэн хэдий ч дэлхий даяараа хэд хэдэн том өөрчлөлт хийж чадвал ДНБ-ий өсөлт хүн амын өсөлтөөс давж гарсан хэвээр байх боломжтой.

Хотжилт

Ойрын 10 жилдээ хотжилт нь хүн амын өсөлтийн үндсэн онцлог болж хувирна. Дэлхийн хэмжээнд авч үзвэл 2025 он гэхэд хот суурин газар амьдардаг хүний тоо 700 саяар нэмэгдэх бөгөөд эдний 93 хувь нь хөгжиж байгаа орных байна. Оршин суугчид нь 10 сая давж гарсан хотуудын тоо 2010 онд 23 байснаа 2025 он гэхэд 37 хүрнэ.

Хөгшрөлт

Дэлхийн хэмжээнд хөгшрөлт эрчимтэй явагдсан хэвээр байна. Одоо л гэхэд хүн амд 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн эзэлдэг хувь хамгийн хурдан нэмэгдэж байгаа. Энэ эрчээрээ үргэлжлэхтэй зэрэгцэн Хятад гэх мэт хөгжиж байгаа орнуудын өндөр настнууд хамгийн ихээр нэмэгдэнэ.

Нөхөн сэргээгдэх эрчим хүч

Дэлхийн хүн амын тоо ба орлого хурдан өсөн нэмэгдэж байгаа нь ашигт малтмалын олборлолтын хэмжээ, өртөгт төдийгүй ундны усны нөөц, үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний хэмжээнд улам бүр хүчтэй нөлөөлж эхэлнэ. Эдгээр асуудлыг шийдэхэд улс төр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн хэвээр байх ч зах зээлийн нөлөө нэмэгдэнэ. Ундны ус, цахилгаан, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхийг дагалдаад цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг илүү үр ашигтай болгох технологи, нөхөн сэргээгддэг эх үүсвэр ашиглан цахилгаан үйлдвэрлэх салбарт хийх хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдэнэ. Хямд үнэтэй ч гэлээ занарын хий нь нөхөн сэргээгдэх эрчим хүчний салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг багасгаж чадахгүй ч нар, салхины хүчийг ашиглах нь дэлхийн хэмжээнд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг бүхэлд нь тогтворгүй болгоно. Ирээдүйд гэлтгүй одоо л гэхэд нөхөн сэргээгддэг эрчим хүчний салбар өндөр хөгжсөн улсад нар, салхины цахилгаан станцууд зарим өдөрт эрэлтийн дийлэнхийг дангаар хангаж байгаа юм. Ингэснээр цахилгааны үнийг бууруулж, орон сууц ба нийтийн аж ахуйн салбарт цахилгаан борлуулдаг компаниудыг ашгийг унагаж байна. 2035 он гэхэд нарны цахилгаан эрчим хүчний эзлэх хувь 10 хүртэл өсч, энэ салбарт хийгдэх хөрөнгө оруулалт 65 тэрбум ам.доллар хүрнэ.

Генийн технологийн хувьсгалын хоёр дахь шат

Хүний генийн онцлог байдлыг бүрэн ойлгож, түүнээ амьдралд илүү үр нөлөөтэй ашиглах нь ойрын 10 жилийн анагаахын салбарын гол хөдөлгөгч хүч байх болно. Хоёр дахь шат гээд байгаа нь их учиртай. Эхний шатанд хүн төрөлхтөн хүний генийг бүрэн тайлж уншихад 2,7 тэрбум ам.доллар, 13 жил зарцуулсан. Одоо энэ ололт дээрээ тулгуурлан ойрын 10 жилийн дотор тухайлчилсан үйлчилгээтэй эмийн бодис үйлдвэрлэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, зөвхөн тухайн хүний генийн онцлогт тохирсон, нарийн үйлчилгээтэй ганцаарчилсан эм үйлдвэрлэдэг болно гэсэн үг. Эмгэг тус бүрт янз бүрийн эм хэрэглэдгийг болиулж, ямар ч тохиолдолд үйлчилдэг зөвхөн тухайн хүнд зориулсан супер эм бий болгоно.

Интернэт

Өндөр хурдны, хөдөлгөөнт интернэтэд холбогдох цэг 2019 он гэхэд одоогийнхоос дөрөв дахин нэмэгдэж найман тэрбумд хүрнэ. Интернэтэд холбогддог гар утас, пад, байршил тогтоох систем гэх мэт төхөөрөмжийн тоо одоо байгаа 10 тэрбумаас тав дахин нэмэгдэж 2020 он гэхэд 50 тэрбумд хүрнэ. Ийнхүү дэлхий дээр интернэтэд холбогдоогүй газар, нутаг гэж бараг үгүй болж, дэлхийг бүхэлд нь хамарсны үр дүнд энэ салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ 14,4 их наяд ам.долларт хүрнэ.

Робот

1950 онд зөгнөлт зохиол­чид, судлаачид робот дэлхийг бүхэлд нь хамарч хүн гэртээ хоол хийхээс эхлээд хог асгах хүртэл бүгдийг роботоор хийлгэдэг болно гэж зөгнөж байсан ч тийм эрчимтэй явагдаагүй юм. 2012 оны байдлаар гэрийн цэвэрлэгээ, зүлэг тэгшлэх гэх мэт хамгийн энгийн зүйлсийг хийдэг роботуудын тоо гурван саяд хүрээд байна. Цаашид ч энэ салбарт огцом өөрчлөлт гарахгүй гэж шинжээчид үзжээ.

Худалдааны хориг

Даяарчлалын нөлөөгөөр улс хоорондын арилжааны хориг, цээр улам бүр багасна. Үүнийг дагаад гаалийн бүрдүүлэлт хийх зардал буурч, дэлхийн худалдаа бүр ч хурдан тэлсээр байх болно. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар хэрэв дэлхийн бүх орон худалдааны бүх төрлийн хориг, цээрээс татгалзвал дэлхийн худалдаа шууд 1,1 тэрбум ам.доллараар өсөх боломжтой.

Дундаж давхарга

Дэлхийн хэмжээнд дундаж давхаргад багтдаг хүмүүсийн тоо өсөн нэмэгдсээр байх болно. Одоогоор жилдээ 10 мянган ам.доллараас багагүй, 500 мянган ам.доллараас ихгүй орлоготой буюу дундаж давхаргад хамрагдах хүний тоо 1,1 тэрбум байгаа бол дараагийн таван жилийн дотор 29 хувиар нэмэгдэнэ. Үүнийг дагаад дэлхийн хэмжээнд хэрэглээ өсч, улс хоорондын зорчигч тээвэр 20 жилийн дотор таван хувиар өснө.

Цаг агаарын өөрчлөлт

Жил ирэх тусам эрчимтэй явагдаж байгаа цаг агаарын өөрчлөлт дэлхийн эдийн засагт улам ихээр нөлөөлдөг болно. Дэлхийн агаарын дундаж дулаан хоёр хувиар өсөхөд дэлхийн эдийн засгийн өсөлт мөн адил хоёр хувиар буурна.

Кибер гэмт хэрэг

Ираны цөмийн объектыг удаан хугацааны турш ажилгүй болгосон “Stuxnet” вирус, Саудын Аравийн газрын тос олборлох газар руу кибер дайралт хийж, 30 мянган хүнийг ажилгүй болгосон гэх мэт үйл явдал нь дэлхийн хэмжээнд кибер аюулгүй байдалд илүүтэй анхаарал тавихад хүргэсэн юм. Ингэснээр дэлхийн хэмжээнд кибер аюулгүй байдлын зах зээл 2011 онд 64 тэрбум ам.доллар байснаа 2017 он гэхэд 120 тэрбум ам.доллар хүртэл өснө.
0 Сэтгэгдэл
танд хэрэгтэй бүхий л мэдээ мэдээллийг аяны лавлах 19001973-аас аваарай шинэ итгэл шинэлэг үйлчилгээг би танд хүргэх болно.
Хамгийн их уншсан