Билгийн

Доллар (USD)

2828.0

Улаанбаатар

+32°C
USD / 3596.0₮
CNY / 502.6₮
KRW / 2.68₮
SEK / 389.8₮
JPY / 24.68₮
RUB / 53.33₮
EUR / 4197.0₮
CHF / 4495.0₮
GBP / 4889.0₮
HKD / 459.5₮
CAD / 2651.0₮
AUD / 2374.0₮
SGD / 2828.0₮
NZD / 2197.0₮
TRY / 92.7₮
USD / 3596.0₮
CNY / 502.6₮
KRW / 2.68₮
SEK / 389.8₮
JPY / 24.68₮
RUB / 53.33₮
EUR / 4197.0₮
CHF / 4495.0₮
GBP / 4889.0₮
HKD / 459.5₮
CAD / 2651.0₮
AUD / 2374.0₮
SGD / 2828.0₮
NZD / 2197.0₮
TRY / 92.7₮
USD / 3596.0₮
CNY / 502.6₮
KRW / 2.68₮
SEK / 389.8₮
JPY / 24.68₮
RUB / 53.33₮
EUR / 4197.0₮
CHF / 4495.0₮
GBP / 4889.0₮
HKD / 459.5₮
CAD / 2651.0₮
AUD / 2374.0₮
SGD / 2828.0₮
NZD / 2197.0₮
TRY / 92.7₮
USD / 3596.0₮
CNY / 502.6₮
KRW / 2.68₮
SEK / 389.8₮
JPY / 24.68₮
RUB / 53.33₮
EUR / 4197.0₮
CHF / 4495.0₮
GBP / 4889.0₮
HKD / 459.5₮
CAD / 2651.0₮
AUD / 2374.0₮
SGD / 2828.0₮
NZD / 2197.0₮
TRY / 92.7₮
АЛХААД БАЙГААРАЙ, НИЙСЛЭЛЧҮҮДЭЭ

Нам тайван, чимээ аниргүй, цэвэр цэнгэг агаартай хотын гудамж... гээд төсөөл дөө. Бүр цааш ургуулвал хөтлөлцөн алхах хосууд, амар тайван зугаалж яваа гэр бүл, энд тэндгүй хөөцөлдөн гүйх хүүхдүүд.
 Уур бухимдал төрүүлэх ямар ч замын түгжрээ, машины дуут дохио, бие биенээ хараан зүхсэн жолооч нарын хэрүүл байхгүй. Нэг тийм сайхан, амар амгалан Улаанбаатар...

Бидний өдөр тутам харж дассан хотын яаруу, давчуу, бухимдуу тэр дүр төрхөөс огт өөр байгаа биз. Нийслэлчүүд бид жилийн 365 хоног ийм л хотод аж төрдөг. Гэсэн ч ганцхан өдөр энэ бүгдийг өөрчилж, өөрсдөдөө, өөрсдийнхөө эрүүл мэндэд зориулах боломж олддог. Тэр нь маргааш тохиох автомашингүй өдөр.  Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ өдөр Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунел дотогш 08-17 цагийн хооронд автомашингүй бүс болох юм.  Тэгэхээр нийслэлчүүд маань маргааш машинаа зогсоолдоо үлдээгээд, биед эвтэйхэн хувцсаа өмсөөд, гэрээсээ ялимгүй эрт гарч алхах эсвэл нийтийн тээврээр үйлчлүүлэх хэрэгтэй болох нь.

“Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ныг “Автомашингүй өдөр” болгон өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил  “Бидний гудамж Бидний сонголт“ уриан дор тэмдэглэнэ. Харин Улаанбаатар хот  “Автомашингүй өдөр”-ийг зургадугаар сарын 7-нд дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна.”


Машингүй өдөр юу хийж болох вэ

Чингисийн талбайгаар зугаалъя

Учир нь, автомашингүй өдөр болж байгааг тохиолдуулсан олон арга хэмжээ, үйл явдал төв талбайд өрнөх юм. Биеийн тамир, спорт, соёл урлагийн урлагийн газрууд үйл ажиллагаагаа танилцуулж, урлагийн тоглолт үзүүлэхээс гадна хүүхдүүдэд зориулсан талбайн зургийн уралдаан болж, задгай кафе, худалдаа үйлчилгээ ч өргөнөөр гарах аж.

Зарим зах, худалдааны төв амарна

“Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандей плаза”, Чингэлтэй дүүргийн “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр -2”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүд амрах юм байна.

Улаанбаатарын марафон гүйлтэд оролцоорой

Уламжлал ёсоор автомашингүй өдөр Улаанбаатарын марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Токио, Бээжин, Лондон, Бостон гээд томоохон хотуудын жишгээр нийслэлийнхээ нэрээр овоглосон марафон гүйлт зохион байгуулдаг болсноос хойш энэ жил анх удаа 3000 хүн оролцсон томоохон хэмжээний тэмцээн болох гэж байна.
Маргааш өглөө 09 цагаас эхлэх марафон гүйлтэд манай урдаа барьдаг тамирчдаас гадна олон улсад чансаа өндөрт эрэмбэлэгддэг дэлхийн шилдгүүд оролцохоор бүртгүүлээд байна. Тухайлбал, 1992 оны Барселоны олимпын аварга, Солонгосын нийтийн биеийн тамир, спортын хорооны марафоны дасгалжуулагч Хванг Ёнг Жо, 2010 онд Хятадын Гуанжоу хотод болсон Азийн наадмын марафон гүйлтийн мөнгөн медальтай Ямамото Ёшихиро, 2005 оны хагас марафон гүйлтийн дэлхийн аваргад орол­­цож байсан Ито Коичи зэрэг нэр хүндтэй тамир­чид Улаан­баатарын мара­фонд гүйх нь. Уншигч та ч бас энэ марафонд нэгдэж болно. Сонирхогчдын хувьд 17 нас хүртэл  4000м, 18-35 нас 5000 м, 36-49 нас 8000м, 50-иас дээш насныхан 4000м зайн гүйлтэд оролцож болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд ч 1500 метрийн уралдаан болох аж. Харин гүйлтээр хичээллэгсдийн хувьд хагас, бүтэн марафон нь 21095 м, 42190м зайд болох юм. Хэрэв та гүйлтийн тэмцээнд орол­цохыг хүсвэл заавал эрүүл мэндийн үзлэгт орж, үзлэгийг хуудсаа үндэслэн оролцох дугаараа авах юм байна.

Марафонд гүйлтэд оролцогсдод зөвлөхөд:

Хэрэв та ямар нэг архаг, хууч өвчтэй, сүүлийн тав хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовиур илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, 45-иас дээш настай бол эрсдлээс сэргийлж, гүйлтэд оролцохоос татгалзахыг зөвлөж байна. Харин нэгэнт оролцохоор шийдсэн бол тэмцээний өмнөх өдөр буюу өнөөдөр сайн унтаж амрах, махан хоол аль болох бага хэрэглэж, хөнгөн илчлэг ихтэй хоол идэх хэрэгтэй.
Мөн ус бага багаар ууж, шингэн алдахад бэлтгэх ёстой аж. Гүйлтийн үеэр 20 минут тутамд 100-200 мл усыг замын хажууд байрлах үйлчилгээний цэгээс авч, цангаагүй байсан ч уух хэрэгтэй. Гүйх үед бие гэмтээж, холгож болзошгүй учраас шинэ гутал, хувцас өмсөхөөс татгалзаж, гүйж дуусмагцаа хувцсаа шууд солих ёстой ажээ. Хэрэв танд эмнэлгийн тусламж хэрэгтэй бол гүйлтийн замын хажуу дахь таван цэгт мэргэжлийн эмч мэргэжилтнүүд яаралтай тусламж үзүүлнэ.

Ердөө л машингүй байх өдөр биш!

“Автомашингүй өдөр”-ийг ердөө л нэг өдөр машингүй байх төдийгөөр ойлгож болохгүй чухал ач холбогдолтой үйл явдал юм. Нэг өдөр ч гэсэн автомашингүй байж, идэвхтэй хөдөлж, хүрээлэн буй орчныхоо бохирдлыг багасгаснаар байгальд ээлтэй ногоон хөгжил гэж юу болохыг, бас хүний эрүүл байх гол үндэс болсон хөдөлгөөн ямар чухал гэдгийг өөрсдийн биеэр ойлгож мэдрэх нь энэ өдрийн гол зорилго. Бид өдөр тутмын амьдрал, аар саар асуудалдаа дарагдсаар ажил төрлөө хурдан амжуулахын түүс болж, Улаанбаатарын бараг айл болгон хөл дүүжлэх унаатай болсон. Алхам тутамдаа автомашин ашигласаар, замын түгжрэл, түүнээс үүдсэн стресс бухимдал ч дийлдэхээ больж, бид энэ их хот дунд юугаа гээж, юу олж авч байгаагаа ч мэдэхээ больжээ. Хот улам бүр дуу чимээтэй, бохир заваан, бас аюултай болсоор. Гэвч бид үүнийгээ үл анзааран өдөр хоногуудыг өнгөрүүлнэ. Нэгэн хэвийн энэ хэмнэлийг түр зогсоогоод, хүн гэдэг амьтан энэ дөрвөн дугуйтгүй бол хааяа бас ямар амар тайван байж болохыг мэдрүүлдэг учраас “Автомашингүй өдөр”-ийг өнөөдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.  Анх 1999 онд Францын 33, Италийн 92 хот нэгдэн зохион байгуулснаас хойш олон улсад түгсэн машингүй өдрийг зөвхөн Европт гэхэд 26 улсын 760 хотод тэмдэглэж, 70 сая хүн нэгдэж байна.

Таны машин агаар яаж бохирдуулдаг гээч

Манай улсад нийтдээ 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг гэсэн тоо бий. Үүнээс Улаанбаатар хотод дийлэнх хувь нь буюу 300 мянга хол давсан нийтийн тээврийн хэрэгсэл байдгаас өдөрт дунджаар 170 мянга орчим нь замын хөдөлгөөнд оролцдог аж. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс автомашины дугаараар хязгаарладаг болсноос хойш ажлын өдөр хөдөлгөөнд оролцож буй машины тоо 34 мянга буюу 20 хувиар буурсан гэдэг. Гэвч тээврийн хэрэгслийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа болохоор нийслэлчүүд замын түгжрэл гэдэг толгойны өвчнөөсөө мөддөө салахгүй нь тодорхой.
Яг ийм нөхцөлд нийтээрээ автомашинаа нэг өдөр гараашт нь үлдээхэд замын хөдөлгөөн сийрэхээс гадна байгаль орчин, нийслэлчүүдийн эрүүл мэндэд үнэлж баршгүй ач тустай юм.
Нэг машин ойролцоогоор 4 литр шахам бензин хэрэглэх явцдаа 2,9-8,2 кг нүүрстөрөгчийн давхар исэл агаарт ялгаруулдаг байна. Нүүрстөрөгчийн давхар исэл буюу хүлэмжийн хий нь дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлтийн гол эх үүсвэр гэдгийг бид мэднэ.
Ер нь, нэг машин жилд дунджаар 7683 кг нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг гэсэн тооцоог өндөр хөгжилтэй орнуудад гаргасан байдаг. Ихэвчлэн хуучин машин оруулж ирдэг манайх шиг улсад бол автомашинаас ялгарах хортой хийн хэмжээ үүнээс ч их байх нь лавтай. Тэгэхээр нийслэлд хөдөлгөөнд тогтмол оролцдог 200 мянга шахам автомашинаас өдөр тутамдаа хэдэн мянган тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгарч байгаа бол гэж бодохоос ч аймаар. Ер нь, томоохон хотуудын агаарын бохирдлын гол шалтгаан нь автомашины утаа байдаг. Агаар дахь нүүрстөрөгчийн давхар ислийн 75-90  хувийг автомашины утаа гаргадаг учраас тэр юм.

Алхахын 10 ач тус

Эрүүл байх хамгийн амархан арга юу гээч. Алхах. Ердөө л нэг хөлөө нөгөө хөлнийхөө өмнө тавьж явсаар эрүүл, урт удаан амьдрана гээд бод доо. Маргааш машингүй өдөр болохоор нийслэлчүүд бид их бага хэмжээгээр алхаж л таарах нь. Алхах ямар ач тустай тухай дараах мэдээллийг уншаад урам зоригтой алхаад байгаарай.
1.Хэрэв та байнга алхдаг бол зүрхний өвчин, цус харвахаас өөрийгөө сайтар хамгаалж байна гэсэн үг. Алхсанаар цусан дахь муу холестрол буурч, сайн нь нэмэгддэг учир, цусны даралт хэвийн байх үндэс болно. Өдөрт хагас цаг алхсанаар цус харвах эрсдлийг 27 хувиар бууруулдаг.
2.Алхах нь астма, хорт хавдар, чихрийн шижин гээд олон төрлийн өвчнөөс сэргийлэхэд тустай. Өдөр тутам алхаж хэвшсэнээр эдгээр өвчлөлийн эрсдлийг 60 хүртэл хувиар бууруулж, бүдүүн гэдэс, хөх, умайн хорт хавдраас 20 хувь сэргийлнэ.
3.Зарим хүн турах гэж үйлээ үздэг. Уг нь, нэг хөлөө нөгөөгийнхөө өмнө зөөж тавих энгийн үйлдлийг өдөрт хагас цаг хийчихвэл турах гэдэг тийм ч хэцүү биш болохыг ойлгоно.60 кг жинтэй хүн 30 минутын хугацаанд эрчтэйхэн алхахад 75 калори шатаадаг. Хэрэв бүр хурдтай алхвал 99-150 калори хүртэл шатаана.
4.Алхсанаар ахмад настнуудад тохиолддог зөнөх өвчнөөс сэргийлж чадна. Алхаж, идэвхтэй хөдөлгөөнтэй амьдарснаар тархины үйл ажиллагаа хэвийн байж, зөнөх өвчний эрсдлийг 40 хувиар бууруулдаг.
5.Алхах үе мөч, ясыг бэхжүүлж нуруу өвдөхөөс эхлээд янз бүрийн үе мөчний өвчнөөс сэргийлнэ.
6.Алхсанаар гоолиг биетэй болох нь мэдээжийн асуудал. Хөл, гарын булчин чангарч, суларсан арьс, мах татагдана.
7.Гадаа нарны гэрэлд алхсанаар бид хоол хүнснээс тэр бүр олж авч чаддаггүй витамин Д-г нөхөж чадна. Гэр ажлын хооронд машинд хамаг цагаа өнгөрүүлдэг, нарлаж суух нь ховор хотынхны хувьд витамин Д-гийн дутагдлаас болж дархлаа сулрахаас эхлээд яс сийрэгжих хүртэл эрүүл мэндэд нөлөөлдөг.
8.Цэвэр агаарт хэсэгхэн алхах танд хөөрхөн амралт болж, эрч хүчийг тань сэргээж өгнө. Ингэж явахдаа хүн хүчилтөрөгчөө сэлбэж, улмаар биеийн эд эс сэргэж, амилдаг болохоор хөшсөн биеэ амрааж, эрч хүчтэй болох арга нь алхах юм.
9.Алхах нь таны зан аашийг хүртэл сайхан болгоно. Идэвхтэй хөдөлгөөн нь тархинаас эндорфин ялгаруулж, цусанд нийлүүлдэг учир стрессийг багасгаж, уур бухимдлыг үгүй хийдэг юм.   
10.Өдөрт 30 минут алхахад дархлааны Т-эсийг нэмэгдүүлдэг учир энэ нь дархлаагаа сайжруулах маш энгийн арга юм. Японы маш өндөр насалсан ахмадуудын өдөр тутмын амьдралын хэвшлийг сонирхоод үзэхэд байнга алхдаг, эрүүл чийрэг  биетэй байдаг нь урт наслах шалтгаан болсныг тогтоожээ.

 Б.СЭВЖИДМАА

0 Сэтгэгдэл
Ene chin harin jinhene setguulzui bna da bayrlala. Goe medeelel bichijee.
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан