Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тээврийн хэрэгслийн татвараа төлөх гэсэн иргэд банкны үйлчилгээнд сэтгэл дундуур байна

Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр болон энэ жил шинээр нэмэгдсэн зам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байна. Татвар, төлбөр хураах эхний шат энэ сарын 31-нд дуусна. Өөрөөр хэлбэл хуулийн хугацаа дуусахад ес хоног үлдсэн гэсэн үг.

Харин энэ хугацаанд татвар төлбөрөө төлөөгүй бол нөхөн төлүүлэх, хариуцлага тооцох хяналтын арга хэмжээг зургадугаар сарын 10-24-нд авна гэдгээ албаныхан мэдэгдэж байгаа. Аливааг цаг тулгаж хийдэг нь монголчуудын зан юм хойно татвар хураалтын хуулийн хугацаа дуусах дөхөхийн хэрээр нэг цэгийн үйлчилгээний төвийн ачаалал нэмэгдэх болжээ.
Иймд энэ сарын 1-ээс эхлэн дүүргүүдийн оношилгооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээг уртасгасан цагаар буюу  09:00-19:00 цагийн хооронд ажиллуулж, тоог нь нэмэгдүүлэн нийт 25 байршилд татвар, төлбөр хураах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж. 

Бид  Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо “АСА” циркийн өргөтгөлд байрлах нэг цэгийн үйлчилгээг онцлон сурвалжлахаар очсон юм. Олон хүн орж гарч, машин багширснаас нь энд татвар хурааж байгаа бололтой хэмээн гадарлахаас бус гаднаа өлгөсөн хаяг, байсангүй. Дотор нь орвол ёстой л түм түжигнэнэ гээч болж байв. Цонх бүрт олон хүн дугаарлан шавжээ. Тээврийн хэргслийн бүртгэл, даатгалын хэсэг арай цөөн хүнтэй харагдана. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрээ татвар төлсөн гэх тэмдэглэгээ хийлгэхийн тулд давчуу шилэн хаалттай өрөөнд иргэд пиг дугаарлажээ. Энд дугаарлах хүмүүсээс хэр чирэгдэлтэй байгааг  лавлахад “Банкинд мөнгө тушаах гэж хамаг цагаа барчихлаа. Тэмдэглэгээ энэ тэр хийлгэх нь асуудалгүй. Банкинд дугаарлах гэсэн том давааны дэргэд юу ч биш” гэцгээж байв. Тээврийн хэрэгслийн татвар, төлбөрөө Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд тушаах ёстойгоос нэг цэгийн үйлчилгээнд байрлах банкны салбар цаг гарздах хэргийн эзэн болж таарав.

Энд байрлах банкны салбараар ороход мөн л олон хүн өөрийн ээлжийг хүлээж буй бололтой бухимдангуй царайтай харагдана. Арга ч үгүй биз, автомат машинаас авсан дугаар нь даруй 200 гаруй хүний дараа болохоор...
Ээлжээ хүлээх иргэд “Эндээс өөр газарт төлж болохгүй. Заавал энд төл гээд байх юм. Олон салбартай банкаар төлбөр татвараа авч болохгүй байсан юм уу”, “Зөвхөн банкинд дугаарлаад гурван цаг боллоо. Одоо хэр удахаа мэдэхгүй байна”, “Мөнгөө л төлчихвөл эндээс гараад бусад асуудал нь гайгүй юм шиг байна” гэцгээж байв.

Авто тээврийн үндэсний төвийн энэ салбарын дарга н.Энхцэцэгээс явц байдлын талаар тодруулах гэсэн боловч  дээд газраас зөвшөөрөл авах ёстой гээд татгалзсан юм. Иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд нэг цэгийн үйлчилгээний тоог нэмж, ажиллах цагаа уртасгаад ч цаг шаардсан чирэгдэлтэй  хэвээр байгаа нь энэ. Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажлын талаар зарим иргэний сэтгэгдлийг сонирхсон юм.

С.Зоригтбаатар:

-1900 төгрөг тушааж ир гэнэ. Хаана тушаах вэ гэхээр дуугарах хүн алга. Банкинд нь тушаах байх гээд очихоор дугаар нь дийлдэхгүй юм. Учрыг нь олохгүй юм байна. Мань мэт шиг хүний толгой эргэхээр л санагдаж байна.
-Зам ашигласны төлбөрийн тухайд?
-Би юугаа мэдэх вэ. Авах юм байвал авдаг л юм байгаа биз. Гол нь жаахан эмх цэгцтэй, учир начиртай байвал болох гээд байна. Энд тэндгүй хүн шавчихсан. Хаанаас нь эхэлж дугаарлах, яах учир нь олдохгүй төвөгтэй юм.

н.Отгонцэцэг:

-Яахав дээ. Банкнаас бусад нь гайгүй л байх шиг байна. Миний банкны дугаар 180 хүний дараа. Хүлээгээд л сууж байна. Татвар төлөхөд дор хаяж 4-5 цаг хэрэгтэй юм байна. Тэгэхээр жолооч нарт ардах ажлаа зохицуулаад ирээрэй гэж хэлмээр санагдлаа. Зам ашигласны мөнгө авах нь зөв  байх. Суудлын тэрэг бол 20 мянга орчим төгрөг төлөх юм шиг байна. Зарим хүнд их мөнгө л дөө. Гэхдээ зам ашиглаж байгаа нь үнэн юм чинь төлөх нь зүйтэй л гэж бодож байна. Би саяхан машин авсан болохоор татвар, төлбөрийн талаар нарийн сайн мэдэхгүй байна.

н.Гантулга:

-Би 10:30 цагт ирсэн. Одоо 13:00 цаг болж байна. 100 гаруй хүний дараа банкны дугаар маань болно. Дахиад хэдэн цаг болохоо мэдэхгүй байна. Өнөөдөр мэдээлэл технологи хөгжчихөөд байхад иймэрхүү чирэгдэл учруулж байгаа нь утгагүй.  Дандаа ажилтай хүмүүс байгаа нь тодорхой. Цаг бол хамгийн үнэтэй зүйл. Ажлаа алдаад хамаг цагаа банкинд дугаарлаад өнгөрөөнө гэдэг чинь өнөө үед байж боломгүй санагдах юм.  Хэрэв дансны дугаар өгчих юм бол мобайл банк ашиглаад гар утаснаасаа шилжүүлээд л болно. Тиймэрхүү зохион байгуулалтын юм дутагдалтай санагдлаа. Заавал Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд тушааж, тамгатай баримтыг нь аваад ир гээд  байх юм. Ядаж байхад энэ банк нь ойрхон өөр салбаргүй юм билээ.
 Зам ашигласны төлбөрийг харин дэмжиж байна. Би зөвхөн тээврийн хэрэгслийн албан татварт 82 мянган төгрөг тушаалаа. Нэмэлт төлбөртэйгээ нийлээд 120 мянга гаруй төгрөг болж байх шиг байна. Өнөөдөр Улаанбаатарт хэчнээн тээврийн хэрэгсэл байгаа билээ.. Тэгэхээр товчоон дээр зам ашигласны төлбөр гэж авахгүй, нийт тээврийн хэрэгслээс жилдээ нэг удаа ингээд авчих нь зөв л дөө. Хотын автозам сайжирвал бидэнд л сайхан шүү дээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан