Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Дэлгэрцогт: Ойрын үед эрчим хүчний үнийг чөлөөлж, зохицуулна
“Монголын эрчим хүч-2014” олон улсын хурал, үзэсгэлэн өчигдөр Улаанбаатарт эхэллээ. Уг хурлаар манай улсын эрчим хүчний өнөө ба ирээдүй, өрсөлдөх чадвар зэрэг олон асуудал хөндөн ярилцаж байна. Хурлын үеэр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогттой ярилцлаа.

-Эрчим хүчний салбарт хувьчлал хийх тухай яригдаж буй. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ асуудалд бид их болгоомжтой хандаж байгаа. Эрчим хүчний салбар маань төрийн өмчит компаниуд  гэхээс илүү нэг систем юм. Тухайлбал, үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч компаниуд нийлж байж нэг цогц систем үүсгэдэг. Тэгэхээр эднийг салгахад бизнесийн харилцаа талаасаа их хүндрэлтэй. Иймд хувьчлах гэхээс урьтаж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын томоохон цахилгаан станц байгуулах замаар эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэхэд  хувийн хэвшлийг оролцуулах чиглэл баримталж байна. Өнөөдөр яриад байгаа Таван толгой, “ТЭЦ-5” цахилгаан станц хувийн хэвшлийн хөрөнгөөр ашиглалтад орвол манай улсын нийт эрчим хүчний системийн 40 хувийг эзэлнэ. Энэ хоёр цахилгаан станц тус бүр 450 мВт хүчин чадалтай байх юм. Ийм учраас төр, хувийн хэвшлийн эрчим хүчний салбарт эзлэх хувь хэмжээ өөрчлөгдөнө. Түүнээс биш одоо ажиллаж байгаа эх үүсвэрийг хэсэгчилж хувьчлах бодлого байхгүй.

-Гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг эрчим хүчний салбарт татах боломж бололцоо хэр байдаг юм бол?
-Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт орж ирэхэд манай эрчим хүчний салбарт нэг асуудал бий. Тэр нь, нэг килоВатт цахилгааны үнэ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид цахилгаан станц бариад бүтээгдэхүүнээ Монгол Улсын эрчим хүчний системд нийлүүллээ гэхэд ямар үнээр худалдаж авахыг сонирхдог. Мөн найдвартай худалдан авагч мөн үү, хэдий хугацаанд авах вэ гэдэг.   Иймд манай улс эрчим хүчний үнийг харьцангуй чөлөөтэй болгох, харилцан ашигтай түвшинд хүргэхэд анхаарах шаардлага бий.

Манай цахилгаан станцууд олон жил ажиллаж хуучирсан.  Тиймээс уул уурхайн томоохон үйлдвэрлэлийг эрчим хүчээр хангаж чадахгүй байна. Тухайлбал, Оюу толгой шиг дэлхийн түвшний уурхай  тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллагаа шаарддаг. Энэ нь дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн чанар стандарт хангасан эх үүсвэр хүсч буй хэрэг юм. Иймд Таван толгой ордод цахилгаан станц барих гэж байна.  Уг станцад гадаадын хөрөнгө татна. Үүнд Франц, Япон, Солонгосын эрчим хүчний компаниуд хөрөнгө оруулах санал өгч хөрөнгө оруулах гэрээ хэлцэл хийж байгаа юм. Энэ цахилгаан станцын ажлыг эхлүүлэхийн тулд “Чингис бонд”-оос тодорхой хэмжээний хөрөнгө зарж төслийн нэгж ажиллуулж байна. Тэгээд гадаадын хөрөнгө босгож ирж байгаа.

