Эдийн засгийн “лагшин” чилээрхүү ихээхэн хүнд байгаа тухай эхэс дээдсээс аваад энгийн номхон ард хүртэл ам уралдан ярьж байна. Уул уурхайн салбар “сэхээнд” орж гадны хөрөнгө оруулагчид гар татах болсон нь цөөхөн монголчууд хэдэн үеээрээ төлж дийлшгүй өрөнд орж өттэй ямаа шиг “турж эцэх” шалтгаан болсон. Туйлдаж эцсэн эдийн засгаа тулж босгохоор Засгийн газраас элдэв бонд гаргаж ихээхэн өр зээлд баригдаж эрсдэл үүрсэн ч бахь байдгаараа. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал уул уурхай, импортоос хэт хараат байгаа нь бүсээ чангалахад хүргэсэн гэж болно.
Бүх нийтээр бүсээ чангалж буй энэ цаг үед эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлнэ хэмээн элдэв төсөл, төлөвлөгөө боловсруулж асуудлаас гарах арга зам сүвэгчилж “амь тариа” эрэлхийлж байна.
Эдийн засгийг ид шидтэн мэт гурван сарын дотор өөд татна гэдэг үнэндээ мөрөөдөл төдий болов уу. Бүсээ чангалах өдөр ирнэ хэмээн бэлтгэлтэй байх ёстой ч нөөц төлөвлөгөөгүй учир нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа нь дээр дурдсан эрчимжүүлэх ид шидийн мөрөөдөл.
Дэлхийн улс орнууд ийм эрсдэлд өртөхгүйн тулд утаагүй үйлдвэрлэл хэмээгдсэн аялал жуулчлалын салбараар амь тариа хийж, эдийн засгийн жигд хөгжлийг илүүд үзэх болж.
Дэлхий даяар жил тутам тэрбум гаруй хүн өөр улс орнуудаар жуулчилж аялал жуулчлалын салбарт 200 гаруй сая хүн тогтмол ажиллаж байна. Дэлхийн зургаан хүн тутмын нэг нь хэрэглэгч болдог энэ салбарын нийт орлого жилдээ нэг триллион буюу өдөрт гурван тэрбум ам.доллараар хэмжигдэх болсон нь өөр ямар ч үйлдвэрлэлтэй харьцуулашгүй өргөн цар хүрээг бий болгож байгаа юм. 2000 оноос хойш дэлхийн хэмжээнд жигд хурдаар өсөн нэмэгдэх болсон энэ салбар өдгөө яахын аргагүй олон улсын тэргүүлэгч үйлдвэрлэл болон тодорлоо.
Аялал жуулчлал нэг талаас хувь хүний амралт, чөлөөт цагаа өнгөрөөж буй хэлбэр мэт боловч дээр өгүүлсэн сая сая жуулчдад зориулагдсан үйлчилгээг зах зээлд бий болгож эхэлсэн юм. Энэ нь яваандаа хүний ая тухыг хангах, амралтаа өнгөрөөх нөхцөл боломжийг санал болгодог асар том салбар болон өргөжсөн бөгөөд өдгөө олж буй орлого, татвар, ажлын байр, нийт хамрагдаж буй зах зээлийн цар хүрээгээр зүй ёсоор үйлдвэрлэл хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд байна.
Манай улсын хувьд аялал жуулчлалын салбарт аль байдгаараа анхаарч байгаа мэт боловч бодит үр дүн бүхий бүтээн байгуулалтын шинжтэй зүйл хийх нь хомс байна. Нэг ёсны дэд бүтцээ хөгжүүлэлгүй хэдэн жуулчин авчрах тухайд хэт анхаарч байгаа нь саваа бэлдээгүй сааль хураахтай адил.
Мөн хууль эрхзүйн орчин гэх үндсэн хөрс, суурь нь ч бүрэн бүрэлдээгүй байна. Зах зээлд шилжсэнээс хойш энэ салбарын хууль эрхзүйн орчинд анхаарал хандуулалгүй хэт задгай орхисон нь үйлчилгээний чанар муудах үндсэн шалтгаан болсон гэж болно. Аялал жуулчлал гэдэг нь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой хариуцлагатай үйлчилгээ. Иймд төрөөс тавих хяналт чанга хатуу байх нь зөв. Энэ салбарт мэргэшсэн байгууллага ажиллахгүй бол хэн дуртай нь хэдэн жуулчин суулгаж аваад тоос татуулан давхиж, хоол унд, хөтөч хийхийг жуулчлал гэхгүй л болов уу. Үүнээс болж аялал жуулчлалын салбарт ажиллаж буй хувь хүмүүс Монголоор нэг бүртгэлгүй жуулчид дагуулан хэрэн хэсүүчилдэг.
Өнөөдөр Монголын аялал жуулчлалын салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 700 орчим компани, аж ахуй нэгж байгаа бөгөөд ихэнх нь жижиг, дунд буюу жилийн 50-350,000 ам.долларын ашигтай, улирлаас хамаарч ажилладаг. Энэ нь санхүү, маркетинг хийгээд хүний нөөцийн хувьд компаниуд бүрэн хөл дээрээ зогсох боломжийг хомсдуулж байгаа гол хүчин зүйл. Жуулчны баазууд гуэст хаус, зочид буудлууд ч мөн л бизнесийн хувьд тогтвортой биш, үндсэндээ дийлэнх нь 11 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл амиа аргацаасан үйл ажиллагаа явуулдаг. Ихэнх баазууд зээл авч байж ирэх жилийнхээ бүтээн байгуулалтыг өрнүүлдэг. Энэ нь салбарын өрсөлдөх чадамжийн байдал хангалтгүй байгаа ба бидэнд бодлогын хамгаалал, бизнесийн бодит дэмжлэг нэн хэрэгцээтэй байгааг илтгэнэ.
Энэ нь албан ёсны бүртгэлтэй, стандарт хангасан байгууллагуудынх нь үйлчлүүлэгч багасч мэргэшсэн үйлчилгээ үгүй болох шалтгаан болдог. Мэргэжлийн бус хүн л мэргэжлийн бус байдаг учир ирсэн жуулчдын сэтгэл ханамжгүй буцдаг.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 2013 онд гаргасан судалгаагаар манай улс жуулчдад халтай арван орны нэгээр шалгарч нэр цолоо дуудуулаад авсан. Энэ нь өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад ирсэн жуулчдын тоо илт буурсныг илтгэнэ. 2013 оны эхний 12 сарын мэдээг өнгөрсөн оных нь мөн үетэй харьцуулахад цэвэр аялал жуулчлалын шугамаар ирсэн жуулчдын тоо даруй 13.2 хувиар буурсан байна.
2012 онд 475.891 жуулчин манай оронд саатсан бол 2013 онд 412.937 болж буурсан байх аж. Үүнийг дагаад салбарын орлого мөн л буурсан. 2012 оны жилийн эцэст аялал жуулчлалын салбараас 286.5 сая ам.долларын ашиг олсон бол дараа жил нь 262.2 болж буурсан үзүүлэлттэй байна.
Мөн нөгөө талаас аялал жуулчлалын салбарыг онолын үүднээс судлах шаардлага гарч байгаа юм. Дэлхий нийт аялал жуулчлалыг “Tourismology” буюу аялал жуулчлал судлал гэх бие даасан шинжлэх ухаан гэж үзэж байна. Шинжлэх ухааны үүднээс авч үзэхэд энэ салбар нь өөрийн гэсэн зорилго, судлагдахуунтай, нийгэм судлал, соёл судлал, сэтгэл судлал болоод маркетинг, менежмент, эрх зүй зэрэг бизнесийн удирдлагын ухаануудын хавсрага ухаан юм.
Угтаа зөв зохицуулалт, бодлогоор аялал жуулчлалын салбарыг жолоодож чадвал манай улс өөр хаана ч байхгүй өвөрмөц зан заншил, соёл, нүүдлийн мал аж ахуйтай. Мөн гайхалтай онгон дагшин байгаль нь жуулчдыг соронз мэт татдаг.
Дэлхийн Аялал жуулчлалын удирдагчдын консулын тайланд Монгол Улсыг аялал жуулчлалын нөөц болон байдлаараа үнэ цэнэтэйд орох газар гэж дүгнэжээ. Ази, номхон далайн орнуудын аялал жуулчлалын байгууллагаас гаргасан эдийн засгийн судалгаагаар Монгол орны аяллын үнэ Ази болон Европын үнэтэй аялалуудын тоонд жагсч байгаа буюу 1500 ам.доллар байна. Тэгэхээр аяллын үнийн хувьд аль хэдийнээ “үнэтэй” аялах газрын түвшинд хүрсэн байгаа юм. Гэтэл жуулчлалын салбараас олсон орлогоороо 2008 онд Монгол Улс дэлхийн 135 орноос 98-д орсон нь сул үзүүлэлт байна. Өөрөөр хэлбэл, манай аялал жуулчлалын хөгжил нь эдийн засгийн ямар нэг үндсэлэл, бодлогогүй, харин дагалдагч хэлбэртэй, хэт эрсдлийг өөртөө шингээсэн, бизнесийн замбараагүй орчинд байна гэсэн үг.
Ийм учир хууль эрх зүйн таатай орчин бий болгож Монголын нүүр царайг тахалж байдаг хувийн хэвшлийн тур, баазуудад татварын уян хатан бодлогыг санал болгож тэднийг дэмжих ёстой баймаар. Мөн хот, орон нутагт жуулчдын ая тухтай орчин бүхий бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх нь чухал. Ингэж гэмээнэ ирсэн жуулчдаас эвтэйхэн хэдэн ногоон чангааж чадмаар.