Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн бөгөөд ажил эрчимтэй өрнөж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн.

Төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг тавдугаар сараас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбох ажил хийгдэж байна. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэх аж. Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй юм. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийгдэнэ. Өөрөөр хэлбэл зургаан цэгт холболтын сүлжих ажил гүйцэтгэж байгаа юм. Холболт, сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 метр байна.

“Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.

Дашрамд дурьдахад, дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай юм. Энэ нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэ төрөл бий болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл болж байна.

