-Эрчим хүчний үнэ чөлөөлөх тухай ярьж байна. Яг хэзээ ямар,  хэрхэн зохицуулж чөлөөлөх вэ?
-Нэг киловатт цахилгааны үнийн талаар олон улсын түвшинд ч дотоодод ч судалгаа хийсэн. Эрчим хүчний үнэ тариф үйлдвэрлэж буй цахилгаан станцын техник, технологийн нөхцөлөөс  ихээхэн хамаардаг.
Манай эрчим хүч үйлдвэрлэгчдийн ихэнх нь хуучирсан өндөр настай. Иймд Засгийн газраас жил бүр татаас өгдөг. Одоо эрчим хүчний үнэ тарифын олонлог үүсгэх бодлого баримталж байна. Өөрөөр хэлбэл зохистой хэрэглээг илүү урамшуулж  зохисгүй хэрэглэгчид  хатуу хандаж өндөр үнэ тогтооно. Жишээ нь, өвлийн оргил ачааллын үед мөрдөх тусгай тариф тогтоох зэрэг арга хэмжээ авна. Дээр нь уул уурхай, аж үйлдвэр, үйлчилгээний газар, ахуйн хэрэглэгч гэсэн  шинж чанарыг нь харгалзан үзэж үнэ тогтооно. Ингэж ялгавартай үнэ тогтоож ард иргэдийн нуруунд ачаалал үүрүүлэхгүй байх хэлбэрээр үнийн олонлог үүсгэнэ. Ойрын үед ийм аргачлал хийхээр хичээж байна. Яагаад гэвэл эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөнд энэ чиглэлийн үүрэг даалгавар тусгасан. Урьд нь үнэ чөлөөлөх тухай нэлээд ярьж ирсэн. Гэвч ард иргэдийн амьжиргаанд нөлөөлөх тул удааширсан юм.

-Олон улсын эрчим хүчний энэ хурлын гол зорилго, ач холбогдлыг юу гэж дүгнэж байна вэ?
-“Монголын эрчим хүч-2014” олон улсын хурал хоёр дахь удаа болж байна. Үүнээс гадна Чингисийн талбайд манай улсын эрчим хүчний болон гадаадын  компаниуд үзэсгэлэн гаргалаа. Энэ арга хэмжээнд манай эрчим хүчний салбарт ажиллаж байгаа төрийн өмчит 49 компани, 13 орны  төлөөлөгч оролцож байна. Хурлын гол зорилго нь олон улсын судалгаагаар Монгол Улс эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээ нь ямар түвшинд байгааг хэлэлцэх юм. Хуралд таван төрлийн илтгэл хэлэлцүүлнэ. Хамгийн гол илтгэл нь  “Монгол Улсын эрчим хүчний өрсөлдөх чадвар” нэртэй.
Тэгээд үүнд үндэслээд өнөөгийн нөхцөл байдал, одоогийн суурилсан хүчин чадлаа ямар арга замаар хэрхэн дээшлүүлэх, технологийн шинэчлэл хийх, хамтарч ажиллах боломжоо  хөрөнгө оруулагч түншүүдэд танилцуулж буй юм.  
Үүнээс гадна хэлэлцүүлгээс гарах санаа оноог тусгасан цаашдын чиглэлээ тодорхойлно. Бидний судалгаагаар Монгол Улсын эрчим хүчний хэрэглээг өргөн цар хүрээтэй авч үзэх шаардлагатай байна. Яагаад гэвэл манай улс дэлхийн эрчим хүчний хамгийн том хоёр хэрэглэгчийн дунд оршдог. Манай улс хүн ам цөөн, эрчим хүч үйлдвэрлэлийн түүхий эдийн асар их нөөцтэй. Тухайлбал нүүрс, нар, салхи, уснаас  эрчим хүч гаргаж авах боломжтой юм. Үүнийгээ ашиглаж хөгжлийн гол түлхүүр болсон эрчим хүч үйлдвэрлэж дотоодын хэрэгцээнээс гадна хөрш орнуудад экспортлох зорилго агуулж байна. Өнөөдөр дэлхий нийтээр үндэстэн дамнасан эрчим хүчний сүлжээ байгуулж эхэлсэн. Үүнд бас нэгдэх зорилготой юм.

-Эрчим хүчний салбар  өнөөдөр ямар байгаа бол. Цаашид хэрэгжүүлэх томоохон төслүүд юу байна вэ?
-Манай орон өнөөдөр эрчим хүч импортлогч. ОХУ, Хятадаас нийт хэрэглээнийхээ долоон хувийг авдаг. Дотоод хэрэглээгээ бүрэн найдвартай хангах эхний алхмаа хийж байна. Өндөр чадлын хэд хэдэн цахилгаан станц барина. Жишээлбэл, “ТЭЦ-4” 123 мВт-аар өргөтгөж энэ онд ашиглалтад оруулах юм. Мөн “ТЭЦ-3”-ыг 50 мВт-аар өргөтгөөд энэ сард хүлээж авна. Дээр нь “Амгалан дулаан станц”, Таван толгой, “ТЭЦ-5”, Эгийн голын усан цахилгаан станц, Баруун бүсийн 60 мВт-ын, Тэлмэний  цахилгаан станц барих  ажил эхлээд байгаа.   Цаашид  хүчин чадал өндөр цахилгаан станцууд байгуулахаар төлөвлөсөн. Багануурын уурхайг түшиглэж 700 мВт-ын цахилгаан станц барих юм.   Үүнээс үзэхэд манай дотоод хэрэглээ найдвартай болно. Шанхай хотын олон улсын уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож байгаа. Бас Санктпетербургийн уулзалтад Ерөнхий сайд оролцохоор явсан. Эрчим хүчний сайд БНХАУ-д айлчилна.  Тэгэхээр Монгол Улсын  төрийн бодлогод  эрчим хүчний маш чадалтай эх үүсвэр барих зорилт бий. Ингээд  Азийн эрчим хүчний супер сүлжээнд холбогдож бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж бүрдэж буй юм.
Жишээ нь, сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглахын тулд “Гоби тек” гэдэг санаачлага гаргасан. Үүний судалгааны ажлыг  их өргөн хүрээнд хийлээ. Уг санаачилгад манай улсаас гадна Орос, Хятад, Солонгос  гээд Зүүн хойд Азийн бүс нутгийн орнууд хамрагдаж байна. Эдгээр орон Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахаар ярьсан. Манай оронд давуу тал бий. Бид эрчим хүчний нөөцөө ашиглаж эх үүсвэр барихад эрчим хүчний зах зээлийн өрсөлдөгч орон бус, харин бүс нутагтаа илүү тааламжтай нөхцөл бүрдүүлнэ. Төрөөс ийм бодлого барьж байгаа юм.

-Та сая олон цахилгаан станц барина гэлээ. Хамгийн эхэнд ойрын хугацаанд ашиглалтад орох ямар цахилгаан станц байна вэ?
-Ер нь, “ТЭЦ-4”, “ТЭЦ-3”-ын өргөтгөл шинэ цахилгаан станцуудын хүчин чадлаас өндөр юм. Жишээлбэл Дорнод, Эрдэнэтэд ажиллаж буй бие даасан цахилгаан станцаас хүчин чадлын хувьд илүү. Энэ хоёр цахилгаан станцын өргөтгөл ажилд ороход одоогийн нийт хүчин чадлын  20 хувьтай тэнцэнэ. Иймд 2018-2020 он хүртэл дотоодын эрчим хүчний хэрэглээгээ харьцангуй найдвартай хангах боломж бүрдэнэ. Тэгээд дээр нь бусад цахилгаан станц ашиглалтад орохоор эрчим хүчээр айлтгүй болно.

-Манай улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа. Одоогоор хэдий хэмжээнд хүрээд  байна вэ?
-Нэг цагт зургаан сая килоВатт эрчим хүч хэрэглэж байна. Жилийн хэрэглээ ес орчим хувиар тогтмол өсч байгаа юм.

-Эрчим хүчний инженерүүдийн холбооныхон Монгол Улс эрчим хүчний хямралд орсон. Иймд “ТЭЦ-5”-ыг  ойрын хугацаанд ашиглалтад  оруулах ёстой гэлээ. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Ер нь, бид хямрал, хомсдол гэдэг үгийг янз бүрийн хэлбэрээр ашиглаад сурчихаж. Эрчим хүчний салбарт хомсдоод, хямарсан зүйл байхгүй. Тогтвортой ажиллаж байна. Улаанбаатар хотод тодорхой хэмжээнд цахилгааны хязгаарлалт хийдэг.  Одоогоор нийслэлд 2000 гаруй өрх цахилгаангүй байна. Тэд бол зориулалтын бус бүсэд зөвшөөрөлгүй буусан юм. Эсвэл оршин суугаа газартаа бүртгэлгүй байдаг.
Жил бүр ес орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж  Улаанбаатар хотын захын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулдаг. Хүчдэл нь дутагдалтай 4000 гаруй өрхийн цахилгааныг жилд сайжруулж байна. Олон улсын судалгаагаар цахилгааны ахуйн хангамжийн хувьд өрсөлдөх чадвар тийм ч муу биш. Цахилгааны хязгаарлалт хийдэг нь суурилагдсан хүчин чадалдаа технологийн ээлжит засвар үйлчилгээ  хийж байгаатай холбоотой.  Харин одоо шинэ эх үүсвэрүүдээ хурдан ашиглалтад оруулах шаардлага бий. Учир нь эрчим хүчний эх үүсвэрүүд маань  хуучин тоноглол ашиглаж буй тул хүний хүчин зүйлээс хамаарахгүй гэнэтийн  эвдрэл, осол гарах магадлал өндөр юм. Гэвч бид үүнээс сэргийлэх арга хэмжээ авч байгаа юм. Нэг ёсондоо манай эрчим хүчний салбарт ажиллаж буй чадварлаг, инженер техникийн ажилтнуудын хүчээр нь ажиллаж байна гэсэн үг. 

-Цахилгаан станц, нүүрсний уурхайн хооронд үүссэн өрийг хэрхэн шийдэж байна вэ?
-Одоо нүүрсний уурхайнуудад он дамнасан урт хугацаатай өр байхгүй. Түр зуурын хэдэн сарын л өр төлбөр бий. Өнгөрсөн онд эрчим хүчний салбарт Монголбанк 80 тэрбум төгрөгийн зээл  санхүүжүүлсэн. Уурхайнуудад ч бас энэ мөнгөнөөс олгосон.  

-Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр манай улс дэлхий хаана явна вэ?
-Дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд анхаарч байна. Өндөр хөгжилтэй орнууд энэ чиглэлийн технологи нэвтрүүлж эхлээд байгаа. Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний нөөцдөө тулгуурлаж нэлээд суурь судалгаа хийсэн. Улмаар “Гоби тек” санаачлага дэвшүүлж  бүс нутагтаа эрчим хүч нийлүүлэхээр төлөвлөж  буй юм. Барууны орнууд Африкийн хойд хэсгийг хамарсан “Диссерт тек”, европын хойд хэсэгт “Си тек” гээд сэргээгдэх эрчим хүчний том сүлжээ үүсч байна. Хятадын манай улстай хил залгаа нутагт бас томоохон сүлжээ үүсч эхэлсэн. Иймд бид өндөр чадлын сэргээгдэх эрчим хүчний станц барьж бүс нутгийнхаа сүлжээнд нэгдэхийг  хүсч буй юм.
Одоогоор манай улсад Салхитад 50 мВт-ын салхин цахилгаан станц ашиглалтад ороод байгаа. Гэвч үүнд нэг килоВатт цахилгааны үнэд тарифын хүндрэл учирсан асуудал бий.  Бид хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулахгүй талаас нь шийдэх алхамаа шат дараатай хэрэгжүүлж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан