Талх нарийн боовны үйлдвэрлэлийг та хэрхэн төсөөлдөг вэ. Цагаан халаттай бүсгүйчүүд гурил зуураад, хуваагаад, шарах шүүгээнд хийгээд шардаг. Яг л гэртээ нарийн боов, талх хийдэг шиг гэж үү. Тэгвэл өдгөө тийм үе байсаан байсан гэж хэлдэг болж. Өнөөдөр гурилаа өөрөө татаж, амт орцыг нь тохируулан зуурмаг бэлдэхээс эхлээд шинэхэн бүтээгдэхүүн болгоод эцэст нь савлах хүртэлх бүх үйл явц бүрэн автомат төхөөрөмжөөр гүйцэтгэдэг болсон юм. Өөрөөр хэлбэл, хүний санамсар болгоомжгүйгээс үүдэлтэй технологийн алдаа болоод ариун цэврийн хувьд эргэлзээтэй байх вий гэж эмээх зүйлгүй болсоон гэсэн үг. Технологийн шинэчлэлээр тэргүүлэгч “Талх чихэр” компани маань өнгөрсөн долоо хоногт шинэхэн үйлдвэрээ ашиглалтад орууллаа.
Үйлдвэрлэлийнхээ хэмжээг хоёр дахин, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг таваар нэмэгдүүлсэн шинэхэн чаналгын үйлдвэрийн нээлтэд Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Ивана Гролова, Элчин сайдын яамны худалдаа эдийн засаг, төрийн сангийн дарга хатагтай Павло Жакова болон Монгол Италийн худалдааны төвийн хүндэт ерөнхийлөгч Б.Гомбо, Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал н.Гиймаа нарын 100 гаруй зочин иржээ.
Өглөө бүр монголчуудынхаа гарт шинэхэн талх, нарийн боовоо түгээж ирсэн тус компани энэ онд 30 жилийн түүхэн ойтойгоо золгож буй аж. Тиймдээ ч эрүүл, аюулгүй хүнс үйлдвэрлэх дэвшилтэт технологи нэвтрүүлсэн нь энэ хамт олны хэрэглэгчдэдээ барьж буй бэлэг, бас эрүүл мэндийн томхон хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Учир нь, чаналгын үйлдвэрлэлийн явцад бүтээгдэхүүн гартал хүний гар оролцохгүй, тосыг маш сайн шүүж, тосны бохирдлыг 60 хувь хүртэл бууруулдаг гэхчлэн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх давуу тал олон аж.
Уламжлалт гар аргаар үйлдвэрлэдэг чаналгын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бүрэн автомат урсгал шугам, үйлдвэрлэлийн гурил дамжуулах, шигших иж бүрэн систем, савлагааны автомат машиныг Европын холбооны Итали улсын “CEPI”, “CANOL”, “TECHNO D” Чех улсын “TOPOS” БНХАУ-ын “B and F” компанид захиалгаар хийлгэн ашиглалтад оруулсан нь энэ.
Чаналгын бүтээгдэхүүнийг автомат шугамаар үйлдвэрлэснээр байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлж, цахилгаан усны зарцуулалтыг эрс хэмнэх боломжтой болж буй гэнэ.
Мөн хөдөлмөр хөнгөвчилж, бүтээмж нэмэгдүүлжээ. Технологийн явцыг цахим удирдлагаар хянах боломжтой болсноор хяналт ч сайжирсан аж. Товчхондоо хүнсний аюулгүй байдал, үйлдвэрийн болон хүнсний эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан гэж болно. Тасралтгүй ажиллагаатай урсгал шугамаар бүтээгдэхүүн чанаж байгаа үед чаналгын тосыг зориулалтын тос шүүгч нарийн цаасан шүүлтүүрээр тасралтгүй шүүдэг онцгой технологи тул бүтээгдэхүүний амт, чанар сайжрахаас гадна тос нь бохирдолгүй болохоор хүний эрүүл мэндэд тустай гэдгийг технологичид хэлж байсан юм.
Тус компани 2004 оноос Инновацийн хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрийн техник технологийг иж бүрэн шинэчилж Монголдоо Европ стандарт нэвтрүүлэхээр зүтгэх болжээ. Өнгөрсөн хугацаанд талх, нарийн боовны хоёр үйлдвэрийг Европын холбооны БНЧУ, Голланд, Итали, Франц, Финлянд, БНХАУ-н шилдэг фирмийн иж бүрэн урсгал шугам тоног төхөөрөмж ашиглалтад оруулсан байна. Эрүүл хүнс таны сонголт уриатай ажилладаг “Талх чихэр” компанийн зохицуулах үйлчилгээтэй органик бүтээгдэхүүн болох “ТАЧИ” нь хэрэглэгчдийн өдөр бүр сонгон авдаг бүтээгдэхүүн болж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Тун удахгүй тус компанийн хамт олон дахин Европын холбооны орнуудын шилдэг техник, технологийг нэвтрүүлж, хэрэглэгчиддээ цоо шинэ бүтээгдэхүүнээр бэлэг барихаар төлөвлөн ажиллаж байгаа гэсэн шүү.
-Шинэ үйлдвэр ашиглалтад оруулж байгаад баяр хүргэе. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Манай үйлдвэр Инновацийн хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмжөө шинэчлэн сайжруулах бодлого барьж ирсэн. Энэхүү чаналгын үйлдвэр нь гурав дахь том үйлдвэр болж байна. Чанар, бүтээгдэхүүний аюулгүй байдал, эдэлгээ даах чадвар сайн, чанартай ажиллагаатай. Үндсэндээ европ стандарт нэвтрүүлж эхлээд байна. Чаналгын үйлдвэрт өмнө нь дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийдэг байсан бол одоо шинээр таван төрлийн бүтээгдэхүүн нэмж гаргадаг боллоо. Шинэ үйлдвэрээ нээж байгаадаа баяртай байна.
-Үндэсний шилдэг үйлдвэр болох “Талх чихэр” компани 30 жилийн ойтойгоо золгож байна. Хэрэглэгчиддээ ямар бэлэг барих гэж байна вэ?
-2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх төрлийн бүтээгдэхүүнийхээ уут саван дээр 30 жилийн ойн мэндчилгээ хэрэглэгчиддээ дэвшүүлсэн. Хоёр дахь том ажил нь чаналгын үйлдвэр маань юм. Үүний дараа буюу наймдугаар сард бид Чех, Италийн жигнэмэгний тоног төхөөрөмж оруулж ирэхээр төлөвлөсөн.
Мөн есдүгээр сард Францын үндэсний талх болох урт багетигийн тоног төхөөрөмж оруулж ирээд монголдоо үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна. Эдгээр хөрөнгө оруулалт бол зөвхөн компанидаа зориулсан дэвшил биш Монгол айл өрх бүрийн эрүүл мэндэд оруулж буй том хөрөнгө оруулалт, хэрэглэгч бүр рүү чиглэсэн шинэчлэл юм. Түүнчлэн олон улсын ISO22000 стандарт нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.
-Үйлдвэрлэлийн явц автоматжаад ирэхээр ажилчдын тоо цөөрөх үү. Сүүлийн үед томоохон компаниуд ажилтнаа халжээ гэх мэдээ өдөр бүр дуулдах болоод байгаа шүү дээ?
-Манай үйлдвэр 700 гаруй ажилтантай. Чаналгын цехэд өмнө нь 60 гаруй хүн ажилладаг байсан бол одоо 20 гаруй хүн ажилладаг болсон. Бид зохион байгуулалт хийгээд бусдыг нь өөр цехэд хуваарилан ажиллуулж байгаа. Ямар нэг ажлын байрны цомхотгол гараагүй, гарах ч үгүй.
-Чаналгын үйлдвэр маань өдөрт хэр хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ?
-Чаналгын шинэ үйлдвэр нь 12 цагт долоон тонн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай.

“Талх чихэр” ХК-ийн ерөнхий технологич Л.Наранцэцэгтэй тууз хайчлах ёслолын үеэр цөөн хором ярилцлаа.
-Шинэ үйлдвэрийн онцлог давуу талыг товчхон танилцуулахгүй юу?
-Өнөөдөр бид чаналгын үйлдвэрээ ашиглалтад оруулж байна. Өмнө нь тосонд чанадаг бүтээгдэхүүнээ гар аргаар буюу хагас механик байдлаар үйлдвэрлэдэг байсан бол одоо бүрэн автомат төхөөрөмжөөр үйлдвэрлэдэг болж байгаа юм. Мэдээж бүтээгдэхүүний нэр төрөл олширч байгаа. Түүхий эдээ бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн болгож савлах хүртэлх бүх дамжлага автомат болохоор бүтээгдэхүүний аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа юм.
-Шинээр ямар, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд байна?
-Чаналгын бүтээгдэхүүн гэдэг нь монголчуудын уламжлалт хэрэглээ буюу тосонд чанадаг боорцогны төрлийнх гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, уламжлалт сонирхолд нь тулгуурласан амт бүхий бүтээгдэхүүн гаргахыг зорьж байгаа. Тухайлбал, савхан боорцгийг сүүтэй цайтайгаа хамт идэхэд их тохиромжтой. Мөн шинэ үйлдвэр ашиглалтад оруулснаар хоёр төрлийн бин үйлдвэрлэж хэрэглэгчдийнхээ гарт хүргэж эхлээд байна. Ямар ч шөлтэй хоолтой хамт идэж болно. Лууван, наран цэцгийн үр, гүнжидийн үр зэргээр баяжуулсан бин, шанзтай боов гэхчлэн өвөрмөц бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж эхлээд байна.
-Танай үйлдвэр зах зээлийн хэдэн хувийг хангадаг вэ?
-Манай маркетингийн албанаас гаргасан судалгаа байдаг. Ерөнхийдөө нийслэлийн иргэдийн 40 орчим хувь нь манай бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Ер нь бол талх, нарийн боовны тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн технологийн шилдэг шийдэл стандарт бол Европынх гэдэг. “Талх чихэр” ХК- ийн үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж, технологи Европ стандартынх буюу дэлхийн жишигт нийцсэн гэж ойлгож болно. Талх, нарийн боовноос гадна, бялуу, чихэр, жигнэмэг зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн цогцоор нь үйлдвэрлэдэг нь манай компанийн онцлог давуу тал л даа.

Элчин сайд нар баяр хүргэв
Энэ үеэр Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайд Ивана Гроловагийн сэтгэгдлийг сонссон юм.
-Би 1983 онд Монголд ирж байсан. Тухайн үед дэлгүүрүүд ямар талхтай байсныг сайн санаж байна. Тэр үетэй харьцуулахад талх, чихрийн үйлдвэрлэл үнэхээр өөр болжээ. Өнөөгийн хөгжилд хүрэхэд “Талх чихэр” ХК жинтэй том хувь нэмэр оруулсан нь гарцаагүй. Та бүхэн санаж байгаа бол 1990 ээд оны үед Чех Монголын харилцаа, хамтын ажиллагаа суларсан. Харин одоо шинэ эрин үе ирээд байна. Нэлээд өрсөлдөөнтэй энэ эринд Чехийн тоног төхөөрөмжийг сонгон үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэнд баяртай байна.
Манай улс Европын холбоонд нэгдсэнээр техник технологийн хувьд өндөр шалгуур шаардлага хангах болсон. Тэр утгаараа Чехийн тоног төхөөрөмж Европ стандартынх гэдгийг хэлэхэд таатай байна. Гэхдээ алс ирээдүйгээ бодох юм бол чанартай нь илүү эдэлгээтэй гэдгийг бид бүхэн мэднэ. Ероп стандарт сонгож нэвтрүүлсэн “Талх чихэр” компаниас бусад үйлдвэрлэгчид ч үлгэр жишээ авна гэдэгт итгэлтэй байна.