Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ам гарсан “100 хоног”-т 10 тэрбум ам.долларыг 20 тэрбум болгож чадах уу

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх наймдугаар сарын сүүл гэхэд Монгол Улсын эдийн засгийн чадамжийг хоёр дахин буюу 20 тэрбум ам.доллар болгоно хэмээн ам гарсан. Үүний сацуу, ам.долларын ханшийг 1300 болтол бууруулдаггүй юмаа гэхэд дахин өсөхгүй байх хөрсийг нь бэлтгэнэ гэв. Гэхдээ өнөөдөр 1800 давсан ам.долларын ханшийг бууруулж, бүхэл бүтэн улсын эдийн засгийн чадавхийг хоёр дахин нэмэгдүүлэхэд 100-хан хоног шаардлагатай гэдэгт олон хүн эргэлзэж байна. Гэлээ ч Зас­гийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл бат­лагдсан учраас “100 хо­ног” төсөлд Н.Алтанхуягаар ах­­луулсан зөвлөл ажилдаа орлоо.

Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Эдийн засгийн зөвлөл долоо хоног бүрийн даваа гарагт мэдээлэл хийхээр товлож, өчигдөр анх удаагаа 100 хоногийн ажил эхэлсэн албан ёсны хурлаа хийлээ. Хүчин чадлыг нь нэмж, өнгөрсөн долоо хоногт ашиглалтад авсан Хөтөлийн цементийн үйлдвэрт түшиглэсэн хурал болсон хэдий ч цаашид авч хэрэгжүүлэх хэд, хэдэн ажил тодорхой болсон юм. Тухайлбал, Н.Алтанхуяг сайдын хэлж байсанчлан үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээ дэмжих, уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэг­дүүлэх, барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх, аймаг орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалт татах болон өмчийн эрх, татварын асуудалд анхаарал хандуулан ажиллах юм байна.

Дээрх асуудалтай хол­боо­тойгоор, Монголын бизне­сийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга, эдийн засагч Б.Бямбасайхан “10 тэрбум ам.доллартай байгаа эдийн засгийг хамгийн богино хугацаанд хэрхэн 20 тэрбум ам.доллар болгож өсгөх вэ гэдэгт тулгуурлан ажиллана. Харин Засгийн газрын ажлын хэсэг тусдаа ажиллаж байгаа. Тэд хийх ёстой  ажлаа гүйцэтгээл явна. Тиймээс бид бодлогын зөвлөмж өгч хамтран ажиллана” гэв. Гэхдээ тэд эхний ээлжид татвартай холбоотой хууль, эрхзүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг онцолсон юм.

Энэ үеэр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтоос  зарим асуултад хариулт авлаа.

-Орлогын албан татварын тодорхой хувийг буцаан олгох талаар яригдаж байна. Энэ ажил ямар шатанд байгаа вэ?
-1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай аж ахуйн нэгжийн жилийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох тухай хуулийг Засгийн газарт өргөн барьсан. Өнөөдрийн байдлаар УИХ-аар хэлэлцэж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч иргэний төлсөн татварын 20 хувийг буцаан олгох хуулийн төслийг хүргүүлсэн учраас ойрын үед хэлэлцэх байх. Хаврын чуулганаар татвартай холбоотой хэд, хэдэн асуудал шийдэгдэнэ хэмээн найдаж байна.

-Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл өргөн барьсан?
-Өнгөрсөн сарын 30-нд өргөн барьсан хууль. Энэ хуулийг багцлаад харвал дөрвөн томоохон асуудлыг шийдэхээр зорьж байгаа. Өнөөдрийг хүртэл өрийг хэрхэн авах вэ, хэн, хаана ямар хариуцлага үүрэх вэ гэдгийг шийдсэн багц зохицуулалт байгаагүй.
Тиймээс томоохон гурав, үүнээс гадна долоо, найман хуулиар зохицуулагдаж байгааг нэг хуулиар зохицуулдаг болох юм. Дараагийн томоохон асуудлын нэг нь орон нутгийг хөгжүүлэх асуудал. Тухайн орон нутаг өөрийгөө хөгжүүлэх зах зээлийн эх үүсвэр дутагдсан тохиолдолд тодорхой шаардлага хангавал санхүүгийн өр тавих асуудлыг дэмжиж байгаа. Одоогийн байдлаар орон нутгаас төсвөөс өөр дэмжлэг авах боломжгүй. Мөн хувийн хэвшил үйлдвэр барья гэхэд улсаас санхүүгийн баталгаа шаарддаг. Одоогийн хууль эрхзүйн орчноор бол Хөгжлийн банк, Засгийн газар хоёр баталгаа гаргах эрхтэй.
Харин шинэ хуулийн зохицуулалтаар бол хувийн хэвшил томоохон төсөл хэрэгжүүлэх тохиолдолд 85 хүртэл хувьд Засгийн газар баталгаа гаргаж өгөх боломжтой болсон. Тэгэхээр зөвхөн өрийн хязгаарыг өсгөх бус багцаар нь эдийн засаг нийгмийн байдалд тохирсон шаардлагатай арга хэмжээ авахад туслах хуулийн заалтууд оруулсан байгаа.

-100 хоногийн дотор хөрөнгө оруулалтыг өсгөх ямар гарц байгаа вэ?                                
-Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах асуудал чухал. Харин тэднийг татахын тулд, хэд, хэдэн асуудлыг хөндөх хэрэгтэй. Нэг нь стандартын асуудал. Өнөөдөр Монголчууд аливаа хөрөнгө оруулалтын асуудлыг хэрэгжүүлэхдээ олон улсын стандартыг хангадаг байх нь чухал.
Тэдгээрийн нэг жишээ нь Хөтөлийн цементийн үйлдвэр. Дараа нь үүсээд байгаа хүлээлтийг хурдан тайлах шаардлагатай. Энэ нь Засгийн газар, УИХ-аас гаргах шийдвэрээс шууд хамаарна. Ялангуяа, ашигт малтмал, уул уурхайн эрхзүйн орчинтой холбоотой шийдвэрүүд хүлээгдэж байна.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан