Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Өнөрболд: Эхний ээлжийн барилга барих газрыг бүрэн чөлөөлсөн

Гэр хорооллын хөгжлийн газрын хяналт мониторингийн хэлтсийн төсөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Өнөрболдтой ярилцлаа.

-Гэр хорооллыг да­хин төлөвлөх ажил ямар шатандаа байна вэ. Хэч­нээн компани барил­гын ажлаа эхлүүлсэн байгаа вэ?
-2013 оноос гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах ажил эхэлсэн . Эхний ээлжинд 12 байршилд 16 компани гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах батламж авсан бол сүүлд зургаан компани нэмэгдээд байна. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд “Grand line”,  наймдугаар хороо Батлан хамгаалахын Их сургууль орчимд  “Баганат өргөө”, “Гангар инвест”, 13,14 дүгээр хороонд “Бүрд”, “Моннис”, “Бэрэн”, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд “Цэлмэг Ази”, долдугаар хороолол орчимд “Заг”, “Бэрэн”, “Асар-Өргөө”, Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хороо буюу Хайлааст орчимд “Асар өргөө”, “Буурал сутай”, Сонгинохайрхан дүүргийн 5,6,7 дугаар хороо буюу Ханын материалд “Жи Ди”, “Тера холдинг”, Чингэлтэй дүүргийн долоо, найм, ес аравдугаар хороонд “Өндөр буянт” компани ажлаа эхлүүлээд байна. Эдгээр компани зураг төслөө гаргаад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулсан. Мөн олонхи нь инженерийн шугам сүлжээний зургаа батлуулаад байна. Зураг төслийн ажилтай зэрэгцээд газар чөлөөлөх ажлууд ч эхэлсэн. Одоогоор “Гангар инвест”, “Баганат-Өргөө”, “Бэрэн”, “Асар-өргөө”, “Буурал суутай”, “Цэлмэг Ази” компани барилгынхаа суурийн ажилд ороод байна.

-Хамгийн том асуудал нь газар чөлөөлөх шүү дээ. Газраа бүрэн чөлөөлж, айлуудтайгаа тохиролцож чадсан уу?
-Газар чөлөөлөх ажил дажгүй яваа шүү. Дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар 441 айл газраа чөлөөлж өгсөн. Үүн дээр “Бүрд”, “Моннис” компани тус бүр 60 айлын газрыг тохиролцож авч чадсан. Тэгэхээр 500 гаруй айл газраа чөлөөлсөн гэсэн үг. 250 айлыг нь түрээсийн байранд оруулсан. Цөөн тооны айл худалдах, худалдан авах гэрээгээр буюу бэлэн мөнгөөр газраа зарсан. Бусад нь ах дүү танил талынхаараа байна. Эхний ээлжийн барилга барих газрыг бүрэн чөлөөлсөн гэж ойлгож болно

-Гурван талт гэрээ хийх ёстой ч нэг хэсэг хүлээгдээд байгаа дуулдсан. Одоо иргэдтэй гурван талт гэрээ­гээ хийгээд дууссан уу?
-Газраа чөлөөлсөн айлуудтай гурван талт гэрээ хийсэн. Дээр нь ирэх онд газраа чөлөөлөх айлуудтайгаа ч  гурван талт гэрээ байгуулж байгаа.

-Жишээ нь “Бүрд” компани гэхэд 26 давхар орон сууц бариад ирэх оны гуравдугаар улиралд ашиглалтанд оруулна гээд иргэдтэй гэрээ байгуулсан байдаг. Жилийн хугацаанд ийм өндөр барилга барьж амжуулна гэдэг эргэлзээтэй биз дээ?
-Хөрөнгө оруулалтынх нь асуудал шийдэгдсэн л бол ашиглалтанд оруулах боломжтой. Тухайлбал, “Заг” компани 2015 онд 1300 айлын орон сууц ашиглалтанд оруулна гэж төлөвлөсөн. Энэ нь барилгын технологийн хувьд боломжгүй зүйл биш. “Бүрд” компанийн тухайд эхний ээлжинд ашиглалтанд оруулах барилга нь 26 давхар биш 9, 16 давхар. Газар чөлөөлсөн айлуудаа эхний ашиглалтанд орох байрандаа оруулна.

-Барилгын ажил удаашрах вий гэх хардлага газраа чөлөөлсөн иргэдэд байгаа байх?
-Айлыг нүүлгээд байраа ашиглалтанд оруулах хүртэлх хугацааны бүх зардлыг төсөл хэрэгжүүлж байгаа компани хариуцна. Өөрөөр хэлбэл газраа чөлөөлсөн 500 айлын байрны түрээсийн мөнгийг компаниуд төлж байгаа юм. Тэгэхээр аль болох барилгаа хурдан ашиглалтад оруулаад айлуудаа оруулахгүй бол тэр хэрээр түрээсийн төлбөр нэмэгдэнэ. Богино хугацаанд байраа барих санхүүгийн шаардлагатай болохоор нэ­мэлт зардал гаргахгүйн тулд цаг хугацаанд нь барина байх.

-Бэлэн мөнгөөр биш газрын оронд өгч байгаа гэдэг утгаараа хямд төсөр материалаар баригдсан барилга байх вий гэж эмээх нэгэн ч бий. Энэ тухайд?
-2014 онд нийтдээ 4700 орчим айлын орон сууц барих төлөвлөгөөтэй. Барилга тал талын хяналт дор баригдана. Гэрээний хэрэгжилтэнд Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар, чанар стандартад мэргэжлийн хяналтын байгууллагууд, нийгмийн  болон инженерийн дэд бүтцийн асуудалд захиалагч гэдэг утгаараа нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналтаа тавиад ажиллана.

-Эдийн засгийн байдал, валютын ханшийн өсөлтөөс үүдэн хүндрэл учрахыг үгүйсгэхгүй биз дээ?
-Барилгын материалын үнэ өсөөд байна. Үүнээс үүдэн санхүүгийн асуудал тулгарч мэднэ. Гэхдээ одоогоор яг ноцтой асуудал үүсч, тулгарсан хүндрэл алга. Компаниуд эхний ээлжийн барилгынхаа санхүүжилтийг бүрэн шийдсэн. Харин эдийн засаг энэ хэвээрээ байх юм бол ирэх оны санхүүжилтийг яах вэ гэдэг асуудал гарна. Шууд эрсдэл гэж ойлгож болохгүй. Бид гарах арга замыг эрэлхийлээд л явна шүү дээ.

-Төсөл яг хэзээ дуусах билээ?
-Нэгж талбар,  га талбайгаас хамаараад өөр өөр хугацаанд үргэлжилнэ. Бага талбайтай байршлын ажил 2017 онд дуусна. Харин сүүлийн төслүүд 2020, 2021 онд дуусна гэж тооцсон. 

-Явцын дунд дахин төлөвлөлт хийх компани нэмэгдэх болов уу?
-Нэмэгдэх байх. Дахин төлөвлөх ажлыг төрийн байгууллага болон иргэд өөрсдөө санаачилж болно.  Одоо нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнөөс санал болго­сон газруудыг  НИТХ дахин төлөвлөлтийн байршил болгон баталж байгаа. Яваандаа төсөл хэрэгжүүлэгч компаниуд болон иргэд өөрсдөө санаачлаад газраа барилгажуулахаар төлөвлөөд оруулж ирж болно.

-Иргэдийн зүгээс гомдол санал хэр гарч байх юм бэ?
-Анх хоёр талт гэрээ хийх үед үнэлгээ төлбөрийн асуудалд маш их гомдол гарч байсан. Одоо иргэдийн мэдээлэл харьцангуй сайжир­сан. Компаниуд гэрээгээ хийсэн болохоор гомдол санал багассан.

-Гэр хорооллыг орон сууцжуулбал усны нөөц шавхагдана гэдэг. Дээрх төслүүд хэрэгжээд дуусахад дэд бүтцийн хүрэлцээ хангамж ямар байх вэ?
-Зөвшөөрөлгүй орон сууц барьснаас дулаан нь хүрэхгүй, ус нь болохгүй гэх асуудал гараад байдаг. Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа  бүх орон сууцанд дэд бүтцийг нарийн төлөвлөөд техникийн нөхцөлийг нь гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл бүх дэд бүтцийн хэрэгцээг нь тооцоолж байж зөвшөөрлийг нь өгч байна. Хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлагатай газруудад шугам хоолой өргөтгөх, хуваарилах байгууламж шинээр бариад явна.

-Тухайлбал?
-Дамбадаржаа, Баянхо­шууны орчимд цэвэрлэх байгууламж шинээр барьж байна. Баянзүрх дүүрэг, Дам­бадаржаа, Хайлааст, гэсэн байр­шилд дулааны шу­гам хүрэлцээгүй учраас бие даа­сан дулааны шийдэлтэй байхаар техникийн шийдэл гаргасан.

-Дахин төлөвлөлтийн байр­­шилд сургууль цэцэр­лэ­гийн асуудлыг давхар ший­дээд явна гэсэн. Одоо эхлүүлсэн  сургууль цэцэр­лэгийн барилга байна уу?
-Тухайн орчны хүн амынх нь тооцоонд тохируулж сур­гууль цэцэрлэг байгуулна. Энэ онд гэхэд нэлээд хэдэн цэцэрлэгийн ажил эхэлнэ. Тухайлбал, Ханын материалд 280 хүүхдийн цэцэрлэг, Хайлааст орчимд 72, 49 дүгээр сургууль, 102 цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөл хийнэ. Мөн Сүхбаатар дүүргийн долдугаар хороололд 960 хүүхдийн сургууль цэцэр­лэгийн цогцолбор, Батлан хамгаалахын их сургуулийн орчимд цэцэрлэг барина. Энэ онд ажил нь эхлээд 2015 онд ашиглалтад орох цэцэрлэг нэлээд хэд бий. Дийлэнх байршилд 2015 оны намар гэхэд цэцэрлэг сургуулийн  хүрэлцээтэй байхаар тооцсон. 
0 Сэтгэгдэл
чд 9-р хорооны иргэд дахин төлөвлөлтийн ажил зогссон байна гэж ойлгосон шүү дээ энэ талаар тодруулж өгнө үү хийвэл хийгээд хурдан дуусгах хэрэгтэй байна шүү дээ
Хамгийн их уншсан